Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/02148

 

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/02148

Улаанбаатар хот

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М сан -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК / /-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 716.972.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч С.Б, Я.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч Э ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.- дэх хэсэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/149 тоот тушаалыг үндэслэн Тэжээл импортлогч аж ахуй нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай 650.000.000 төгрөгийн 2017/Ү/17 тоот буцаан төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, зээлийн гэрээг байгуулан авсан.

Хариуцагч Э ХХК нь нийтдээ 34.502.000 төгрөгийг эргүулэн төлсөн боловч зээлийн одоогийн үлдэгдэл 615.498.000 төгрөгийг, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй байгаа учир нэг талын санаачлагаар /зээлийн гэрээний 5.4 дэхь заалтын дагуу/ гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн алдангийг хоног тутамд 0.5%-иар тооцон 101.474.100 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Э ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 615.498.000 төгрөг, алданги 101.474.100 төгрөг, нийт 716.972.100 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манай Э ХХК нь 2017 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Өвөл хаврыг өнөтэй давъя арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай зээлийн гэрээ байгуулан 650.000.000 төгрөгийг зээлдэж авсан нь үнэн.

Гэрээний дагуу манай компани малын тэжээлийг Булган аймгийн нутаг дэвсгэрт байгаа малчидад хүргэхээр ажилласан. Булган аймагт тэжээл борлуулахаар хэд хэдэн компани шалгарсан, тус аймгийн зүгээс шалгарсан компаниудыг сумдууддаа хуваарилж өгсөн. Гэтэл манай компанид хуваарилагдсан сумдуудад бидний зүгээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн.

Булган аймгийн сумдад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас тээвэрлэлт орох боломжгүй болж үйл ажиллагаа тасалдсан. Хорио цээрийн дэглэм өвлийн саруудад үргэлжилж, хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буусан байдаг.

Энэ үед хаваржилтын байдал сайжирч малчидад тэжээл зарж борлуулах эрэлт хэрэгцээ багассаны улмаас тэжээлээ зарж борлуулж чадалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон.

Бидний бэлтгэсэн тэжээл чанараа алдаагүй агуулахад хадгалагдаж байгаа тул энэ жил зарж борлуулаад зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийг төлнө.

Харин алдангийг бол төлөх боломжгүй байна. Учир нь гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн нь давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй байх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон нь бидний ажлыг зогсоход хүргэсэн. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

 Нэхэмжлэгч М сан нь хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 716.972.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Мсан нь хариуцагч Э ХХК-д 650.000.000 төгрөгийг хүүгүй, 9 сарын хугацаатайгаар зээлдүүлж ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулжээ.\хх-ийн 6-15-р хуудас\

Зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч Э ХХК нь дээрх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 34.502.000 төгрөгийг төлсөн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуусах байсан талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

Зээлдүүлэгч Мсан нь зээлдэгч Э ХХК-д 650.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба Э ХХК нь 650.000.000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол алданги нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хариуцлага оногдуулж буй гэрээгээр тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд гэрээний 5.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алдангийг зээлдэгч төлөхөөр талууд тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуусах байтал 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр Э ХХК-ийн малын тэжээл худалдан борлуулахаар тохиролцсон Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр мал амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, хорио цээрийн дэглэм тогтоон, 2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Гурванбулаг суманд, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Бугат суманд, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Булган суманд, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хишиг-Өндөр, Сайхан суманд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хорио цээрийн дэглэм цуцлагдсан болох нь зохигчийн тайлбар, Булган аймгийн онцгой байдлын газрын даргын тодорхойлолт, тус аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тодорхойлолт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зээлдэгч Э ХХК-нь зээлийн гэрээний хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэхэд зохих нөлөөлөл үзүүлсэн гэж үзэхээр байна. \хх-ийн 22,25,26-р хуудас\

Иймд хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 615.498.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 101.474.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан Э ХХК-иас 615.498.000 /зургаан зуун арван таван сая дөрвөн зуун ерөн найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М санд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101.474.100 / нэг зуун нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 -т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3.235.440 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                     

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО