Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 196

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 843 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 134 дүгээр магадлалтай, Э.Б-д холбогдох 1902006920242 дугаартай эрүүгийн хэргийг прокурорыг бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Н овогт Э-н Б нь 2019 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичиглэгтэй гражны ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 21 тоотод 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан гэмт хэрэг холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Э.Б-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэлдээ “... Шүүгдэгч Э.Быг 2019 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо нутаг дэвсгэр 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичлэгтэй гражны ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 3 дугаар байрны 21 тоотод 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан гэмт хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 212 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Быг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Э.Сүхээ нарын давж заалдсан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ДШМ/134 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсний дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн прокурорын газраас Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь:

Шүүгдэгч Э.Б-н үйлдсэн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж” болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ДШМ/134 дугаартай магадлалыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн мансуурлуулах, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн шинжийг орхигдуулсан байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Э.Б-ыг 2019 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичиглэлтэй гражны ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 21 тоотод 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдал, гэмт хэргийн зүйлчлэл, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдалд нэг мөр дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял  сонсгон, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа мөн Төв аймгийн прокурорын газраас /эрүүгийн 1934007750410 дугаартай хэрэгт/ Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Төв аймгийн прокурорын газраас /эрүүгийн 1934007750410 дугаартай хэрэгт/ Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн талаар тодорхой тайлбар, дүгнэлт хийсэн буюу эдгээр үйлдлүүд нь нэг төрлийн гэмт хэрэг тул нэгтгэн шалгуулах хүсэлтэй байгаа талаар илэрхийлсэн боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэхдээ цаашид хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг дүгнээгүй байна.

Э.Б-ы буруутай ажиллагааны улмаас уг хэрэгт нэгтгэгдэн шалгагдаагүй талаарх нотлох баримт тогтоогдсонгүй. Харин прокурор, мөрдөн байцаалтын үйл ажиллагааны мэдээлэл солилцоо дутмагаас болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Б-ы дээрх хоёр үйлдлийг нэгтгэхэд хэргийг зүйлчлэлд нөлөөлж болзошгүй эсхүл үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх эсэх талаар нэг хэргийг нь шийдвэрлэхдээ эцэслэн дүгнэлт хийх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол ... гэж заасан боловч “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн” гэдэг нь нэг төрлийн буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хэд хэдэн үйлдэлд шууд хамараахгүй харин өөр өөр төрлийн буюу нийлмэл гэмт хэрэгт хамаарах үндэслэл бүхий болно.

Анхан шатны шүүх Э.Б-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэх шинжийг орхигдуулж дүгнэсэн байх бөгөөд уг шинж нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангадаг болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх хоёр үйлдэл нь шүүхийн шийдвэр, түүнээс гарах үр дагаварт шууд нөлөөлөх хүчин зүйл бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурор Б.Бүжинлхамын “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 134 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Б.Бүжинлхамын “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН