Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/00200

 

 

 

 

 

 

 

 

2018.01.12 210/МА2018/00200

 

Т.Төгсбилгүүний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03159 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Төгсбилгүүний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Энхбатад холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 22 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Төгсбилгүүн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Э.Энхбаттай харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулан Мерседес Бенз Жи 500 маркийн, 83-86 УНС улсын дугаартай автомашиныг, 55 000 000 төгрөг, урьдчилгаа төлж, үлдсэн төлбөр дээр нь хугацаа тохирон төлнө гэвэл 60 000 000 төгрөгөөр гэж ярилцаж, урьдчилгаа төлөхөөр болж 60 000 000 төгрөгөөр худалдсан. Э.Энхбат нь 60 000 000 төгрөгийн 50 хувь болох 30 000 000 төгрөгийг урьдчилан төлсөн. Үлдэх 30 000 000 төгрөгийг нь 1 жилийн хугацаанд хувааж төлнө гэж амаар тохиролцсон бөгөөд худалдаж авсан автомашинаа барьцаанд тавьж зээл аван урьдчилгаа төлбөрөө төлөх зорилгоор худалдах-худалдан авах гэрээнд төлбөрөө бүрэн төлсөн гэж бичүүлж, автомашины өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад ББСБ-ын зээлийн барьцаанд тавьж зээл аван урьдчилгаа 30 000 000 төгрөгийг надад өгсөн. Үүнээс хойш цувуулан 2 900 000 төгрөг, нийт 32 900 000 төгрөг төлсөн. Гэвч тэрээр үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй болж, зээлийн барьцаанд тавьсан автомашин хураагдах асуудал яригдаж эхлэхээр нь автомашиныг хоёулаа нийлж зарахаар болж худалдах зар тавьсан. Зар тавьсны дараа автомашиныг үзэхэд эвдрэл гэмтэл маш их болсон байсан тул засварын газарт өгч засварын хөлс 5 000 000 төгрөг болсон. Засварын зардал 5 000 000 төгрөгийг би төлж, Э.Энхбатаас авах үлдэгдэл төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон ба 2016 оны 06 дугаар сард ББСБ-ын өрөнд хураалгаж, уг байгууллага цааш нь худалдсан. Хариуцагч Э.Энхбат үлдэгдэл 22 100 000 төгрөгийг өгөхгүй хохироож байна. Хэрэв гэрээндээ тусгасан шиг автомашины үнэ төлөгдсөн юм бол хариуцагч нь энэ гэрээ байгуулснаас хойш төлбөр төлөхгүй байх байсан гэж үзэж байна. Бидний байгуулсан гэрээ түүний маргаж байгаа шиг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш. Иймд Э.Энхбатаас үлдэгдэл 22 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Т.Төгсбилгүүнтэй тохиролцон, хэлцэл хийж Мерседес Бенз Жи 500 маркийн авто машиныг 50 000 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авах ерөнхий нөхцөл нь тодорхой мөнгөн дүн төлөөд үлдсэн төлбөрийг нь хугацаа заахгүйгээр боломжоороо худалдагч талд төлж барагдуулна гэсэн аман хэлцэл байгуулсан. Урьдчилгаа мөнгөн дүнг төлөхдөө Жи Эс Би ББСБ ХХК-иас тухайн худалдаж авсан авто машиныг барьцаалан төлнө гэж тохирсон. Харин автомашин барьцаалан 30 000 000 төгрөг авахын тулд заавал худалдах худалдан авах гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатайг, авто машины үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгө зээлээр олгохоо ББСБ-ын ажилтан мэдэгдсэн. Тиймээс Т.Төгсбилгүүнтэй тохиролцож худалдах худалдан авах үнийн дүнг 60 000 000 төгрөгөөр үйлдэж, худалдах худалдан авах гэрээг хийсэн ч анхны худалдах худалдан авах хэлцлийн дүн 60 000 000 төгрөг биш гэдгийг 2 тал маш сайн ухамсарлаж байсан. Т.Төгсбилгүүний нэхэмжлэлд дурдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг гэрээ хийгч талууд тухайн үедээ мэдэж байсан. Гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг нотлох бас нэгэн нотолгоо нь тухайн авто машиныг худалдан авахдаа төлбөрийг худалдагч талд бүрэн төлж барагдуулсан гэсэн заалт гэрээнд тусгагдсанд байдаг. Үүнээс хойш цувуулж Т.Төгсбилгүүнд 2 900 000 төгрөг төлөөд 5 сарын дараа Т.Төгсбилгүүнд үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй боллоо, хэлцлээ цуцлая гэж хэлсэн. Т.Төгсбилгүүн хүлээн зөвшөөрч энэхүү авто машиныг гуравдагч этгээдэд борлуулаад төлсөн мөнгийг буцаан олгоё гэж тохиролцсон. Гэвч Т.Төгсбилгүүн авто машинаа зарах зарлал тавихдаа тухайн авто машиныг зах зээлийн ханшнаас өндөр буюу 60 000 000 төгрөгийн үнэтэй зарахаар зарлал тавьсан тул худалдан авагч олдохгүй маш их цаг хугацаа алдсан. Тухайн үед санхүүгийн нөхцөл байдал хүндэрч барьцаанд байгаа авто машины зээлийн хүүг ч төлөх чадваргүй болж эхэлсэн тул Т.Төгсбилгүүнд авто машины үнээ хямдруулж зарах эсхүл хүүг чи төлж яв гэхэд ББСБ-ын хүүний төлбөр cap бүр 840 000 төгрөгийг Т.Төгсбилгүүн зөвшөөрч, төлөхөөр тохирсон. Төлбөрөө төлөхгүй олон cap явсан учир ББСБ-аас авто машиныг өөрийн гараашид барьцаа болгон тавих шаардлага тавьсан. Мөн энэ хугацаандаа Т.Төгсбилгүүн нь автомашиныг ББСБ-ын хашаанаас гаргуулан, надтай харилцан тохиролцохгүйгээр авто засварын газар өгч 5 000 000 төгрөгийн засвар хийлгэсэн. ББСБ нь тухайн авто гараашид машинаа тавихыг шаардаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй бол шүүхэд хандахаа мэдэгдсэн учир арга буюу өөрийн найзын авто машиныг Жи Эс Би ББСБ-д 5 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, автомашины засварын төлбөрийг төлж барагдуулсан. Жи Эс Би ББСБ нь гэрээний дагуу авто машиныг борлуулж, Т.Төгсбилгүүний төлнө гэсэн хүүний зардал болон зээлийн үндсэн төлбөрийг суутган авсан. Т.Төгсбилгүүнд 30 000 000 төгрөгийг, 2 900 000 төгрөгийг бэлнээр төлсөн. 5 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий засварын зардал тус төлж барагдуулсан. Тиймээс шүүх төлбөл зохих 12 100 000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээний 2 дах хэсэгт гэрээний зүйлийг 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний 2.2-т гэрээ байгуулсан өдөр төлбөрийг бэлнээр төлнө, 2.3-т төлбөр бүрэн төлөгдсөн. Тооцоо дууссан гэж заасан. Ингээд төлбөр бүрэн төлөгдсөн, тооцоо дууссан гэсэн гол нөхцөлтэй гэрээ хийсэн. Мөн гэрээний 3.5-т гэрээг талууд зөвшөөрсний үндсэн дээр бусдын дарамт шахалт хүчин зүйлийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн байгуулсан гэдгээ гэрээнд тодорхой дурдсан. Гэрээний гол нөхцөлтэй холбоотой 3.8-т нэмэлт нөхцөлийг зааж төлбөр төлөгдсөн гэсэн утгаар гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангасан баримт байгаа. Энэ баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал иш татах эрхтэй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар талуудын хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Хүчин төгөлдөр гэрээний үүргийн хувьд гэрээний үүрэг дуусчихсан, гэрээгээр мөнгө төлөх ямар ч үүрэг байхгүй, худалдагчид шаардах эрх үүсээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж заасан. Энэ төлбөр төлөгдөөгүй, 22 100 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэдгээ нотолсон ямар ч баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт хариуцагч татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж заасан. Хариуцагчийн зүгээс нотлох баримтуудыг гаргаагүй. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ямар ч төлбөр тооцооны үүрэг хүлээхгүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Энхбатаас 22 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Төгсбилгүүнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 268 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Мерседес бенз маркын 83-86 УНС улсын дугаартай суудлын автомашиныг Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл хэрэгт авагдсан нотлох баримт буюу Худалдах, худалдан авах гэрээ-ний 2 дугаар зүйл буюу гол нөхцөл нь тээврийн хэрэгслийг 60 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 2.3, 3.8-т зааснаар төлбөр бүрэн төлөгдсөн гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү худалдах, худалдан авах гэрээний дагуу тооцоо бүрэн дууссан гэсэн агуулгыг илэрхийлсэн. Талуудын худалдах, худалдан авах гэрээг үндэслэн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг Автотээврийн үндэсний төв Т.Төгсбилгүүний эзэмшил, өмчлөлөөс Энхбатын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн. Харин Жи эс би капитал ББСБ тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг үндэслэн нотлох боломжгүй. Энэ нөхцөл байдлаас үзвэл хүчин төгөлдөр гэрээний дагуу тээврийн хэрэгслийг шилжүүлсэн юм уу эсхүл хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна. Нөгөө талаар нэхэмжлэгчийн гаргасан нэмэлт тайлбарт Худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш болно гэж удаа дараа тайлбарласан. Хэрэгт авагдсан гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс харахад талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэхээр байгаа бөгөөд гэрээний үүрэг дуусгавар болсон учир худалдагчид шаардах эрх үүсээгүй байхад нэг гэрээний үүргийг 2 дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй шийдвэр болжээ. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 21-р байр, 64 тоотод оршин суудаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх заалтад Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан. Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-д хариуцагчийн оршин суугаа газрыг тодорхойлжээ. Мөн гэрээний ард байгаа иргэний үнэмлэхний мэдээлэлд хариуцагч нь дээрх хаягт оршин суудаг нь тодорхой байна. Иймээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх биш байна. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Анхан шатны шүүх энэ гэрээг нотлох баримтаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа төлбөр төлөгдсөн гэсэн үйл баримтыг дүгнээгүй байна. Тодруулбал ...гэрээний 2.1-т буюу гол нөхцөл болох үнийн дүнг 60 000 000 төгрөгөөр тохиролцсоныг 50 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх, мөн гэрээг бүхэлд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Нэгэнт гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд гэрээний 2.2, 2.3, 3.5, 3.8 дах заалтуудыг мөн адил хүчин төгөлдөр гэж дүгнэх ёстой. Хариуцагчийн шүүхэд гарган өгсөн тайлбарт үлдэгдэл төлбөр нь 12 100 000 төгрөг байна гэх тайлбар нь гэрээний анхны үнэ 60 000 000 төгрөг байсан гэж хүлээн зөвшөөрсөн, эсхүл гэрээний 2.3-т заасан төлбөрийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Нөгөө талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжсэн үйл баримт биш юм.

Анхан шатны шүүх хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын автомашины үнийг төлсөн баримтын талаарх тайлбар, татгалзал нъ харилцан адилгүй, харин хариуцагч болон нэхэмжлэгч нарын тайлбар нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэв гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч ч гэсэн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, болсон үл баримтыг үнэн зөв мэдүүлсэн атал ямар ч баримт нотолгоогүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг бодитой, үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.3 дах хэсэгт заасан заалтад Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасан байх тул талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь эргэлзээтэй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй гэж үзэж байгаа бол хэрэгт авагдсан нотлох баримт болох 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэх үндэслэл бүрдэнэ. Нэхэмжлэгч 22 100 000 төгрөг нэхэмжилсэн, харин хариуцагч 12 100 000 төгрөг төлнө гэж тайлбар хийсэн өөр ямар ч баримт байхгүй /хэрэгт цугларсан баримтаар шийдвэрлэх боломжгүй/ эргэлзээтэй байхад хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүй, гэрээний үнэ 50 000 000, эсхүл 60 000 000 төгрөг байсан гэдгийг тогтоолгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгааг эрс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 22 100 000 гэснийг өөрчилж 12 100 000 төгрөг... гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Т.Төгсбүлгүүн нь хариуцагч Э.Энхбатад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 22 100 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Т.Төгсбүлгүүн болон Э.Энхбат нар нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож, гэрээ байгуулан Мерседес Бенз Жи 500 маркийн, 83-86 УНС улсын дугаартай автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, автомашины үнэнд 37 900 000 төгрөг төлөгдсөн зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Энэ талаар талууд маргаагүй. Харин Мерседес Бенз Жи 500 маркийн автомашины үнийн үлдэгдэл хэд болох талаар маргаж мэтгэлцсэн.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухай шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хэргийн 4 дүгээр талд авагдсан 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 2.2-т гэрээ байгуулсан өдөр төлбөрийг бэлнээр төлнө, 2.3-т төлбөр бүрэн төлөгдсөн. Тооцоо дууссан гэж төлбөрийн тооцооны талаар тодорхой заасан байна. Мөн гэрээний 3.5-т гэрээг талууд зөвшөөрсний үндсэн дээр бусдын дарамт шахалт хүчин зүйлийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн байгуулсан гэдгээ тодорхой дурдсан. Гэрээний гол нөхцөлтэй холбоотой 3.8-т нэмэлт нөхцөл зааж, төлбөр бүрэн төлөгдсөн, тооцоо дууссан гэх баримтаас үзэхэд хариуцагчийг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна. Гэвч хариуцагч 12 100 000 төгрөгийн төлбөрийг төлөх талаар буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан байх тул эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд уг тайлбарт үндэслэн гэрээний үүргийн үлдэгдлийг тодорхойлох боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн тайлбар нотлох баримт болох тул хариуцагчийн дээрх тайлбарыг хэрэгт авагдсан Жи Эс Би ББСБ ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээгээр Э.Энхбатын нэр дээр шилжүүлсэн Мерседес Бенз Жи 500 маркийн, 83-86 УНС улсын дугаартай автомашиныг барьцааны гэрээний дагуу Жи Эс Би ББСБ-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, /хх-58/ мөн оны 05 дугаар сарын 04-ний өдөр талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан цаг хугацаа зэргийг харьцуулан үзвэл тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах төлбөрийн нөхцөлийн талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Ийм учраас хариуцагч Э.Энхбатаас гэрээний үүргийн үлдэгдэл 12 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Харин хариуцагч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 53а байрны 808 тоотод амьдардаг болох нь нэхэмжлэл гардуулсан тухай баримтад түүний бичсэн тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг зөрчөөгүй. /хх-12/ Шүүх хоорондын нутаг дэвсгэрийн харьяаллын асуудал нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуулиар тогтоосон үндэслэлд хамаарахгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03159 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 22 100 000 төгрөгийг ... олгосугай гэснийг 12 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Төгсбилгүүнд олгож, нэхэмжлэлээс 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 268 450 гэснийг 208 550 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ