Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, Хасбаатарын гудамж, 20/3-10 тоотод оршин суух, Монгол үндэсний жижиг дунд үйлдвэрийн нэгдсэн сан ТББ-ын тэргүүн, регистр ХН63073174, Боржигон овогтой П.А-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, Баруун ард Аюушийн 17 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧР66070716, Боржигон овогтой Ц-ийн П,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 1-р байрны 4 тоотод оршин суух, Модерн конструкци ХХК-ний захирал, регистр УЗ63100913, Боржигон овогтой Л-ийн Г нарт холбогдох хамтран ажиллах гэрээг цуцалж, хохирол 15 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.П-ын сөрөг нэхэмжлэлтэй П.Ад холбогдох хохирол 5 345 200 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал /үнэмлэх 1996/, хариуцагч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.П нь өөрийн өмчлөлийн газар дээрээ барилга барихаар 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр П.А, Л.Г нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр А тал буюу Ц.П-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамж 17 тоот, Г-2205002725 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 682 м.кв бүхий газар дээр 6 давхар 24 айлын орон сууц барих, В тал буюу П.А нь барилгат хөрөнгө оруулах, Б тал буюу Л.Г нар барилгыг барих ажлыг гүйцэтгэхээр тохирсон. Ингээд хамтран ажиллах гэрээний дагуу ажил эхлээд байх үед Ц.П нь барилга бариулахгүй гэсэн мэдэгдлиийг 2017 оны 6-р сарын 17-ны өдөр өгсөн байдаг. Мэдэгдлийг гаргах болсон шалтгаан нь тодорхойгүй байсан бөгөөд Ц.Алтан-Эрдэнэ нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн байсан. Барилга барихад маш олон бичиг баримтууд  бүрдүүлэх  шаардлагатай  болдог.  Дулааны  шугам сүлжээний  газарт

техникийн нөхцөл авах хүсэлтээ явуулсан. Хүсэлтийн хариуг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэн Л.Г, Ц.П нарт хариу хүргүүлсэн байдаг. Хариундаа Ц.Пгийн эзэмшлийн газрын гадна талд явж буй дулаан, цэвэр бохирын шугамууд нь хувь хүмүүсийн хөрөнгөөр баригдсан учраас холболт авах зөвшөөрөл авсны дараа шийдвэрлэгдэнэ гэж хариу өгсөн. Энэ асуудлаар хариуцагч нартай ярилцах гэж удаа дараа уулзсан боловч огт ярилцаагүй.  Ингээд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр П.А найз н.Шаравтай уулзаж дулааны шугамын асуудлыг шийдүүлэхээр тохирсон. Гэтэл ажлаа эхэлсэн байхад 2017 оны 6-р сарын 17-ны өдөр Ц.Пас гэрээгээ цуцлах талаар “ хөрөнгө мөнгөний саатал гарахгүй гэсэн боловч үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас хамтран ажиллах гэрээг дангаар цуцлах болсныг мэдэгдэж байна” гэсэн шаардлага ирсэн. П.А 2017 оны 7-р сарын 08-ны өдөр Ц.Пд хариу өгөхдөө “барилга эхлүүлэх ажил өөрөөс нь шалтгаалаагүй, дулааны шугамын асуудал шийдсэний дараа зөвшөөрөл олгох, энэ талаар хөөцөлдөж, гэрээ хийсэн” талаараа тайлбар хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 7-р сарын 16-ны өдөр дахин Ц.П нь албан бичиг ирүүлсэн. Ийм учраас П.А нь хамтран ажиллах гэрээг цуцлах, учирсан бодит хохиролд барилгын компаниар өрөмдлөгийн ажил хийлгэсэн зардал 1 500 000 төгрөг, Өргөө архитектур ХХК-иар хийлгэсэн зургийн 4 000 000 төгрөг, н.Шаравтай байгуулсан гэрээний 10 000 000 төгрөг нийт 15 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.  

 

Хариуцагч Ц.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А, Ц.П, Л.Г нар 2017 оны 5-р сарын 02-ны  өдөр хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ц.П-ын эзэмшлийн газар дээр барилгын хөрөнгө оруулалтыг П.А хийхээр, барилгын гүйцэтгэлийн ажлыг Л.Г хийхээр гэрээ байгуулсан. Гэтэл П.А нь барилга угсралтын ажлыг эхлүүлэхгүй, тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар байсан. Хөрөнгө оруулагч П.А нь барилга барих хөрөнгө оруулалт шийдэгдсэн, ямар нэг саатал гарахгүй, харилцан тохиролцсон хугацаанд барилга угсралтын ажил эхлүүлнэ гэж үүрэг хүлээсэн. Гэрээний нэг тал болох Ц.П-ын хувьд хангалттай хугацаа, ажиллах нөхцөл олгосон боловч ямарч барилгын ажил эхлээгүй. Гэрээний үүргээ огт биелүүлээгүй байж бодит хохирол 15 500 000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4-р сарын 10-ны өдөр П.А намайг сангийн гүйцэтгэх захирлаар томилсон. Би барилгын компанитай учраас хамтарч барилга барих асуудал яригдсан. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ц.П-ын эзэмшлийн газарт барилга барих боломжтой талаар  надаас асуусан. Барилга барих боломжтой байсан учраас Хамтран ажиллах гэрээ хийсэн. Би гэрээний В тал буюу тухайн газарт П.Атэй хамтарч 6 давхар 24 айлын орон сууцыг барихаар үүрэг хүлээсэн. Би хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй оруулах үүднээс П.Аэс шаардах эрхтэй. Би барилгыг барьж Улсын комисст хүлээлгэж өгөх үүргийг би хүлээсэн. Улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш 5,6 давхрын 50,50 метр квадрат талбайтай 2 ширхэг байрыг Ц.Пд өгөх байсан. Уг барилгыг Улсын комисст хүлээлгэн өгч, А, Б талд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгснөөр миний үүрэг дуусгавар болох байсан. Би  өрөмдлөгийн компанийг олж өгсөн, үнэ ханш 3 000 000 төгрөг гэснийг 1 500 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр болсон. Газар шорооны ажлыг хийсний дараа дараагийн ажлууд хийгддэг. Мөн барилгын зургийг хийлгэх Өргөө компаний 40 000 000 төгрөг гэснийг 20 000 000 төгрөгөөр олж өгсөн. Гэтэл Алтан-Эрдэнэ нь зургийн ажил дуусахад 20 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийн төлөөд үлдэгдэл 16 000 000 төгрөгийг төлөөгүй. Үүнээс гадна дулаан, цахилгааны шугам сүлжээ, ус суваг, холбоо дохиолол зэргийн техникийн нөхцөл зэргийг бүгдийг нь би хөөцөлдөж, бүх холбогдох хүмүүстэй нь ярьсан. Эдгээр нөхцөлийг хувийн эзэмшлүүдээс авах байсан, мөнгөө өгвөл зөвшөөрлөө өгнө гэсэн, харин П.А мөнгийг өгөөгүй. Би П.Аэс мөнгө аваагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А нь Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасан байсан манай өмчлөлийн Г-22005022725 дугаартай, Баянгол дүүргийн 7-р хороо, Баруун ард Аюушийн 17 тоот хаягт байрлах 682 м.кв  талбай бүхий газарт хөрөнгө оруулалт хийж 6 давхар барилга барих санал тавьсан. Бид П.Алтан-Эрдэнийг 24 айлын орон сууцны барилгыг барих, ашиглалтанд оруулах хөрөнгийн чадвартай эсэх талаар нотолсон баримтыг  гаргаж өгөхийг шаардсан боловч “мөнгө бэлэн, их хэмжээний авлагатай” гээд хөрөнгө оруулалт оруулах чадвартай эсэхээ нотолсон баримт гаргаж өгөөгүй. Гэтэл бидний зөвшөөрөлгүйгээр 2017 оны 4-р сарын 28-ны өдөр манай газарт инженер геологийн шинжилгээний өрөмдлөгө хийсэн. Өрөмдлөгийн ажил хийсэн талаар түүнтэй уулзахад “хөрөнгө бэлэн болсон, ойр хавийн барилгын холбогдох хүмүүстэй уулзаж тохиролцсон, гэрээний нөхцлийн талаар тохиролцож гэрээ байгуулъя” гэсэн. Бидний хувьд барилгаа барьж ашиглалтанд оруулж магадгүй гэж итгэсэн. Мөн 2017 оны 6-р сарын 20-ны өдөр гэхэд бүх зөвшөөрөл, бичиг баримтыг боловсруулж барилгын ажлыг эхлүүлнэ гэж удаа дараа амласан зэргийг харгалзан 2017 оны 5-р сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу П.А нь 6 давхар 24 айлын барилгыг 2017 оны 12-р сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулах байсан боловч үүргээ биелүүлээгүй. Бид 2017 оны 6-р сарын 25-ны өдрийн дотор газрыг чөлөөлөх байсан тул 2017 оны 6-р сарын 01-ний өдөр “Монбейкери” ХХК-д ажиллаж байсан ажлаасаа гарч байшин, агуулах зэргээ буулгаж эхэлсэн. Ингээд агуулахаа буулгаж өөр газар руу нүүлгэж байшингийн гаднах шавар, обой зэргийг буулгасан. Гэтэл П.А 2017 оны 6-р сарын 17-ны өдөр манай ажлыг зогсоолгосон боловч ямар шалтгаантай талаар хэлээгүй. Ингээд 2017 оны 6-р сарын 17, 2017 оны 7-р сарын 16-ны өдөр тус тус албан шаардлага хүргүүлсэн. Үүнээс болж гэр бүлийн хамт бусдын орон сууцыг 2017 оны 8-р сарын 20-ноос сарын 400 000 төгрөгөөр хөлсөлж 2018 оны 1-р сарын 12-ныг хүртэл 1 600 000 төгрөгийг төлсөн. Түүнчлэн бусдаас 8 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй зээлж Д.Эрдэнэболд гэдэг хүнээс Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 15-03 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 3 500 000 төгрөгөөр худалдан авч, 3 697 000 төгрөг зарцуулж хашаа барьж байшингийн суурь суутгасан. П.А гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас Ц.Пд байшингаа сэргээн засварлахад шаардагдах 3 225 200 төгрөг, үнэлгээчний төлбөр 250 000 төгрөг, агуулах зөөх, буулгасан байшингийн шавар, хогийг зөөхөд зарцуулсан 270 000 төгрөг, орон сууц хөлсөлсөн төлбөр 1 600 000 төгрөг нийт 5 345 200 төгрөгийг П.Аэс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 6-р сарын 17-ны өдөр өөрсдөө гэрээгээ цуцлах мэдэгдэл өгсөн. Барилгын ажил эхлэх талаар гэрээнд тусгагдаагүй, эрх бүхий байгууллагуудаас гардаг зөвшөөрөл бид нараас шалтгаалахгүйгээр хугацаанд гардаг учраас бид барилгын ажил эхлүүлэх өдрөө товлоогүй. Хариуцагч 2017 оны 6-р сарын 25-ны өдөр гэрээнд заасны дагуу амбар, хашаагаа нураагаад орох оронгүй болсон гэж ярьдаг. Гэтэл тэрнээс өмнө гэрээгээ цуцлах талаар мэдэгдэл өгсөн. Өрөмдлөгийг хийхээр очиход өөрөө хаалгаа онгойлгож өгөөд хийлгэсэн байдаг. Орон сууц хөлслөх гэрээг 2017 оны 8-р сарын 30-ны өдөр байгуулсан байдаг. Энэ гэрээ нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Байрны төлбөр төлсөн баримтаар Х.Нямдаваа гэдэг хүний байр байсан, хэрэгт хамааралгүй хүн. Мөн Ц.П нь 2017 оны 4-р сарын 02-ны өдрөөс 2018 оны 2-р сарын 19-ний хооронд “Тэс петролиум” ХХК-иас бензин авсан нь хэрэгт ач холбогдолгүй. Хэрэгт өгсөн фото зургуудаас харахад амбаар нураасан зүйл байхгүй байгаа. Үүнийгээ 2018 оны 2 дугаар сард үнэлгээчнээр үнэлүүлсэн нь цаг хугацааны хувьд сүүлд байгаа учир хэрэгт ач холбогдолгүй. 2017 оны 6-р сарын 01-нд “Монбейкери” ХХК-иас ажлаасаа гараад байшин агуулах зэргээ нураасан гэдэг. Энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.А нь Ц.П, Л.Г нарт холбогдох хамтран ажиллах гэрээг цуцалж, хохирол 15 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Ц.П нь П.Аэс хохирол 5 345 200 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Ц.П, П.А, Л.Г нар нь 2017 оны 5-р сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, А тал буюу Ц.П нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7-р хороо, Баруун Ард Аюушийн 1-р гудамж 17 тоот, улсын бүртгэлийн Г-2205002725 дугаарт бүртгэгдсэн 682 м.кв бүхий газраар, В тал буюу П.А нь барилгын хөрөнгө оруулалт хийх, Б тал буюу Л.Г нь 6 давхар 24 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхээр /хх 6-7, 135/ тохирсон, талууд Иргэний хуулийн 479-р зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

 

Хамтран ажиллах гэрээгээр барилгыг 2017 оны 12-р сарын 31-ний дотор барьж ашиглалтад оруулах, ашиглалтад оруулснаар ашиг хуваарилхаар тохирсон байх ба талуудын хооронд “барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүй, техникийн нөхцөл авах, тэдгээрт гарах зардлыг гаргаагүй, барилга барих хөрөнгө оруулалтын мөнгийг гаргаагүй” шалтгааны улмаас маргаан гарч, А тал буюу Ц.Пүрэвдагва нь 2017 оны 6-р сарын 17-ны өдөр болон 2017 оны 7-р сарын 16-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг Б тал буюу хөрөнгө оруулагч П.Ад хүргүүлсэн, П.А нь 2017 оны 7-р сарын 08-ны өдөр Ц.Пд хариу /хх 76-78/ хүргүүлжээ.

 

Эдгээр нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч нь гэрээ цуцлах, учирсан хохирлоо гаргуулахаар шаарджээ.

 

Гэрээний 3.2-т П.А нь тухайн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримтыг бүрдүүлэх, тэдгээртэй холбогдох зардал, барилгын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь гаргах үүрэг хүлээсэн, энэ үүргийнхээ хүрээнд Лэнд тест ХХК-тай 2017 оны 4-р сарын 28-ны өдөр 17/028 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт хийлгэх, төлбөрт 1 500 000 төгрөгийг төлөхөөр тохирсон /хх 12-13, 17-22/ байна.

Лэнд тест ХХК нь ажлыг гүйцэтгэж дүгнэлтээ гаргасан, захиалагч нь 2017 оны 4-р сарын 28-ны өдөр 1000 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 9-ний өдөр 500 000 төгрөгийг тус тус /хх 8-9/ төлжээ.

 

Үүнээс гадна, нэхэмжлэгч нь Өргөө-Архитект ХХК-тай орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах гэрээг 2017 оны 4-р сарын 28-ны өдөр байгуулж, гүйцэтгэгч зураг төслийг 2017 оны 5-р сарын 5-ны дотор хийж гүйцэтгэх, захиалагч 20 000 000 төгрөгний хөлсийг төлөхөөр тохирсон байна. Өргөө архитект ХХК-ний зураг төслийн /хх 10-11, 23-36/ хөлсөнд захиалагч нь 2017 оны 4-р сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 3-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 4 000 000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 16 000 000 төгрөгийг төлөөгүй байжээ. 

 

Түүнчлэн П.А нь 2017 оны 6-р сарын 5-ны өдөр иргэн С.Шаравтай “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны шугамыг бусдын хөрөнгөөр баригдсан шугамаас холболт хийхээр тохиролцох, төлбөр тооцоог барагдуулахад зуучлуулах,  зуучлалын хөлс 10 050 000 төгрөг төлөхөөр тохирсон, үүнээс 10 000 000 төгрөгийг 2017 оны 6-р сарын 15-ны өдрийн 06/15 тоот кассын зарлагын ордероор / хх 14-16, 75, 119-120/ шилжүүлжээ.

 

Харин зуучлагч нь 10 000 000 төгрөгөөр хувь хүмүүсийн шугамаас тухайн барих барилгын шугам холбохоор тохирсон, тэдгээрт төлбөр тооцоо хийсэн, зөвшөөрлийг үндэслэн эрх байгууллагаас эдгээр шугамыг холбох техникийн нөхцөлийг олгосон нь тогтоогдоогүй байна.

 

            Барилгын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.4, 4.1.8-д заасан “барилга байгууламжийн баримт бичиг” болох барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд буюу барилга байгууламжийг дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргасан шийдвэргүйгээр барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч нь 15 500 000 төгрөгийн зардлыг гаргасан боловч барилга барихад шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, тэдгээрт гарах зардлыг хариуцах, улмаар барилгыг барих хөрөнгө оруулахаар тохирсон гэрээний  үүргээ биелүүлээгүй, энэ нь гэрээ цуцлах үндэслэл болсон, эдгээр үндэслэлээр маргасан хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Улмаар хариуцагч Л.Гд барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй, нэхэмжлэгч зардал гаргаж хохирсон гэж үзсэнд хариуцагч буруугүй байна. 

 

Хэргийн 87-112 дахь талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

                                               Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Ц.П нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 5 345 200 төгрөгийн хохирол учирсан гэж марган сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хамтран ажиллах гэрээгээр Ц.П нь өөрийн өмчлөлийн газарт орон сууцны барилга бариулахаар тохирч, газраа 2017 оны 6-р сарын 25-ны дотор чөлөөлөх байсан тул агуулахаа зөөж, байшингийн шавар, обой зэргийг буулгасан гэх ба сэргээн засварлахад 3 225 200 төгрөг, үнэлгээ хийхэд төлсөн 250 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Гэрээгээр газар чөлөөлөх хугацаа тохироогүйгээс гадна П.А нь 6-р сарын 17-ны өдөр ажил зогсоолгосон гэх үндэслэл нь Ц.П-ын гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн хугацаатай давхцсан байна.

 

Өөрөөр хэлбэл, Ц.П нь 2017 оны 6-р сарын 17-ны өдөр “гэрээ цуцлах” мэдэгдлийг нэхэмжлэгчид өгч байсан нь зохигчийн тайлбар, шаардлага /хх 76/ зэргээр тогтоогдсон байх ба хамтран ажиллах гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг мэдэж байжээ.  Энэ тохиолдолд агуулах зөөх, байшин буулгах зэргээр өөрт хохирол учруулах шаардлагагүй байсан, үүнээс гадна хогийг зөөхөд 270 000 төгрөгийн зардал гаргасан нь баримтаар нотлогдоогүй байна.

 

            Түүнчлэн 2017 оны 8-р сарын 30-ны өдөр Х.Нямдаваатай “Орон сууц хөлслөх гэрээ”-г 9 сарын хугацаатай байгуулсан нь “Хамтран ажиллах гэрээ”-тэй шалтгаант холбоогүй, өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээ цуцалснаас орон байр хөлслөх шаардлагатай болсон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1, 480-р зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.П, Л.Г нараас 15 500 000 /арван таван сая таван зуу мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн П.Алтан-Эрдэнийн нэхэмжлэл, П.Аэс 5 345 200 /таван сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн Ц.П-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 450 төгрөг, хариуцагчаас төлсөн 100 474 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА