Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00991

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02632 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2195 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхийн шүүгчийн 2019.01.24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаар захирамжаар *******гээс 98,036,859 төгрөгийг гаргуулж, Хустын ургац ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 хороо, 6 бичил хороолол, 12 байр, 94 тоот, 29 мкв талбайтай, Ү-2205002561 тоот дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцанд төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Хустын ургац ХХК хүлээн аваагүй үндэслэлээр НШШГГ-ын тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 89,739,300 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020.05.01-ний өдрийн 4/16288 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой гаргаж чадаагүйгээс төлбөр төлөгчийн эрх ашиг хохирсон. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 29 м.кв талбайтай гэж бичсэн үнэлгээ гаргахдаа 66.44 м.кв талбайгаар тооцож үнэлгээ гаргасан. 66.44 м.кв-ийг ямар тусгай эрхтэй компани хэрхэн хэмжилт хийж тооцсон талаар хөрөнгийн үнэлгээний тайланд дурдаагүй. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг хэт их, багаар үнэлсэн тухайд маргаагүй. Анх гэрчилгээг улсын бүртгэлээс олгохдоо үүдний хэсэг, ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, тагт зэргийг орон сууцны талбайд тооцож оруулдаггүй байсан. Тус талбайг ямар аргачлалаар, ямар багаж хэрэгслийн тусламжтай, ямар тусгай зөвшөөрөлтэй компани хэзээ хэмжилт хийж тогтоосныг хөрөнгийн үнэлгээндээ хавсаргаснаар 66.44 м.кв талбайн хэмжилт үндэслэлтэй болно. Хөрөнгийн үнэлгээний тайланд хэмжилт хийсэн материалыг хавсаргаагүй учир хөрөнгийн үнэлгээ үндэслэл бүхий болж чадахгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2019.01.24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаар захирамжаар *******гээс 98,036,859 төгрөгийг гаргуулж, Хустын ургац ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлс хийсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 12 хороо, 6 бичил хороолол 12 байр, 94 тоот орон сууцыг 144/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 144/06 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020.04.27-ны өдрийн 4/220 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2020.05.01-ний өдрийн 4/16288, 4/16287 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээ хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02632 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянгол дүүргийн 12 хороо, 6 бичил хороолол, 12 байр, 94 тоот хаягт байрлах, 29 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205002561 тоот дугаартай, 2 өрөө орон сууцыг 89,739,300 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Элжигэн овогтой Гантөмөрийн Түвшингийн /РД:МЭ88072213/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2195 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Үнэлгээ хийж байгаа орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээн дээр талбайн хэмжээг хуучнаар буюу гал тогоо, коридор, тагт, ариун цэврийн өрөөний хэмжээ дутуу байдлаар бичсэн байгаа. Гэтэл үнэлгээ хийхдээ талбайг хэмжиж шинэчилсэн гэх боловч аль өрөөг ямар аргаар хэмжээд, хэдэн квадрат метр гэж тогтоосон нь тодорхойгүй байна. Үнэлгээ хийж байгаа орон сууцны талбайн хэмжээг хэмжсэн нарийвчилсан хэмжилт байхгүй байхад аль ч шатны шүүх үүнийг үнэлж үзэхгүй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...шинжээч нь орон сууцны талбайн хэмжээг ямар аргачлалаар хэмжсэн нь тодорхой бус... гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн... гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны болон үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч ******* 98,036,859 төгрөгийг Хустын ургац ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

******* төлбөрийг сайн дураар биелүүлээгүйгээс захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, төлбөр төлөгчийн дансны мэдээлэл, эд хөрөнгийн лавлагаа гаргуулж, хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэн хасалт хийж, улмаар хамтран өмчлөлийн Баянгол дүүргийн, 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 12 дугаар байрны 94 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн баримтууд хэрэгт авагджээ.

 

1. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцон тогтоож болохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь талуудаас үнийн санал авахад ******* орон сууцаа 120,000,000 төгрөгөөр үнэлсэн, хамтран өмчлөгч В.Гантөмөр санал өгөөгүйгээс Хустын ургац ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Иймээс шийдвэр гүйцэтгэгч Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

2. Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 89,739,000 төгрөгөөр тогтоосон, энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******д 2020.05.01-ний өдрийн 4/17952 тоотоор мэдэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, үнэлгээг ******* эс зөвшөөрч 2020.05.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

3. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзвэл, шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал, бусад харгалзах нөхцөлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээнд орон сууцыг 29 м.кв талбайтай гэж заасан хэдий ч шинжээч үнэлгээ тогтоохдоо бодитоор хэмжиж нийт 66 м.кв гэж үнэлгээний тайланд тусгасан, уг хэмжээг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул ...нарийвчилсан хэмжилт байхгүй, м.кв буруу тогтоосон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02632 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2195 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч *******гийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл/ хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.12.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД