Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00698

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00698

 

 

 

А ХЗХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00150 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХЗХ-ны хариуцагч Ц.Н, Л.Ц нарт холбогдуулан 59 726 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Алтандавалгаа ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гишүүн Ц.Н нь бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх эргэлтийн хөрөнгөд зориулан 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх хүсэлт гаргасан. Холбогдох баримт бичгийг судалсанаар зээл олгохоор шийдвэр гаргасан. Ц.Н нь өөрийн найз Л.Ц гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байр, 83 тоотын 42.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн байрны 7 тоотын 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалж 50 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай 1 сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэх талаар харилцан тохиролцож, талууд ЗГ/17/45 дугаартай Зээлийн БГ/14/45 дугаартай Барьцааны гэрээг байгуулснаар зээл олгосон. Зээлдэгч нь зээл олгосноос хойш үндсэн төлбөрт 100 000 төгрөг, хүүгийн төлбөрт 32 595 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 310 700 төгрөг, нийт 34 005 900 төгрөг төлсөн.

Зээлдүүлэгчийн зүгээс Ц.Над хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг удаа дараа шаардахад бусад байгууллагаас авах авлагаа барагдуулж чадахгүй, мөн борлуулалт муудсан, бартерт хүлээн авсан хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийг борлуулахад хугацаа шаардагдаж байна гэсэн элдэв шалтгаан хэлдэг. Иймд Ц.Н нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 49 900 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 8 618 300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 1 428 400 төгрөг, нийт 59 726 500 төгрөгийг нэхэмжилсэн. Уг үнийн дүнгийн тооцооллын ахин харж үнийн дүнг багасгаж 57 513 700 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Н, Л.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх эргэлтэнд оруулах зорилготой 50 000 000 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлсэн. Зээл олгогч нэхэмжлэлдээ үндсэн төлбөрт 100 000 төгрөг, зээлийн хүү 32 595 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 310 700 төгрөг, нийт 34 005 900 төгрөг төлсөн талаар тусгасан байна. Гэтэл зээлдэгч нар нийт 35 645 900 төгрөг төлсөн. Үүнийг зээлийн үндсэн төлбөрт бус нэмэгдүүлсэн хүүнд тооцож оруулсан нь үндэслэлгүй бөгөөд өрийн дарамтанд оруулж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Зээлийн гэрээний 4.1-т заасан зээл төлөх дараалал нь нэгдүгээрт үндсэн зээл дараа нь түүний хүүг төлөхөөр заасан. Энэ зохицуулалтаас харахад нэн тэргүүнд үндсэн зээлийг төлөхөөр харагдаж байна. Иймд нэхэмжлэлд дурдсанаар үндсэн төлбөрт 100 000 төгрөг тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Хариуцагч Ц.Н нь нэхэмжлэгч байгууллагын гишүүн учраас тодорхой хэмжээний татвар төлдөг. Өмнө авсан 4 удаагийн зээлээ цаг хугацаанд нь төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаас үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол нэн тэргүүнд шүүхийн зардалд дараа нь үндсэн өр, эцэст нь хүүг төлүүлэхээр хуульчилсан. Үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 35 645 900 төгрөгийг хасах үндэслэлтэй.Учир нь,Хадгаламж зээлийн хоршооны эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.10-т хадгаламж зээлийн хоршооны дүрмээр тогтоосон хадгаламж зээлийн хоршооны гишүүний эрх байгаа. Мөн хадгаламж зээлийн хоршооны үүрэг гэсэн ойлголт байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлдүүлэгч байгууллага нь өөрөө зээлдэгчийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл манай тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлтэй холбоотой. Үндсэн хүүгийн асуудлыг ярьж байна. 2,8 хувь эсхүл 3 хувь гэдэг. Сүүлд нэхэмжлэгчийн зүгээс 2,8 хувь байсан бид нар өөрсдөө 3 хувь болгосон гэж тайлбарладаг. 1 400 000 төгрөгийн хүүг 1 500 000 төгрөг, 1 550 000 төгрөгийн график гаргасан. Энэ графикийн дагуу 35 000 000 төгрөг төлсөн. 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр барьцааны болон зээлийн гэрээ, сунгалтын гэрээг байгуулсан байдаг. Энэ зээлийн гэрээгээр сунгалтын гэрээний үндсэн гэрээний дагуу зээлдүүлэгч нь үндсэн шударга мэдээллийг өгөхгүй байдалтайгаар гэрээний график бэлдээд гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийлэл байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Зээлийн гэрээний нэмэлт гэрээ нь хуульд заасан заалтуудтай зөрчилдөж байгаа учраас хууль зөрчсөн хэлцэл байх боломжтой харагдаж байна. 50 000 000 төгрөгийн зээл бол хариуцагч талын тооцооллоор 48 000 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэж үзэж байна. Анх 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээл аваад 3 жилийн хугацаанд дээрх нөхцөл байдлыг үүсгэж байна. Зээлдэгчдээ худал мэдээлэл өгч мөн авсан мөнгө нь гэрээний сунгалт гэсэн тэмдэглэгээгээр явж байна. 35 000 000 төгрөгийн хувьд хэдэн төгрөг төлсөн нь маргаантай. Төлсөн төлөлтүүд нь үндсэн зээлийн 60, 70 хувийг төлсөн байхад 49 900 000 төгрөгийн төлөлт үлдсэн байна. Сүүлийн тооцооллоор 48 200 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа нь шударга ёсонд нийцсэн эсэх асуудал яригдана. Дэд бүтэц инженеринг ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний асуудалтай холбоотой албан бичиг нэхэмжлэгчид өгч байсан учраас Дэд бүтэц инженеринг ХХК тухайн зээлийн гэрээний харилцаанд хамааралтай. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгах боломжтой.

Хэрэгт цугларсан баримтаар барьцаалах эрхийг Л.Ц гаас Ц.Над өгсөн учраас Ц.Н гарын үсэг зурсан боловч 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээ болон зээлийн гэрээний сунгалтын гэрээ хийгдсэн. Сунгах асуудал дээр Л.Ц гийн зүгээс Ц.Над эрх олгосон эсэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл Л.Ц гийн хүсэл зориг байхгүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээл авсан нь үнэн учраас зээлийн төлбөр гаргуулах шаардлагын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Наас 57 513 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Алтандавалгаа ХЗХ-нд олгож, хариуцагч Л.Ц д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2 212 800 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ц.Н дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204041213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байр, 83 тоотын 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204041615 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байрны 7 тоотын 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Алтандавалгаа ХЗХ-оос нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456 582.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наас улсын тэмдэгтийн хураамж 445 518 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Алтандавалгаа ХЗХ-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээ танилцуулахдаа хэрэгт авагдсан барьцаа болон зээлийн сунгалтын гэрээ бол зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ болохоос хүүг өөрчилсөн гэрээ биш гэдгийг дүгнэсэн, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгт тодорхой бичигдсэн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр гаргасан зээлийн төлбөрийн тооцоолол нь талуудын байгуулсан гэрээнд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч тал нь 2.8 хувийн хүүг өөрсдөө дур мэдэн 3 хувь болгосон, дур мэдэн 3 хувь болгосон гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээ багасгасан, мөн 2,8 хувийн хүүтэй зээлийг 3 хувийн хүүтэй зээл болгон тооцооллыг гаргаж, худлаа мэдээллээр зээлдэгч Ц.Над өгч БГ/17/45 дугаартай Барьцааны болон Зээлийн сунгалтын гэрээг байгуулсан гэх зэрэг нэхэмжлэгчийн хууль бус үйл ажиллагаанууд олон байгааг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын гаргасан зээлийн төлбөрийн тооцоолол нь талуудын байгуулсан гэрээнд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч талын хамгийн сүүлд гаргасан зээлийн тооцоолол нь илэрхий алдаатай байдаг. Тухайлбал, 30 хоногийн хүү нь 46 027x30=1 380 810 төгрөг 1 сарын хүү болно. Гэтэл шууд 1 400 000 төгрөгийг зээлийн хүү гэж тооцсон нь алдаатай болно. Мөн нэхэмжлэгч тал 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хүү бодохдоо ямар ч үндэслэлгүйгээр шууд сарын 3 хувийн хүүгээр тооцоолол хийсэн болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн байдаг.

Бидний зүгээс зээлийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй, санхүүгийн мэдлэг шаардлагатай гэж үзэж шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зориулалт нь Дэд бүтэц инженеринг ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдаж, зээлийн эргэн төлөлтүүд нь Дэд бүтэц инженеринг ХХК-аас төлөгдөж байсан нотлох баримтууд хэрэг авагдсан байдаг. Дэд бүтэц инженеринг ХХК нь Телематик удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа болон бусад зүйлд зээлийн хөрөнгийг зарцуулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг хоцроосон нь хариуцлага алдсан боловч манай компанийн гол үйл ажиллагаа явуулах эрх болох лицензийг Стандартчилал хэмжил зүйн газраас шалгаж байгаа нэрийдлээр үйл ажиллагааг зогсоосноос болж ямар ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байдалд хүргэснээр ийм байдалд ороод байна. Мөн зээлийн гэрээний дагуу төлсөн 34 005 900 төгрөгийг үндсэн төлбөрт тооцуулан нэхэмжилж байгаа 59 726 500 төгрөгөөөс хасч тооцуулан үндсэн төлбөрт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг болон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглэх ёстой талаар бид анхан шатны шүүх дээр хариу тайлбартаа тодорхой дурдсан боловч анхан шатны шүүх шийдвэртээ дүгнэлт хийгээгүй. Хариуцагч талын зүгээс зээлийн төлбөрт төлсөн төлбөрийн хэмжээгээр тооцоолбол зээлийн нийт үлдэгдэл нь 53 273 365 төгрөг болж байна. Хавсралтанд дурдсан тооцооллыг Монгол банкнаас баталсан зээлийн хүү тооцох аргачлалын хүрээнд гаргасан бөгөөд бидний гаргасан тооцоолол нь нэхэмжлэгчийн тооцооллоос 4 240 335 төгрөгөөр зөрдөг. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол илэрхий алдаатай, анхан шатны шүүх тооцооллын алдааг нягталж, дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийн хэмжээг бууруулсан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Алтан давалгаа ХХК нь хариуцагч Ц.Н, Л.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59 726 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 57 513 700 төгрөг болгон багасгасан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжин оролцсоныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан байна.

Талууд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/17/45 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу зээлдүүлэгч А ХЗХ нь зээлдэгч Ц.Над 50 000 000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлж, мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Талууд зээлийн хүүгийн хувь, хэмжээ болон зээл суутган тооцохдоо хууль зөрчсөн эсэх талаар маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл зохигчид 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өмнөх ЗГ/17/45 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа гэрээний хугацааг 1 жилээр, зээлийн хүүг 3 хувиар тооцохоор харилцан тохиролцож, гэрээнд зээлдүүлэгч А ХЗХ, зээлдэгч Ц.Н нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тодорхойлдог тул талуудын гэрээний сунгагдсан хугацааны хүүг 3 хувиар тохиролцсон гэж үзнэ. Иймээс хариуцагч Ц.Нын Барьцаа болон зээлийн сунгалтын гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу зээлийн үүргийг тооцохдоо 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг 2.8 хувь, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүг 3 хувиар тооцон шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нь зээлийн үүрэгт 34 005 900 төгрөг төлсөн үйл баримтыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, харин нэхэмжлэгчийг зээлийн үүргийг тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллыг зөрчсөн гэж маргажээ.

Зохигчид 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарь буюу гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр тодорхойлжээ. Энэхүү үүргийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний 2.2 дахь заалтаар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна. Хариуцагч Ц.Н нь хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, орлогын баримт, хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдсон байна. /хх34-56/ Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт төлсөн 34 005 900 төгрөгөөс гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийг суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчөөгүй байна. Иймээс хариуцагчийн нотлох баримтыг буруу үнэлсэн, тооцоолол буруу хийсэн гэх гомдлоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан баримтыг үнэлж, хариуцагч Ц.Наас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 57 513 700 төгрөг гаргуулж, хариуцагч Л.Ц д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А ХЗХ, хариуцагч Ц.Н, Л.Ц нар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор Л.Ц гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 28 байрны 83 тоотод байрлах 42.4 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны 7 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг барьцаалан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээгээр нотлогдож байна. /хх25-28/ Шүүх уг гэрээг үндэслэн хариуцагч Ц.Ныг зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэнд зохигчдын хэн аль гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 446 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД