Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2020/02167

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02167

 

 

Ч.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02136 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Г-гийн хариуцагч Н- ХХК-нд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5 094 340 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М., хариуцагчийн төлөөлөгч Ж.., хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2018 оны 5 сарын 31-ны өдрөөс 2020 оны 2 сарын 24-ний өдрийг хүртэлх 21 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрт тогтоогдсон нэг сарын цалин хөлс болох 1 200 000 төгрөгөөр тооцсон. 2017 оны 9 сарын 30-ны өдөр хүүхэд төрүүлэхдээ ажил олгогчийн буруугаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй хохирсон. Иймд жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191, 192 дахь заалтуудыг үндэслэн 5 094 340 төгрөг болгож, ажилгүй байсан хугацааг 2018 оны 05 сарын 23 өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хамааруулан нэхэмжилсэн. Өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Н- ХХК 2018 оны 12 сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж 19/01 дугаартай ажилд эргүүлэн авах тухай тушаал гаргаж, нэхэмжлэгчийн имэйл хаяг руу явуулсан. Шүүхийн шийдвэрээр 24 800 000 төгрөг төлөх талаар шаардах үед мэдэгдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч ажилдаа ирээгүй тул түүнийг ажилд эгүүлэн томилох боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь борлуулалтын менежер. Ажил олгогчтой утсаар болон и-мэйлээр холбогдоогүй, зөвлөгөө аваагүй, сураггүй алга болсон. Ор мөргүй алга болж хийж гүйцэтгэдэг ажил огт биш бөгөөд тийм ямар ч боломжгүй юм. Үүний нэг нотолгоо нь нэхэмжлэгч нь 2019 оны 5 сараас хойш 2020 оны 5 сар хүртэл буюу бүтэн 2 жилийн хугацаанд ажилдаа орохоор ирээгүй, энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулан шүүхийн шийдвэрээс зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24 800 000 төгрөг гаргуулахыг л шаардаж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Нийгмийн даатгалын тухай 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус баримтлан хариуцагч Н- ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 376 735 төгрөгийг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид олгогдох байсан 5 094 340 төгрөгийг, нийт 14 471 075.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 23 497 651 төгрөгийн шаардлага, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг гаргуулах, 2018 оны 5 сарын 23-ны өдрөөс 2019 оны 1 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгч Ч.Г-гийн болон хариуцагч Н- ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Н- ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2020 оны 05 сарын 11-ний өдөр нэмэгдүүлэн өөрчилсөн шаардлагын нэмэгдсэн шаардлагын хэмжээ болох 8 174 387 төгрөгт ногдох хойшлуулсан тэмдэгтийн хураамж болох 145,740 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Н- ХХК-аас 230 305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгийн өмгөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1.Шүүх хэрэгт гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ Г.Баярмаагийн мэдүүлгийг нотлох баримт биш гэж үзэн, тухайн ажлын байранд ажилд эгүүлэн авах тушаалын тушаах хэсгийн 3-д заасан ерөнхий нягтлан бодогч Г.Баярмаа танилцуулах үүрэг бүхий ажилтан нь танилцуулаагүй, тушаал гараад надад хадгалагдаж байгаад наадмын дараа гаргасан буцаан авсан гэж мэдүүлсэн атал нэхэмжлэгч шүүхэд баримтаар нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэл дуусаагүй, цаашлаад ажилдаа ирэхийг шаардаагүй, ажил тасалсан гэж үзэн ажлаас халсан тушаалыг гаргасан үйл баримт тогтоогдоогүй. Зохигчийн тайлбараас Ч.Г-тай холбогдсон, залгасан, залгахыг оролдсон нэг ч үйл баримт байхгүй. Нөгөө талаар ажил тасалсан, ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан зүйл огт байхгүй байгааг шүүх үнэлээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Г-гийн нөхөр Ч.Хүрэлбаатар өөрийн санаачилгаар утсаар холбогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг шаардсан үйл баримт нотлогддог. 2.Хариуцагч Н- ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй атал шүүх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Хэргийн 22 дугаар талд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 181/Ш32019/08252 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийг гаргасан байна. Мөн хэргийн 4, 5 дугаар талд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тус тус тэмдэглэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж буй шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл авагдсан бөгөөд тус шүүх хуралдаан болж байх үед ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажиллагаа хаагдаагүй байсан.

Гэтэл шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн, ажилд эгүүлэн авсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хүулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах харилцааг тодорхойлдог. Ажилд эгүүлэн авсан тушаал, түүнийг биелүүлэх боломжоор ажил олгогч хангасан байхыг шаарддаг. Нийгмийн даатгалын нөхөн бичилт хийгдээгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг олгоогүй, Ч.Г-д мэдэгдээгүй байх үйл баримт нь ажил үүргээр хангасан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н- ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь буруу. Шүүх 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийг Ажилдаа орох хүсэл сонирхолтой байсан гэдгийг яаж тогтоож, юугаар нотлоод байгаа нь ойлгомжгүй, үүнийг тогтоосон нотлох баримт байхгүй, ажил олгогчоос мэдэгдээд байхад ирээгүй гэдэг нь тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр, хийсвэр дүгнэлт өгч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасанд гомдолтой. Нэхэмжлэгч нь өөрөө ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажил хөдөлмөр эрхлэх санаа зорилго огт байхгүй байсан нь тогтоогдож байгаа. Харин зориуд ажилдаа орохгуй санаатайгаар зугтааж байгаад нилээдгуй цаг хугацаа явсны дараа шүухэд хандах замаар ундэслэлгуйгээр хөрөнгөжих санаа зорилго агуулж байна. Ажилтан өөрөө ажилдаа орохгүй алга болсон үйлдэлд ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй. Ажил олгогч ажилтныг хаа байгаа газраас нь хайгаад, эрэн сурвалжлуулаад олж ажилд нь томилох ямар ч боломжгүй, нөгөө талдаа ажилтан өөрөө ажилдаа ирэхгүй буюу ажиллах сонирхолгүй байхад түүнийг ажил олгогч хүч хэрэглэх замаар хөдөлмөр эрхлүүлэх нь хуулиар хатуу хориглон тогтоосныг зөрчсөн болох юм. Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Г- нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5 094 340 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 30/

 

Талууд шүүхийн шийдвэр бодитой биелэгдэж ажилтныг ажил олгогч ажилд нь буцаан авсан эсэх асуудлаар маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01192 дугаар шийдвэр, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1687 дугаар магадлал, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1906 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгч Ч.Г-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор 24 280 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу хариуцагч Н- ХХК 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийг Осим брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн томилсон тушаал гаргаж, имейл хаягаар нь мэдэгдсэн, Ч.Г-гийн нөхөр Ч.Х ажилд томилсон тушаалын талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. /хх 10-18, 32/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Ч.Г-г ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг хамааруулан ойлгох юм.

 

Шүүх нэхэмжлэгчид ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс ажилтныг ажилд нь авах тушаал гарч, ажилтан тушаалын талаар бүрэн мэдсэн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 9 376 735 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх 207,208/

 

Ажилтан ажлаас 2016 оны 1 дүгээр сарын 20-ний тушаалаар халагдсан, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүүхэд төрүүлсэн, шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг түүний жирэмсний тэтгэмж авах хүртэл хугацаагаар буюу 2017 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл тооцсон үйл баримт тогтоогдсон /хх 10-13,17,18 /

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар Ч.Г-гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжид олгогдох байсан 5 094 340 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Талуудын маргааны зүйл буюу шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэхийг хэргийн баримтаас харьцуулан үзвэл 2019 оны 7 дугаар сарын 18 -нд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн /хх 22-23/, 2019 оны 7 дугаар сарын 30-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн /хх 23/, 2019 оны 9 дүгээр сарын 9-нд данс битүүмжлэх хасалт хийх тогтоол гарч улмаар 2019 оны 11 дүгээр сарын 6-ний байдлаар хариуцагч мөнгөө төлөөгүй асуудлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байсан үйл баримт тогтоогджээ./хх 5/

 

Хэргийн баримтаас үзэхэд ажилтныг ажилд эгүүлэн авах тушаал гаргасан талаар төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлж байснаас гадна зөвхөн төлбөр төлүүлэх тухайд л маргаан үргэлжилж байжээ./ хх 51-52, 54/

 

Түүнчлэн, 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж тушаал гаргаад, тушаалыг нэхэмжлэгчийн мэйл хаяганд нь явуулсан, нэхэмжлэгч өөрөө ирээгүй. Ажилд нь томилох ямар ч боломжгүй байсан. Эс үйлдэхүйтэй холбоотой хариуцлагыг хүлээхгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна. /хх 32/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй буюу хуулиар богино хугацаа тогтоосон байгааг анхаарах нь зүйтэй юм. Иймд ажилтныг ажил олгогч ажилд буцаан томилох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 21 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25 200 000 төгрөг гаргуулахаар шаардаж байснаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зөрчигдсөн эрхийг сэргээх иргэний эрх зүйн хамгаалалтын зорилготой нийцэхгүй, ирээдүйд чиглэсэн шаардлага болжээ.

 

Ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 1 200 000 төгрөгөөр шүүх тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэнтэй нийцжээ. Шүүх үүссэн нөхцөл байдал, талуудын хоорондын харилцаа, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд зөв дүгнэлт хийсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал шаардсан хэсгийг хохиролд тооцохгүй талаар шүүхийн шийдвэрлэсэн хэсэгт тухайлан нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

 

Нэхэмжлэгч тал ажилд томилсон тушаалыг өөрт нь мэдэгдсэн гэх нөхцөл байдлыг няцааж байгаа үндэслэлдээ хариуцагч Улсын дээд шүүхийн тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасан гэж тайлбарлажээ. Улсын дээд шүүхэд хандсан хүсэлтийн агуулга нь цалин хөлсийг нотлосон баримт хуурамч гэсэн үндэслэл зааж байснаас бус ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотой гомдол байхгүй байна

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 439 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ш.ОЮУНХАНД