| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 184/2018/03062/И |
| Дугаар | 210/МА2018/02470 |
| Огноо | 2018-12-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2018/02470
| 2018 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2018/02470 |
Р.Уранчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02628 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Р.Уранчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Л.Гүрсүрэнд холбогдох
- Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
- 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Гүрсүрэн нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Р.Уранчимэгээс 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн эргэн төлөх хугацаа дуусч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад хойшлуулсаар байгаад 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 2017 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах тухай баталгааг бичгээр хийж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс Л.Гүрсүрэнд шаардлагатай хугацааг олгосоор ирсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй Р.Уранчимэгийг хохироож байна. Иймд Л.Гүрсүрэнгээс үндсэн зээлд 5 000 000 төгрөг, алдангид үндсэн зээлийн 50 хувь болох 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулж өгнө үү. Анх 10 500 000 төгрөг нэхэмжилсэн нь тооцооллын алдаатай байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 3 000 000 төгрөгөөр бууруулж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Р.Уранчимэгийн Д.Баяржаргалтай 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байгаа тул уг гэрээнийхээ дагуу 10 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт шаардах эрх нь байгаа. Хэрэв 2017 оны 5 дугаар сарын 8-нд бичсэн хэлцлийн дагуу түүнд мөнгө гаргаж өгсөн тохиолдолд тэрээр Д.Баяржаргалтай байгуулсан гэрээний дагуу дахин мөнгө гаргуулах боломжтой. Сүүлд бичсэн баталгааг дарамтлан бичүүлсэн тул уг хэлцлийн дагуу үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Гүрсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Р.Уранчимэг нь Д.Баяржаргал гэх хүнтэй 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Хариуцагч Л.Гүрсүрэн Р.Уранчимэгээс зээл аваагүй ба энэ талаараа ч 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гаргасан баталгаандаа хамтран зээлдэгчээр ороогүй хэмээн бичсэн. Гэвч Р.Уранчимэг нь мөнгө төлнө гэж бич, бичихгүй бол залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлж нөхрийн хамт хориулна хэмээн дарамтлаад байсан тул түүний хэлсэн үгийг нь бичсэн. Ийнхүү дарамтад орсны нотолгоо нь доороосоо 5 болон 6 дахь мөрөнд нэг утга бүхий холбоос үгийг давтан бичсэн байдлаас харагдана. Зээлж аваагүй мөнийг төлөх нь шударга ёсонд нийцэхгүй тул Р.Уранчимэгтэй байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нэхэмжлэлээр Д.Баяржаргалтай байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардаагүй, Д.Баяржаргалыг хариуцагчаар татаагүй, Л.Гүрсүрэнг хариуцагчаар татсан. Д.Баяржаргалтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг өөр шүүхэд нэхэмжлэл гарган 5 000 000 төгрөгийг төлүүлэхээр болж, үүрэг дуусгавар болсон байна. Л.Гүрсүрэнгийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хэлцэл нь Д.Баяржаргалтай байгуулсан гэрээтэй холбоогүй. Өөрөөр хэлбэл, Д.Баяржаргалын авсан гэх 10 000 000 төгрөгөөс гадна Л.Гүрсүрэн 5 000 000 төгрөг авсан тул үүнийг шаардаж байгаа болно. Хариуцагч өөрөө сайн дураар нотариат орж, уг хэлцлийг баталгаажуулж өгсөн. Иймд дарамталж, хүч хэрэглэж хийлгэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Гүрсүрэнгээс 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Уранчимэгт олгож, үлдэх 2 500 000 төгрөгийн шаардлага болон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 183 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч байна гэж шүүх дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр Д.Баяржаргалыг хариуцагчаар татан өөр шүүхэд нэхэмжлэл гарган зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон хэмээн хэлсэн. Үүнээс үзвэл уг гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон байхад Л.Гүрсүрэнд холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад нэмж хариуцагчийн бичиж өгсөн баталгаагаар далимдуулж мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Р.Уранчимэг нь хариуцагч Л.Гүрсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрт 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хариуцагч Л.Гүрсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Р.Уранчимэгтэй байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн гаргасан 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн бичгийн баримтыг үндэслэсэн гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Р.Уранчимэг, иргэн Д.Баяржаргал нар 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн байх байх бөгөөд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ. Зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг Д.Баяржаргал бэлнээр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6 тал/
Хариуцагч Л.Гүрсүрэнгийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн иргэн Р.Уранчимэгт баталгаа гаргах нь гэх бичгийн баримтад ...Д.Баяржаргалын хамт 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 10 000 000 төгрөгийг авч сүлжээнд оруулсан нь үнэн. Тухайн үед хамтран зээлдэгчээр ороогүй, уг сүлжээ хаагдсан тул мөнгөө төлж чадаагүй. Авсан мөнгөө 5 дугаар сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны дотор 5 000 000 төгрөгийг хүүтэй нь өгнө. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлнө гэжээ. /хх-ийн 5 тал/
Анхан шатны шүүх хариуцагч Л.Гүрсүрэнг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 5 000 000 төгрөгийн хэмжээнд хариуцахаар хүлээн зөвшөөрсөн гэж үзснийг буруутгах боломжгүй юм.
Хариуцагч Л.Гүрсүрэн сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч Р.Уранчимэгийг хүч хэрэглэн уг хэлцлийг бичүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Иймд хариуцагч Л.Гүрсүрэнгийн гаргасан 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Р.Гүрсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ц.ИЧИНХОРЛОО