Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 134

 

Э.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Бд холбогдох эрүүгийн 1902006920242 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

....... овгийн ............ын Б............., 20...... оны ...... дүгээр сарын .........-ны өдөр ............ аймгийн ........... суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шангрилла” зочид буудалд ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эгч, хүргэн ах, дүү нарын хамт ............ дүүргийн ........ дугаар хороо, ............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 3, 4-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичлэгтэй гражны ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 21 тоотод 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........... овгийн ...........ын ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Оргилуун” гэсэн бичиглэл бүхий хуванцар сав, 1 гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйл /5.1 грамм жинтэй/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 9 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие мөрдөн байцаалтын явцад Төв аймгийн цагдаагийн газар ижил төрлийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа учир нэгтгэн шалгуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн боловч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үл харгалзан 1 жилийн хорих ял оноосон. Ингэснээр миний эрх зүйн байдал дордож байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг түдгэлзүүлэн хоёр хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ дахин гэмт хэрэг үйлдснээ үнэн зөвөөр мэдүүлж холбогдох баримт материалыг авчирч өгсөөр байхад анхан шатны шүүх авч хэлэлцээгүй шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэснийг үндэслэн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсэн заалтаар миний үйлчлүүлэгчид оногдуулсан 843 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Э.Бы 2019 оны 8 дугаар сард үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцож ялын доод хэмжээг оногдуулсан. Дахин гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр хэргийг буцаах хуулийн зохицуулалт байхгүй. Гэмт хэрэг дахин үйлдсэн нь тогтоогдсон гэж үзвэл шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь шийтгэх тогтоолоор оногдуулж, нэмт нэгтэх боломжтой гэж үзэж байх тул шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Нийслэлийн прокурорын газраас Э.Быг 2019 оны 8 дугаар сарын 3, 4-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичлэгтэй гражны ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 21 тоотод 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 212 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн прокурорын газраас Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ. /хх 166-169/

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг нэгтгэн шалгаснаар хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх шийдвэрлэх боломжтой гэж дүгнэжээ.

Гэтэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Бы үйлдлүүд нь нэг төрлийн гэмт хэрэг тул дээрх хуулийн зохицуулалт үл хамаарна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, шүүгдэгч Э.Б нь нэг төрлийн гэмт хэрэгт хэд хэдэн удаагийн үйлдлээр холбогдсон бөгөөд түүний үйлдлүүдийг нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдал дээрдэх үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Э.Быг гэм буруутайд тооцохдоо “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэх шинжийг орхигдуулж дүгнэсэн байгааг анхан шатны шүүх цаашид онцгойлон анхаарвал зохино.

 

 Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

                               

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ