Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00609

 

Б.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02201 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2459 дүгээр магадлалтай,

Б.Бы нэхэмжлэлтэй

Б.Хд холбогдох

100 000 ам доллар буюу 240 165 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд нартай холбогдоход Б.Хын "Канповор Монголия Энтерпрайс" ХХК-ийн туршин эхлэх гэж байгаа нано технологийн бизнесийг үзэж, туршилтыг нь сонирхож үзсэнээр тус компанийн 15 хувийн хувьцааг 150 000 ам.доллароор худалдаж авахаар Б.Хтай тохиролцоод урьдчилгаа болгон 100 000 ам.долларыг Ш.Цогтоос зээлж авсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Украйнская кухня зоогийн газарт Б.Хын эзэмшдэг "Канповор Монголия Энтерпрайс" ХХК-ийн хувьцааны 15 хувийг 150 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, хувьцааны 10 хувьд тэнцэх 100 000 ам.долларыг Б.Хд бэлнээр өгсөн боловч, өнөөдрийг хүртэл мөнгө ч үгүй, хувьцаа ч үгүй болоод 6 жилийн нүүрийг үзэж бие сэтгэл, эдийн засгийн хувьд давхар хохирч байна.Б.Х нь мөнгийг өөрийн ажлын өрөөндөө тоолж авсан бөгөөд хувьцаа шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтаа өгөөрэй гэж хэлж байсан. Ингээд хувьцаагаа шилжүүлж өгөх байх гэж хүлээж байтал 2013 оны эхээр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон боловч намайг танилцуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй. Ингээд яагаад хувьцаа шилжүүлээгүй байгаа талаар Б.Хтай уулзаж асуухад Петровисын н.Оюунчимэг хувьцаагаа битгий зар гэсэн, мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн. Гэвч миний мөнгийг буцааж өгөөгүй тул би цагдаагийн байгууллагад хууран мэхэлсэн гэж өргөдөл гаргасан. Б.Х нь 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Б.Баас авсан 100 000 ам.долларын 64 000 ам.долларыг “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн дансандаа хийж, үлдэх 36 000 ам.долларыг өөрөө хувьдаа хэрэглэсэн байдаг бөгөөд энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн. Миний бие Ш.Цогтоос Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 44 дүгээр байрны 11 тоотод байрлах 69.9 м.кв талбай бүхий 4 өрөө байрыг барьцаанд тавьж зээл авсан боловч төлж чадаагүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 4000 дугаар шийдвэрээр надаас 139 674 505 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 02 дугаар эд хөрөнгө хураасан тогтоолын дагуу дуудлага худалдаанд орж байргүй болохоор болоод байна. Б.Х нь надаас 100 000 ам долларыг бэлнээр авсан боловч, тохиролцсон ёсоор хувьцаагаа шилжүүлж өгөхгүй байсан тул би түүнийг 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 756 дугаар прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.Хаас 100 000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 240 165 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Х миний бие хүү Б.Өсөхбаярын хамт агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Америкийн Нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн шатахуун хэмнэгч шингэн нано технологийг Монгол улсдаа нутагшуулахаар “Р2-21 төсөл”-ийг анх 2012 онд санаачлан оруулж ирсэн ба уг төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч нэн шаардлагатай байсан тул “Ногоон нам”-ын гэх тодотголтой Д.Энхбатын хүү нар гэгчтэй иргэн Ш.Цогт гэх түүний аавынх нь талын хамаатны хүргэнээр дамжуулан танилцаж, хамтран ажиллах болсон. Бизнестэй холбоотой маргааны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн 201301020514 тоот хэрэг үүсэж шалгагдаад, 2018 оны 4 дүгээр сарын 13-нд “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр Прокурорын шатанд хэрэг хаагдсан. Би анхнаасаа Б.Быг танихгүй байсан. Б.Бтай анх нараар дамжуулж 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үед танилцсан. Анх нартай хоолонд орж бурхан бүтээлгэх талаар ярилцаж байхад танилцсан ба дараа нь бурхан залах үед уулзсан. нар нь анх манай “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн 70 хувийн хувьцааг 200 000 ам.доллар төгрөгөөр худалдан авахаар тохиролцон хувьцаа худалдан авах 3 янзын гэрээний төслийг 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр миний и-мэйл хаягт ирүүлсэн. Ингээд 2012 оны 6 дугаар сарын 27-н өдөр миний хүү Б.Өсөхбаярын 100 хувь эзэмшилд байсан "Канповор Монголия Энтерпрайс" ХХК-ийн 70 хувийн хувьцаа нарын нэр дээр, 30 хувийн хувьцаа миний нэр дээр шилжиж бүртгэгдсэн. нараас надад 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 30 000 ам.доллар шилжүүлж өгсөн. Улсын бүртгэл дээр нар бид хоёр хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээд тамга, тэмдэгээ авснаас хойш нар нь нэг сарын хугацаанд таг чиг алга болсон. Гэтэл энэ хугацаанд нар нь өөрийн эзэмшилд авсан 70 хувийн хувьцаанаас 25 хувийг Петровисын захирал н.Оюунгэрэлийн дүүд, 8 хувийн хувьцааг "Монсул" ХХК-ийн н.Энхжаргалд өгөхөөр болсон гээд намайг эдгээр хүмүүстэй уулзуулахгүйгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулж 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Канповор Монголия Энтерпрайс” ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй болсон. Ингээд нар 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 30 000 000 төгрөгийг гурав хувааж өгсөн. Тухайн үед нар Нисора тауэр барилгад ажлын өрөө түрээсэлж суусан. Ингээд “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн 4 гишүүнтэй анхны хурал 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон. нар намайг 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Украйнская кухня зоогийн газарт дуудаад очтол Б.Б, нар хоёр хамт байсан. нар нь надад хувьцааны мөнгө шүү гээд 100 000 ам.доллар өгсөн. Мөнгө өгсний дараа нар нь таны хувьцааг авах гэж байгаа хүн Батбаярын хүүхэд Б.Б болсон шүү гэж хэлж байсан. Би нараас авсан 100 000 ам.доллароос 64 000 ам.долларыг компанийхаа дансанд хийгээд үлдэх 36 000 ам.долларыг өөрийн хувийн дансандаа байлгаж байгаад энэ мөнгийг компанийн дансанд оруулах эсэх талаар нараас асуухад та өөрөө мэд гэж хэлсэн. Хэрэв нар надад буцаагаад хувьцаагаа өгөх юм бол би өрөнд орох юм байна гэж бодоод Б.Бд хувьцаагаа зарахаар шийдээд хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн. Хуралд н.Оюунгэрэл нь н.Хишгээгийн хувьцааг битгий оролдоод бай гэж нарт хэлсэн. Энэ хурал 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болсон ба үүний дараа Б.Б мөнгөө авна гэж над дээр ирсэн. нартай уулзаж асуудлаа шийд гэж хэлэхэд намайг шоронд суулгана гэж заналхийлж, цагдаад өргөдөл гаргасан байсан. Б.Б нь цагдаад мэдүүлэхдээ нар зуучилсан гэж хэлдэг. Б.Бы өгсөн гээд байгаа 100 000 ам.долларыг нарын 70 хувийн хувьцааг худалдсан авсан мөнгө л гэж бодож байгаа. Б.Б нь 100 000 ам.долларыг Ш.Цогтоос авсан гэж тайлбарладаг ба эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад Ш.Цогт нь 100 000 ам.долларыг ааваасаа авсан гэж хэлдэг. Аавыг нь шалгаж үзэхэд өр зээл ихтэй хүн болж таарсан. Улсын дээд шүүхийн тогтоолоор намайг гэм буруутай гэж ерөөсөө тогтоогоогүй. Тиймээс Б.Б 100 000 ам.долларыг Ш.Цогтоос авсан гэдэг нь худлаа ба энэ мөнгө нь нарын мөнгө юм. Би нартай 100 000 ам.долларын тооцоо хийж болно. нар нь 70 хувийн хувьцааг 200 000 ам.доллароор авсан учир энэ төлбөрт тооцох ёстой мөнгө юм. Шударга үнэн гэж байдаг бол энэ удаагийн миний гаргаж буй нэхэмжлэлийн хариу тайлбар, хавсралтаар хүргүүлж буй видео бичлэгийг дахин үзэж, сайтар тунгаан бодож, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02201 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Хаас 240 165 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 1 358 775 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 1 358 775 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2459 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02201 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 358 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1.“Кан повер монголия энтерпрайс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Х миний бие нь хүү Б.Өсөхбаярын хамт агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор АНУ-ын Н20IL корпорацид үйлдвэрлэгдсэн шингэн нанотехнологи болох F2-21 ееFuel бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирэх дистрибьютерийн албан ёсны онцгой эрхийг авсан бөгөөд Монгол улсад хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байсан тул 2012.03.09-нд “Ногоон нам”-ын гэх тодотголтой Д.Энхбатын хүү нартай түүний хүргэн гэх Ш.Цогтоор дамжуулан танилцаж, хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон билээ. 2012.06.27-нд нар нь тус компанийн 70%-ийг хүү Б.Өсөхбаяраас 200 000 ам доллараар худалдан авахаар тохироод /энэхүү амласан мөнгөө нар нь одоог хүртэл нэг ч ам доллар өгөөгүй болно/, тус компанийн Гүйцэтгэх захирлыг Б.Өсөхбаяр, Б.Х бид нарын гарын үсгийг дуурайлган зурж, хууль бусаар эрх мэдлийг өөрийн гарт авч /үүнийг сүүлд 2012.12.25-нд мэдсэн/ чадсаны үндсэн дээр 2012.09.06-ны өдөр өмнө нь нэг удаа уулзуулсан, Б.Б гэх найзыгаа дагуулан ирж 100 000 ам долларыг нар нь бэлнээр надад өгч, миний эзэмшилд байсан 30%-ийн хувьцааны 10%-ийг Б.Бд худалдахаар аман тохиролцоо хийсэн. Өмнө нь нар нь Батбаяр гэдэг хүнд миний хувьцааг надад мэдэгдэлгүйгээр зарахаар тохирсон байсныгаа хэрэгжүүлэхийн тулд гэнэт түүний хүү гэх Б.Быг дагуулан ирж мөнгийг өөрийн гараар надад өгснийхөө дараа тайлбараа хэлсэн. 2. нараас авсан 100 000 ам долларынхоо 64 000 ам долларыг 2012.09.06-нд нарын зөвшөөрлөөр компанийн дансанд тушааж, бүтээгдэхүүнээ захиалж авчруулсан. Учир нь 20 тоннын 1 чингэлэг бүтээгдэхүүн захиалахад 430 000 ам доллар шаардлагатай байсан ба үүний 250 000 ам долларыг Ж.Оюунгэрэл 2012.08.27-ны өдөр гэрээний дагуу оруулж, НИК ХХК нь 2012.08.25-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр 2012.09.18-нд 116 480 ам доллар шилжин оруулахаар болж, үлдэгдэл 64 000 ам долларыг нар хариуцах ёстой байсан. Гэвч энэ үлдэгдэл мөнгийг буюу 64 000 ам долларыг миний бие 2012.09.06-ны өдөр нараас авсан 100 000 ам доллараас тэр өдөрт нь гүйцээж төлсөн. Захиалсан бүтээгдэхүүн 2012.12.28-нд Монгол улсад ирж, Туушин гаалийн баталгаат агуулахад тавигдсан. 2013.03.11-ний өдөр Б.Б нь Туушин гаалийн баталгаат агуулахад байсан 208 литрээр савласан 40 торх буюу 8320 литр /зах зээлийн ханшаар 1 сая ам доллараар борлогдсон/ F2-21 ееFuel шингэн нанотехнологийг гардан авч явсныг “Туушин” ХХК-ийн 2014.10.20-ны өдрийн 5/1196 тоот БЗД-ийн Эрүүгийн хэргийн шүүгч Б.Зоригтод ирүүлсэн албан тоотоор нотолсон. /энэхүү бичиг ЭХ-ийн хавтаст хэрэгт байгаа/ 3. нарын өгсөн 100 000 ам долларын үлдэгдэл болох 36 000 ам долларыг нар, Ш.Цогт, Б.Б, Б.Өсөхбаяр бид 5 харилцан тохиролцож, 2 бурхан бүтээхэд өгч, хамтран бурхан залах үйлд болон компанийнхаа ашиг орлого, ажил үйлсийг даатгаж бүгд биечлэн оролцсон. Иймд энэхүү 36 000 ам долларыг ганц миний бие биш бүгд хамтдаа хариуцах ёстой юм. 4. нар нь Гүйцэтгэх захирал байх үедээ бүтээгдэхүүн захиалахад надаар төлүүлсэн 64 000 ам долларыг хариуцах ёстой байтал бүтээгдэхүүнийг гаалиас авч яваад борлуулж худалдсан Б.Б надаас энэхүү мөнгийг нэхэмжилж байгааг одоог хүртэл ойлгохгүй байна. Б.Б авч явсан бүтээгдэхүүнээ 1 сая ам доллар хүргэн борлуулж, ашиг орлого олсныг 2015.10.20-ны өдрийн 243 тоот Шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Энэхүү дүгнэлтээр 64 000 ам долларыг бүтээгдэхүүн захиалахад зориулагдсныг мөн давхар нотолсон байдаг. 5. Б.Б нь надад өгсөн гэх 100 000 ам долларынхоо эх үүсвэрээ Ш.Цогтоос зээлсэн гэдэг ч мөнгө өгч авалцсан өдөр, цаг хугацаа, газар, мөнгөний дэвсгэрт зэргээ илт зөрүүтэй удаа дараа худал мэдүүлж, баталж чадаагүй, мөн Ш.Цогт ч гэсэн дээрх 100 000 ам долларыг ааваасаа өвлөж авсан гэж мэдүүлдэг ч уг мөнгө нь түүний аав болох Шараврэнцэнд огт байгаагүйг эрүүгийн шатанд тогтоосон байдаг. 6. нарыг гарын үсэг хуурамчаар үйлдэж, компанийн гүйцэтгэх эрх мэдлийг хууль бусаар авсан гэж СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр 233.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгосон. Мөн миний хүү Б.Өсөхбаяраас 70 хувийн хувьцааг 200 000 ам доллараар худалдаж авна гэж аман тохироо хийж, 70%-ийг өөрийн нэр дээр авсан ч мөнгөө өгөөгүй шалтгаанаар СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр 148.4 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлсэн ч Б.Х надад холбогдох 100 000 ам долларын эрүүгийн хэрэгт нэгтгэгдэж, шалтгаангүйгээр хэрэгсэхгүй болгосноос болж шалгуулж чадаагүй. Хэрвээ эрүүгийн шатанд нарыг дээрх эрүүгийн 2 хэргээс гадна надад холбогдох 100 000 ам долларын хэрэгт хамтатган шударгаар шалгаж чадсан бол Б.Б гэгч нь хохирогчийн дүрд тоглож, худал мэдүүлэг өгч байгааг нотолж чадсан ч шударгаар шийдвэрлүүлж чадаагүй юм. Харамсалтай нь 5-н жил 8 сар гаруй хугацаанд шалгасан эрүүгийн хэрэг хэт нэг талыг барьснаас үүдэж, Б.Х миний бие торны цаана хүртэл сууж, хилсээр хэлмэгдэж, асар их хохирлыг амссан. 7. Иргэний хэргийн анхан шатны болон давах шатны шүүх нь Б.Бы хохирсон гэж надаас нэхэмжилж буй 100 000 ам долларыг эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болох үед тухайн үеийн ханшаар 139 483 000 төгрөг гэж нотолсон байсныг Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцож 240 165 000 төгрөг болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. /зөрүү нь 100.682.000 төгрөг/ 8. Б.Х миний бие Б.Быг огт танихгүй, хувьцааны талаар огт ярилцаж үзээгүй, мөнгө өгч авалцах талаар ч харилцан хэзээ ч тохирч байгаагүй, тухайн өдөр мөнгийг би түүнээс гардаж аваагүй тул би Б.Бд мөнгө төлөх боломжгүй юм. Учир нь нар нь аавынхаа нэр нөлөөг ашиглаж, бизнесийг минь булаах зорилгоор 100 000 ам долларын эрүүгийн зохиомол хэргийг санаачилж, сэдэж, гардаж зохион байгуулж, миний хувьцааг санаатайгаар бууруулахыг оролдож, тэр ч байтугай авсан мөнгийг маань бүтээгдэхүүн захиалахад оруулчихаад, ирсэн бүтээгдэхүүнийг Б.Бтай хуйвалдан зарж борлуулж, ашгаа олсон мөртлөө надаас дээрх мөнгийг Б.Баар нэхэмжлүүлж байгааг үнэн шударгаар нягталж, шийдвэрлэж өгнө үү. Иймд Б.Х миний тухайн үед эрүүгийн шатанд шалгагдаж байхад цугларсан намайг цагаатгах гол нотлох баримтууд Иргэний журмаар шийдвэрлэж байгаа хавтаст хэрэгт дутуу байгаа, мөн дээрх үндэслэлүүдийг анхан шатны болон давах шатны шүүх огт харгалзан үзээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна. /Эрүүгийн хавгаст хэргээс гол гол нотлох баримтуудыг нэмж хавсаргах шаардлагатай байгааг анхаарч үзнэ үү/ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Хд холбогдуулан 100 000 ам.доллар буюу 240 165 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна гэж үндэслэл заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...би хүү Б.Өсөхбаярын хамт Америкийн Нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн шатахуун хэмнэгч шингэн нано технологийг оруулж ирэх төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч нэн шаардлагатай байсан тул нар гэгчтэй хамтран ажиллах болсон. 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний хүү Б.Өсөхбаярын 100 хувийн эзэмшилд байсан “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн 70 хувийн хувьцааг нар нь 200 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцон, 70 хувийн хувьцаа эзэмшигчээр нар, 30 хувь нь миний нэр дээр шилжиж бүртгэгдсэн. ... нар 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 30 000 000 төгрөгийг гурав хувааж өгсөн. “Канповор Монголия Энтерпрайс” ХХК 4 гишүүнтэй болсон ба анхны хурал 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон. нар намайг 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Украйнская кухня зоогийн газарт дуудаад очтол Б.Б, нар хоёр хамт байсан. нар нь надад хувьцааны мөнгө шүү гээд 100 000 ам.доллар өгсөн. Мөнгө өгсний дараа нар нь таны хувьцааг авах гэж байгаа хүн Батбаярын хүүхэд Б.Б болсон шүү гэж хэлж байсан. Хэрэв нар надад буцаагаад хувьцаагаа өгөх юм бол би өрөнд орох юм байна гэж бодоод Б.Бд хувьцаагаа зарахаар шийдээд хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн. Энэ хурал 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болсон ба 10 хувийн хувьцаа зарах миний саналыг зөвшөөрөөгүй Б.Б мөнгөө авна гэж над дээр ирсэн. нартай уулзаж асуудлаа шийд гэж хэлэхэд намайг шоронд суулгана гэж заналхийлж, цагдаад өргөдөл гаргасан, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаад, шүүхээр шийтгүүлж, Улсын дээд шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дараа 2018 оны 4 дүгээр сарын 13-нд “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр надад холбогдох хэрэг хаагдсан. Б.Бы өгсөн гээд байгаа 100 000 ам.долларыг нарын худалдан авсан 70 хувийн хувьцааны урьдчилгаа үнэ гэж бодож байгаа...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд зохигчдын хооронд харилцан үүрэг үүссэн эсэх, гэрээ байгуулагдсан эсэх, 100 000 ам.долларыг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн эсэх асуудал маргааны зүйл болсон байх ба хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн байна.

Хариуцагч Б.Х нь 100 000 ам.долларыг Б.Баас бус нараас хувьцааны үнэд авсан гэж маргасан хэдий ч Б.Бд компанийн 10 хувийн хувьцааг шилжүүлэх зорилгоор хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах, хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх талаар танилцуулж байснаас үзэхэд 10 хувийн хувьцаагаа худалдахаар тохирч, 100 000 ам долларыг Б.Баас авсан нь нотлогдсон гэж үзнэ.

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ.

Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Б.Б нь хувьцааны үнийн урьдчилгаанд 100 000 ам долларыг шилжүүлсэн, харин Б.Х нь уг гэрээний дагуу Б.Бд Канповер Монголиа энтерпрайс ХХК-ийн 10 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээ хиймэгц биелэх гэрээ тул талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзахад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасан зохицуулалт хамаарна.

Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд нөгөө тал нь гэрээг цуцлах эрхтэй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэж, гэрээнээс татгалзаж болно.

Нэхэмжлэгч нь хувьцаагаа шилжүүлэхийг хариуцагчид сануулж, мэдэгдсэн байхад хариуцагч үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Б.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ нарын хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Гомдолд дурдсан ...нар нь хувьцааны мөнгөө өгөөгүй, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, ...нар нь зохиомол хэрэг үүсгэж, миний бизнес, эрх чөлөөнд хохирол учруулсан, ...компанийн оруулж ирсэн бүтээгдэхүүнийг зарж ашгаа өгөөгүй, ...36 000 ам.долларыг бурхан бүтээхэд хамтдаа зориулсан тул хамтарч хариуцах ёстой, ...” гэх үндэслэл тухайн иргэний маргаанд хамааралгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэхэд нар, Б.Б нар худал мэдүүлэг өгч гүтгэсэн, гэмт хэрэг үйлдэгдээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөөгүй бол Б.Х нь зохих байгууллагад гомдол гаргаж хянуулах эрхтэй юм. Мөн 100 000 ам.доллараас 36 000 ам.долларыг хамтарч бурхан бүтээхэд зарцуулсан гэж маргасан ба энэ нь маргааны зүйл биш тул шүүх дүгнэлт өгөхгүй болно.

Хариуцагч Б.Хын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар /2х 103-105 ху/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-н өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоос /хх-14,15/ үзвэл Б.Х нь “...100 000 ам.доллар авсан, мөнгөнд таарсан 10 хувийн хувьцааг шилжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүгдийг хийсэн, ...2013 оны 01 сарын 17-ны өдөр Оюунгэрэл гуай утсаар яриад хувьцаагаа зарах шаардлага байгаа юм уу маргааш хурал зарлана, хувьцаагаа зарвал компанийн тухай хуулиар шийдэх ёстой, мөнгийг нь буцаагаад өгчихвөл болох юм биш үү, бид Анараас 33 хувийн хувьцааг 330 000 ам.доллараар худалдаж авсан, маргааш хурал дээр таныг хувьцаагаа зарахыг зөвшөөрөхгүй шүү гэсэн..., 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурал дээр нар нь хувьцаа авах гэж байгаа Б.Б, Б.Эрдэнэтуяа, Б.Даваадорж гэсэн 3 хүний анкетийг танилцуулж, үүнээс зөвхөн Б.Даваадоржийн нараас худалдаж авсан 4 хувийн хувьцааг зөвшөөрч шийдсэн. нар надтай санал нэгдээгүй, дэмжлэг өгөөгүй учраас Б.Б хувьцаагаа авч чадаагүй... үүнээс хойш 14 удаа хурал зарласан боловч хэн ч миний хүсэлтийг хүлээн авч хуралд ирээгүй...” гэсэн тайлбар, мэдүүлэг гаргаж байжээ. Эдгээр баримтаар Б.Х нь Б.Бд хувьцааг шилжүүлэх үүрэг хүлээж, хувьцааны үнэд 100 000 ам.доллар авсан үйл баримт тогтоогдсон байна.

Иймд “Б.Быг огт танихгүй, хувьцааны талаар огт ярилцаж үзээгүй, мөнгө өгч авалцах талаар ч харилцан тохирч байгаагүй, тухайн өдөр мөнгийг түүнээс гардаж аваагүй нараас авсан” гэх гомдол үндэслэл муутай байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 100 000 ам.долларыг авсан нь тогтоогдсон тул уг мөнгийг нэхэмжлэгч Б.Б хүнээс зээлсэн байх, мөнгөний эх үүсвэрийг зөрүүтэй тайлбарласан гэх байдлууд ач холбогдолгүйгээс гадна мөнгийг өгөөгүй гэсэн үйл баримтыг нотлохгүй юм.

Шүүх зохигч буюу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй тул хэргийн оролцогч бус этгээд нар хувьцааны үнийг төлөөгүй, компанийн гүйцэтгэх захирлын гарын үсгийг хуурамчаар зурсан, үйл ажиллагааны ашгийг өгөөгүй гэх нэхэмжлэлд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийх эрхгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б.Б нь Туушин гаалийн баталгаат агуулахад байсан 208 литрээр савласан 40 торх буюу 8320 литр /зах зээлийн ханшаар 1 сая ам доллараар борлогдсон/ F2-21 ееFuel шингэн нанотехнологийг гардан авч явсан гэх баримт байхгүй бөгөөд хэрэв Б.Б нь дээрх бүтээгдэхүүнийг авч явсан,  мөнгө төлөх үүрэгтэй бол энэ талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу 100 000 ам.доллар шилжүүлсэн боловч Б.Б нь компанийн хувьцаа эзэмшигч болоогүй, гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний талууд өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч нь 100 000 ам.долларыг нэхэмжлэгчид буцааж өгөх ёстой байна.

Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох асуудал нь гэмт хэргийн бүрэлдэхүүн бий эсэхийг тогтооход хамааралтай тул иргэний журмаар гаргасан нэхэмжлэлд хамааралгүй байна. Иймд эрүүгийн журмаар хохирлын хэмжээг 139 483 000 төгрөг гэж тогтоосон байхад Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцож 240 165 000 төгрөг болгож шийдвэрлэсэн гэх гомдол хуулийн үндэслэлгүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 100 000 ам.долларыг буцааж өгөх ёстой бөгөөд уг мөнгийг эсвэл нэхэмжлэл гаргах үеийн ханшаар “төгрөгөөр” буцааж өгөх үүрэгтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2459 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 358 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА