Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/00150

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр   

Дугаар 101/ШШ2020/00150

     Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А Д ХЗХ

 

Хариуцагч: Ц.Н

 

Хариуцагч: Л.Ц

 

59,726,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугар, Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А Д” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н нь манай байгууллагад 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хандаж, өөрийн эрхэлдэг “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн Телематик удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаанд зарцуулах, бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэх эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэхийг хүссэн. Түүний хийж байгаа бизнесс, холбогдох баримт бичигтэй танилцаад зээл олгохоор шийдвэрлэсэн.

Ц.Н нь өөрийн найз Л.Цгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байр, 83 тоотын 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны 7 тоотын 18 м.кв талбайтай авто зогсоол барьцаалж 50,000,000 төгрөгийг 2017 орны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлийн  гэрээ ЗГ/17/45 болон барьцааны БГ/14/45 тоот гэрээг байгуулж зээл олгосон.

Зээл олгосноос хойш зээлийн төлбөрт 100,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 32,595,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,310,700 төгрөг, нийт 34,005,900 төгрөг төлсөн.

Манай зүгээс Ц.Над хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг удаа дараа шаардахад бусад байгууллагаас авах авлагаа барагдуулж чадахгүй, мөн борлуулалт муудсан, бартерт хүлээн авсан хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийг борлуулахад хугацаа шаардагдаж байна гэсэн элдэв шалтаг тоочин өдийг хүрлээ.

Иймд Ц.Н нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 49,900,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 8,618,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 1,428,400 төгрөг, нийт 59,726,500 төгрөгийг нэхэмжилж байгаа тул барьцаа хөрөнгөөс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртлэх зээлийн хүүг 2,8 хувиар тооцож, зөрүү төлбөр болох 2,212,800 төгрөгийг анх гаргасан нэхэмжлэл болох 59,726,800 төгрөгөөс хасч тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 57,513,700 төгрөг болгож байна.

“А Д” ХЗХ нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гишүүдээсээ тодорхой хэмжээний хадгаламж авч гишүүддээ зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Хавтаст хэрэгт авагдсан “А Д” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сунгалт 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд 3 жилийн хугацаа олгож сунгагдсан. Хуульд заасан үндэслэлийн дагуу хадгаламж авч гишүүддээ зээл олгодог. Ц.Нын тухайд “А Д” ХЗХ-ны гишүүн бөгөөд хэд хэдэн удаагийн зээлийн харилцаатай байсан. Энэ удаагийн зээл төлөхгүй байгаа нөхцөл нь өөрийн эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааны доголдолтой холбоотой тайлбарлаж байгаа ч боловч цаана нь олон гишүүдийн асуудал байгаа. “А Д” ХЗХ-нд тодорхой хэмжээний хувь нийлүүлсэн тодорхой хэмжээний ашиг шимийг хүртдэг гишүүдийн нэг юм. Тийм учраас зээлийн гэрээний үнийн дүнг тодорхой хэмжээгээр бууруулж 57,513,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байсан хүсэлттэй холбоотой Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг үндэслэж 35,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс 100,000 төгрөгийг үндсэн зээлд суутгасан. Энэ нь илтэд мөнгө хүүлсэн гэх сонирхлын зөрчлийн асуудал байна гэж тайлбарладаг. Тэгэхээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар төлбөл зохих үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн гэх асуудал байгаа. Зээлийн гэрээний хугацаа тухай бүртээ сунгагдаад явж байсан. Хэтэрсэн хугацаанаас хойш төлөгдсөн төлбөрүүд дандаа үндсэн зээл гэх байдлаар явагдаж байгаа. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 сараас хойш хугацаа буурснаас хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Н, Л.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгтэй 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх эргэлтэнд оруулах зорилготой 50,000,000 төгрөгийг хариуцагч нар нь зээлсэн. Зээл олгогчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн төлбөрт 100,000 төгрөг, зээлийн хүү 32,595,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,310,700 төгрөг, нийт 34,005,900 төгрөг төлсөн тухай нэхэмжлэлдээ тусгасан. Гэтэл зээл олгосноос хойш хариуцагч нарын зүгээс нийт 35,645,900 төгрөг төлсөн байдаг. Харин энэ зээлийг үндсэн төлбөрт тооцоогүй нэмэгдүүлсэн хүүнд тооцож оруулсан нь үндэслэлгүй бөгөөд өрийн дарамтанд оруулж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Зээлийн гэрээний 4.1 дэх хэсэгт зээлдэгч нь энэхүү хуваарийн дагуу нэгдүгээрт үндсэн зээл дараа нь түүний хүүг төлнө гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаас харахад нэн тэргүүнд үндсэн зээлийг төлөхөөр харагдаж байна. Иймд нэхэмжлэлд дурдсанаар үндсэн төлбөрт 100,000 төгрөг тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хариуцагч Ц.Н нь “А Д” ХЗХ-ны гишүүн учраас тодорхой хэмжээний татвар төлөөд явдаг иргэн байгаа. Энэ зээлээс гадна 4 удаагийн зээл авсан байдаг. Тухайн зээлээ цаг хугацаанд нь төлөөд явсан. Энэ зээлийн хувьд цаг хугацаанаас нь ялимгүй хоцроосон асуудал байгаа бөгөөд Ц.Н нь “Дэд бүтэц инженеринг” ХХК-д ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэдэг. Тухайн зээлийг авахдаа компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар авсан. Гэтэл стандартчилал хэмжил зүйн газраас тухайн компанийн лиценз болон лицензийг түдгэлзүүлснээр уг компани цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Үүнээс болоод тус шүүхэд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хэргээр 126,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гарсан байдаг. Тиймээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаас үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол нэн тэргүүнд шүүхийн зардалд дараа нь үндсэн өр, эцэст нь хүүг төлүүлэхээр хуульчилж өгсөн байдаг. Тиймээс нийт нэхэмжилж байгаа. Үнийг дүнгээс хариуцагчийн төлсөн 35,645,900 төгрөгийг хасах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхболд шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хүү 2,8 хувь байх ёстой байтал 50,000,000 төгрөгийн 2,8 хувийн хүүний дээд хэмжээ нь 1,400,000 төгрөг байх ёстой байтал нэхэмжлэгч талаас 44,000 төгрөгөөр илүү тооцож гаргасан. 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн төлөлтөөр 2,8 хувийн хүүгээр тооцоход 1,400,000 төлөлт хийх ёстой байтал  1,500,000 төгрөгийн төлөлт хийж 100,000 төгрөг илүү төлсөн. 100,000 төгрөгийн илүү төлөлт гэдэг бол үндсэн зээлээс хасагдаад 49,900,000 төгрөг болох ёстой. Банк, хадгаламж зээлийн хоршооны хүү гэдэг нь өөрөө хасагдсан дүнгээсээ хүү тооцож хувьчилж явагдах дүнтэй байх ёстой. 49,900,000 төгрөгийн 2,8 хувийн хүү хэд болох вэ гэхээр 1,397,000 төгрөг болох ёстой. Гэтэл өөрсдөө автоматаар тооцоолоод 1,440,000 төгрөг гэж тооцоолж гаргаж ирсэн нь бидний тооцооллоос зөрж байгаа болох нь харагдаж байна.

Хадгаламж зээлийн хоршооны эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.10 дахь хэсэгт хадгаламж зээлийн хоршооны дүрмээр тогтоосон хадгаламж зээлийн хоршооны гишүүний эрх байгаа. Мөн хадгаламж зээлийн хоршооны үүрэг гэсэн ойлголт байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлдүүлэгч байгууллага нь өөрөө зээлдэгчийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл манай тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлтэй холбоотой. Үндсэн хүүгийн асуудлыг ярьж байна. 2,8 хувь 3 хувь гэдэг. Сүүлд нэхэмжлэгч талын зүгээс 2,8 хувь байсан бид нар өөрсдөө 3 хувь болгосон гэж тайлбарладаг. 1,400,000 төгрөгийн хүү төлөх байсан бол 1,500,000 төгрөг, 1,550,000 төгрөгийн график гаргасан байдаг. Энэ графикийн дагуу 35,000,000 төгрөгийг төлсөн. 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр барьцааны болон зээлийн гэрээ, сунгалтын гэрээг байгуулсан байдаг. Энэ зээлийн гэрээгээр сунгалтын гэрээний үндсэн гэрээний дагуу зээлдүүлэгч нь үндсэн шударга мэдээллийг өгөхгүй байдалтайгаар гэрээний график бэлдээд гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийлэл байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Зээлийн гэрээний нэмэлт гэрээ нь хуульд заасан заалтуудтай зөрчилдөж байгаа учраас хууль зөрчсөн хэлцэл байх боломжтой харагдаж байна. 50,000,000 төгрөгийн зээл бол хариуцагч талын тооцооллоор 48,000,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэж үзэж байгаа. Анх 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээл аваад 3 жилийн хугацаанд дээрх нөхцөл байдлыг үүсгэж байна. Зээлдэгчдээ худал мэдээлэл өгч мөн авсан мөнгө нь гэрээний сунгалт гэсэн тэмдэглэгээгээр явж байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээнд болон хуульд заасан үүргийг шударгаар биелүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс буруутай үйлдэл харагдаж байна. 35,000,000 төгрөгийн хувьд хэдэн төгрөг төлсөн гэдэг нь маргаантай. Төлсөн төлөлтүүд нь үндсэн зээлийн 60, 70 хувийг төлсөн байхад 49,900,000 төгрөгийн төлөлт үлдсэн байна. Сүүлийн тооцооллоор 48,200,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байна. Энэ нь шударга ёсонд нийцэж байна уу гэх асуудал яригдана“Дэд бүтэц инженеринг” ХХК Ц.Нын хувьцаа эзэмшдэг компани байгаа. “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний асуудалтай холбоотой албан бичиг “А Д” ХЗХ-нд өгч байсан асуудал байгаа учраас “Дэд бүтэц инженеринг” ХХК энэ асуудалд хамааралтай болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хэрэгжих боломжтой гэж харагдаж байна. Барьцаа хөрөнгийг Л.Ц гэх хүнээс, гаргуулахаар шаардаж байна. Хэрэгт цугларсан баримтаас харахад барьцаалах эрхийг Л.Цгаас Ц.Над өгсөн асуудал байгаа учраас Ц.Н гарын үсэг зурсан боловч 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээ болон зээлийн гэрээний сунгалтын гэрээ хийгдсэн. Сунгах асуудал дээр Л.Цгийн зүгээс Ц.Над эрх олгосон эсэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн 2 дахь шаардлага үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Л.Цгийн хүсэл зориг байхгүй гэж харагдаж байна. Тийм учраас 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1 дүгээр шаардлагын хувьд зээл авсан нь үнэн учраас уян хатан хандаж төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А Д” ХЗХ нь хариуцагч Ц.Н, Л.Ц нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээлийн үлдэгдэл 49,900,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 8,618,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 1,428,400 төгрөг, нийт 59,726,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүүг 3 хувиар тооцож, нийт 59,726,500 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртлэх зээлийн хүүг 2,8 хувиар тооцож, зөрүү болох 2,212,800 төгрөгийн шаардлагаас татгалзаж, нийт 57,513,700 төгрөгийг хариуцагч Ц.Наас гаргуулах, хариуцагч Л.Цгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.

Талууд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/17/45 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, хоршоо нь өөрийн гишүүн Ц.Над 50,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, нэг сарын 2,8 хувийн хүүтэй зээлдүүлжээ.

Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.1-д “...3,0 хувийн хүүтэй...” гэх үзгээр дарж бичсэн бичвэрийг 2,8 хувийн хүү хэмээн хүлээн зөвшөөрч, улмаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.3, 154 дүгээр зүйлийн 154.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…..”,

453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Зээлдэгч Ц.Н нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан Зээлдэгчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан үндэслэлийн талаар маргаж, тооцооллын хувьд эргэлзээтэй гэх боловч зээлдэгч Ц.Нын авлагын дэлгэрэнгүй тайлангаар нийт 57,513,700 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг үгүйсгэж нотлоогүйгээс гадна, нэхэмжлэгчийн тооцоолсон зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт төлөх төлбөрийн тооцоолол нь талуудын байгуулсан гэрээнд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Цг хамтран хариуцагчаар татсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т тухайлан заасан, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Тодруулбал, барьцаа хөрөнгийн өмчлөгч Л.Цг хамтран хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосноор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага няцаагдахгүй буюу хариуцагч Ц.Н шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд, Иргэний хуулийн 153, 154, 156 дугаар зүйлд нийцүүлэн байгуулсан барьцааны гэрээний зүйлийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар албадан худалдаж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон                   

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Наас 57,513,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А Д” ХЗХ-нд олгож, хариуцагч Л.Цд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,212,800 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Ц.Н дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204041213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байр, 83 тоотын 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204041615 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байрны 7 тоотын 18 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “А Д” ХЗХ-ноос нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456,582.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наас улсын тэмдэгтийн хураамж 445,518 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А Д” ХЗХ-нд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА