Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01483

 

П ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00811 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1231 дүгээр магадлалтай,

            П ийн нэхэмжлэлтэй,

            Ц , Л  нарт холбогдох

    хамтран ажиллах гэрээг цуцалж, хохиролд 15,500,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

      хариуцагч Ц вын гаргасан хохиролд 5,345,200.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гэрэлмаа, хариуцагч Ц вын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц  нь өөрийн өмчлөлийн газар дээрээ барилга барихаар 2017 оны 05 сарын 02-ны өдөр П э, Л  нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр А тал буюу Ц вын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамж 17 тоот, Г-2205002725 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 682 м.кв бүхий газар дээр 6 давхар 24 айлын орон сууц барих, В тал буюу П э нь барилгад хөрөнгө оруулах, Б тал буюу Л  нар барилгыг барих ажлыг гүйцэтгэхээр тохирсон. Ингээд хамтран ажиллах гэрээний дагуу ажил эхлээд байх үед Ц  нь барилга бариулахгүй гэсэн мэдэгдлиийг 2017 оны 06 сарын 17-ны өдөр өгсөн байдаг. Мэдэгдлийг гаргах болсон шалтгаан нь тодорхойгүй байсан бөгөөд Ц.Алтан-Эрдэнэ нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн байсан. Дулааны шугам сүлжээний газарт техникийн нөхцөл авах хүсэлтээ явуулсан. Хүсэлтийн хариуг 2017 оны 05 сарын 29-ний өдөр иргэн Л , Ц  нарт хариу хүргүүлсэн байдаг. Тэрээр Ц вын эзэмшлийн газрын гадна талд явж буй дулаан, цэвэр бохирын шугамууд нь хувь хүмүүсийн хөрөнгөөр баригдсан учраас холболт авах зөвшөөрөл авсны дараа шийдвэрлэгдэнэ гэж хариу өгсөн. Энэ асуудлаар хариуцагч нартай ярилцах гэж удаа дараа уулзсан боловч огт ярилцаагүй. Ингээд 2017 оны 06 сарын 05-ны өдөр П э найз н.Шаравтай уулзаж дулааны шугамын асуудлыг шийдүүлэхээр тохирсон. Гэтэл ажлаа эхэлсэн байхад 2017 оны 06 сарын 17-ны өдөр Ц ас гэрээгээ цуцлах талаар хөрөнгө мөнгөний саатал гарахгүй гэсэн боловч үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас хамтран ажиллах гэрээг дангаар цуцлах болсныг мэдэгдэж байна гэсэн шаардлага ирсэн. П э 2017 оны 07 сарын 08-ны өдөр Ц д хариу өгөхдөө барилга эхлүүлэх ажил өөрөөс нь шалтгаалаагүй, дулааны шугамын асуудал шийдсэний дараа зөвшөөрөл олгох, энэ талаар хөөцөлдөж, гэрээ хийсэн талаараа тайлбар хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 07 сарын 16-ны өдөр дахин Ц  нь албан бичиг ирүүлсэн. Ийм учраас П э нь хамтран ажиллах гэрээг цуцлах, учирсан бодит хохиролд барилгын компаниар өрөмдлөгийн ажил хийлгэсэн зардал 1,500,000 төгрөг, “Өргөө архитектур” ХХК-иар хийлгэсэн зургийн 4,000,000 төгрөг, н.Шаравтай байгуулсан гэрээний 10,000,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.  

 

Хариуцагч Ц вын шүүхэд гаргасан тайлбарт: П э, Ц , Л  нар 2017 оны 05 сарын 02-ны өдөр хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ц вын эзэмшлийн газар дээр барилгын хөрөнгө оруулалтыг П э хийхээр, барилгын гүйцэтгэлийн ажлыг Л  хийхээр гэрээ байгуулсан. Гэтэл П э нь барилга угсралтын ажлыг эхлүүлэхгүй, тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар байсан. Хөрөнгө оруулагч П э нь барилга барих хөрөнгө оруулалт шийдэгдсэн, ямар нэг саатал гарахгүй, харилцан тохиролцсон хугацаанд барилга угсралтын ажил эхлүүлнэ гэж үүрэг хүлээсэн. Гэрээний нэг тал болох Ц вын хувьд хангалттай хугацаа, ажиллах нөхцөл олгосон боловч ямарч барилгын ажил эхлээгүй. Гэрээний үүргээ огт биелүүлээгүй байж бодит хохирол 15,500,000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 04 сарын 10-ны өдөр П э намайг сангийн гүйцэтгэх захирлаар томилсон. Би барилгын компанитай учраас хамтарч барилга барих асуудал яригдсан. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ц вын эзэмшлийн газарт барилга барих боломжтой талаар надаас асуусан. Барилга барих боломжтой байсан учраас хамтран ажиллах гэрээ хийсэн. Би гэрээний В тал буюу тухайн газарт П этэй хамтарч 6 давхар 24 айлын орон сууцыг барихаар үүрэг хүлээсэн. Би хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй оруулах үүднээс П ээс шаардах эрхтэй. Би барилгыг барьж улсын комисст хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн. Улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш 5, 6 давхрын 50х50 метр квадрат талбайтай 2 ширхэг байрыг Ц д өгөх байсан. Уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, А, Б талд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгснөөр миний үүрэг дуусгавар болох байсан. Би өрөмдлөгийн компанийг олж өгсөн, үнэ ханш 3,000,000 төгрөг гэснийг 1,500,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр болсон. Газар шорооны ажлыг хийсний дараа дараагийн ажлууд хийгддэг. Мөн барилгын зургийг хийлгэх “Өргөө архитектур” ХХК-ийн 40,000,000 төгрөг гэснийг 20,000,000 төгрөгөөр олж өгсөн. Гэтэл П э нь зургийн ажил дуусахад 20,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөөгүй. Үүнээс гадна дулаан, цахилгааны шугам сүлжээ, ус суваг, холбоо дохиолол зэргийн техникийн нөхцөл зэргийг бүгдийг нь би хөөцөлдөж, бүх холбогдох хүмүүстэй нь ярьсан. Эдгээр нөхцлийг хувийн эзэмшлүүдээс авах байсан, мөнгөө өгвөл зөвшөөрлөө өгнө гэсэн, харин П э мөнгийг өгөөгүй. Би П ээс мөнгө аваагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц вын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: П э нь Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасан байсан манай өмчлөлийн Г-22005022725 дугаартай, Баянгол дүүргийн 7-р хороо, Баруун ард Аюушийн 17 тоот хаягт байрлах 682 м.кв талбай бүхий газарт хөрөнгө оруулалт хийж 6 давхар барилга барих санал тавьсан. Бид П ийг 24 айлын орон сууцны барилгыг барих, ашиглалтанд оруулах хөрөнгийн чадвартай эсэх талаар нотолсон баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч мөнгө бэлэн, их хэмжээний авлагатай гээд хөрөнгө оруулалт оруулах чадвартай эсэхээ нотолсон баримт гаргаж өгөөгүй. Гэтэл бидний зөвшөөрөлгүйгээр 2017 оны 04 сарын 28-ны өдөр манай газарт инженер геологийн шинжилгээний өрөмдлөгө хийсэн. Өрөмдлөгийн ажил хийсэн талаар түүнтэй уулзахад хөрөнгө бэлэн болсон, ойр хавийн барилгын холбогдох хүмүүстэй уулзаж тохиролцсон, гэрээний нөхцлийн талаар тохиролцож гэрээ байгуулъя гэсэн. Бидний хувьд барилгаа барьж ашиглалтад оруулж магадгүй гэж итгэсэн. Мөн 2017 оны 06 сарын 20-ны өдөр гэхэд бүх зөвшөөрөл, бичиг баримтыг боловсруулж барилгын ажлыг эхлүүлнэ гэж удаа дараа хэлж байсан зэргийг харгалзан 2017 оны 05 сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу П э нь 6 давхар 24 айлын барилгыг 2017 оны 12 сарын 31-ний өдөр ашиглалтад оруулах байсан боловч үүргээ биелүүлээгүй. Бид 2017 оны 06 сарын 25-ны өдрийн дотор газрыг чөлөөлөх байсан тул 2017 оны 06 сарын 01-ний өдөр “Монбейкери” ХХК-д ажиллаж байсан ажлаасаа гарч байшин, агуулах зэргээ буулгаж эхэлсэн. Ингээд агуулахаа буулгаж өөр газар руу нүүлгэж байшингийн гаднах шавар, обой зэргийг буулгасан. Гэтэл П э 2017 оны 06 сарын 17-ны өдөр манай ажлыг зогсоолгосон боловч ямар шалтгаантай талаар хэлээгүй. Ингээд 2017 оны 06 сарын 17, 2017 оны 07 сарын 16-ны өдөр тус тус албан шаардлага хүргүүлсэн. Үүнээс болж гэр бүлийн хамт бусдын орон сууцанд 2017 оны 08 сарын 20-ноос 2018 оны 01 сарын 12-ныг хүртэл 1,600,000 төгрөгийг төлсөн. Түүнчлэн бусдаас 8,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй зээлж Д.Эрдэнэболд гэдэг хүнээс Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 15-03 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 3,500,000 төгрөгөөр худалдан авч, 3,697,000 төгрөг зарцуулж хашаа барьж байшингийн суурь цутгасан. П э гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Ц д байшингаа сэргээн засварлахад шаардагдах 3,225,200 төгрөг, үнэлгээчний төлбөр 250,000 төгрөг, агуулах зөөх, буулгасан байшингийн шавар, хогийг зөөхөд зарцуулсан 270,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн төлбөр 1,600,000 төгрөг, нийт 5,345,200 төгрөгийг П ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: 2017 оны 06 сарын 17-ны өдөр өөрсдөө гэрээгээ цуцлах мэдэгдэл өгсөн. Барилгын ажил эхлэх талаар гэрээнд тусгагдаагүй, эрх бүхий байгууллагуудаас гардаг зөвшөөрөл бид нараас шалтгаалахгүйгээр хугацаанд гардаг учраас бид барилгын ажил эхлүүлэх өдрөө товлоогүй. Хариуцагч 2017 оны 06 сарын 25-ны өдөр гэрээнд заасны дагуу амбар, хашаагаа нураагаад орох оронгүй болсон гэж ярьдаг. Гэтэл тэрнээс өмнө гэрээгээ цуцлах талаар мэдэгдэл өгсөн. Өрөмдлөгийг хийхээр очиход өөрөө хаалгаа онгойлгож өгөөд хийлгэсэн байдаг. Орон сууц хөлслөх гэрээг 2017 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан байдаг. Энэ гэрээ нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Байрны төлбөр төлсөн баримтаар Х.Нямдаваа гэдэг хүний байр байсан, хэрэгт хамааралгүй хүн. Мөн Ц  нь 2017 оны 04 сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 сарын 19-ний хооронд “Тэс петролиум” ХХК-иас бензин авсан нь хэрэгт ач холбогдолгүй. Хэрэгт өгсөн фото зургуудаас харахад амбаар нураасан зүйл байхгүй. Үүнийгээ 2018 оны 2 сард үнэлгээчнээр үнэлүүлсэн нь цаг хугацааны хувьд сүүлд байгаа учир хэрэгт ач холбогдолгүй. 2017 оны 06 сарын 01-нд “Монбейкери” ХХК-ийн ажлаасаа гараад байшин агуулах зэргээ нураасан гэдэг. Энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

                                               

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00811 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасныг баримтлан Ц , Л  нараас 15,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн П ийн үндсэн нэхэмжлэл, П ээс 5,345,200 төгрөг гаргуулахыг хүссэн Ц вын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 100,474 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1231 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00811 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 478 дугаар зүйлийн 478.11, 478.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Пүрэвсүрэнгээс 5,166,666 төгрөг, хариуцагч Л гээс 5,166,666 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг, П ээс 5,345,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ц ас 97,617 төгрөг, хариуцагч 97,617 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц вын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1231 дүгээр магадлалыг эс зэвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хариуцагч Ц  миний өмчлөлийн газарт нэхэмжлэгч П э нь хөрөнгө оруулалт хийж 6 давхар барилга барих санал тавьсан. Миний бие П ийг 24 айлын орон сууцны барилгыг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулах хөрөнгийн чадвартай эсэх талаар нотолсон баримтыг гаргаж өгөх шаардлага тавьсан боловч нэхэмжлэгчийн зүгээс мөнгө төгрөг бэлэн, маш их хэмжээний авлагатай гэж хэлж хөрөнгө оруулалт оруулах чадвартай эсэхээ нотолсон баримт гаргаж өгөхгүй байж байгаад бидний зөвшөөрөлгүйгээр 2017 оны 04 сарын 28-ны өдөр инженер геологийн шинжилгээний өрөмдлөгө хийсэн байсан. Хариуцагч миний зүгээс ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн газарт дураар аашлан өрөмдлөгийн ажил хийсэн талаар нэхэмжлэгчид хэлэхэд тэрээр 2017 оны 06 сарын 20-ны өдөр гэхэд бүх зөвшөөрөл бичиг баримтыг боловсруулж барилгын ажлыг эхлүүлнэ гэж амлалт өгсөн зэргийг харгалзан 2017 оны 05 сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан боловч нэхэмжлэгч 2017 оны 06 сарын 20-ны өдөр барилга угсралтын ажил эхлүүлэх зэрэг бусад үүргээ биелүүлээгүй болно. Хариуцагч миний зүгээс “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1, 2.2-т заасан үүргээ биелүүлсэн бөгөөд гэрээ байгуулагдсан өдөр нэхэмжлэгч П эд газартай холбоотой бүхий л бичиг баримтыг хүлээлгэн өгч 2017 оны 06 сарын 01-ний өдөр “Монбекейри” ХХК-д ажиллаж байсан ажлаасаа гарч байшин, агуулах зэргээ буулгаж эхэлсэн болно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг биелэгдээгүй, гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөлд гэрээний А тал болох Ц  нь барилга барихад шаардлагатай бүх бичиг баримтыг түргэн шуурхай гаргаж өгөх үүрэг хүлээсэн байна. Иймээс бичиг баримт гараагүй, бүрдээгүйн улмаас хамтран ажиллах гэрээ үргэлжлэх боломжгүй болж цуцлагдсанд гэрээний бусад талыг буруутгах, гэрээ цуцалснаас үүссэн хохирол гэж байшин буулгах, газар чөлөөлөхтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжлэх эрхгүй.. ” гэж дүгнэсэн атлаа П э нь “Лэнд тест” ХХК-тай 2017 оны 04 сарын 28-ны өдөр 17/028 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт хийлгэх, төлбөрт 1,500,000 төгрөг, “Өргөө-Архитект” ХХК-тай 2017 оны 04 сарын 28-ны өдөр орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулж зураг төслийн хөлсөнд 4,000,000 төгрөг, иргэн С.Шаравтай 2017 оны 05 сарын 05-ны өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулж 10,000,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөгийг зарцуулсан болох нь нотлогдож байна гэж үзэж хариуцагч Д.Пүрэвлхагва надаас 5,166,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч П э нь барилгатай холбоотой зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллага, хуулийн этгээдээс авах үүрэгтэй байсан болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр нотлогддог. Нэхэмжлэгч нь миний зөвшөөрөлгүйгээр өөрөөр хэлбэл, хариуцагч надад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд 2017 оны 04 сарын 28-ны өдөр 17/028 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” болон 2017 оны 04 сарын 28-ны өдөр орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч П э нь 2017 оны 06 сарын 05-ны өдөр өөрийн найз С.Шаравтай Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны шугамыг бусдын хөрөнгөөр баригдсан шугамаас холболт хийхээр тохиролцох, төлбөр тооцоог барагдуулахад зуучлуулах, зуучлалын хөлс 10,050,000 төгрөг төлөхөөр тохирсон, үүнээс 10,000,000 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 06/15 тоот кассын зарлагын ордероор шилжүүлсэн гэх баримтыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зуучлагч нь 10,000,000 төгрөгөөр хувь хүмүүсийн шугамаас тухайн барих барилгын шугам холбохоор тохирсон, тэдгээрт төлбөр тооцоо хийсэн, зөвшөөрлийг үндэслэн эрх бүхий байгууллагаас эдгээр шугамыг холбох техникийн нөхцөлийг олгосон талаараа огт нотлоогүй болно. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шугам холбогдох нөхцөл байдлын талаар тодорхой дурьдсан байдаг бөгөөд иргэн С.Шарав нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч надаас 5,166,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч өөрийн найз С.Шаравт 10,000,000 төгрөг төлсөн эсэх нь ч эргэлзээтэй байдаг.

Анхан шатны шүүх “...Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8-д заасан "барилга байгууламжийн баримт бичиг” болох барилгын ажлын зөвшөөрөл олгоход барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд буюу барилга байгууламжийг дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргасан шийдвэргүйгээр барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй.... барилга барихад шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, тэдгээрт гарах зардлыг хариуцах, улмаар барилгыг барих  хөрөнгө оруулахаар тохирсон гэрээний үүргээ биелүүлээгүй, энэ нь гэрээ цуцлах үндэслэл болсон, эдгээр үндэслэлээр маргасан хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.” гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1231 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102\ШШ2018\00811 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.         

 

Хариуцагч Л гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1231 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хариуцагч Ц вын өмчлөлийн газарт нэхэмжлэгч П э нь хөрөнгө оруулалт хийх гэж байгаа юм гээд надад уг 6 давхар барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажлын санал тавьсан. 2017 оны 05 сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г газар өмчлөгч Ц , П э, Л  бидний хооронд байгуулсан бөгөөд гэрээний дагуу Ц  газраар хөрөнгө оруулах, П э барилгатай холбоотой бүх зөвшөөрөл, шаардагдах бүх хөрөнгийг гаргах, хариуцагч миний хувьд өөрийн эзэмшлийн ”Модерн конструкци” ХХК-иар барилга угсралтын ажил үүрэг гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч П ийн зүгээс гэрээнд заасан хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд иргэн С.Шаравтай 2017 оны 08 сарын 05-ны өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулж, 10,000,000 төгрөгийг төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч П ийн найз С.Шарав нь тухайн барилга байгууламжид шаардагдах шугам сүлжээг холбох зөвшөөрлийг авах ажлыг хариуцаж байгаагүй бөгөөд хариуцагч Л  миний бие хувийн хөрөнгөөр барьсан шугам сүлжээний эзэмшигч хувь хүн, хуулийн этгээдтэй харьцаж тодорхой мөнгөн дүнгээр тохиролцож байсан боловч нэхэмжлэгч П ийн зүгээс ямар нэгэн төлбөргүй холбох санаа зорилгоор зөвшөөрөхгүй байсан болно. Хариуцагч Л  миний бие нэхэмжлэгч П ийг хөрөнгө оруулсан тохиолдолд өөрийн эзэмшлийн барилгын тусгай зөвшөөрөлтэй “Модерн конструкци” ХХК-иар зөвхөн барилга угсралтын ажил үүрэг гүйцэтгэхээр гэрээнд заасан байхад 5,166,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1231 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/00811 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгч П э нь хариуцагч Ц , Л  нарт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, хохиролд 15,500,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Ц  нь нэхэмжлэгч П ээс хохирол 5,345,200.00 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх хариуцагч Ц.Пүрэвсүрэнгээс 5,166,666.00 төгрөг, хариуцагч Л гээс 5,166,666.00  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

2017 оны 05 сарын 02-ны өдөр Ц , П э, Л  нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-гээр А тал буюу Ц  нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамж 17 тоот, улсын бүртгэлийн Г-2205002725 дугаарт бүртгэгдсэн 682 м.кв бүхий газраар, В тал буюу П э нь барилгын хөрөнгө оруулалт хийх, Б тал буюу Л  нь 6 давхар 24 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, анхан шатны шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцсэн. 

Дээрх гэрээнд зааснаар барилгыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор барьж ашиглалтад оруулснаар ашиг хуваахаар тохирсон боловч “барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүй, техникийн нөхцөл авах, тэдгээрт гарах зардлыг гаргаагүй, барилга барих хөрөнгө оруулалтын мөнгийг гаргаагүй” шалтгааны улмаас талуудын хооронд маргаан гарч, Ц.Пүрэвдагва нь 2017 оны 6-р сарын 17, 2017 оны 7-р сарын 16-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг П эд хүргүүлсэн, П э нь 2017 оны 7-р сарын 08-ны өдөр Ц д хариу хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан ба дээрх үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ. /хх-76-78/

Гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгч П э нь барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримтыг бүрдүүлэх, тэдгээртэй холбогдох зардал, барилгын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь гаргах үүргийнхээ хүрээнд “Лэнд тест” ХХК-тай 2017 оны 4 сарын 28-ны өдөр 17/028 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт хийлгэх, төлбөрт 1,500,000.00 төгрөгийг төлөхөөр тохирсон ба “Лэнд тест” ХХК нь уг дүгнэлтийг гаргаж, захиалагч нь 2017 оны 4 сарын 28-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2017 оны 5 сарын 09-ний өдөр 500,000.00 төгрөгийг төлжээ. /хх-8,9,12,13,17-22/

Нэхэмжлэгч нь 2017 оны 4-р сарын 28-ны өдөр “Өргөө-Архитект” ХХК-тай “Орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах гэрээ”-г байгуулсан, зураг төслийн хөлсөнд 2017 оны 4 сарын 28-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 5 сарын 03-ны өдөр 2,000,000.00 төгрөг нийт 4,000,000.00 төгрөгийг төлсөн байна. /хх 10-11, 23-36/

Түүнчлэн П э нь 2017 оны 6 сарын 05-ны өдөр иргэн С.Шаравтай “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, зуучлалын хөлс 10,050,000.00 төгрөг төлөхөөр тохирсон, үүнээс 10,000,000.00 төгрөгийг 2017 оны 6 сарын 15-ны өдрийн 06/15 тоот кассын зарлагын ордероор шилжүүлсэн боловч С.Шарав нь энэ гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. / хх-14-16,75,119,120/

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 15,500,000.00 төгрөгийн зардлыг гаргасан нь баримтаар тогтоогдож байгаа хэдий ч тэрээр 2017 оны 4 сарын 28-ны өдөр “Лэнд тест” ХХК болон “Өргөө-Архитект” ХХК–тай байгуулсан гэрээ нь 2017 оны 5 сарын 02-ны өдөр Ц , П э,  Л  нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-нээс өмнө буюу зохигчдын хооронд үүрэг үүсэхээс өмнө байгуулагдсан, түүнчлэн С.Шаравтай 2017 оны 6 сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан ч гэрээний үүрэг хэрхэн хэрэгжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймээс барилга барихад шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, тэдгээрт гарах зардлыг хариуцах, улмаар барилгыг барих хөрөнгө оруулахаар тохирсон гэрээний  үүргээ нэхэмжлэгч биелүүлэхэд хариуцагч Ц выг үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Түүнчлэн барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэгч зардал гаргаж хохирсонд хариуцагч Л  буруугүй байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч П ийн хариуцагч Ц , Л  нарт холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасныг хэрэглэснийг зөв гэж үзнэ.

Хариуцагч Ц  нь нэхэмжлэгчид холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 5,345,200.00 төгрөгийн хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 478.12 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч Ц , Л  нараас тус тус 5,166,666.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.  

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг   хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1231 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00811 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц вын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,500.00 /ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, хариуцагч Л гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,600.00  /ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.  

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН