Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/00093

 

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/00093

 

 

А.Бадамлянхуагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03504 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Бадамлянхуагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Цэцгээ, Н.Даваадорж нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Д.Цэцгээ, Н.Даваадорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Даваадорж, Д.Цэцгээ нарын хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 4 650 000 төгрөгийг тэдний дансанд шилжүүлж, 350 000 төгрөгийг бэлнээр өгч, нийт 5 000 000 төгрөг зээлүүлсэн. Мөн хариуцагч нарт 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөгийг дансаар, бэлнээр 500 000 төгрөг нийт 2 000 000 төгрөг зээлүүлсэн.

Хариуцагч нар нийт 7 000 000 төгрөг зээлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн мөнгийг буцааж төлөөгүй. Иймд хариуцагч нараас 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А.Бадамлянхуагаас 4 650 000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай зээлсэн бөгөөд өдөрт 100 000 төгрөгийг А.Бадамлянхуад төлдөг байсан.

Мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдөр түүнээс 1 500 000 төгрөгийг нэмж зээлсэн. Дээрх зээлүүдийг өдөрт болгон бага багаар өгсөөр байгаад 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нийт 5 960 000 төгрөг өгсөн.

А.Бадамлянхуагаас бэлнээр 350 000 төгрөг болон 500 000 төгрөг аваагүй. Биднээс 2015 оны 11 дүгээр сараас хойш мөнгө нэхэж байгаагүй. Одоо зээлийн төлбөр байхгүй тул 6 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Д.Цэцгээ, Н.Даваадорж нараас 996 000 төгрөгийг гаргуулан А.Бадамлянхуад олгож, үлдсэн 6 004 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 28 454 төгрөгийг гаргуулан А.Бадамлянхуад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх хариуцагчийн тайлбарыг үнэлж, нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлсэнгүй. Мөн хариуцагч нар нь мөнгө төлсөн гэж бичгийн цаасан дээр мөнгө өгсөн тухай тэмдэглэл хийсэн боловч дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт хавсаргасан.

Хариуцагч Д.Цэцгээ нь "Би өдөр бүр 50 000-100 000 төгрөгийг тогтмол төлдөг байсан, төлөх болгондоо дэвтэр дээрээ бичдэг байсан" гэх, Н.Даваадорж нь "Би өдөр бүр 60 000-100 000 төгрөг өгдөг байсан, өгсөн даруйдаа дэвтэр дээрээ бичдэг байсан" гэж мөн Эрүүгийн журмаар шалгагдах явцдаа өгсөн мэдүүлэгт "Би энэ зээлийн талаар мэдэхгүй байна, манай эхнэр л зээл авсан юмшиг байгаа юм" гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүх хурал болгонд төлсөн гэх үнийн дүн нь зөрүүтэй бөгөөд тус бүрдээ 4 650 000 төгрөгийг төлөөд дуусгасан гэж тайлбарладаг. Хэрэв хариуцагч нар нэхэмжлэгчид тухай бүрд нь мөнгө өгдөг байсан бол нэг дэвтэр дээр хоёр өөр бичилт хийх байсан, мөн хариуцагч нарын тайлбарласанаар нийт 9 000 000 гаруй төгрөг өгчихөөд байгаа гэж ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын тайлбар нь хоорондоо зөрүүтэй худал хэлсэн гэж үзэж болохоор байна.

Хариуцагч Д.Цэцгээ нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ өөрийн авсан 1 500 000 төгрөгийг авсан эсэхээ ч санахгүй байхад шүүхээс мөнгөө өгч байсан байна гэж үзсэнд нь гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А.Бадамлянхуа нь хариуцагч Д.Цэцгээ, Н.Даваадорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд мөнгөн хөрөнгө зээлэх харилцаа үүссэн гэж тайлбарлаж, 7 000 000 төгрөгийг дансаар болон бэлнээр хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч нар нь 6 150 000 төгрөгийг дансаар хүлээн авсан, үлдэх мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авсан төлбөрийг бүрэн төлж дуусгавар болгосон гэж маргасан байна.

 

Хариуцагч Д.Цэцгээ, Н.Даваадорж нар нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 4 650 000 төгрөгийг, мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Бадамлянхуагаас хүлээн авсан нь Хас банкны төлбөрийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 350 000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 500 000 төгрөгийг бэлнээр хариуцагч нарт өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлуулахаар хуульд заасан журмын дагуу гэрч асуулгасан боловч уг гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь гэрч А.Бадамцэцэг нь нэхэмжлэгч А.Бадамлянхуагийн төрсөн эгч байхаас гадна түүний Д.Цэцгээ эгч рүү мөнгө өгөх гэсэн чинь мөнгө дутчихаад намайг 350 000 төгрөг зээлээч гэхэд нь би дэлгүүр ажиллуулж байсан болохоор нь над дээр ирж 350 000 төгрөг авсан гэсэн мэдүүлгийг хариуцагчийн өмгөөлөгчийн Чи 350 000 төгрөгийг дамжмалаар өгсөн байх гэж ярьж байна уу гэсэн асуултад гэрч Манай дүү Д.Цэцгээ эгчид өгсөн гэх мэдүүлэгтэй харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч А.Бадамлянхуа өөрийн эгч А.Бадамцэцэгээс 350 000 төгрөг авсан гэх үйл баримтыг тайлбарлаж байх боловч уг 350 000 төгрөгийг Д.Цэцгээд бодитойгоор өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна.

 

Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.Цэцгээгээс авсан тайлбарыг гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, нэхэмжлэгч А.Бадамлянхуаг зээл олгохдоо 8 хувийн хүү авч, зээлийг хүүгийн хамт өдөр бүр тооцон авдаг байсан гэх хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй байна. Иймд хариуцагч нар нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 154 000 төгрөг төлсөн байх боломжтой байна. Иймд үндсэн зээл 6 150 000 төгрөгөөс хариуцагч нарын гүйцэтгэсэн 5 154 000 төгрөгийг хасч, үлдэх 996 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 97 420 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА