Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02459

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02459

 

 

Б.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02201 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Батсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Хишигжаргалд холбогдох

 

100 000 ам доллар буюу 240 165 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Батхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2012 онд Э.Анартай холбогдоход Б.Хишигжаргалын "Канповор Монголия Энтерпрайс" ХХК-ийн туршин эхлэх гэж байгаа нано технологийн бизнесийг үзэж, туршилтыг нь сонирхож үзсэнээр тус компанийн 15 хувийн хувьцааг 150 000 ам.доллароор худалдаж авахаар Б.Хишигжаргалтай тохиролцоод урьдчилгаа болгон 100 000 ам.долларыг Ш.Цогтоос зээлж авсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Украйнская кухня зоогийн газарт Б.Хишигжаргалын эзэмшдэг "Канповор Монголия Энтерпрайс" ХХК-ийн хувьцааны 15 хувийг 150 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, хувьцааны 10 хувьд тэнцэх 100 000 ам.долларыг Б.Хишигжаргалд бэлнээр өгсөн боловч, өнөөдрийг хүртэл мөнгө ч үгүй, хувьцаа ч үгүй болоод 6 жилийн нүүрийг үзэж бие сэтгэл, эдийн засгийн хувьд давхар хохирч байна. Б.Хишигжаргал нь мөнгийг өөрийн ажлын өрөөндөө тоолж авсан бөгөөд хувьцаа шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтаа өгөөрэй гэж хэлж байсан. Ингээд хувьцаагаа шилжүүлж өгөх байх гэж хүлээж байтал 2013 оны эхээр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон боловч намайг танилцуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй. Ингээд яагаад хувьцаа шилжүүлээгүй байгаа талаар Б.Хишигжаргалтай уулзаж асуухад Петровисын н.Оюунчимэг хувьцаагаа битгий зар гэсэн, мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн. Гэвч миний мөнгийг буцааж өгөөгүй тул би цагдаагийн байгууллагад хууран мэхэлсэн гэж өргөдөл гаргасан. Б.Хишигжаргал нь 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Б.Батсайханаас авсан 100 000 ам.долларын 64 000 ам.долларыг "Канповор Монголия Энтерпрайс" ХХК-ийн дансандаа хийж, үлдэх 36 000 ам.долларыг өөрөө хувьдаа хэрэглэсэн байдаг бөгөөд энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн. Миний бие Ш.Цогтоос Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 44 дүгээр байрны 11 тоотод байрлах 69.9 м.кв талбай бүхий 4 өрөө байрыг барьцаанд тавьж зээл авсан боловч төлж чадаагүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 4000 дугаар шийдвэрээр надаас 139 674 505 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 02 дугаар эд хөрөнгө хураасан тогтоолын дагуу дуудлага худалдаанд орж байргүй болохоор болоод байна. Б.Хишигжаргал нь надаас 100 000 ам долларыг бэлнээр авсан боловч, тохиролцсон ёсоор хувьцаагаа шилжүүлж өгөхгүй байсан тул би түүнийг 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 756 дугаар прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.Хишигжаргалаас 100 000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 240 165 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Хишигжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Хишигжаргал миний бие хүү Б.Өсөхбаярын хамт агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Америкийн Нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн шатахуун хэмнэгч шингэн нано технологийг Монгол улсдаа нутагшуулахаар "Р2-21 төсөл"-ийг анх 2012 онд санаачлан оруулж ирсэн ба уг төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч нэн шаардлагатай байсан тул "Ногоон нам"-ын гэх тодотголтой Д.Энхбатын хүү Э.Анар гэгчтэй иргэн Ш.Цогт гэх түүний аавынх нь талын хамаатны хүргэнээр дамжуулан танилцаж, хамтран ажиллах болсон. Бизнестэй холбоотой маргааны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн 201301020514 тоот хэрэг үүсэж шалгагдаад, 2018 оны 4 дүгээр сарын 13-нд "хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн" гэх үндэслэлээр Прокурорын шатанд хэрэг хаагдсан. Би анхнаасаа Б.Батсайханыг танихгүй байсан. Б.Батсайхантай анх Э.Анараар дамжуулж 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үед танилцсан. Анх Э.Анартай хоолонд орж бурхан бүтээлгэх талаар ярилцаж байхад танилцсан ба дараа нь бурхан залах үед уулзсан. Э.Анар нь анх манай "Канповор Монголия Энтерпрайс" ХХК-ийн 70 хувийн хувьцааг 200 000 ам.доллар төгрөгөөр худалдан авахаар тохиролцон хувьцаа худалдан авах 3 янзын гэрээний төслийг 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр миний и-мэйл хаягт ирүүлсэн. Ингээд 2012 оны 6 дугаар сарын 27-н өдөр миний хүү Б.Өсөхбаярын 100 хувь эзэмшилд байсан "Канповор Монголия Энтерпрайс" ХХК-ийн 70 хувийн хувьцаа Э.Анарын нэр дээр, 30 хувийн хувьцаа миний нэр дээр шилжиж бүртгэгдсэн. Э.Анараас надад 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 30 000 ам.доллар шилжүүлж өгсөн. Улсын бүртгэл дээр Э.Анар бид хоёр хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээд тамга, тэмдэгээ авснаас хойш Э.Анар нь нэг сарын хугацаанд таг чиг алга болсон. Гэтэл энэ хугацаанд Э.Анар нь өөрийн эзэмшилд авсан 70 хувийн хувьцаанаас 25 хувийг Петровисын захирал н.Оюунгэрэлийн дүүд, 8 хувийн хувьцааг "Монсул" ХХК-ийн н.Энхжаргалд өгөхөөр болсон гээд намайг эдгээр хүмүүстэй уулзуулахгүйгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулж 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр "Канповор Монголия Энтерпрайс" ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй болсон. Ингээд Э.Анар 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 30 000 000 төгрөгийг гурав хувааж өгсөн. Тухайн үед Э.Анар Нисора тауэр барилгад ажлын өрөө түрээсэлж суусан. Ингээд "Канповор Монголия Энтерпрайс" ХХК-ийн 4 гишүүнтэй анхны хурал 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон. Э.Анар намайг 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Украйнская кухня зоогийн газарт дуудаад очтол Б.Батсайхан, Э.Анар хоёр хамт байсан. Э.Анар нь надад хувьцааны мөнгө шүү гээд 100 000 ам.доллар өгсөн. Мөнгө өгсний дараа Э.Анар нь таны хувьцааг авах гэж байгаа хүн Батбаярын хүүхэд Батсайхан болсон шүү гэж хэлж байсан. Би Э.Анараас авсан 100 000 ам.доллароос 64 000 ам.долларыг компанийхаа дансанд хийгээд үлдэх 36 000 ам.долларыг өөрийн хувийн дансандаа байлгаж байгаад энэ мөнгийг компанийн дансанд оруулах эсэх талаар Э.Анараас асуухад та өөрөө мэд гэж хэлсэн. Хэрэв Э.Анар надад буцаагаад хувьцаагаа өгөх юм бол би өрөнд орох юм байна гэж бодоод Б.Батсайханд хувьцаагаа зарахаар шийдээд хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн. Хуралд н.Оюунгэрэл нь н.Хишгээгийн хувьцааг битгий оролдоод бай гэж Э.Анарт хэлсэн. Энэ хурал 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болсон ба үүний дараа Б.Батсайхан мөнгөө авна гэж над дээр ирсэн. Э.Анартай уулзаж асуудлаа шийд гэж хэлэхэд намайг шоронд суулгана гэж заналхийлж, цагдаад өргөдөл гаргасан байсан. Б.Батсайхан нь цагдаад мэдүүлэхдээ Э.Анар зуучилсан гэж хэлдэг. Б.Батсайханы өгсөн гээд байгаа 100 000 ам.долларыг Э.Анарын 70 хувийн хувьцааг худалдсан авсан мөнгө л гэж бодож байгаа. Б.Батсайхан нь 100 000 ам.долларыг Ш.Цогтоос авсан гэж тайлбарладаг ба эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад Ш.Цогт нь 100 000 ам.долларыг ааваасаа авсан гэж хэлдэг. Аавыг нь шалгаж үзэхэд өр зээл ихтэй хүн болж таарсан. Улсын дээд шүүхийн тогтоолоор намайг гэм буруутай гэж ерөөсөө тогтоогоогүй. Тиймээс Б.Батсайхан 100 000 ам.долларыг Ш.Цогтоос авсан гэдэг нь худлаа ба энэ мөнгө нь Э.Анарын мөнгө юм. Би Э.Анартай 100 000 ам.долларын тооцоо хийж болно. Э.Анар нь 70 хувийн хувьцааг 200 000 ам.доллароор авсан учир энэ төлбөрт тооцох ёстой мөнгө юм. Шударга үнэн гэж байдаг бол энэ удаагийн миний гаргаж буй нэхэмжлэлийн хариу тайлбар, хавсралтаар хүргүүлж буй видео бичлэгийг дахин үзэж, сайтар тунгаан бодож, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Хишигжаргалаас 240 165 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батсайханд олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 1 358 775 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Хишигжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 1 358 775 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батсайханд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Хишигжаргал давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Иргэний хэргийн хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний бие анхан шатны шүүхэд өмгөөллөөр оролцсон өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн өмгөөллийн хөлсийг төлж чадаагүй шалтгаанаар татгалзсан тул энэхүү гомдлын хуулийн үндэслэлээ мэргэжлийн түвшинд гаргаж чадаагүй болно. Намайг өмгөөлөгч авах хүртэл миний гомдлыг хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлж, үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү. Өмгөөлөгч авсан даруйд шийдвэрийг эсэргүүцэж буй тайлбараа нөхөж нэн яаралтай гаргаж өгөх тул санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан өмгөөлөгч авч чадахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагч Б.Хишигжаргалд холбогдуулан 100 000 ам.доллар буюу 240 165 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас Канповер Монголиа энтерпрайс ХХК-ийн 15 хувийн хувьцааг 150 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, хувьцааны 10 хувьд тэнцэх 100 000 ам.долларыг хариуцагчид өгсөн боловч хувьцаагаа миний нэр дээр шилжүүлээгүй гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээгээр хариуцагч Б.Хишигжаргал нь нэхэмжлэгч Б.Батсайханд Канповер Монголиа энтерпрайс ХХК-ийн 10 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Б.Хишигжаргал нь нэхэмжлэгч Б.Батсайханаас 100 000 ам.долларыг авсан болохоо үгүйсгээгүй боловч уг мөнгийг Э.Анарын хувьцааны мөнгө гэж ойлгосон гэсэн тайлбар гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч Б.Хишигжаргал өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн өгсөн мөнгө нь Э.Анарын хувьцааны үнэ гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Э.Анарын өмнөөс нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх байдал баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь нотолж чадаагүй болно.

Канповер Монголиа энтерпрайс ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулгаас үзэхэд 64 000 ам.долларыг Б.Хишигжаргалаас уг компанид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Хариуцагч Б.Хишигжаргал үлдэх 36 000 ам.долларыг өөрөө авч хэрэглэсэн болохоо үгүйсгээгүй байна. /1хх-ийн 50 дугаар хуудасны ар тал/

Хариуцагч Б.Хишигжаргал дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу хөрөнгийг худалдан авагч буюу нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагчид шилжүүлсэн хувьцааны үнийг буцаан шаардсан байна гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хувьцааны үнийг буцаан гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагчийн ...нэхэмжлэгч Б.Батсайхан нь өөрийн нэхэмжилж буй 100 000 ам.долларын эх үүсвэрийг тогтоож чадаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй байна. Талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан, уг гэрээ цуцлагдсанаар гэрээний зүйл болох үнийг буцаан шаардаж байгаа нь нэхэмжлэгчид хамаарахгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02201 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 358 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО