Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 3504

 

 

 

 

 

      2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/03504

               Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч:А.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч:Д.Ц,

Хариуцагч:Н.Д холбогдох

7 000 000  төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагч Н.Д, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д, Ц нарын хүсэлтээр 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хас банкаар дамжуулан 4 650 000 төгрөг шилжүүлсэн, мөн 350 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөг зээлдүүлсэн.Гэтэл хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй байна.Иймд Д, Ц нараас 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Б 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр 2 000 000 төгрөгийг Н.Д, Д.Ц нарт зээлдүүлсэн боловч түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй тул 2016 онд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахад иргэний журмаар шийдвэрлэх асуудал гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч нараас 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, зээлдэгч нараас бараа авдаггүй байсан, хариуцагч нарт 350 000 төгрөг, 500 000 төгрөгийг бэлэнээр өгсөн, энэ зээлийг амаар хүүтэй гэж тохирсон боловч бичгээр гэрээ хийгээгүй учраас хүүгүй нэхэмжилж байгаа гэв.

 Хариуцагч Д.Ц, Н.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Д би 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Голомт банкны өөрийн дансаар А.Бас 4 500 000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн бизнестээ хэрэглэсэн. Энэ зээлийг зээлийн гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс өдөр бүр орлогоос  А.Бд гараар өгч 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 5 354 000 болгон өгч дуусгавар болгосон.Одоо зээлийн төлбөр байхгүй тул 6 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:А.Бгаас 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 4 650 000 төгрөгийг зээлсэн, авсан өдрөөсөө эхлэн эргүүлж төлсөн.Мөн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 1 500 000 төгрөг зээлсэн, авсан өдрөөсөө л 50 000, 60 000, 100 000 төгрөгөөр эргүүлж төлсөн. А.Б хүмүүст мөнгө зээлэхдээ хүн болгон дээр карт хөтөлдөг байсан, би дэвтэр дээрээ бичдэг байсан.Би өмнө нь А.Бгаас 5-6 удаа ийм журмаар зээл авдаг байсан, сарын 8 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай байдаг, энэ хугацаа хэтэрвэл 12 хувийн хүүтэй болдог.Өдрийн зээлийн барьцаа нь бидний лангууны бараа байдаг, мөнгөө өгөхгүй бол ирж бараанаас авдаг, би одоо бол хүүний зөрүү л өгөх боломжтой.Хэрэв би А.Бд мөнгө өгөөгүй байсан бол надад нэмж зээл өгөх ёсгүй байдаг.Би 2 сая гаран төгрөг төлсөн байсан учраас надад мөнгө нэмж зээлсэн, мөнгө төлөөгүй хүнд мөнгө нэмж зээлдэггүй ийм л зарчимаар явагддаг,  А.Бгаас 350 000 төгрөг болон 500 000 төгрөгийг бэлэнээр аваагүй,  А.Б 2015 оны 11 дүгээр сараас хойш надаас мөнгө нэхэж байгаагүй гэв.

Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Бгаас 2015 оны 8 дугаар сарын 5-нд 4 650 000 төгрөг авсан, өдөр өдөрт нь буцаан төлдөг зээл, сарын 12 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай авсан, маргаашнаас нь эхлэн буцаан төлсөн, орой болгон А.Б ирж мөнгөө авдаг, би өгдөг байсан.Би багадаа л 60 000, 80 000, 100 000-аар төлдөг  байсан, 50 000-аар цөөхөн өгдөг байсан, ихэндээ 100 000-аар төлдөг байсан тул төлөөд дууссан, А.Бгаас 350 000 төгрөг болон 500 000 төгрөгийг бэлэнээр аваагүй, биднээс 2015 оны 11 дүгээр сараас хойш мөнгө нэхэж байгаагүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б хариуцагч Н.Д, Д.Ц нарт холбогдуулан зээлийн төлбөрт 7 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нар А.Бгаас 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 4 650 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөг нийт 6 150 000 төгрөгийг зээлж авсан үйл баримтад маргахгүй байх бөгөөд энэхүү зээлийг 8 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай авсан гэж хариуцагч нар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч А.Б 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн тайлбартаа “Д.Цд амаар тохиролцож 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай мөнгө зээлдүүлсэн” гэж мэдүүлсэн байна.

Хариуцагч Д.Ц 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн тайлбартаа “Би 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 4 650 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1 500 000 төгрөгийг гэрээ байгуулаагүй, 12 хувийн хүүтэй авсан, тэр өдрөөсөө эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл өдрийн 15 000-150 000 төгрөгийг төлсөөр нийт 5 154 000 төгрөгийг А.Бд өгчихөөд байна” гэж мэдүүлсэн байна.

Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч А.Бадамцэцэг “8 хувийн хүүтэй зээлдэг, өдөр өдөрт нь хүүгээ авдаг байсан, манай дүү мөн өдрийн зээл олгодог, хариуцагч нар бараанд явах үедээ 4-5 хоног өнждөг байсан, би дүүдээ ажлаа өгөх үед Д.Ц үлдэгдэлтэй манай дүү дээр очиж байсан, би мөнгө зээлдэг байхдаа надад карт байсан, А.Бд карт байсан эсэхийг мэдэхгүй, Цд мөнгө шилжүүлэх гэсэн чинь 350 000 төгрөг дутаад гээд надаас авч байсан, 500 000 төгрөгийг надаас аваагүй болохоор мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байна.

Гэрч Т.Орхон тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд “Бадамлянхуаг өдрийн зээл гаргадаг гэдгээр нь мэднэ, Бадамлянхуа өдрийн эргэн төлөлттэй, 8 хувийн хүүтэй зээл гэдэг байсан, үндсэн мөнгө хүү хоёроо нэмээд 30 хоногт хуваана,  хааяа Н.Д, Д.Ц нар Бадамлянхуад өгөх мөнгө нь дутвал надаас 10 000, 20 000 төгрөг авдаг байсан, Бадамлянхуаг асарт орж ирэхэд өртэй хүмүүс мөнгөө өгдөг байсан” гэж мэдүүлсэн байна.

Нэхэмжлэгч А.Б 2015 оны 11 дүгээр сараас хойш биднээс мөнгө нэхэж байгаагүй гэж хариуцагч нар тайлбарлаж байна.   

Хариуцагч нар өмнө нь буюу 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр авсан 4 650 000 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн хэмжээгээр эргүүлж төлж дуусгаагүй байхад 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөгийг нэмж зээлдүүлж байгаа үйлдлийг талууд зөрүүтэй тайлбарлаж байна.

Харин А.Б хариуцагч нарт 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 350 000 төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 500 000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байх бөгөөд эдгээр мөнгийг хариуцагч нар бэлнээр аваагүй гэж тайлбарлаж байна.

Зохигчид дээрх зээлийн мөнгийг 8 хувийн хүүтэй гэж амаар тохиролцсон гэх тайлбараас үзэхэд А.Б зээлийн эргэн төлөлтөд хүү тооцож хариуцагч нараас авсан байх боломжтой байх бөгөөд өдрийн зээлийн төлбөрийг зээлдэгч нар өдөр өдөрт нь эргүүлж төлдөг гэдгийг хариуцагч нар болон гэрчүүд мэдүүлж байна.

Иймд хариуцагч нар А.Бгаас 6 150 000 төгрөгийг зээлж аваад эргүүлж 5 154 000 төгрөгийг төлсөн байна гэж үзэж, хариуцагч нараас 996 000 төгрөгийг гаргуулан А.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6 004 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Д.Ц, Н.Д нараас 996 000 /есөн зуун ерэн зургаан мянган/ төгрөгийг гаргуулан А.Бд олгож, үлдсэн 6  004 000 /зургаан сая дөрвөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 28 454 /хорин найман мянга дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан А.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ДОРЖНАМЖИН