Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00759

 

А.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03504 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 93 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч А.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ц, Н.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагч Д.Ц, Н.Д, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хариуцагч Н.Д, Д.Ц нарт 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хас банкаар дамжуулан 4 650 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөг буюу нийт 6 150 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй байна.

Иймд Н.Д, Д.Ц нараас 6 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 850 000 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нараас нийт 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Нэхэмжлэгч А.Б-гаас 6 150 000 төгрөг авсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс өдөр бүр орлогоосоо 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 5 354 000 төгрөг төлсөн дуусгавар болсон. Нэхэмжлэгч А.Б-гийн нэмж нэхэмжилсэн 850 000 төгрөгийг бэлнээр аваагүй.

Иймд нэхэмжлэгч А.Б-гийн нэхэмжилсэн нийт 7 000 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03504 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Д.Ц, Н.Д нараас 996 000 төгрөгийг гаргуулан А.Б-д олгож, үлдсэн 6 004 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 28 454 төгрөгийг гаргуулан А.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 93 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 97 420 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа хариуцагч нарын мэдүүлэгт Д.Цгийн мэдүүлэгт “мөнгө зээлсэн нь үнэн төлж байсан. 1 500 000 төгрөг авсан эсэхээ санахгүй байна. Дансанд орсон бол авсан л байх” гэх мөн Н.Д-ийн мэдүүлэгт “манай эхнэр мөнгө зээлсэн би мэдэхгүй байна” гэж тус тусдаа мэдүүлэг өгсөн. Гэвч Д.Ц нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбарлахдаа бүх мөнгийг өгсөн гэдэг.

... Харин Н.Д нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбарлахдаа “би бүх мөнгийг нь өгсөн” гэж тайлбарладаг.

... 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч А.Б- нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж харин хариуцагч нар нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг хэрэгжүүлж байжээ. Мөн дээрх хууль болон мэдүүлэг хоорондын зөрүүг харахад хариуцагч нар нь үндэслэлгүй худал тайлбар гаргасан гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 102/ШШ2018/03504 тоот шийдвэр мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09 өдрийн 93 тоот магадлалд 5 154 000 төгрөгийн өөрчлөлт оруулж, нотлох баримтаар тогтоогдож байгаа 6 150 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч Д.Ц, Н.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс авсан зээлийг төлж барагдуулсан, аваагүй зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч нарт нийтдээ 7 000 000 төгрөг зээлүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нар нэхэмжлэгчээс 6 150 000 төгрөг зээлсэн гэж маргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны үйл баримтуудын талаар дүгнэж, хариуцагч нарын зээлсэн болон төлсөн мөнгөний хэмжээг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Зээлийн гэрээний зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийг хянан хэлэлцсэн байх ба хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03504 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 93 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 97 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН