Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00631

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн

яамны МХС-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02148 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2510 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МХС-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 716 972 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч “Э” ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/149 тоот тушаалыг тус тус үндэслэн тэжээл импортлогч аж ахуй нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны МХС-тай 650 000 000 төгрөгийн 2017/Ү/17 тоот буцаан төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, зээлийн гэрээг байгуулан авсан. Хариуцагч “Э” ХХК нь нийтдээ 34 502 000 төгрөгийг буцаан төлсөн боловч зээлийн одоогийн үлдэгдэл 615 498 000 төгрөгийг, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй байгаа учир нэг талын санаачлагаар буюу зээлийн гэрээний 5.4-т заасны дагуу гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн алдангийг хоног тутамд 0.5 хувиар тооцон 101 474 100 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч “Э” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 615 498 000 төгрөг, алданги 101 474 100 төгрөг, нийт 716 972 100 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Манай “Э” ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч, зээлийн гэрээ байгуулан 650 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Гэрээний дагуу манай компани малын тэжээлийг Булган аймгийн нутаг дэвсгэрт байгаа малчдад хүргэхээр ажилласан. Булган аймагт тэжээл борлуулахаар хэд хэдэн компани шалгарсан, тус аймгийн зүгээс шалгарсан компаниудыг сумдууддаа хуваарилж өгсөн. Гэтэл манай компанид хуваарилагдсан сумдуудад бидний зүгээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн. Булган аймгийн сумдад мал амьтны гоц халдварт шүлхий гарч өвчин хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас тээвэрлэлт орох боломжгүй болж үйл ажиллагаа тасалдсан. Хорио цээрийн дэглэм өвлийн саруудад үргэлжилж, хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буусан байдаг. Энэ үед хаваржилтын байдал сайжирч малчдад тэжээл зарж борлуулах эрэлт хэрэгцээ багассаны улмаас тэжээлээ зарж борлуулж чадалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Бидний бэлтгэсэн тэжээл чанараа алдаагүй агуулахад хадгалагдаж байгаа тул энэ жил зарж борлуулаад зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийг төлнө.

Харин алдангийг бол төлөх боломжгүй байна. Учир нь гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн нь давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон нь бидний ажлыг зогсоход хүргэсэн.

Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02148 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Э ХХК-иас 615 498 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МХС-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101 474 100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 235 440 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2510 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 716 972 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МХС-д олгосугай гэж, 2 дахь заалтын ...3 235 440... гэснийг ...3 742 810... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МХС- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхээс...“анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй байна...” мөн “хариуцагч байгууллагад хорио цээрийн дэглэм нөлөөлснөөс үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэхгүй юм...” гэсэн нь манай талаас анхан шатны шүүхэд гаргасан нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь манай компаний хувьд гомдолтой, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Давагдашгүй хүчин зүйл гэдэг бол гэрээгээр ч зохицуулах боломжгүй байдаг ба үүнийг Монгол Улсад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээ гаргаж баталгаажуулдаг.

Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг.

Яам болон МХС-тай байгуулсан бодлогын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дохь хэсэгт ОХУ-с тэжээл импортлон малчид, фермерүүдэд нийлүүлэх ажлын хүрээнд ерөнхий нөхцөл, хэрэгжүүлэх арга, чиг үүргийг тодорхойлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

Мөн гэрээний 2.3-т Өвс, тэжээл импортлох ажлыг нэгдсэн цонхны бодлогоор зохион байгуулна.

2.5-т аж ахуйн нэгжийн өвс тэжээл импортлон малчид, фермерүүдэд нийлүүлэх ажлын явц, тэжээлийн чанар, гэрээний хэрэгжилтэд яамнаас томилсон ажлын хэсэг хяналт тавьж ажиллана.

2.7-д өвч тэжээл импортлох аж ахуй нэгжүүд.худалдах аймаг сумд болон цэгүүдийн талаарх мэдээллийг нэгдсэн журмаар олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна... гэж бодлогын гэрээгээр яам болон МХС-гийн үүргийг зохицуулж өгсөн байдаг. Гэвч МХС-гаас болон яамнаас гэрээгээр хүлээсэн нэг ч үүргээ биелүүлээгүй. Тендерт шалгарсан бүх аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж хяналт тавих үүрэгтэй атал бидний зүгээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүсэх үед ч мөн адил бидний тавьсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгөөгүй. Бид үүсээд буй нөхцөл байдлын талаар МХС- болон яаманд удаа дараа мэдэгдэж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Бид гэрээний үүргээ ухамсарлан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бүхий л боломж бололцоогоороо ажилласан. Хорио цээрийн дэглэм буух үед малчдын өвөлжилтийн байдал хэдийнээ сайжирсан байсан.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2510 дугаар бүхий магадлалыг хүчингүй болгож, 2018 оны 10 дугаар сарын 17-ны 181/ШШ2018/02148 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МХС- нь хариуцагч “Э” ХХК-иас зээлийн гэрээний гүйцэтгэлд 716 972 100 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “Э” ХХК нь үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн боловч алдангид 101 474 100 төгрөг төлөхөөс татгалзжээ.

Зохигч нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч “Э” ХХК нь 650 000 000 төгрөгийг хүүгүй, 9 сарын хугацаатай зээлсэн байна. Зээл нь ОХУ-аас малын өвс, тэжээл импортоор оруулж ирэх, худалдан борлуулах зорилготой байсан байна.

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дуусах бөгөөд хариуцагч тал гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн төлбөрт 34 502 000 төгрөгийг төлжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч “Э” ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах зээлдүүлэгчтэй тохиролцсон алдангийг төлөх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., 232.8.-д заасан зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, алдангийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болдог болохоос бус алдангиас чөлөөлдөггүй байна.

Харин үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн бол мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдахаар Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.3.-т зохицуулсан байна. Хэрэгт авагдсан баримтаас алдангийн хэмжээг илт их гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлдэгчийн хувьд хугацаа хэтрүүлээгүй байна.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Малын гоц халдварт өвчин гарсан үйл баримт нь үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хариуцагчийн зүгээс “үүсээд буй нөхцөл байдлын талаар МХС- болон яаманд удаа дараа мэдэгдэж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй” гэх тайлбар болон гомдлоо баримтаар нотлоогүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2510 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 665 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН