Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2018/01231

 

 

 

 

 

 

 

 

 

П.Алтан-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 102/ШШ2018/00811 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Алтан-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Пүрэвлхагва, Л.Гончигсүрэн нарт холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээг цуцалж, хохиролд 15 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Пүрэвлхагва нь П.Алтан-Эрдэнээс хохиролд 5 345 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Алтан-Эрдэнэ

Хариуцагч Ц.Пүрэвлхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Пүрэвсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Пүрэвлхагва нь өөрийн өмчлөлийн газар дээрээ барилга барихаар 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр П.Алтан-Эрдэнэ, Л.Гончигсүрэн нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр А тал буюу Ц.Пүрэвлхагвын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамж 17 тоот, Г-2205002725 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 682 м.кв бүхий газар дээр 6 давхар 24 айлын орон сууц барих, В тал буюу П.Алтан-Эрдэнэ нь барилгад хөрөнгө оруулах, Б тал буюу Л.Гончигсүрэн нар барилгыг барих ажлыг гүйцэтгэхээр тохирсон. Ингээд хамтран ажиллах гэрээний дагуу ажил эхлээд байх үед Ц.Пүрэвлхагва нь барилга бариулахгүй гэсэн мэдэгдлиийг 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн байдаг. Мэдэгдлийг гаргах болсон шалтгаан нь тодорхойгүй байсан бөгөөд Ц.Алтан-Эрдэнэ нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн байсан. Дулааны шугам сүлжээний газарт техникийн нөхцөл авах хүсэлтээ явуулсан. Хүсэлтийн хариуг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэн Л.Гончигсүрэн, Ц.Пүрэвлхагва нарт хариу хүргүүлсэн байдаг. Тэрээр Ц.Пүрэвлхагвагийн эзэмшлийн газрын гадна талд явж буй дулаан, цэвэр бохирын шугамууд нь хувь хүмүүсийн хөрөнгөөр баригдсан учраас холболт авах зөвшөөрөл авсны дараа шийдвэрлэгдэнэ гэж хариу өгсөн. Энэ асуудлаар хариуцагч нартай ярилцах гэж удаа дараа уулзсан боловч огт ярилцаагүй. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр П.Алтан-Эрдэнэ найз н.Шаравтай уулзаж дулааны шугамын асуудлыг шийдүүлэхээр тохирсон. Гэтэл ажлаа эхэлсэн байхад 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ц.Пүрэвлхагваас гэрээгээ цуцлах талаар хөрөнгө мөнгөний саатал гарахгүй гэсэн боловч үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас хамтран ажиллах гэрээг дангаар цуцлах болсныг мэдэгдэж байна гэсэн шаардлага ирсэн. П.Алтан-Эрдэнэ 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ц.Пүрэвлхагвад хариу өгөхдөө барилга эхлүүлэх ажил өөрөөс нь шалтгаалаагүй, дулааны шугамын асуудал шийдсэний дараа зөвшөөрөл олгох, энэ талаар хөөцөлдөж, гэрээ хийсэн талаараа тайлбар хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дахин Ц.Пүрэвлхагва нь албан бичиг ирүүлсэн. Ийм учраас П.Алтан-Эрдэнэ нь хамтран ажиллах гэрээг цуцлах, учирсан бодит хохиролд барилгын компаниар өрөмдлөгийн ажил хийлгэсэн зардал 1 500 000 төгрөг, Өргөө архитектур ХХК-иар хийлгэсэн зургийн 4 000 000 төгрөг, н.Шаравтай байгуулсан гэрээний 10 000 000 төгрөг нийт 15 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.  

 

Хариуцагч Ц.Пүрэвлхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Алтан-Эрдэнэ, Ц.Пүрэвлхагва, Л.Гончигсүрэн нар 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ц.Пүрэвлхагвын эзэмшлийн газар дээр барилгын хөрөнгө оруулалтыг П.Алтан-Эрдэнэ хийхээр, барилгын гүйцэтгэлийн ажлыг Л.Гончигсүрэн хийхээр гэрээ байгуулсан. Гэтэл П.Алтан-Эрдэнэ нь барилга угсралтын ажлыг эхлүүлэхгүй, тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар байсан. Хөрөнгө оруулагч П.Алтан-Эрдэнэ нь барилга барих хөрөнгө оруулалт шийдэгдсэн, ямар нэг саатал гарахгүй, харилцан тохиролцсон хугацаанд барилга угсралтын ажил эхлүүлнэ гэж үүрэг хүлээсэн. Гэрээний нэг тал болох Ц.Пүрэвлхагвын хувьд хангалттай хугацаа, ажиллах нөхцөл олгосон боловч ямарч барилгын ажил эхлээгүй. Гэрээний үүргээ огт биелүүлээгүй байж бодит хохирол 15 500 000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Гончигсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр П.Алтан-Эрдэнэ намайг сангийн гүйцэтгэх захирлаар томилсон. Би барилгын компанитай учраас хамтарч барилга барих асуудал яригдсан. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ц.Пүрэвлхагвын эзэмшлийн газарт барилга барих боломжтой талаар надаас асуусан. Барилга барих боломжтой байсан учраас хамтран ажиллах гэрээ хийсэн. Би гэрээний В тал буюу тухайн газарт П.Алтан-Эрдэнэтэй хамтарч 6 давхар 24 айлын орон сууцыг барихаар үүрэг хүлээсэн. Би хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй оруулах үүднээс П.Алтан-Эрдэнээс шаардах эрхтэй. Би барилгыг барьж улсын комисст хүлээлгэж өгөх үүргийг би хүлээсэн. Улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш 5, 6 давхрын 50х50 метр квадрат талбайтай 2 ширхэг байрыг Ц.Пүрэвлхагвад өгөх байсан. Уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, А, Б талд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгснөөр миний үүрэг дуусгавар болох байсан. Би өрөмдлөгийн компанийг олж өгсөн, үнэ ханш 3 000 000 төгрөг гэснийг 1 500 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр болсон. Газар шорооны ажлыг хийсний дараа дараагийн ажлууд хийгддэг. Мөн барилгын зургийг хийлгэх Өргөө архитектур ХХК-ийн 40 000 000 төгрөг гэснийг 20 000 000 төгрөгөөр олж өгсөн. Гэтэл Алтан-Эрдэнэ нь зургийн ажил дуусахад 20 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 16 000 000 төгрөгийг төлөөгүй. Үүнээс гадна дулаан, цахилгааны шугам сүлжээ, ус суваг, холбоо дохиолол зэргийн техникийн нөхцөл зэргийг бүгдийг нь би хөөцөлдөж, бүх холбогдох хүмүүстэй нь ярьсан. Эдгээр нөхцлийг хувийн эзэмшлүүдээс авах байсан, мөнгөө өгвөл зөвшөөрлөө өгнө гэсэн, харин П.Алтан-Эрдэнэ мөнгийг өгөөгүй. Би П.Алтан-Эрдэнээс мөнгө аваагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.Пүрэвлхагва, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Алтан-Эрдэнэ нь Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасан байсан манай өмчлөлийн Г-22005022725 дугаартай, Баянгол дүүргийн 7-р хороо, Баруун ард Аюушийн 17 тоот хаягт байрлах 682 м.кв  талбай бүхий газарт хөрөнгө оруулалт хийж 6 давхар барилга барих санал тавьсан. Бид П.Алтан-Эрдэнийг 24 айлын орон сууцны барилгыг барих, ашиглалтанд оруулах хөрөнгийн чадвартай эсэх талаар нотолсон баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч мөнгө бэлэн, их хэмжээний авлагатай гээд хөрөнгө оруулалт оруулах чадвартай эсэхээ нотолсон баримт гаргаж өгөөгүй. Гэтэл бидний зөвшөөрөлгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай газарт инженер геологийн шинжилгээний өрөмдлөгө хийсэн. Өрөмдлөгийн ажил хийсэн талаар түүнтэй уулзахад хөрөнгө бэлэн болсон, ойр хавийн барилгын холбогдох хүмүүстэй уулзаж тохиролцсон, гэрээний нөхцлийн талаар тохиролцож гэрээ байгуулъя гэсэн. Бидний хувьд барилгаа барьж ашиглалтанд оруулж магадгүй гэж итгэсэн. Мөн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүх зөвшөөрөл, бичиг баримтыг боловсруулж барилгын ажлыг эхлүүлнэ гэж удаа дараа хэлж байсан зэргийг харгалзан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу П.Алтан-Эрдэнэ нь 6 давхар 24 айлын барилгыг 2017 оны 12-р сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулах байсан боловч үүргээ биелүүлээгүй. Бид 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор газрыг чөлөөлөх байсан тул 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монбейкери ХХК-д ажиллаж байсан ажлаасаа гарч байшин, агуулах зэргээ буулгаж эхэлсэн. Ингээд агуулахаа буулгаж өөр газар руу нүүлгэж байшингийн гаднах шавар, обой зэргийг буулгасан. Гэтэл П.Алтан-Эрдэнэ 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай ажлыг зогсоолгосон боловч ямар шалтгаантай талаар хэлээгүй. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 17, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус албан шаардлага хүргүүлсэн. Үүнээс болж гэр бүлийн хамт бусдын орон сууцыг 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 2018 оны 01 дүгээр сарын 12-ныг хүртэл 1 600 000 төгрөгийг төлсөн. Түүнчлэн бусдаас 8 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй зээлж Д.Эрдэнэболд гэдэг хүнээс Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 15-03 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 3 500 000 төгрөгөөр худалдан авч, 3 697 000 төгрөг зарцуулж хашаа барьж байшингийн суурь цутгасан. П.Алтан-Эрдэнэ гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас Ц.Пүрэвлхагвад байшингаа сэргээн засварлахад шаардагдах 3 225 200 төгрөг, үнэлгээчний төлбөр 250 000 төгрөг, агуулах зөөх, буулгасан байшингийн шавар, хогийг зөөхөд зарцуулсан 270 000 төгрөг, орон сууц хөлсөлсөн төлбөр 1 600 000 төгрөг, нийт 5 345 200 төгрөгийг П.Алтан-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрсдөө гэрээгээ цуцлах мэдэгдэл өгсөн. Барилгын ажил эхлэх талаар гэрээнд тусгагдаагүй, эрх бүхий байгууллагуудаас гардаг зөвшөөрөл бид нараас шалтгаалахгүйгээр хугацаанд гардаг учраас бид барилгын ажил эхлүүлэх өдрөө товлоогүй. Хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд заасны дагуу амбар, хашаагаа нураагаад орох оронгүй болсон гэж ярьдаг. Гэтэл тэрнээс өмнө гэрээгээ цуцлах талаар мэдэгдэл өгсөн. Өрөмдлөгийг хийхээр очиход өөрөө хаалгаа онгойлгож өгөөд хийлгэсэн байдаг. Орон сууц хөлслөх гэрээг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байдаг. Энэ гэрээ нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Байрны төлбөр төлсөн баримтаар Х.Нямдаваа гэдэг хүний байр байсан, хэрэгт хамааралгүй хүн. Мөн Ц.Пүрэвлхагва нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний хооронд Тэс петролиум ХХК-иас бензин авсан нь хэрэгт ач холбогдолгүй. Хэрэгт өгсөн фото зургуудаас харахад амбаар нураасан зүйл байхгүй байгаа. Үүнийгээ 2018 оны 02 дугаар сард үнэлгээчнээр үнэлүүлсэн нь цаг хугацааны хувьд сүүлд байгаа учир хэрэгт ач холбогдолгүй. 2017 оны 06 дугаар сарын 01-нд Монбейкери ХХК-иас ажлаасаа гараад байшин агуулах зэргээ нураасан гэдэг. Энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 480 дугаар зүйлийн 480.1.4 заасныг баримтлан Ц.Пүрэвлхагва, Л.Гончигсүрэн нараас 15 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн П.Алтан-Эрдэнийн үндсэн нэхэмжлэл, П.Алтан-Эрдэнээс 5 345 200 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Пүрэвлхагвын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 450 төгрөг, хариуцагчаас төлсөн 100 474 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх гэрээний 3.2-т П.Алтан-Эрдэнэ нь тухайн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримтыг бүрдүүлэх үүрэг хүлээсэн гэж шууд дүгнэж, нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээгээгүй, хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг хольж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь 15 500 000 төгрөгийн зардал гаргасныг хүлээн зөвшөөрсөн боловч барилга барихад шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, тэдгээрт гарах зардлыг хариуцах, улмаар барилгыг барих хөрөнгө оруулахаар тохирсон гэрээний үүргээ биелүүлээгү, энэ нь гэрээ цуцлах үндэслэл болсон гэж буруу ойлгон тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч П.Алтан-Эрдэнэ нь хариуцагч Ц.Пүрэвлхагва, Л.Гончигсүрэн нарт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-г цуцалж, хохиролд 15 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, Ц.Пүрэвлхагва нь П.Алтан-Эрдэнээс хохирол 5 345 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

П.Алтан-Эрдэнэ, Ц.Пүрэвлхагва, Л.Гончигсүрэн нар нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №02/05/2017 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр А тал буюу Ц.Пүрэвлхагва нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамж, 17 тоот, улсын бүртгэлийн Г-2205002725 дугаарт бүртгэгдсэн 682 м.кв талбай бүхий газар болон шаардлагатай бүх баримт бичгийг гаргаж өгөх, Б тал буюу П.Алтан-Эрдэнэ нь барилгын хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй гаргаж өгөх, В тал буюу Л. Гончигсүрэн нь барилга угсралтын ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцсон, талуудын тохиролцоо Иргэний 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. /хх 6-7/

 

Дээрх хамтран ажиллах гэрээгээр барилгыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор барьж ашиглалтад оруулах, ашиглалтад оруулснаар ашиг хуваарилахаар тохиролцсон байх ба талуудын хооронд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүй, техникийн нөхцөл авах, тэдгээрт гарах зардлыг гаргаагүй, барилга барих хөрөнгө оруулалтын мөнгийг гаргаагүй гэх шалтгааны улмаас гэрээний үүрэг цаашид биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдал нь Ц.Пүрэвлхагва, П.Алтан-Эрдэнэ нар нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэгэн зэрэг харилцан гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж байсан болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 76-78/

 

Уг хамтран ажиллах гэрээний 3.2-т Б тал буюу П.Алтан-Эрдэнэ нь хөрөнгө оруулалтыг цаг алдахгүй гаргаж өгөх, А тал буюу Ц.Пүрэвлхагва нь барилга барихад шаардлагатай бүх бичиг баримтыг түргэн шуурхай гаргаж өгөхөөр тус тус үүрэг хүлээсэн байхын зэрэгцээ тус гэрээгээр хамтын үйл ажиллагаатай холбоотой алдагдал гарвал хэрхэн хариуцах хувь хэмжээний талаар нарийвчлан тохиролцоогүй байна.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна, мөн хуулийн 478.12 дахь хэсэгт зааснаар талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн гаргуулна гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Алтан-Эрдэнэ нь Лэнд тест ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 17/028 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт хийлгэх, төлбөрт 1 500 000 төгрөг, Өргөө-Архитект ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулж, зураг төслийн хөлсөнд 4 000 000 төгрөг, иргэн С.Шаравтай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, 10 000 000 төгрөг, нийт 15 500 000 төгрөгийг зарцуулсан болох нь дээрх гэрээнүүд, бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер зэргээр тогтоогдож байна. /хх 8-9, 10-11, 16, 23-26, 119-120/

 

Иймд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Пүрэвлхагваас 5 166 666 төгрөг, хариуцагч Л.Гончигсүрэнгээс 5 166 666 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг биелэгдээгүй, гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөлд гэрээний А тал болох Ц.Пүрэвлхагва нь барилга барихад шаардлагатай бүх бичиг баримтыг түргэн шуурхай гаргаж өгөх үүрэг хүлээсэн байна.

 

Иймээс бичиг баримт гараагүй, бүрдээгүйн улмаас хамтран ажиллах гэрээ үргэлжлэх боломжгүй болж цуцлагдсанд гэрээний бусад талыг буруутгах, гэрээ цуцалснаас үүссэн хохирол гэж байшин буулгах, газар чөлөөлөхтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжлэх эрхгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 102/ШШ2018/00811 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 478 дугаар зүйлийн 478.11, 478.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Пүрэвсүрэнгээс 5 166 666 төгрөг, хариуцагч Л.Гончигсүрэнгээс 5 166 666 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Алтан-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг, П.Алтан-Эрдэнээс 5 345 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ц.Пүрэвлхагваас 97 617 төгрөг, хариуцагч 97 617 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Алтан-Эрдэнээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 459 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН