Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00112

 

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00112

 

 

А.Гомбодоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/03411 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Гомбодоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ялгуусан ХХК, Г.Батсайханд тус тус холбогдох,

 

Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Ялгуусан ХХК-д даалгах, орон сууцны байр захиалан бариулах тухай 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Дашдулам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Мөнхсайхан,

Хариуцагч Ялгуусан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Сүхбаатар

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Гомбодорж нь 2002-2006 онд Ялгуусан ХХК-д инженер, төслийн удирдагчаар үр бүтээлтэй ажилласан тул 2003 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байрны 20-А тоот 29.95 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бэлэглэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. 2013 онд компанийн удирдлагаас А.Гомбодоржид бэлэглэсэн байрны нөхцлийг сайжруулахаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэж, харин өмнө бэлэглэсэн Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцыг А.Сүхтөмөрт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн.

А.Гомбодорж нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцанд 2010 оноос хойш эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна. Иймд А.Гомбодоржийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Бумба гранд хотхон, 32-16 тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Гомбодоржийн нэр дээр гаргаж өгөхийг Ялгуусан ХХК-д даалгаж өгнө үү.

Ө.Нямцэвээн нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар Г.Батсайханд 108 680 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, Ялгуусан ХХК-ийн хоорондох өр авлагын тооцоо байсан гэж тайлбарладаг. Мөн гэрээний нэг тал Ө.Нямцэвээн нь гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулсан талаараа өөрөө мэдэхгүй байгаа тул энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хйисэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул орон сууцны байр захиалан бариулах тухай 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ялгуусан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхоны 32-16 тоот орон сууцыг захиалж төлбөрийг төлж барагдуулж байсан. Уг орон сууц нь 2008 оноос баригдаж эхэлсэн бөгөөд 2010 онд ашиглалтад орсон. Ажилтнуудтай ямар нэгэн байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулж байгаагүй.

А.Гомбодорж ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан буюу архи ууж, ажил тасалж, улсын төсвөөр санхүүжүүлэгдэж байсан хугацаатай ажлыг тасалдуулсан тул ажлаас халагдсан. Орон сууцыг захиалж бариулахад А.Гомбодорж инженерээр орж байсан. А.Гомбодорж нь компанитай ямар ч бэлэглэлийн гэрээ хийгээгүй бөгөөд үйл ажиллагааг доголдуулж, ажлын хариуцлага алдан компанийг хүнд байдалд оруулан ажлаас гарч явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Батсайхан болон Ялгуусан ХХК-ийн хооронд төлбөр тооцооны үүрэг байсан. Уг төлбөр тооцооны үүргийн хүрээнд Г.Батсайхан нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот орон сууцыг шилжүүлэх байсан. Ялгуусан ХХК нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг Ө.Нямцэвээний нэр дээр шилжүүлж өгөөч гэж хүссэн тул уг орон сууцыг Ө.Нямцэвээний нэр дээр шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь орон сууцны байр захиалан бариулах гэрээ бөгөөд орон сууц өмчлөлийн гэрээ биш. Нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч нь гэдгээ юугаар нотолж байгаа нь тодорхойгүй, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн хэд дэх заалтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Уг эд хөрөнгө бий болсноос хойш бусдад шилжүүлэх тухай ямар нэгэн хэлцэл байхгүй байхад уг эд хөрөнгийг миний өмч гэж, хууль ёсны өмчлөлийг Ө.Нямцэвээнд шилжүүлсэн байхад хамтран хариуцагч нь Г.Батсайхан байна гэж хамтран хариуцагчаар тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хариуцагч байх ямар нэгэн үндэслэлгүй этгээдийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хамтран хариуцагч Г.Батсайханд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг орон сууцыг хуулийн дагуу авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гомбодоржийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Бумба гранд хотхон, 32 дугаар байрны 16 тоот 88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Ялгуусан ХХК-д даалгах, Орон сууцны байр захиалан бариулах тухай 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх гэрч А.Сүхтөмөрийн мэдүүлэг болон түүний гаргаж өгсөн нотлох баримт болох тодорхойлолтыг зохих ёсоор үнэлж, энэ тухай эрх зүйн дүгнэлт хийсэнгүй.

Хариуцагчийн "бэлэглэгч гомдсон тухай, өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгчийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хариуцагч маш их хэмжээний хохирол амссан тухай" тайлбараас үзэхэд талуудын хооронд 3 өрөө орон сууцыг бэлэглэсэн хэлцэл хийгдсэн, уг хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд бүрэн шилжүүлэн өгсөн, уг орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд буюу 8 жилийн хугацаанд ямар нэг үнэ төлбөргүйгээр эзэмшиж байсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч бүрэн зөвшөөрч байсан, улсын комисс хүлээн авах акт баримт дээр уг орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр бичигдсэн байсан зэргээр нотлогдож байхад шүүх энэ байдалд зохих дүгнэлт хийгээгүй байна.

Хариуцагчийн зүгээс 2010 онд нэхэмжлэгчийн орон сууцыг өөр хүний нэр дээр шилжүүлж өгүүлчихээд З өрөө орон сууцныхаа түлхүүрийг өгч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч уг орон сууцанд эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа явдал нь энэ нь хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн гэдгийг харуулж байна. Шүүх хууль хэрэглээгээрээ хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шүүх хэрэглэлгүй, нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэг гэрээ хэлцэл бичгээр хийгдээгүй, хуульд зааснаар гэрээ хийж нотариатаар батлуулаагүй байна" гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн. Шүүх илт хуурамч нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад Ө.Нямцэвээн мэдүүлэг өгөхдөө "уг гэрээг байгуулсан үгүйгээ мэдэхгүй талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан. Ө.Нямцэвээн болон хариуцагч нарын хооронд "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний харилцаа үүсээгүй, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Орон сууцны байр захиалан бариулах гэрээ"-г хуурамчаар үйлдсэн. 2010 онд ашиглалтанд оруулсан орон сууцны захиалгын гэрээг 2016 оноор хийж 2017 онд ашиглалтанд орно гэх нэрийдлээр хуурамч бичиг баримтуудыг үйлдсэн, Хан-Уул дүүргийн татварын хэлтэсээс гаргуулсан татвар төлсөн талаарх баримт нь ямар орон сууцны ямар татварыг төлсөн нь тодорхой бус нотлох баримтын шаардлага хангаагүй баримт шүүхэд цуглуулж өгсөн зэргээр нотлогдож байсан. Шүүх зохигчийн гэрээнд зурагдсан гарын үсэг хуурамч болохыг нотлуулах хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжийг хууль бусаар хязгаарласан.

Ингэснээр шүүх хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн бодит байдлын талаар хууль зүйн үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Гомбодорж нь хариуцагч Ялгуусан ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Бумба гранд хотхон, 32 дугаар байрны 16 тоот 88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах, хариуцагч Г.Батсайханд холбогдуулан орон сууцны байр захиалан бариулах тухай 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ компаниас намайг сайн ажиллаж байсныг үнэлж, 1 өрөө орон сууцыг 3 өрөө орон сууц болгон нөхцөл сайжруулж бэлэглэсэн ба хуучин 1 өрөө орон сууцыг компанийн ажилтан А.Сүхтөмөрт бэлэглэлийн гэрээгээг шилжүүлж өгөхөөр захиралтай тохиролцсон гэж тайлбарласан.

 

А.Гомбодорж нь 2002 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ялгуусан ХХК-д менежерээр ажиллаж эхэлсэн ба түүнийг ажиллаж байх хугацаанд тус байгууллагаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23/1 дүгээр байрны 20/А тоотод 50.64 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг түүнд бэлэглэж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хх 64 дахь тал/

 

А.Гомбодоржийн өмчлөлийн дээрх 1 өрөө орон сууцыг Ялгуусан ХХК-аас ажилтан А.Сүхтөмөрт бэлэглэхээр болж, А.Гомбодорж нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр А.Сүхтөмөрт бэлэглэлийн гэрээгээг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд түүний нэр бүртгэгдсэн нь гэрчийн мэдүүлэг болон улсын бүртгэлийн газарт гаргасан бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн баримт бичгээр тус тус тогтоогдсон /1хх 64-67 дахь тал/

 

Харин нэхэмжлэгч А.Гомбодорж нь 2013 онд хуучин орон сууцаа А.Сүхтөмөрт шилжүүлэн өгч, хариуцагч Г.Батсайханы захиалан бариулсан барилга болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Бумбагранд хотхон, 32 дугаар байрны 16 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хүлээн авч, одоог хүртэл амьдарч байгаа гэж тайлбарласныг хариуцагч тал няцаагаагүй. Эрхийн улсын ерөнхий бүртгэлийн газрын даргын 50 дугаар тушаалаар батлагдсан захиалгаар барьсан орон сууцны жагсаалт-ын 16 дахь мөрөнд нэхэмжлэгч А.Гомбодоржийн нэр бичигдсэн, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар уг барилга ашиглалтад орсон байх тул нэхэмжлэгч нь уг байрыг хэзээ хүлээж авсан нөхцөл байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Г.Батсайхан болон гуравдагч этгээд Ө.Нямцэвээн нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн Орон сууцны байр захиалан бариулах тухай гэрээ-нд нэхэмжлэгчийн амьдарч буй гэх дээрх орон сууцыг Ө.Нямцэвээн нь 108 680 000 төгрөгөөр Г.Батсайханаас худалдан авахаар тохиролцож, уг орон сууцны өмчлөгчөөр Ө.Нямцэвээнийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгэсэн байна. /1хх 82-87, 62 дахь тал/

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Дээрх зүйл, заалтыг хууль ёсны өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэл дээр үндэслэгдсэн эзэмшлээс бусад эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа этгээдэд хамааралтай юм. Харин Ялгуусан ХХК, Г.Батсайхан нар нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хэрхэн саад болоод байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул анхан шатны шүүх маргаанд хамааралгүй хууль хэрэглэсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлага тус бүрийн үндэслэлийг анхан шатны шүүх тодруулах ёстой бөгөөд Ялгуусан ХХК болон А.Гомбодорж нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх, гэрээ байгуулагдсан эсэх, орон сууцыг бэлэглэсэн эсхүл шагнал олгохоор амласан эсэх, ямар төрлийн хэлцэл байгуулагдсан эсэхийг тодруулах ёстой байжээ.

 

Түүнчлэн, Г.Батсайхан бусад этгээдтэй энэ талаар хэлцэл хийхдээ нэхэмжлэгч А.Гомбодоржийн ямар эрхэд нь хэрхэн хохирол учруулсан талаарх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхой болгох ёстой. Хариуцагч Ялгуусан ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан ба талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлсноор тэдгээрийн хооронд гэрээний үүрэг үүссэн эсэх, гэрээний үүргийн зөрчил байгаа эсэхийг тодорхойлох боломжтойгоос гадна Ялгуусан ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Бумбагранд хотхон, 32 дугаар байрны 16 тоотод байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй байхад түүнд холбогдох шаардлагыг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн гаргаж байгаа бүх шаардлагыг Ялгуусан ХХК, Г.Батсайхан нар хамтран хариуцах ёстой гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байгаа тохиолдолд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авсан тохиолдолд шаардлага түүний үндэслэлийн талаар тодруулах, үүнтэй холбоотой тодруулсан шаардлагыг нөгөө талд танилцуулж, мэтгэлцэх боломжоор хангах ажиллагаа хийх шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/03411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЗОЛЗАЯА