Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02510

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02510

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны

Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02148 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрхжин ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 716 972 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Солонгоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангийн захирал Т.Цэдэндамбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Эрхжин ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/149 тоот тушаалыг тус тус үндэслэн тэжээл импортлогч аж ахуй нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай 650 000 000 төгрөгийн 2017/Ү/17 тоот буцаан төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, зээлийн гэрээг байгуулан авсан. Хариуцагч Эрхжин ХХК нь нийтдээ 34 502 000 төгрөгийг буцаан төлсөн боловч зээлийн одоогийн үлдэгдэл 615 498 000 төгрөгийг, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй байгаа учир нэг талын санаачлагаар буюу зээлийн гэрээний 5.4-т заасны дагуу гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн алдангийг хоног тутамд 0.5 хувиар тооцон 101 474 100 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Эрхжин ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 615 498 000 төгрөг, алданги 101 474 100 төгрөг, нийт 716 972 100 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манай Эрхжин ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай зээлийн гэрээ байгуулан 650 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Гэрээний дагуу манай компани малын тэжээлийг Булган аймгийн нутаг дэвсгэрт байгаа малчдад хүргэхээр ажилласан. Булган аймагт тэжээл борлуулахаар хэд хэдэн компани шалгарсан, тус аймгийн зүгээс шалгарсан компаниудыг сумдууддаа хуваарилж өгсөн. Гэтэл манай компанид хуваарилагдсан сумдуудад бидний зүгээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн. Булган аймгийн сумдад мал амьтны гоц халдварт шүлхий гарч өвчин хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас тээвэрлэлт орох боломжгүй болж үйл ажиллагаа тасалдсан. Хорио цээрийн дэглэм өвлийн саруудад үргэлжилж, хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буусан байдаг. Энэ үед хаваржилтын байдал сайжирч малчдад тэжээл зарж борлуулах эрэлт хэрэгцээ багассаны улмаас тэжээлээ зарж борлуулж чадалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Бидний бэлтгэсэн тэжээл чанараа алдаагүй агуулахад хадгалагдаж байгаа тул энэ жил зарж борлуулаад зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийг төлнө. Харин алдангийг бол төлөх боломжгүй байна. Учир нь гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн нь давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон нь бидний ажлыг зогсоход хүргэсэн. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Эрхжин ХХК-иас 615 498 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах санд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101 474 100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 235 440 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангийн захирал Д.Пүрэвцэрэн давж заалдах гомдолдоо:

... Мал хамгаалах сан, Эрхжин ХХК-иудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралт нь зээлийг эргэн төлөх график бөгөөд гүйцэтгэх ёстой үүргийг зааж өгсөн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэг, Оросын холбооны улсаас өвс, тэжээл импортлон нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх 2017/Ү/17 тоот зээлийн гэрээний 5.3 дахь заалтыг үндэслэн алданги нэхэмжилсэн болно. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 9 сар боловч 2018 оны 4 сарын 1-ний өдрийн дотор эхний эргэн төлөлт 130 000 000 төгрөгийг төлөхөөс 34 502 000 төгрөгийг эргүүлэн төлж, үлдэх 95 498 000 төгрөгийг төлөөгүй нь гүйцэтгээгүй үүрэг болно. Иймээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцоход 2018 оны 4 дүгээр сарын 01-30 өдрийн хооронд 14 324 700 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө 130 000 000 төгрөгийг эргүүлэн төлөх ёстой боловч төлөөгүй тул 2018 оны 5 дугаар сарын 1-30 өдрийн хооронд 30 хоногоор өмнөх сарын үлдэгдэл 95 498 000 төгрөг нэмэгдээд 225 498 000 төгрөгнөөс алданги тооцоход 33 824 700 төгрөг болно. Мөн 2018 оны 6 дугаар сарын 1-ний дотор 130 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч үүргээ гүйцэтгээгүй тул нийт 355 498 000 төгрөгөөс алдангийг 30 хоногоор тооцоход 53 324 700 төгрөг болж байна. Нийт 101 474 100 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн зүйл, заалтыг зөрчөөгүй зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож алдангийг тооцоход татгалзах зүйлгүй учраас гарын үсэг зурсанаар баталгаажсан байна. Зээлдэгч нь улсын төсвийн хүүгүй зээлийг авсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэх хүсэл эрмэлзлэлгүй байсан нь хариу тайлбараас нь харагдаж байна. Шүүгч зээлийн гэрээний 1.8-д заасныг судлаагүй, 5 сумын хэмжээнд борлуулах байсан мэтээр харж нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг огтоос тусгалгүй шийдвэр гаргасан байна. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байсан бол Булган аймгийн бусад сумдад борлуулалтаа хийх бүрэн боломж нь байсан. Оросын холбооны улсаас өвс, тэжээл импортлон нийлүүлэх зээлийн гэрээний 1.8-д зааснаар Булган аймгийн бүх сумдад 1200 тн хивэг, 650 тн хорголжинг зарж борлуулахаар харилцан тохиролцсон байна. Гэвч "Эрхжин" ХХК нь 895,4 тн хивэг оруулж ирсэн ба хорголжинг огт оруулж ирээгүй бөгөөд үлдэгдэл санхүүжилтээ ямар зориулалтаар ашигласан нь тодорхойгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөж нэг тонн хивгийг 359 050 төгрөгөөр, нэг тонн хорголжинг 367 400 төгрөгөөр борлуулахаар тохиролцсон. Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа Булган аймгийн "Мал хамгаалах сан"-аас Булган аймгийн тухайн шүлхий өвчин гарсан сумдад борлуулах хуваарь гаргаж өгсөн талаар дурьдсан бөгөөд тус аймагт Мал хамгаалах сан гэж байдаггүй бөгөөд гэрээгээр Булган аймгийн бүх сумдад борлуулахаар заасан заалтыг хэн ч өөрчлөх боломжгүй юм. Хариуцагч "Эрхжин" ХХК-ийн зээлийн үлдэгдэл 615 498 000 төгрөг, алданги 101 474 100 төгрөг, нийт 716 972 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан хариуцагч Эрхжин ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 716 972 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага үндсэн зээлийн төлбөр 615 498 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 101 474 100 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрсөн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээлд 615 498 000 төгрөг, алдангид 101 474 100 төгрөг, нийт 716 972 100 төгрөг нэхэмжилснээс хариуцагч алдангийг эс зөвшөөрч, өвс, тэжээл нийлүүлэх сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон учир тэжээлийг цаг хугацаанд нь нийлүүлж чадаагүй гэж тайлбарлан маргажээ.

 

Мал хамгаалах сан нь Эрхжин ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2017/Ү/17 тоот ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 6-9 тал/ Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Зээлдэгч Эрхжин ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг буцаан төлөөгүй байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь хариуцагч Эрхжин ХХК-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Гэрээний 1.5-д талууд зээлийн гэрээний хугацааг 9 сараар тодорхойлж, гэрээний зээлдэгч авсан зээлийг төлж барагдуулах хуваарийг баталсан байна. /хх-ийн 6-12 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн тайлбараа нотлох нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хариуцагч байгууллагын зүгээс өөрийн тайлбараа нотлохоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 01/625 тоот давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Булган аймгийн онцгой байдлын газрын 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20/189 тоот тодорхойлолт, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1/246 тоот тодорхойлолт, Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 03/69 тоот тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 22, 25-27 тал/

 

Гэрээний 1.8-д зааснаар малын тэжээлийг зээлдэгч нь Булган аймгийн бүх сумдад борлуулах үүрэг хүлээсэн байх тул тодорхой сумдыг хариуцан авсан гэх хариуцагч байгууллагын тайлбар нотлогдоогүй бөгөөд хариуцагч байгууллагад хорио цээрийн дэглэм нөлөөлснөөс үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд гэрээний 5.3-т зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэх хоног тутамд 0,5 хувийн алдангийг зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлнө гэж заасан нь дээрх хуулийн заалттай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд талууд гэрээндээ хуулийн шаардлагад нийцсэн алдангийн зохицуулалтыг тохирсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Хариуцагч байгууллага зээлийн гэрээний үүрэгт 34 502 000 төгрөгийг буцаан төлсөн, өөр үүрэг гүйцэтгээгүй байх тул зээлийн гэрээний үүргээ гйүцэтгээгүй хугацаанд хариуцагчаас алдангийг гаргуулах үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй хоног тутам 0,5 хувийн алданги тооцоход 2018 оны 4 дүгээр сарын 1-30 өдрийн хооронд 14 324 700 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 1-30 өдрийн хооронд 30 хоногоор өмнөх сарын үлдэгдэл 95 498 000 төгрөг нэмэгдээд 225 498 000 төгрөгнөөс алданги тооцоход 33 824 700 төгрөг болно. Мөн 2018 оны 6 дугаар сарын 1-ний дотор 130 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч үүргээ гүйцэтгээгүй тул нийт 355 498 000 төгрөгөөс алдангийг 30 хоногоор тооцоход 53 324 700 төгрөг, нийт 101 474 100 төгрөгийн алданги төлөхөөр байна.

 

Иймд хариуцагч байгууллагаас үндсэн зээл 615 498 000 төгрөг, алданги 101 474 100 төгрөг, нийт 716 972 100 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дахь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрхжин ХХК-аас 716 972 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах санд олгосугай гэж,

2 дахь заалтын ...3 235 440... гэснийг ...3 742 810... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                           Ш.ОЮУНХАНД

 

                                                 Ц.ИЧИНХОРЛОО