Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

 

 

   2019        11          06                                   2019/ШЦТ/843

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Бүжинлхам,

  шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман овгийн Э.Бд холбогдох эрүүгийн 1902006920242 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Найман овгийн Э.Б, 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, Булган аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шангрилла зочид буудалд ажилладаг, ам бүл 7, эцэг, эх, хүргэн ах, эгч, 2 дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 24-180 тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар.   

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

  Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 08 дугаар сарын 3, 4-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичлэгтэй гражны ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нелөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабиолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 3 дугаар байрны 21 тоотод 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийн хийсэн алдаатай үйлдэлээ 9 хоног  цагдан хоригдохдоо ухаарч ойлгосон хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургий үзүүлэлтүүд: “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо ертөнцийн зүгээр баруун тийш харсан 3 орц бүхий шар өнгийн барилга байна. Дунд талын орцны 2 давхар 21 тоотод болсон гэх тул хаалгаар ороход ... цагаан өнгийн аяганд бор өнгийн нунтаг зүйл байх тул 2 дугаараар, өнгөгүй гялгар уутанд ногоон өнгийн өвс мэт нунтаг зүйл байх тул 3 дугаараар гэрэл дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэнж авлаа...” гэх тэмдэглэл /хх 8-14/,

            Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...Энхтогтох овогтой Болдсайханий шээсний дээжинд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглахад ... ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас илэрсэн КАННАБИС гэж зааж байгаа нь “КАННАБИС”-ын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх утгыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх 15-24/,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт хариуцсан хяналтын прокурор Г.Ууганбаатарын 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх 26/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Үзлэг хийж буй зүйл нь нунтаглан хатаасан ногоон өнгийн өвс мэт ургамалын төрлийн зүйл байх бөгөөд гадуураа 2 давхар тунгалаг гялгар ууттай, уутан дээрээ гомдол мэдээллийн тов утга агуулгыг бичсэн цаасан тэмдэглэгээтэй байх бөгөөд тухайн өвс мэт ногоон өнгийн зүйлийг гарган асгаж жинг үзэх боломжгүй байсан тул 2 давхар гялгар ууттай нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, урт цагааны урд талд байрлах алт мөнгөний дарханы 1000-ны нарийвчлалтай гэх электрон жинлүүр дээр жинлэн үзэхэд баглаа боодолтойгоо нийтдээ 5.1 грамм жин эзэлсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-28/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр хар хорины арын зам дагуу 23 дугаар байрны Монгол кузов засвар гэсэн бичиглэлтэй хаягаар баруун эргэж хуучин автомашины грашуудын хойд хэсэгт зогсоод үерийн далангийн урд хэсэгт байх грашуудруу зааж граш хооронд ургасан байх үед нь түүсэн гэж хэлээд зааж өгсөний дагуу шалгахад зэрлэг өвсний ургамал ургасан газрыг шалгаж өг ямар шинж чанартай ургамал түүсэн бэ одоо энд байна уу гэхэд энд одоо жаахан л үлдсэн байна гэж хэлээд ногоон өнгийн ургамалыг заасныг тасдан авч шинжилгээнд хүргүүлхээр тогтоов...” гэх тэмдэглэл / хх 31-37/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухайн тогтоол /хх 38-39/,

Гэрч Ж.Өнөмандах нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед хороололд үеэл дүү Болдсайхантай уулзсан. Тэгээд 19 цагийн үед намайг гэртээ ганцаараа байж байтал Болдсайхан Чингүүнээтэй уулзахаар гараад явсан. Тэгээд намайг гэртээ ганцаараа байж байтал Болдсайхан, Чингүүн, Сүхбаатар нар хамт манай гэрт ирсэн. Бид нар миний өрөөнд юм яриад сууж байтал Болдсайхан гялгар ууттай ногоон өнгийн өвс гаргаж ирээд тэгэхээр нь тэр өвсийг саван дээр асгаж байгаад ишийг нь түүгээд усны сав цоолоод мөнгөлөг цаасан дээр өвсөө хийгээд гал асааж байгаад сорсон. Сүхбаатар хэрэглээгүй. Болдсайхан, Чингүүн бид гурав хэрэглэсэн...” гэх мэдүүлэг  / хх 40-42/,

Гэрч Ч.Чингүүнжав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 01 цагийн орчим урьд хамт хөгжим бүжгийн коллежид суралцдаг байсан найз Өнөмандахын гэрт очиж шар айраг уухаар найз Сүхбаатарын хамт ирсэн. Өнөмандахын найз Болдсайхан хамт гэрт нь байж байсан. ...Пиво ууж байх үед Болдсайхан гэх залуу гялгар ууттай өвс мэт зүйлийг гаргаж ирээд татаж үзэх үү гэхээр нь Өнөмандах бид хоёр зөвшөөрсөн харин Сүхбаатар хэрэглэхгүй пиво ууна гэсэн. Ингээд Болдсайхан ундааны хуванцар сав цоолж ус хийж бэлдээд өвсийг шатааж гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Би түүнээс 2-3 удаа сороход хоолой гашуун оргиод байхаар нь болиод пиво уусан. Тэгээд удалгүй хаалга тогшоод байхаар нь би очиж нээж өгөхөд 2 цагдаа орж ирсэн. Энэ үед Болдсайхан өвс татаж байсан хуванцар савыг базаад хөл доороо тавьсан ба ингээд тухайн газар үзлэг хийж Болдсайханы гаргаж ирсэн гялгар ууттай өвсийг хураан авсан...” гэх мэдүүлэг /хх 44-47/,

Гэрч Н.Сүхбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би зочны өрөө болох өрөөнд ганцаараа сууж байтал цаад өрөөнөөс Чингүүнжав наанаа сууж байхаар ороод ир гэж дуудсан. Тэгээд намайг ороход өвс татаж байсан ба усны саванд ус хийгээд татаж байх шиг байсан би сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх 49/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4499 дугаартай дүгнэлтэд: “...Хар ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. ...Ногоон өнгөтэй, нунтаг ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна...Шинжилгээнд илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт /хх 62-65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 14- ний өдрийн 4498 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Чимэд-Очир овогтой Чингүүнжав, Энхтогтох овогтой Болдсайхан, Жаргалсайхан овогтой Өнөмандах гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна...” гэх дүгнэлт /хх 68-70/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4758 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 190200692 тоот хэрэгт мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураагдсан өвс ургамал” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамалд дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц”-ийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт /хх 85-86/,

Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №1038 дүгнэлтэд: “...Э.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай. Э.Б сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай. Э.Б мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна...” гэх дүгнэлт /хх 90-92/,

Шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 03 билүү 04-ний өдөр нэгдүгээр хорооллын Хархорин захын ард байрлалтай үерийн усны далангийн урд байх автомашины грашнууд дундаас каннабис өвсийг түүж гялгар уутанд аваад түүсэн өвсөө гэрийнхээ цонхны тавцан дээр тавьж хатаасан байсныг 2019 оны 08 дугаар сарын 07-ны орой Өнөмандахын гэрт очих үедээ авч очсон. Ингээд гэрт нь байх үед Өнөмандах болон түүний найз Чингүүнжав нартай усны хуванцар сав ашиглан хэрэглэсэн нь үнэн. ...Энэ үйлдэлдээ маш ихээр харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх 105-106/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 126/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 136/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 135/, шүүгдэгч Э.Бд холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 132-134/, Төв аймгийн прокурорын газрын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1934007750410 дугаар тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 08 дугаар сарын 3, 4-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичлэгтэй гражны ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нелөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабиолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 3 дугаар байрны 21 тоотод 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургий үзүүлэлтүүд /хх 8-14/, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 15-24/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт хариуцсан хяналтын прокурор Г.Ууганбаатарын 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх 26/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-28/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-37/, эд мөрийн баримтаар тооцох тухайн тогтоол /хх 38-39/, гэрч Ж.Өнөмандахын “...Бид нар миний өрөөнд юм яриад сууж байтал Болдсайхан гялгар ууттай ногоон өнгийн өвс гаргаж ирээд тэгэхээр нь тэр өвсийг саван дээр асгаж байгаад ишийг нь түүгээд усны сав цоолоод мөнгөлөг цаасан дээр өвсөө хийгээд гал асааж байгаад сорсон. Сүхбаатар хэрэглээгүй. Болдсайхан, Чингүүн бид гурав хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх 40-42/, гэрч Ч.Чингүүнжавын “...Пиво ууж байх үед Болдсайхан гэх залуу гялгар ууттай өвс мэт зүйлийг гаргаж ирээд татаж үзэх үү гэхээр нь Өнөмандах бид хоёр зөвшөөрсөн харин Сүхбаатар хэрэглэхгүй пиво ууна гэсэн. Ингээд Болдсайхан ундааны хуванцар сав цоолж ус хийж бэлдээд өвсийг шатааж гарсан утааг нь сорж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх 44-47/, гэрч Н.Сүхбаатарын “...Би зочны өрөө болох өрөөнд ганцаараа сууж байтал цаад өрөөнөөс Чингүүнжав наанаа сууж байхаар ороод ир гэж дуудсан. Тэгээд намайг ороход өвс татаж байсан ба усны саванд ус хийгээд татаж байх шиг байсан би сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх 49/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4499, 2019 оны 08 дугаар сарын 14- ний өдрийн 4498, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4758 дугаартай дүгнэлтүүд /хх 62-65, 68-70, 85-86/, сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №1038 дүгнэлт /хх 90-92/, шүүгдэгч Э.Бы “...Би 2019 оны 08 дугаар сарын 03 билүү 04-ний өдөр нэгдүгээр хорооллын Хархорин захын ард байрлалтай үерийн усны далангийн урд байх автомашины грашнууд дундаас каннабис өвсийг түүж гялгар уутанд аваад түүсэн өвсөө гэрийнхээ цонхны тавцан дээр тавьж хатаасан байсныг 2019 оны 08 дугаар сарын 07-ны орой Өнөмандахын гэрт очих үедээ авч очсон. Ингээд гэрт нь байх үед Өнөмандах болон түүний найз Чингүүнжав нартай усны хуванцар сав ашиглан хэрэглэсэн нь үнэн. ...Энэ үйлдэлдээ маш ихээр харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх 105-106/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гаргасан хүсэлдээ “Э.Б нь 2019 оны 9 сарын 8-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдээд баригдсан, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн прокурорын газрын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгосон. Иймд шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа учраас хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна” гэснийг хүлээн авах шаардлаггүй, хэргийг нэгтгэн шалгаснаар хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулан Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх шийдвэрлэх боломжтой юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Оргилуун гэсэн бичиглэл бүхий хуванцар сав, 1 гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, 2 гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, ногоон өнгөтэй, нунтаг ургамал мэт зүйл /5.1 грамм жинтэй/” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Бы 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд цагдан хоригдсон нийт 9 /ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Найман овгийн Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Оргилуун гэсэн бичиглэл бүхий хуванцар сав, 1 гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, 2 гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, ногоон өнгөтэй, нунтаг ургамал мэт зүйл /5.1 грамм жинтэй/” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу утсгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 9 /ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН