Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00636

 

*****гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02136 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2167 дугаар магадлалтай,

*****гийн нэхэмжлэлтэй,

“*****” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5,094,340 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *****, түүний өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч Ж.М-О, өмгөөлөгч Л.Н, Ө.С, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

Нэхэмжлэгч *****гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “...***** миний бие хариуцагч “*****” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, дутуу олгосон цалин хөлс болох 11,408,273 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.31-ний өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018. 07.30-ны өдрийн 1687 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн 2018.12.18-ны өдрийн 001/ХТ2018/01906 дугаар тогтоолоор “*****” ХХК-ийн борлуулалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоож, 2017.09.30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,800,000 төгрөгийг гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан биелүүлэхээр ажиллаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018.05.31-ний өдрөөс 2020.02.24-ний өдрийг хүртэлх 21 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,200,000 төгрөгийг “*****” ХХК-аас нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Нэг сарын цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн шийдвэрт тогтоогдсон нэг сарын цалин хөлс болох 1,200,000 төгрөгөөр тооцсон. Мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан. 2017.09.30-ны өдөр хүүхэд төрүүлэхдээ ажил олгогчийн буруугаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй хохирсон. Хэрэв хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ажил олгогч биелүүлж байсан бол миний бие тэтгэмжээ хэвийн авах байсан. Иймд жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид нийт 30,700,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан бөгөөд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн шаардлагын хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191, 192 дахь заалтуудыг үндэслэн 5,094,340 төгрөг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажилгүй байсан хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах, чөлөөлөх тухай шийдвэр гарснаас эхлэн тэрхүү шийдвэрийг хүчингүй болгох, ажилтныг ажилд эгүүлэн томилох хүртэл хугацаа хамаарах тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагыг 2018.05.23 өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар, бусад зардал болох 2 өмгөөлөгчийн хөлс болох нийт 6,000,000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ***** нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, өмгөөлөгчийн зардал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Гэтэл хариуцагчаас 2018.12.28-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж 19/01 дугаартай “Ажилд эргүүлэн авах тухай” тушаалыг гаргаж, нэхэмжлэгчийн өмнө нь харилцаж байсан и-мэйл хаяг руу явуулсан ба нэхэмжлэгчийн нөхөр болох Ч.Х нь 2019.01.22-ны өдөр 99... дугаараас компанийн 75... дугаарт холбогдон шүүхийн шийдвэрээр тодорхойлогдсон 24,800,000 төгрөгийг төлөх талаар шаардах үед түүнд энэ талаар мэдэгдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч нь өөрөө ирээгүй тул түүнийг ажилд эргүүлэн томилох ямар ч боломжгүй байсан. Нэхэмжлэгч нь зориуд өөрөө ингэж ирэхгүй цаг хугацааг алдуулж байгаад одоо шүүхэд үндэслэлгүйгээр хандан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон их хэмжээний мөнгөн дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн талаар шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулан шаардахдаа зөвхөн 2017.09.30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,800,000 төгрөг гаргуулахыг л шаардаж байсан. Ажилд эргүүлэн томилуулах асуудлаа огт шаардаагүй бөгөөд дээр тайлбарласанчлан өөрөө ирээгүй болно. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь өөрөө ирээгүй эс үйлдэхүйтэй холбоотой хариуцлагыг хариуцагч биш нэхэмжлэгч өөрөө хүлээх нь шударга ёсонд нийцэх юм. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь борлуулалтын менежерийн байнгын ажлын байр бөгөөд заавал ажлын байранд биечлэн байж ажил үүргээ гүйцэтгэдэг ажлын байр юм. Ажил дээр ирэхгүйгээр хувийн ажлаа хийгээд, түүнчлэн ажил олгогчтой нэг ч удаа утсаар болон и-мэйлээр холбогдохгүй, нэг ч заавар зөвлөгөө авахгүйгээр, сураггүй алга болсон мэт ор мөргүй алга болж хийж гүйцэтгэдэг ажил огт биш бөгөөд тийм ямар ч боломжгүй юм. Үүний нэг нотолгоо нь нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сараас хойш 2020 оны 05 дугаар сар хүртэл буюу бүтэн 2 жилийн хугацаанд ажилдаа орохоор ирээгүй, энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулан шүүхийн шийдвэрээс зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,800,000 төгрөг гаргуулахыг л шаардаж байсан болно. Ажилд эргүүлэн томилуулах асуудлаа огт шаардаагүй бөгөөд дээр тайлбарласанчлан өөрөө ирээгүй. Түүнчлэн өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхдээ талууд хөлсийг гэрээгээр харилцан тохиролцож. ингэхдээ иргэний эрх зүйн харилцааны буюу гэрээний эрх зүйн чөлөөт байдлын зарчим дээр үндэслэн хийгддэг бие даасан тусдаа иргэний эрх зүйн харилцаа бөгөөд нэхэмжлэгчээс өмгөөлөгч авах эсэх, эсхүл арван өмгөөлөгчтэй гэрээ байгуулах эсэх нь түүний өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгддэг түүний эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч авах нь нэхэмжлэгчийн үүрэг биш тул өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02136 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “*****” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,376,735.2 төгрөгийг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид олгогдох байсан 5,094,340 төгрөгийг, нийт 14,471,075.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 23,497,651.9 төгрөгийн шаардлага, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгч *****гийн болон хариуцагч “*****” ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “*****” ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 03 сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2020 оны 05 сарын 11-ний өдөр нэмэгдүүлэн өөрчилсөн шаардлагын нэмэгдсэн шаардлагын хэмжээ болох 8,174,387.1 төгрөгт ногдох хойшлуулсан тэмдэгтийн хураамж болох 145,740 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “*****” ХХК-аас 230,305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2167 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,439 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Үүнд:

Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхны заалдах шатны шүүх болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. ...Шүүх гэрч Г.Б-ийн мэдүүлгийг нотлох баримт биш гэж үзэн, хариуцагчийг тухайн ажлын байранд ажилд эгүүлэн авах тушаалын тушаах хэсгийн 3-т заасан ерөнхий нягтлан бодогч Г.Б танилцуулах үүрэг бүхий ажилтан нь танилцуулаагүй, тушаал гараад надад хадгалагдаж байгаад наадмын дараа гаргасан, буцаан авсан гэж мэдүүлсэн атал нэхэмжлэгч шүүхэд баримтаар нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Гэтэл шүүхээс гэрч Г.Б-ийн мэдүүлгийг нотлох баримт биш гэж үзэн нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн. Хавтаст хэргийн 200 дахь талд авагдсан 2020.08.25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн гэрч Г.Б-ийн мэдүүлгээс үзэхэд тушаалыг танилцуулах үүрэг бүхий ажилтан гэрч Г.Б нь нэхэмжлэгч *****д ажилд эгүүлэн авсан талаар мэдэгдээгүй, ажилгүй байсан хугацааны цалинг өгөөгүй болох нь тогтоогддог. Мөн тушаалыг наадмын дараа буцаан авсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 8 дугаар сард шийдвэр гүйцэтгэлийг албадан гүйцэтгэх үетэй цаг хугацааны хувьд таарч байгаа нь нотлогддог. Иймд *****д ажилд эгүүлэн авсан тушаалыг танилцуулаагүй нь  нотлогддог. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэл дуусаагүй, цаашлаад нэг ч удаа ажилдаа ирэхийг шаардаагүй, ажил тасалсан гэж үзэн ажлаас халсан тушаалыг гаргасан үйл баримт тогтоогдоогүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.25-ны өдрийн дугаар 181/ШШ2020/02136 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Я.З нь шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “*****” ХХК-ийн захирал Ж М-О-той нэг өрөөнд хамт суудаг бөгөөд 2019.01.22-ны өдөр утсаар ярьж байхад нь цуг сууж байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарсан мөнгө төгрөгийг нь өгнө, ажилд орох шийдвэр нь гарсан гэсэн зүйл ярьж байсан гэж мэдүүлсэн” гэжээ. Хавтаст хэргийн 100 дугаар талд авагдсан 2020.08.25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд гэрч Я.З нь нэхэмжлэгч *****гийн нөхөртэй ярьсан эсэхийг мэдэхгүй, хэнтэй ярьсныг мэдэхгүй, хэзээ утсаар ярьсныг санахгүй, жилийн өмнө санаж байна гэснээс үзвэл шүүгч гэрчийн мэдүүлгийг үндэслэн нотлох баримтыг *****гийн нөхөртэй ямар агуулгаар ярьсан гэдгийг нотолсон гэрч Я.З-ийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.25-ны өдрийн 181/ШШ2020/02136 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Иймд **********” ХХК-ийн Осим брэндийн борлуулалтын менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацаанд хамаарах хэсгийг хангаж, 2019.01.22-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хамаарах хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ. Шүүхээс зохигчийн дараах тайлбарыг огт үнэлээгүй, дараах үйл баримтыг харгалзан үзээгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *****г ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан ажлаас халсан тушаал шийдвэр байгаа юу? гэхэд хариуцагч Ж.М-О: Ажил үүргээ гүйцэтгэхийг шаардаагүй, ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй гэж хариулсан байдаг. Дээрх зохигчийн тайлбараас *****тай өөртэй нь холбогдсон, залгасан, залгахыг оролдсон нэг ч үйл баримт байхгүй. Нөгөө талаар ажил тасалсан, ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан зүйл огт байхгүй байгааг шүүх үнэлээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар *****гийн нөхөр Ч.Х өөрийн санаачилгаар утсаар холбогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг шаардсан үйл баримт нь хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбаруудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, хариуцагч тайлбарлахдаа Ч.Х нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болж өөрийгөө худал танилцуулан шийдвэрийг гүйцэтгэхийг шаардсан, бид улмаар тодруултал дараа нь өөрийгөө *****гийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч болж хувирсан гэх үйл баримтаар нотлогддог. Мөн хариуцагч нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Монгол Улсын дээд шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаагүй байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн 2167 дугаар магадлалын хянавал хэсэгт: “Талуудын маргааны зүйл буюу шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэхийг хэргийн баримтаас харьцуулан үзвэл 2019.07.18-нд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн, 2019.07.30-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн, 2019.09.09-нд данс битүүмжлэх хасалт хийх тогтоол гарч улмаар 2019.11.06-ны байдлаар хариуцагч мөнгөө төлөөгүй асуудлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байсан үйл баримт тогтоогджээ. Шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ажилд эгүүлэн авсан тогтоолыг одоо хүртэл өгөөгүй, ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг 2020 оны 04 дүгээр сард өгсөн болох нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь зөвхөн төлбөр авагчийн харилцаа үүссэн мэтээр нотлох баримтыг буруу тогтоож үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”. Хариуцагч “*****” ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй атал шүүх 2019.01.22-ны өдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Хавтаст хэргийн 22 дугаар талд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.07.18-ны өдрийн 181/Ш32019/08252 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг гаргасан байна. Мөн хавтаст хэргийн 4, 5 дугаар талд 2019.10.23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.11.06-ны өдрийн тэмдэглэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж буй шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл авагдсан, тус шүүх хуралдаан болж байх үед ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдаагүй байсан нь нотлогддог. Гэтэл шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн, ажилд эгүүлэн авсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах харилцааг тодорхойлдог. Ажилд эгүүлэн авсан тушаал, түүнийг биелүүлэх боломжоор ажил олгогч хангасан байхыг шаарддаг. Нийгмийн даатгалын нөхөн бичилт хийгдээгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг олгоогүй, нэхэмжлэгч *****д мэдэгдээгүй байх үйл баримт нь ажил үүргээр хангасан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар ажил үүргээр хангах гэдгийг ажлаар хангах, ажиллуулах, ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах, биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрх зүйн харилцааг тодорхойлсон байдаг. Гэтэл шүүхээс ажил үүргээр хангаагүй атал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасныг биелүүлсэн, нэхэмжлэгч ***** нь ажил үүргээ сайн дураар гүйцэтгээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-О-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: *****гийн нэхэмжлэлтэй “*****” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.25-ны өдрийн 02136 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн ажиллагаагаар info.n....mn цахим шуудангийн хаягаас [email protected] цахим шуудангийн хаягт 2018.12.31-ний өдрийн 15:08 минутад “Сайн байна уу, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу ***** таныг урьд эрхэлж байсан Осим брэндийн борлуулалтын менежерийн албан тушаалд эргүүлэн томилсон тухай “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хавсралтаар хүргүүлж байна. “*****” ХХК-ийн “Н м” дэлгүүрийн 1-р давхарт байрлах электрон барааны дэлгүүр дээр ирж хөдөлмөрийн гэрээ байгуулна уу. Нэмж тодруулах зүйл гарвал 99... дугаараар холбогдон асууна уу. Хүндэтгэсэн Ж.М-О” гэсэн агуулга бүхий захидал илгээгдсэн байх ба захидлын хавсралтаар “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.12.28-ны өдрийн 19/01 дугаартай “Ажилд эгүүлэн авах тухай” тушаалыг илгээсэн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь [email protected] цахим шуудангийн хаяг түүний ашигладаг цахим шуудангийн хаяг мөн гэдгийг зөвшөөрч байх боловч info.n....mn цахим шуудангийн хаягаас 2018.12.31-ний өдөр дээр дурдсан агуулга бүхий захидал ирээгүй гэж маргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгийн ажиллагаагаар “Н т” ХХК-ийн байрны 4 давхарт байрлах компанийн дотоод утасны серверт 2019.01.22-ны өдөр 99... дугаараас 75... дугаарт 14:45 цагт 322 секундийн холболт хийгдсэн болох нь тогтоогдсон. 75... дугаар нь “*****” ХХК-ийн эзэмшлийн дугаар болох нь “М к” ХХК-ийн 2020.05.06-ны өдрийн тодорхойлолтоор, 99... дугаар нь нэхэмжлэгч *****гийн нөхөр Ч.Х-ын эзэмшдэг дугаар болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан батлан даалт гаргах нь нэртэй баримтаар тус тус тогтоогдсон. Шүүх хуралдаанд гэрч Я.З нь “ “*****” ХХК-ийн захирал Ж.М-О-той нэг өрөөнд хамт суудаг бөгөөд 2019.01.22-ны өдөр утсаар ярьж байхад нь цуг сууж байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарсан, мөнгө төгрөгийг нь өгнө, ажилд орох шийдвэр нь гарсан гэсэн зүйл ярьж байсан” гэж мэдүүлсэн. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч нар хүлээх бөгөөд хариуцагч “*****” ХХК нь “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.12.28-ны өдрийн 19/01 дугаартай “Ажилд эгүүлэн авах тухай” тушаалаар *****г 2019.01.01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан албан тушаал болох “*****” ХХК-ийн Осим брэндийн борлуулалтын менежерийн ажилд томилж, тушаалын талаар *****д info.....mn цахим шуудангийн хаягаас [email protected] цахим шуудангийн хаягт 2018.12.31-ний өдрийн 15:08 минутад захидал илгээн мэдэгдсэн. 2019.01.22-ны өдөр 99... дугаараас 75... дугаарт 14:45 цагт 322 секундийн ярианы үед *****гийн нөхөр Ч.Х-т *****г ажилд эгүүлэн томилсон талаар мэдэгдсэн болох нь үзлэгийн ажиллагаагаар бэхжүүлсэн баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан захидал түүний цахим шуудангийн хаягт ирээгүй, түүний нөхөр Ч.Х-тай утсаар ярих үед ажилд эгүүлэн томилсон талаар мэдэгдээгүй гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж шүүх хангалттай дүгнэлт өгсөн. Анхан шатны шүүх нь  хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж тогтоосон атлаа нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрөө ажилдаа орох сонирхолгүй, ажиллах санаа байхгүй, энэ талаарх зүй ёсны шаардлагаа хэрэгжүүлж ирээгүй. Харин ч ажил олгогчоос ажилд томилсон тушаал гарсан гэж хэлээд, мэдэгдээд байхад ирэхгүй алга болсон гэдгийг хангалттай тогтоосон байж түүнийхээ эсрэг байдлаар шийдвэр гаргасан нь өөрөө алдаатай шийдвэр гарах нөхцөл болсон. Шүүх нь 2018.05.23-ны өдрөөс 2019.01.22-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь “Ажилдаа орох хүсэл сонирхолтой байсан” гэдгийг яаж тогтоож, юугаар нотлоод байгаа нь үнэхээр ойлгомжгүй, үүнийг тогтоосон нотлох баримт байхгүй, харин ч ажил олгогчоос мэдэгдээд байхад ирээгүй гэдэг нь тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр үзэмжээр зарим хэсгийг хэтэрхий хийсвэр байдлаар дүгнэлт өгч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энэ талаар маш ойлгомжтойгоор тайлбарлан давж заалдах гомдол гаргасан байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйд мөн гомдолтой байна. Энэ бүх байдлаас нэхэмжлэгч нь өөрөө ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажил хөдөлмөр эрхлэх санаа зорилго огт байхгүй байсан нь бүрэн дүүрэн харагдаж, тогтоогдож байгаа ба харин “Зориуд ажилдаа орохгүй санаатайгаар зугтааж байгаад нилээдгүй цаг хугацаа явсны дараа шүүхэд хандах замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа зорилго агуулж байсан нь харагдаж байгаа” юм. Нэхэмжлэгч нь шүүхийн тогтолцоог буруугаар зүй бусаар ашиглаж, ажил олгогчоос ажилд эгүүлэн томилоогүй байдлыг харагдуулах замаар амар хялбар аргаар үндэслэлгүйгээр цалин гаргуулах санааг хэрэгжүүлсэн нь олон зүйлээс харагдаж байгаа болно. Ийм санаа зорилго бүхий зүй бус үйлдлийг шүүх бодит нөхцөл байдлаас ялгаж салган дүгнэлт өгч, тийм үйлдлийг өөгшүүлэхгүйгээр үндэслэл бүхий дүгнэлт хийх нь өөрөө шударга ёсонд нийцэх юм. Хамгийн гол нь ажилтан өөрөө ажилдаа ирж болохгүй алга болсон үйлдэлд ажил олгогчийг учир утгагүй буруутгах ямар нэгэн үндэслэл болохгүй юм. Ажил олгогч ажилтныг хаа байгаа газраас нь хайгаад, эрэн сурвалжлуулаад олж ажилд нь томилох ямар ч боломжгүй. Нөгөө талдаа ажилтан өөрөө ажилдаа ирэхгүй буюу ажиллах сонирхолгүй байхад түүнийг ажил олгогч хүч хэрэглэх замаар хөдөлмөр эрхлүүлэх нь хуулиар хатуу хориглон тогтоосон үйлдлийг зөрчсөн болох юм. Иймд дээрх бүх тогтоогдсон нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэгч *****г эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.23-ны өдрийн 181/ШШ2020/01192 дугаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш уг шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч буюу хариуцагч “*****” ХХК нь *****г ажилд эгүүлэн авсан тушаал гаргасныг нэхэмжлэгч нь “2019.01.22-ний өдөр мэдсэн байх боломжтой” гэж дүгнэн, энэ өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажлын 168 хоногоор тооцож 9,376,735.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсэг буюу 23,497,651.9 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Учир нь, хариуцагч талаас нэхэмжлэгч *****г “Ажилд эгүүлэн авах тухай” 2018.12.28-ны өдрийн 19/01 дугаартай тушаал гаргаж, энэ талаар мөн өдрийн 15.08 цагт нэхэмжлэгчийн хэрэглэж байсан цахим шуудангаар мэдэгдсэн, мөн нэхэмжлэгчийн нөхөртэй 2019.01.22-ны өдрийн 14.45 цагт хийгдсэн 322 секундийн утасны ярианы үед мэдэгдсэн гэдгээ нотолж, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгсөн, харин нэхэмжлэгчийн зүгээс эдгээрийг үгүйсгэсэн боловч түүнийгээ баримтаар нотлоогүй байна.

 

Иймд, “шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, буруу үнэлсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч “шүүхийн шийдвэр гармагц ажилдаа орох гэж удаа дараа очсон, хариуцагч ажиллах боломж олгоогүй” гэсэн тайлбараа нотлоогүйг дурдах нь зүйтэй. Иймээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг буруу тайлбарласан гэж үзэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. 

Мөн “шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь өөрөө ажилдаа орох сонирхолгүй, ажиллах санаа байхгүй, нилээдгүй цаг хугацаа явсны дараа шүүхэд хандах замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа зорилго агуулж байхад шүүх бодит байдлыг ялгаж дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй” гэсэн агуулгатай хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлгүй. Учир нь, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь бус харин хариуцагчаас өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал гаргасан буюу уг тушаалыг нэхэмжлэгч мэдсэн /мэдсэн байх боломжтой/ өдрөөр хязгаарлан хэсэгчлэн хангасан байна.

Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, өмнөх шүүхийн шийдвэрээр /2018.05.23/ нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо түүний жирэмсний тэтгэмж авах хүртэл хугацаагаар буюу 2017.09.30-ны өдрийг хүртэл тооцсон, хариуцагч уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй, иймээс нэхэмжлэгч нь /2017.12.01-нд хүүхдээ төрүүлсэн/ нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй үйл баримт тогтоогдсон тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэсний дагуу 5,094,340 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, харин өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02136 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2167 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч *****гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 305,439 төгрөгийг, хариуцагч “*****” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 230,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                                    ШҮҮГЧИД                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                           Х.СОНИНБАЯР

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД