Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2018/02201

 

 

 

 

                                                                                                            

 

 

 

 

2018 оны  09 сарын 11 өдөр            Дугаар184/ШШ2018/02201           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Б.Б-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Х-д холбогдох,

 

“100,000 ам доллар буюу 240,165,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэх.Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү, Хар:Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Төгс-Амьдрал нар оролцов.  

                                                                                               

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэх.Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Бнь 2012 онд Э.Анартай холбогдоход Б.Хишигжаргалын “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн туршин эхлэх гэж байгаа нано технологийн бизнесийг үзэж, туршилтыг нь сонирхож үзсэнээр тус компанийн 15 хувийн хувьцааг 150,000 ам.доллароор худалдаж авахаар Б.Хишигжаргалтай тохиролцоод урьдчилгаа болгон 100,000 ам.долларыг Ш.Цогтоос зээлж авсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Украйнская кухня зоогийн газарт Б.Хишигжаргалын эзэмшдэг “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн хувьцааны 15 хувийг 150,000 ам доллараар худалдан авахаар тохиролцож, хувьцааны 10 хувьд тэнцэх 100,000 ам долларыг Б.Хишигжаргалд бэлнээр өгсөн боловч, өнөөдрийг хүртэл мөнгө ч үгүй, хувьцаа ч үгүй болоод 6 жилийн нүүрийг үзэж бие сэтгэл, эдийн засгийн хувьд давхар хохирч байна.

Б.Хнь мөнгийг энд биш ажлын өрөөнд тоолж авна гээд өрөөндөө өөрөө тоолж авсан бөгөөд хувьцаа шилжүүлэхтэй шаардлагатай бичиг баримтаа өгөөрэй гэж хэлж байсан. Ингээд хувьцаагаа шилжүүлж өгөх байх гэж хүлээж байтал 2013 оны эхээр хувьцаа эзэмшигчдийнх нь хурал болсон боловч намайг танилцуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй. Ингээд яагаад хувьцаа шилжүүлэхгүй байгаа талаар Б.Хишигжаргалтай уулзаж асуухад Петровисын Оюунчимэг хувьцаагаа битгий зар гэж хэлээд миний мөнгийг буцааж өгнө гэж надад хэлсэн. Ингэж хэлсэн боловч миний мөнгийг надад буцааж өгөхгүй байсан учир би цагдаагийн байгууллагад хууран мэхэлсэн гэж өргөдөл гаргасан.

Б.Хнь 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б.Батсайханаас авсан 100,000 ам.долларын 64,000 ам.долларыг “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн дансандаа хийж, үлдэх 36,000 ам.долларыг өөрөө хувьдаа хэрэглэсэн байдаг.

Ш.Цогтын өрийг төлөхийн тулд Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 44 дүгээр байрны 11 тоот 69.9 м.кв 4 өрөө байрыг барьцаанд тавьж зээл авснаа төлж чадаагүй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4000 дугаар шийдвэрээр бусдад 139,674,505 төгрөг төлөх болж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар “Эд хөрөнгө хураасан тогтоол”-ын дагуу дуудлага худалдаанд орж байргүй болохоор болоод байна.

Б.Хнь надаас 100.000 ам долларыг бэлнээр авсан боловч, тохиролцсон ёсоор хувьцаагаа шилжүүлж өгөхгүй байсан тул би түүнийг 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өгч шалгуулснаар Б.Хишигжаргалд холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан “бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэдэг үндэслэлээр 201301020514 дугаартай хавтаст хэрэг нээгдэж, Б. Хишигжаргал нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр татагдан шалгагдах явцад 17 хавтас  буюу 1 хавтас нь 250 хуудастай хэрэг бүрдэж, анхан шатны шүүхээр 3 удаа, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр 3 удаа, Улын Дээд шүүхээр 2 удаа гэм буруутай нь тогтоогдон шийтгэгдэж байсан ч миний хохирлоос 6 жилийн хугацаанд нэг ч доллар төлөөгүй юм. Б.Хнь цагдаа, прокурор, шүүхийн байгууллагыг төөрөгдүүлэн хугацаа хожих, чирэгдэл учруулсан, тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 756 дугаар прокурорын тогтоолоор хугацааны хувьд хэрэгсэхгүй болж, тус тогтоолд хохирогч Б.Бнамайг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх олгосны дагуу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Хишигжаргалаас 100,000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 240,165,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хар:Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.Хминий бие хүү Б.Өсөхбаярын хамт агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор АНУ-д үйлдвэрлэгдсэн шатахуун хэмнэгч шингэн нано технологийг Монгол улсдаа нутагшуулахаар “Р2-21 төсөл”-ийг анх 2012 онд санаачлан оруулж ирсэн ба уг
төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч нэн шаардлагатай байсан тул “Ногоон нам”-ын гэх тодотголтой Д.Энхбатын хүү Э.Анар гэгчтэй иргэн Ш.Цогт гэх түүний аавынх нь талын хамаатны хүргэнээр дамжуулан танилцаж, хамтран ажиллах болсноор миний бие өнгөрсөн 5 жил 4 сар гаруйн хугацаанд хилсээр хэлмэгдэж, торны цаана хүртэл сууж, бие, сэтгэл, эрүүл мэнд, санхүүгийн асар их хохирлыг амссан билээ.

Бизнестэй холбоотой маргааны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн 201301020514 тоот хэрэг үүсэж шалгагдаад, 2018 оны 4 дүгээр сарын 13-нд “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр Прокурорын шатанд хэрэг хаагдсан.

Би анхнаасаа Б.Батсайханыг танихгүй байсан. Б.Батсайхантай анх Э.Анараар дамжуулж 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хавьцаа танилцсан. Анх танилцаад Э.Анартай хоолонд орж бурхан бүтээлгэх талаар ярилцаж байхад танилцсан ба дараа нь бурхан залах үед уулзсан. Э.Анар нь анх манай “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллар төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, хувьцаа худалдан авах 3 янзын гэрээний төслийг 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр миний и-мэйл хаягт ирүүлсэн. Ингээд 2012 оны 6 дугаар сарын 27-н өдөр миний хүү Б.Өсөхбаярын 100 хувь эзэмшилд байсан  “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн 70 хувийн хувьцаа Э.Анарын нэр дээр, 30 хувийн хувьцаа миний нэр дээр шилжиж бүртгэгдсэн. Э.Анараас надад 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 30,000 ам.доллар шилжүүлж өгсөн. Улсын бүртгэл дээр Э.Анар бид хоёр хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээд тамга, тэмдэгээ авснаас хойш Э.Анар нь нэг сарын хугацаанд таг чиг алга болсон. Гэтэл энэ хугацаанд Э.Анар нь өөрийн эзэмшилд авсан 70 хувийн хувьцаанаас 25 хувийг Петровисын захирал Оюунгэрэлийн дүүд, 8 хувийн хувьцааг “Монсул” ХХК-ийн Энхжаргалд өгөхөөр болсон гээд намайг эдгээр хүмүүстэй уулзуулахгүйгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулж 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Канповор Монголия Энтерпрайс” ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй болсон. Ингээд Э.Анар 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг гурав тасалж өгсөн. Тухайн үед Э.Анар Nisora tower барилгад ажлын өрөө олж өгөөд уг байранд түрээслэж суусан. 

Ингээд “Канповор Монголия Энтерпрайс” ХХК-ийн 4 гишүүнтэй анхны хурал 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон. Уг хуралд Петровисын Оюунгэрэл өөрөө оролцсон ба уг хурлаар 232,960 төгрөгийн 10 торх бүтээгдэхүүн худалдаж авна гэж хэлсэн. Үлдэх мөнгийг нь Э.Анарыг хариуц гэж хэлсэн. Оюунгэрэл нь 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр компанийн дансанд 1 хувийн хүүтэй 250,000 ам.долларыг оруулсан. Ингээд “НИК” ХК-иас 10 торх бүтээгдэхүүний үнийн 50 хувь болох 116,480 ам.доллар 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, үлдэх 116,480 ам.доллар 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус орж ирсэн. Энэ хооронд 64,000 ам.доллар дутсан. Би Э.Анарт хувьцаа авсан үлдэгдэл мөнгөө төлөхийг хэлсэн. Э.Анар намайг өөрийнхөө хувьцааг зар гэж шахаж шаардаж байсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хувьцаа авах Батбаяр гэдэг хүний нэр дуулдаж эхэлсэн. Э.Анар нь энэ хүнийг миний хувьцааг худалдан авах сонирхолтой байгаа гэж хэлсэн. Ингээд Э.Анар намайг 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Украйнская кухня зоогийн газарт дуудаад очтол Б.Батсайхан, Э.Анар хоёр хамт байсан. Э.Анар нь надад хувьцааны мөнгө шүү гээд 100,000 ам.доллар өгсөн. Мөнгө өгсний дараа Э.Анар нь таны хувьцааг авах гэж байгаа хүн Батбаярын хүүхэд Батсайхан болсон шүү гэж хэлж байсан. Би Э.Анараас авсан 100,000 ам.доллароос 64,000 ам.долларыг компанийхаа дансанд хийгээд үлдэх 36,000 ам.долларыг өөрийн хувийн дансандаа байлгаж байгаад энэ мөнгийг компанийн дансанд оруулахуу яах уу гэж Э.Анараас асуухад таны л мөнгө учир та өөрөө л мэд гэж хэлсэн. Тэгэхэд нь би бурхан бүтээлгэх гээд мөнгө дутуу өгсөн байсан учир лам багшдаа өгсөн.

Тэгээд би хэрэв Э.Анар надад буцаагаад хувьцаагаа өгөх юм бол би өрөнд орох юм байна гэж бодоод Б.Батсайханд хувьцаагаа зарахаар шийдээд хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн. Хуралд Оюунгэрэл нь Хишгээгийн хувьцааг битгий оролдоод бай гэж Э.Анарт хэлсэн. Энэ хурал 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болсон ба үүний дараа Б.Бмөнгөө авна гэж над дээр ирсэн. Э.Анартай уулзаж асуудлаа шийд гэж хэлэхэд намайг шоронд суулгана гэж заналхийлсэн ба энэ үедээ цагдаад өргөдөл гаргасан байсан. Б.Бнь цагдаад мэдүүлэхдээ Э.Анар зуучилсан гэж хэлдэг. Б.Батсайханы өгсөн гээд байгаа 100,000 ам.долларыг Э.Анарын 70 хувийн хувьцааг худалдсан авсан мөнгө л гэж бодож байгаа. Б.Бнь 100,000 ам.долларыг Ш.Цогтоос авсан гэж тайлбарладаг ба эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад Ш.Цогт нь 100,000 ам.долларыг ааваасаа авсан гэж хэлдэг. Аавыг нь шалгаж үзэхэд өр зээл ихтэй хүн болж таарсан. Улсын дээд шүүхийн тогтоолоор намайг гэм буруутай гэж ерөөсөө тогтоогоогүй. Тиймээс Б.Б100,000 ам.долларыг Ш.Цогтоос авсан гэдэг нь худлаа ба энэ мөнгө нь Э.Анарын мөнгө юм. Би Э.Анартай 100,000 ам.долларын тооцоо хийж болно. Э.Анар нь 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллароор авсан учир энэ төлбөрт тооцох ёстой мөнгө юм.

Өнөөдрийг хүртэл сэтгэлийн хүнд шарх арилаагүй байхад дахин гүтгэлэгийн шинжтэй гомдол гаргаж, ийнхүү хуулийн байгууллагаар эрүүдэн шүүх ажиллагаа хийлгэж байгаа иргэн Б.Бгэгчийн “Хохирогч”-ийн дүрд амжилттай тоглож байгаа хуурамч дүр төрхийг бодохоор үнэхээр маш их харамсаж байна. Шударга үнэн гэж байдаг бол энэ удаагийн миний гаргаж буй нэхэмжлэлийн хариу тайлбар, хавсралтаар хүргүүлж буй видео бичлэгийг дахин дахин үзэж, сайтар тунгаан бодож, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэх.Б.Б нь Хар:Б.Хд холбогдуулан “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн 10 хувийн хувьцааг худалдан авахаар шилжүүлсэн 100,000 ам доллар буюу 240,165,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэх.Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Э.Анарын хамтаар Хар:Б.Хтай 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Украйнская кухня зоогийн газарт уулзаж “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн Б.Хишигжаргалын эзэмшлийн 30 хувийн хувьцаанаас 15 хувийн хувьцааг 150,000 ам доллараар худалдан авахаар тохиролцож, хувьцааны 10 хувьд тэнцэх 100,000 ам долларыг Б.Хишигжаргалд бэлнээр өгсөн боловч хувьцаагаа шилжүүлээгүй ба буцааж мөнгө өгөөгүй ...” гэж тайлбарладаг бөгөөд Хар:Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Украйнская кухня зоогийн газарт Э.Анар, Б.Бнартай уулзаж 100,000 ам.доллар авсан. Уг мөнгө нь Э.Анарын худалдаж авсан 70 хувийн хувьцааны төлбөр. Б.Бнь Ш.Цогтоос мөнгө авсан гэж тайлбарладаг боловч Ш.Цогт болон түүний аав мөнгө байхгүй болох нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцад тогтоогдсон. Иймээс 100,000 ам.доллар бол Э.Анарын мөнгө ...” гэж тайлбарлажээ.

 

“Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Өсөхбаярыг улсын бүртгэлээс хасаж, хувьцааны 70 хувийг Э.Анар, 30 хувийг Б.Хнар эзэмшихээр 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл”-ийн маягт болон өргөдлийг бүртгэсэн улсын бүртгэгчийн тэмдэглэгээгээр тогтоогдож байна.

 

Нэх.Б.Б нь Хар:Б.Хыг итгэл эвдэж, 100,000 ам.долларыг залилан мэхэлсэн гэх өргөдөл гаргасны дагуу Б.Хишигжаргалд холбогдуулан эрүүгийн 201301020514 тоот хэргийг 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үүсгэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 756 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан гэмт хэрэг гарснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.Хишигжаргалд холбогдох хэрэг бүртгэлтийн 201301020514 дугаартай хэргийг хааж, Б.Бнь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол”, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 756 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан эрүүгийн хэргийн баримт болон хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт нотлох баримтаар бүрдүүлсэн эрүүгийн хэргийн баримтуудад Хар:Б.Х нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагчид 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгт “... 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Анар нь Хишгээ эгчээ хоолонд оръё гэж дуудахаар нь дуудсан газар болох Украйнская кухня нэртэй хоолны газар очсон. Тэгсэн Анар, Батсайхан хоёр сууж байсан. Анар энэ Батсайхан таны хувийг худалдаж авах хүн гэж танилцуулаад Анар Голомт банкны ууттай мөнгө гаргаж ирээд энд 100,000 ам.доллар байгаа. Таны 15 хувийн урьдчилгаа гэхээр нь би чи үнэхээр миний 15 хувийг зарах гээд байгаан бол 50,000 ам.долларыг нь яах гэж байна гэхэд хэд хоногоос өгнө гэсэн. Тэгэхээр нь чи тэгүүл энэ байдлаа хувь эзэмшигч нарт хэлээрэй. Компанид Батсайханыг албан ёсоор хувь эзэмшигчээр оруулах гэж байгаа юм чинь улсыг бүртгэлд бүртгүүлэх хэрэгтэй бичиг баримтыг өгөөрэй ...” гэж мэдүүлсэн байх боловч 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгт “... Б.Батсайханы мөнгө биш. 100,000 ам.доллар бол Ш.Цогтын мөнгө ч биш Э.Анарын мөнгө гэж үзэж байна.  ... Украйнская кухня хоолны газарт мөнгийг ширээн дээр Э.Анар тавьсан. Б.Батсайханы аав нь миний хувьцааг худалдаж авна гэж ойлгосон учраас Б.Батсайхантай хувьцааны талаар яриагүй. ...” гэж мэдүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудад Хар:Б.Х нь зөрүүтэй байдлаар тайлбар мэдүүлэг өгсөн боловч иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор асуугдсан Э.Анар, Ш.Цогт, Б.Бнарын мэдүүлгүүдээр Нэх.Б.Б нь 100,000 ам.долларыг Хар:Б.Хд өгөөгүй, Э.Анар нь Б.Хишигжаргалд 100,000 ам.долллар өгсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

 

Мөн Хар:Б.Х нь Нэх.Б.Бы нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлдээ “... Э.Анар нь миний хүү Б.Өсөхбаяраас авсан 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллароор худалдан авахаар тохиролцсон. Уг хувьцааны төлбөрт 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Э.Анар 100,000 ам.долларыг өгсөн ...” гэж тайлбарладаг боловч зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар Э.Анар нь “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн 70 хувийн хувьцааг Б.Өсөхбаяраас 200,000 ам.доллароор худалдан авахаар тохиролцсон болон Э.Анар нь уг хувьцааны төлбөрт 100,000 ам.доллар төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хар:Б.Х нь 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр  Украйнская кухня нэртэй зоогийн газарт Э.Анар, Б.Бнартай уулзаж 100,000 ам.доллар авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй ба харин Б.Хнь уг хүлээн авсан 100,000 ам.долларыг Б.Батсайханаас аваагүй, Э.Анараас авсан гэж тайлбарлан маргажээ.

 

Б.Хнь “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн өөрийн эзэмшдэг 30 хувийн хувьцаанаас 15 хувийн хувьцааг Б.Батсайханд  150,000 ам.доллароор худалдахаар тохиролцож 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б.Батсайханаас 100,000 ам.доллар авсан болох нь дээр дурдсан үндэслэлүүд болон шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Э.Анарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн эзэмшдэг 30 хувийн хувьцаанаас 15 хувийн хувьцааг 150,000 ам.доллароор худалдах, худалдан авахаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрхийн харилцаанд хамаарах бөгөөд хуульд зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байна.

 

Б.Хнь Б.Батсайханд худалдсан өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөний улмаас Б.Бнь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан тул 100,000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 240,165,000 төгрөгийг Б.Хишигжаргалаас гаргуулж, Нэх.Б.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар Нэх.Б.Баас төлөх улсын тэмдэгтийн хураамжийг иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид 1,358,775 төгрөг нөхөн гаргуулж шийдвэрлэж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар Хар:Б.Хаас 240,165,000 төгрөг гаргуулж, Нэх.Б.Бд олгосугай.

            2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэх.Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 1,358,775 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Хар:Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 1,358,775 төгрөг гаргуулж, Нэх.Б.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНБААТАР