Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00011

 

“А” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00150 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 698 дугаар магадлалтай,

“А” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Ц.Н, Л.Ц нарт холбогдох,

59,726,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О болон өмгөөлөгч О.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч “А” ХЗХ-г төлөөлөн Б.Цэрэнлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н нь манай байгууллагад 2017.06.07-ны өдөр хандаж, өөрийн эрхэлдэг “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн Телематик удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаанд зарцуулах, бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэх эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэхийг хүссэн. Түүний хийж байгаа бизнес, холбогдох баримт бичигтэй танилцаад зээл олгохоор шийдвэрлэсэн. Ц.Н нь өөрийн найз Л.Цгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байр, 83 тоотын 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны 7 тоотын 18 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалж 50,000,000 төгрөгийг 2017.06.07-ны өдрөөс 2018.06.07-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай нэг сарын 3 хувийн хүүтэйгээр ЗГ/17/45 тоот зээлийн гэрээ болон барьцааны БГ/14/45 тоот гэрээг байгуулж зээл олгосон. Зээл олгосноос хойш зээлийн төлбөрт 100,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 32,595,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,310,700 төгрөг, нийт 34,005,900 төгрөг төлсөн. Манай зүгээс Ц.Над хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг удаа дараа шаардахад бусад байгууллагаас авах авлагаа барагдуулж чадахгүй, мөн борлуулалт муудсан, бартерт хүлээн авсан хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийг борлуулахад хугацаа шаардагдаж байна гэсэн элдэв шалтаг тоочин өдийг хүрлээ. Иймд Ц.Н нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 49,900,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 8,618,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 1,428,400 төгрөг, нийт 59,726,500 төгрөгийг нэхэмжилж байгаа тул барьцаа хөрөнгөөс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 2017.06.07-ны өдрөөс 2018.06.07-ны өдрийг хүртлэх зээлийн хүүг 2,8 хувиар тооцож, зөрүү төлбөр болох 2,212,800 төгрөгийг анх гаргасан нэхэмжлэл болох 59,726,800 төгрөгөөс хасч тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 57,513,700 төгрөг болгож байна. “А” ХЗХ нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гишүүдээсээ тодорхой хэмжээний хадгаламж авч гишүүддээ зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Хавтаст хэрэгт авагдсан “А” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сунгалт 2018.06.30-ны өдрөөс эхлээд 3 жилийн хугацаа олгож сунгагдсан. Хуульд заасан үндэслэлийн дагуу хадгаламж авч гишүүддээ зээл олгодог. Ц.Нын тухайд “А” ХЗХ-ны гишүүн бөгөөд хэд хэдэн удаагийн зээлийн харилцаатай байсан. Энэ удаагийн зээл төлөхгүй байгаа нөхцөл нь өөрийн эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааны доголдолтой холбоотой тайлбарлаж байгаа боловч цаана нь олон гишүүдийн асуудал байгаа. “А” ХЗХ-нд тодорхой хэмжээний хувь нийлүүлсэн тодорхой хэмжээний ашиг шимийг хүртдэг гишүүдийн нэг юм. Тийм учраас зээлийн гэрээний үнийн дүнг тодорхой хэмжээгээр бууруулж 57,513,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байсан хүсэлттэй холбоотой Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг үндэслэж 35,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс 100,000 төгрөгийг үндсэн зээлд суутгасан. Энэ нь илтэд мөнгө хүүлсэн гэх сонирхлын зөрчлийн асуудал байна гэж тайлбарладаг. Тэгэхээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар төлбөл зохих үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн гэх асуудал байгаа. Зээлийн гэрээний хугацаа тухай бүртээ сунгагдаад явж байсан. Хэтэрсэн хугацаанаас хойш төлөгдсөн төлбөрүүд дандаа үндсэн зээл гэх байдлаар явагдаж байгаа. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 сараас хойш хугацаа буурснаас хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2017.06.07-ны өдөр бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх эргэлтэнд оруулах зорилготой 50,000,000 төгрөгийг хариуцагч нар нь зээлсэн. Зээл олгогчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн төлбөрт 100,000 төгрөг, зээлийн хүү 32,595,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,310,700 төгрөг, нийт 34,005,900 төгрөг төлсөн тухай нэхэмжлэлдээ тусгасан. Гэтэл зээл олгосноос хойш хариуцагч нарын зүгээс нийт 35,645,900 төгрөг төлсөн байдаг. Харин энэ зээлийг үндсэн төлбөрт тооцоогүй нэмэгдүүлсэн хүүнд тооцож оруулсан нь үндэслэлгүй бөгөөд өрийн дарамтанд оруулж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Зээлийн гэрээний 4.1 дэх хэсэгт зээлдэгч нь энэхүү хуваарийн дагуу нэгдүгээрт үндсэн зээл дараа нь түүний хүүг төлнө гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаас харахад нэн тэргүүнд үндсэн зээлийг төлөхөөр харагдаж байна. Иймд нэхэмжлэлд дурдсанаар үндсэн төлбөрт 100,000 төгрөг тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хариуцагч Ц.Н нь “А” ХЗХ-ны гишүүн учраас тодорхой хэмжээний татвар төлөөд явдаг иргэн байгаа. Энэ зээлээс гадна 4 удаагийн зээл авсан байдаг. Тухайн зээлээ цаг хугацаанд нь төлөөд явсан. Энэ зээлийн хувьд цаг хугацаанаас нь ялимгүй хоцроосон асуудал байгаа бөгөөд Ц.Н нь “Дэд бүтэц инженеринг” ХХК-д ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэдэг. Тухайн зээлийг авахдаа компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар авсан. Гэтэл стандартчилал хэмжил зүйн газраас тухайн компанийн лиценз болон лицензийг түдгэлзүүлснээр уг компани цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Үүнээс болоод тус шүүхэд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хэргээр 126,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гарсан байдаг. Тиймээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаас үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол нэн тэргүүнд шүүхийн зардалд дараа нь үндсэн өр, эцэст нь хүүг төлүүлэхээр хуульчилж өгсөн байдаг. Тиймээс нийт нэхэмжилж байгаа. Үнийг дүнгээс хариуцагчийн төлсөн 35,645,900 төгрөгийг хасах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00150 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Наас 57,513,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХЗХ-нд олгож, хариуцагч Л.Цд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,212,800 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Ц.Н дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204041213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байр, 83 тоотын 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204041615 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байрны 7 тоотын 18 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “А” ХЗХ-ноос нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456,582.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наас улсын тэмдэгтийн хураамж 445,518 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 698 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 446,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О болон өмгөөлөгч О.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Ц.Н, Л.Ц нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2020.01.07-ны өдрийн 101/ШШ2020/00150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 698 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс дараах хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн тухайд:

1. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2017.06.07-ны өдрөөс 2018.06.07-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг 2,8 хувиар тооцож, зөрүү 2,212,800 төгрөгийн шаардлагаас татгалзаж, нийт 57,513,700 төгрөгийг хариуцагч Ц.Наас гаргуулах, хариуцагч Л.Цгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болгож багасгаж, тодруулсан байдаг. Өөрөөр хэлбэл 2017.06.07-ны өдрөөс 2018.06.07-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг 2,8 хувиар тооцсон, түүнээс хойшхи буюу 2019.06.07-ны өдөр хүртэлх зээлийн хүүг үндэслэлгүйгээр 3 хувиар тооцсон гэдгээ хэлж, зээлийн төлбөрийн тооцооллыг гаргасан гэдгээ нэхэмжлэгч тал хэлсэн байдаг. Анхан шатны шүүхийн “Үндэслэх” хэсэгт “Талууд 2017.06.07-ны өдөр ЗГ/17/45 дугаартай зээлийн гэрээ байгуулж, хоршоо нь өөрийн гишүүн Ц.Над 50,000,000 төгрөгийг 2017.06.07-ны өдрөөс 2018.06.07-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, нэг сарын 2,8 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.1-д “...3,0 хувийн хүүтэй...” гэх үзгээр дарж бичсэн бичвэрийг 2,8 хувийн хүү хэмээн хүлээн зөвшөөрч, улмаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан” гэдгийг дүгнэсэн байна. Мөн анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдаан завсарласны дараа шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн агуулгыг танилцуулж, хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээ танилцуулахдаа хэрэгт авагдсан 2018.06.07-ны өдрийн БГ/17/45 дугаартай Барьцааны болон Зээлийн сунгалтын гэрээ бол зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ болохоос хүүг өөрчилсөн гэрээ биш гэдгийг дүгнэж хэлсэн, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгт тодорхой бичигдсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх дүгнэлтийг хийсэн хэдий ч нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр гаргасан зээлийн төлбөрийн тооцоолол нь талуудын байгуулсан гэрээнд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч тал нь 2017.06.07-ны өдрөөс 2018.06.07-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг 2,8 хувиар тооцсон, түүнээс хойшхи буюу 2019.09.06-ны өдөр хүртэлх зээлийн хүүг 3 хувиар тооцож тооцооллыг хийсэн гэдгээ хэлсэн байдаг. Нэхэмжлэгч тал нь 2,8 хувийн хүүг өөрсдөө дур мэдэн 3 хувь болгосон, дур мэдэн 3 хувь болгосон гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээ багасгасан, мөн 2,8 хувийн хүүтэй зээлийг 3 хувийн хүүтэй зээл болгон дур мэдэн зээлийн тооцооллыг гаргаж, худлаа мэдээллээр зээлдэгч Ц.Над өгч 2018.06.07-ны өдрийн БГ/17/45 дугаартай Барьцааны болон Зээлийн сунгалтын гэрээг байгуулсан гэх зэрэг нэхэмжлэгчийн хууль бус үйл ажиллагаанууд олон байгааг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “Хэргийн баримтаас үзвэл зохигчид 2018.06.07-ны өдөр өмнөх ЗГ/17/45 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа гэрээний хугацааг 1 жилээр, зээлийн хүүг 3 хувиар тооцохоор харилцан тохиролцож, гэрээнд зээлдүүлэгч “А” ХЗХ, зээлдэгч Ц.Н нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тодорхойлдог тул талуудын гэрээний сунгагдсан хугацааны хүүг 3 хувиар тохиролцсон гэж үзнэ. Иймээс хариуцагч Ц.Нын “Барьцаа болон зээлийн сунгалтын гэрээ” байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй” гэж дүгнэсэн. Зохигчдын хооронд 2018.06.07-ны өдөр байгуулагдсан “Барьцаа болон зээлийн сунгалтын гэрээ” нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгаар тодорхойлбол гэрээний хугацааг сунгаж байгаа нь гэрээний нэрнээс шууд харагдаж байгаа бөгөөд энэхүү гэрээний 2-т зээлийн үлдэгдэл 49,900,000 төгрөг гэж бичсэн байдаг. Гэтэл зээлийн хүүг 2,8 хувиар тооцоход нэхэмжлэгч талын тооцооллоор 49,248,900 төгрөг, хариуцагч талын тооцооллоор 48,935,650 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байх тооцоо гарч байгаа ба энэ нь нэхэмжлэгч буюу хоршооны зүгээс хуурамч тооцооллоор зээлдэгчийг төөрөгдүүлж, гэрээнд гарын үсэг зуруулж байгаа нь зээлдэгч талын зүгээс ноцтой төөрөгдсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь өмнө байгуулсан гэрээний алдаатай тооцооллыг зээлдэгч Ц.Над өгч, гэрээнд гарын үсэг зуруулсан болно. Үүнд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн, 2018.06.07-ны өдөр байгуулагдсан “Барьцаа болон зээлийн сунгалтын гэрээ”-ний зээлийн үлдэгдэл 49,900,000 төгрөг гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаарал хандуулаагүй байна.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын гаргасан зээлийн төлбөрийн тооцоолол нь талуудын байгуулсан гэрээнд нийцсэн гэж дүгнэсэн нь, давж заалдах шатны шүүх бас ижил дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талын хамгийн сүүлд гаргаж өгсөн зээлийн тооцоолол нь тооцооллын илэрхий алдаатай байдаг. Яагаад илэрхий алдаатай вэ гэвэл хамгийн энгийн жишээ нь: 50,000,000 төгрөгийн 1 сарын 2,8 хувийн хүүтэй зээлийн 1 сарын хүүг Монгол банкнаас баталсан Зээлийн хүү бодох аргачлалын дагуу бодоход 1 сарын 2,8 хувийн хүү нь 1 жилийн хүү нь 33,6 хувь болно. 50,000,000×33,6/100÷365=46,027 төгрөг нь 1 хоногийн хүү болно. 30 хоногийн хүү нь 46,027×30=1,380,810 төгрөг 1 сарын хүү болно. Гэтэл шууд 1,400,000 төгрөгийн хүү гэж шууд алдаатай тооцооллоор эхэлж байгаа нь цаашдын бүх тооцоолол нь алдаатай болно. Мөн нэхэмжлэгч тал 2018.06.07-ны өдрөөс хойшхи хүү бодохдоо ямар ч үндэслэлгүйгээр шууд сарын 3 хувийн хүүгээр тооцож тооцоолол хийсэн болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн байдаг. Бидний зүгээс зээлийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул санхүүгийн мэдлэг шаардлагатай гэж үзэж шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүнд зайлшгүй шинжээч томилох шаардлагатай байсан.

3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлийн зориулалт нь бизнесийн зориулалттайгаар олгогдсон бөгөөд хариуцагч Ц.Н нь “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирлаар ажилладаг ба зээлийн мөнгө “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдаж, зээлийн эргэн төлөлтүүд нь “Дэд бүтэц инженеринг” ХХК-иас төлөгдөж байсан нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. “Дэд бүтэц инженеринг” ХХК нь Телематик удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа болон бусад зүйлд зээлийн хөрөнгийг зарцуулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг хоцроосон нь хариуцлага алдсан боловч манай компанийн гол үйл ажиллагаа явуулах эрх болох лицензийг Стандартчилал хэмжил зүйн газраас шалгаж байгаа нэрийдлээр үйл ажиллагааг зогсоосноос болж ямар ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байдалд хүргэснээр ийм байдалд ороод байна. Түүнчлэн уг эрх /лиценз/ түдгэлзүүлснээс хойш ажилчдынхаа эдийн засаг болон нийгмийн байдал болох цалин хангамжийг өгч чадалгүй алдагдалд орж Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газраас 80,000,000 төгрөгийг, “Монос дэлгэрэх” ХЗХ-с 45,000,000 төгрөгийг тус тус шүүхэд хандан нэхэмжилж, шүүхийн шийдвэрүүд гарсан болно. Тиймээс зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Иргэний хуулийн 216 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх дарааллыг хуулиар тогтоосон бөгөөд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол нэн тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж холбогдох хуульд зохицуулсны дагуу нэн тэргүүнд зээлийн гэрээний дагуу төлсөн 34,005,900 төгрөгийг үндсэн төлбөрт тооцуулан нэхэмжилж байгаа 59,726,500 төгрөгөөс хасч тооцуулан үндсэн төлбөрт шилжүүлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг болон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглэх ёстой талаар бид анхан шатны шүүх дээр хариу тайлбартаа тодорхой дурдсан боловч анхан шатны шүүх шийдвэртээ дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

4. Хариуцагч талын зүгээс зээлийн төлбөрт төлсөн төлбөрийн хэмжээгээр тооцоолбол зээлийн нийт үлдэгдэл нь 53,273,365 төгрөг болж байна. /Хавсралтаар тооцооллыг хавсаргав/ Хавсралтанд дурдсан тооцооллыг Монгол банкнаас баталсан Зээлийн хүү тооцох аргачлалын хүрээнд гаргасан бөгөөд бидний гаргасан тооцоолол нь нэхэмжлэгчийн гаргасан тооцооллоос 4,240,335 төгрөгөөр зөрж байгаа болно. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол илэрхий алдаатай, анхан шатны шүүх тооцооллын алдааг нягталж, дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүн буюу анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийн хэмжээг бууруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А” ХЗХ нь Ц.Н, Л.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,726,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагыг багасган, 2,212,800 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Наас 57,513,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХЗХ-д олгон, хариуцагч Л.Цд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь 2,212,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Ц.Н үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Ц.Н нь “А” ХЗХ-тай 2017.06.07-ны өдөр ЗГ/17/45 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Л.Цгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байр, 83 тоотын 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны 7 тоотын 18 м.кв талбайтай автозогсоолыг барьцаалан, төлбөрийг зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлийн 50,000,000 төгрөгийг 2017.06.07-ны өдөр зээлдэгч Ц.Над хүлээлгэн өгсөн байх бөгөөд зээлдэгч гэрээний хугацаанд буюу 2017.07.06-наас 2019.06.28-ны хооронд үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, хүүд 32,595,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,310,700 төгрөг, нийт 34,005,900 төгрөг төлсөн байна.

Хариуцагчаас “...зээл авснаас хойш зээлийн төлбөрт нийт 35,645,900 төгрөг төлсөн.  ...нэхэмжлэгч нь зээлд төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт тооцоогүй, хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь үндэслэлгүй. ...Зээлийн гэрээний 4.1-д зээлдэгч нь энэхүү хуваарийн дагуу нэгдүгээрт үндсэн зээл, дараа нь түүний хүүг төлнө гэж заасан. ...үндсэн төлбөрт 100,000 төгрөг тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй” гэж марган, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, хариуцагчийн зээлд төлсөн 34,005,900 төгрөгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчөөгүй гэж дүгнэн, хариуцагч Ц.Наас зээлийн төлбөрт 57,513,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Л.Цгаас зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.  

Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан, хоёр шатны шүүх барьцааны зүйл болох Л.Цгийн өмчлөлийн 2 өрөө орон сууц, автозогсоолыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад Л.Цд холбогдох зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар, мөн барьцааны хөрөнгийн өмчлөгчийн талаар тодорхой тусгаагүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй нь буруу байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 698 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч Л.Цд холбогдох” гэсний дараа “зээлийн төлбөр гаргуулах тухай” гэж, 3 дахь заалтын “...бүртгэлтэй,” гэсний дараа “Л.Цгийн өмчлөлийн” гэж тус тус нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

 

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                   Б.МӨНХТУЯА

 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ