| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2020/00103/И |
| Дугаар | 210/МА2020/01359 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2020/01359
Н ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/0730 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн хариуцагч М.Жд холбогдуулан гаргасан газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч тал тайлбартаа: ...Н ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хоолой Бэрх уулын ам дахь 0003761 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 15,000 м.кв газрыг 2004 оноос эзэмшиж, ашиглаж байсан. Гэвч Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 09 сарын 19-ний өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор тус компанийн захирал байсан Н.Энхтуяа, гишүүн болох Э.Булганаа, А.Халиун нарыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10-12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ял эдэлж байх хугацаанд буюу 2012 оны 03 сарын 21-ний өдөр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээгээр манай компанийн эзэмшил, ашиглалтад байсан дээрх газрыг Н.Энхтуяагаас О.Энхжавхланд, А.Халиун, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт тус тус олгосон гэх итгэмжлэлээр иргэн М.Жгийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/01233 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хужаагийн 2012 оны 03 сарын 05-ны өдөр А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Иймд дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ хийсэн О.Энхжавхлан, Э.Наранчимэг нарт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон тул эрх олгогдоогүй этгээдүүдийн хийсэн буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн Н ХХК-ийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Бэрх уулын ам хэсэгт орших 15,000 м.кв талбай бүхий газрыг М.Жгийн эзэмшилд шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, мөн дээрх гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэх өөр нэг үндэслэл нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 09 сарын 19-ний өдрийн 254 дугаартай эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарах үед Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Шар хоолойн задгайд байрлах 2 давхар зочид буудлын зориулалтаар баригдсан автомашины гарааштай 2 давхар байшин, газрын хамт битүүмжлэгдсэн байсан ба шүүхийн тогтоолын 9 дэх заалтаар эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн. Энэ шийтгэх тогтоолын дөрөвдүгээр хавсралтад дурдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг зохих журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, хохирогч нарын хохиролд тооцон олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2012 оны 08 сарын 30-ны өдөр дууссан болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мөн өдрийн 467 тоот тогтоолоор нотлогдож байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Н ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан газрыг 2012 оны 03 сарын 21-ний өдөр иргэн М.Жгийн нэр дээр шилжүүлэх боломжгүй, тийм эрх аль ч талд нь байгаагүй юм. Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 онд шүүхэд гаргасан өдрөөс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж, хяналтын шатны шүүхийн шийдвэр 2017 оны 10 сарын 20-ны өдөр гарснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тооцож нэхэмжлэл гаргаж байгаа болно. Түүнчлэн манай компаниас иргэн М.Жд холбогдуулж түүнтэй хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаагүй бөгөөд харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жтай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг нотариатч Г.Хужаад холбогдуулан гаргаж байсан тул манай нэхэмжлэлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгчийн нотариатч Г.Хужаад холбогдуулан уг 2012 оны 03 сарын 21-ний өдрийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргаж байсан бөгөөд уг шаардлагатай холбогдуулан шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал Улсын дээд шүүхийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/01233 дугаар тогтоолд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэх нь гэрээний хүчин төгөлдөр байдлын хэлбэрийн шаардлагад хамаарах боловч нотариатчийн энэхүү үйлдэл нь уг гэрээний агуулгын хүчин төгөлдөр байдал, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлох нөхцөл биш болно гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл нотариатчийн алдаатай үйлдэл нь талууд гэрээг байгуулсан хүсэл зориг, гэрээний агуулгыг няцаах үндэслэл болж чадахгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжгүй болохыг тогтоосон байна. М.Жгийн хувьд тухайн үед Н ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Энхтуяагийн хүсэлтийн дагуу 2012 оны 03 сарын 21-ний өдрийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэн авсны үнэд 300,000,000 төгрөгийг бүрэн төлсөн байдаг. Эндээс талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээний үүрэг нэгэнт дуусгавар болсон тул одоо гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй. Гэрээ байгуулах үед Н ХХК-ийн захирал Н.Энхтуяа, хувьцаа эзэмшигч А.Халиун, Э.Булганаа нар шүүхээр бусдыг залилсан гэх хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, хорих ангид ял эдэлж байсан учир өөрсдийн хамаатан Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө сонгож уг гэрээг байгуулсан. Тиймээс М.Ж гэрээ байгуулахад нотариатчийн зүгээс Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарт олгосон итгэмжлэлийг гэрчлэхдээ алдаа гаргасныг мэдэх боломжгүй тул М.Жг гэрээ байгуулсанд буруутгах үндэслэл болохгүй юм. Хэрвээ нотариатчийн гаргасан алдаатай үйлдлээс болж ямар нэгэн гэм хор учирсан гэж үзэж байгаа бол нотариатчаас гэм хорын хохирол нэхэмжлэх бүрэн боломжтой. Дээрх газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 03 сарын 21-ний өдөр байгуулсан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 09 сарын 19-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Шар хоолойн задгайд байрлах 2 давхар зочид буудал, машины гараашийг газрын хамт битүүмжлэгдсэн байсан учир М.Жгийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан талаар дурджээ. Уг шийтгэх тогтоолд дурдсан зочид буудлын барилга, автомашины гарааш болон газар нь 2012 оны 03 сарын 21-ний өдрийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний дагуу М.Жгийн өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан газраас тусдаа, гадна оршдог учир М.Жтай ямар ч хамааралгүй юм гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.Жд холбогдуулан гаргасан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Найманшарга интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгийг зөвхөн хариуцагчид ашигтайгаар үнэлсэн. ...Анхнаасаа Халиун энэ газрыг бусдад шилжүүлэх хүсэл сонирхол байгаагүй, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг газрын өмчлөгч болох н.Энхтуяа, н.Халиун, н.Булганаа нарыг төлөөлсөн н.Наранчимэг, О.Энхжавхлан нарын итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцсон байдаг. Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болсон хавтас хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 20-р хороо , Шар хоолой , Бэрх уулын ам хэсэгт хаягтай , 0003761 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол , Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 сарын 19-ний өдрийн дугаар 254 шийтгэх тогтоолын хавсралтад дээрх газрыг хохирогчдын хохирлыг төлж барагдуултал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд өгч уг газрыг дуудлага худалдаагаар оруулах тухай шүүхийн шийтгэх тогтоол, хавсралттайгаа байдаг. Энэ нь уг газрыг захиран зарцуулах эрх мэдэл зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байхад н.Энхтуяа, .н.Халиун, н.Булганаа нарт захиран зарцуулах эрхгүй болох нь уг баримтуудаар тогтоогддог. Хохирогч нарын хохирол 2012 оны 8 сарын 30-ны өдөр дуусгавар болсон нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 8 сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 467 тоот тогтоолоор тогтоогддог. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М.Жд холбогдуулан итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хүчингүйд тооцогдсон, мөрдөн байцаагчийн тогтоолоор газар, түүн дээрх эд хөрөнгө битүүмжлэгдсэн байсан гэсэн үндэслэлээр 2012 оны 03 сарын 21-ний өдрийн Газар эзэмших ашиглах эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нотариатчийн алдаатай үйлдэл нь талууд гэрээг байгуулсан хүсэл зориг, гэрээний агуулгыг няцаах үндэслэл болж чадахгүй, Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ-ний төлбөрт 300,000,000 төгрөг өгч, төлбөрийг барагдуулсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 54-55/
Талууд 2012 оны 03 сарын 21-ний өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Н ХХК өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хаягт байршилтай 15,000 км.кв талбай бүхий газрыг буцаан авах, дахин маргах нөхцөлгүйгээр М.Жд шилжүүлэх, уг гэрээтэй холбогдон гарах зардлыг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 5/
Дээр дурдсан гэрээнд Н ХХК-ийн захирал Н.Энхтуяаг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхжавхлан, хувьцаа эзэмшигч Э.Булганаа, А.Халиун нарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранчимэг нар гарын үсэг зурсан байх ба компанийн тамга дарагджээ. /хх 5/
Н.Энхтуяагаас О.Энхжавхланд, Э.Булганаа, А.Халиун нараас Э.Наранчимэгт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар Н ХХК шүүхэд хандсан байх ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэрээр итгэмжлэлийг гэрчилсэн 2012 оны 03 сарын 05-ны өдрийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсон байна. /хх 6-8/
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/01233 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээн шийдвэрлэсэн байх ба хянавал хэсэгтээ ... Э.Наранчимэг, О.Энхжавхлан нар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд өөрсдийг нь төлөөлж гарын үсэг зурах Н.Энхтуяа, А.Халиун, Э.Булганаа нарын хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч, улмаар итгэмжлэлд гарын үсэг зурсан байх тул гэрээ болон нотариатын үйлдлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй гэж, ... Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлэх нь гэрээний хүчин төгөлдөр байдлын хэлбэрийн шаардлагад хамаарах боловч нотариатчийн энэхүү үйлдэл нь уг гэрээний агуулгын хүчин төгөлдөр байдал, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлох нөхцөл биш болно гэж тус тус дүгнэжээ. /хх 13-18/
Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүх 2018 оны 11 сарын 02-ны 001/ХТ2018/01560 дугаар тогтоолоор Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Жд холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 54,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолд ...Зохигчдын хооронд 2012 оны 01 сарын 23-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдэж, нэхэмжлэгчийг төлөөлөн Н.Энхтуяа нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хаягт байрлах 15,000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлэх, М.Ж 300,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь тогтоогдож байна гэж, ...Худалдан авагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон... гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх 60-64, 65-67, 68-70/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсон нь газар эзэмших эрхийг 300,000,000 төгрөгийн хариу төлбөртэйгөөр шилжүүлэх, шилжүүлэн авах тухай талуудын хүсэл зоригийг үгүйсгэх, мөн энэхүү тохиролцоог хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй хэмээн дүгнэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
Дээрх 2012 оны 01 сарын 23-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн зүйл болох газар эзэмших эрхэд хамааралтай 2012 оны 03 сарын 21-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл уг гэрээний дагуу шилжүүлэх газар эзэмших, ашиглах эрхийг худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлага гаргасан. Үүнийг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Иймд М.Жд холбогдуулан гаргасан Н ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий газар нь М.Жгийн эзэмшилд 2014 оны 03 сарын 19-ний өдөр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь бодитоор хэрэгжсэн гэж үзэхээр байна. /хх 35/ Газар, түүн дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн гэх Мөрдөн байцаагчийн тогтоол /хх 104/ 2011 он 03 сарын 11-ний өдөр гарсан, харин Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 85/ М.Жгийн нэрд 2014 онд бүртгэгдэн олгогдсон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо 300,000,000 төгрөг нэхэмжилсэн шүүхийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр мөн адил хүчингүй болно гэдгийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө гэсэн боловч огт тусгаагүй гэх давж заалдах гомдолд дурдагдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/0730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Булганаагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200510396645 төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.НЯМБАЗАР