Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00725

 

Т.Т-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж,  шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03159 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 200 дугаар магадлалтай,

Т.Т-ий нэхэмжлэлтэй,

Э.Э-д холбогдох,

22.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Э.Э-тай харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулан, “Мерседес Бенз Жи 500” маркийн, 83-86 УНС улсын дугаартай автомашиныг, бэлнээр үнийг нь төлбөл 55.000.000 төрөг, урьдчилгаа төлж, үлдсэн төлбөр дээр нь хугацаа тохирон төлнө гэвэл 60.000.000 төгрөгөөр гэж тохиролцон худалдсан ба урьдчилгаа төлөхөөр болж 60.000.000 төгрөгөөр худалдсан. Э.Э- 30.000.000 төгрөгийг урьдчилан төлсөн. Үлдэх 30.000.000 төгрөгийг нь 1 жилийн хугацаанд хувааж төлнө гэж амаар тохиролцсон бөгөөд худалдаж авсан автомашинаа барьцаанд тавьж зээл аван урьдчилгаа төлбөрөө төлөх зорилгоор худалдах-худалдан авах гэрээнд “төлбөрөө бүрэн төлсөн” гэж бичүүлж, автомашины өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад ББСБ-ын зээлийн барьцаанд тавьж зээл аван урьдчилгаа 30.000.000 төгрөгийг надад өгсөн. Үүнээс хойш цувуулан 2.900.000 төгрөг, нийт 32.900.000 төгрөг төлсөн. 2016 оны 6 дугаар сард намайг хөдөө явсан хойгуур ББСБ-ын өрөнд хураалгаж, уг байгууллага цааш нь худалдсан байсан. Хариуцагч Э.Э- нь надад 30.000.000 төгрөг бэлнээр, 2.900.000 төгрөг шилжүүлгээр, автомашины засварын зардал 5.000.000 төгрөг тус тус өгсөн бөгөөд үлдэгдэл 22.100.000 төгрөгийг өгөхгүй өдий хүртэл намайг хохироож байна. Иймд Э.Э-аас үлдэгдэл 22.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Т.Т-тэй тохиролцон, хэлцэл хийж худалдах-худалдан авах гэрээ байгуулахгүйгээр “Мерседес Бенз Жи 500” маркийн авто машиныг 50.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авах аман хэлцэл хийж худалдан авсан. Урьдчилгаа мөнгөн дүнг төлөхдөө “Жи Эс Пи” ББСБ-аас тухайн худалдаж авсан авто машиныг барьцаалан, тодорхой мөнгөн дүнг төлнө гэж тохирсон. Би Т.Т-тэй тохиролцож худалдах-худалдан авах үнийн дүнг 60.000.000 төгрөгөөр үйлдэж, худалдах-худалдан авах гэрээг хийсэн. Гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг нотлох бас нэгэн нотолгоо нь тухайн авто машиныг худалдан авахдаа төлбөрийг худалдагч талд бүрэн төлж барагдуулсан гэсэн заалт гэрээнд тусгагдсанд байдаг. Тухайн үед миний санхүүгийн нөхцөл байдал хүндэрч барьцаанд байгаа авто машины зээлийн хүүг ч төлөх чадваргүй болж эхэлсэн. Тиймээс Т.Т-д авто “машины үнээ хямдруулж зарах эс бөгөөс цаашид би энэ хүүг нь төлөх боломжгүй боллоо чи төлж яв” гэхэд зөвшөөрсөн. Цаашид ББСБ-ын хүүний төлбөр cap бүр 840.000 төгрөгийг Т.Т- төлөхөөр тохирсон. Гэвч Т.Т- тохирсон хэлцлийн дагуу хүүний төлбөр төлөөгүй 4-өөс дээш cap болсон. “Жи Эс Пи” ББСБ нь гэрээний дагуу авто машиныг борлуулах шаардлага тулгарч миний бие худалдан борлуулахыг зөвшөөрсөн. Би Т.Т-д 30.000.000 төгрөгийг бэлнээр, 2.900.000 төгрөгийг мөн бэлнээр төлсөн. 5.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий засварын зардал тус төлж барагдуулсан. Харин төлбөл зохих дүнг 12.100.000 төгрөг гэж үзэж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03159 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Э-аас 22.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 268.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 200 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03159 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “22.100.000 төгрөгийг ... олгосугай” гэснийг “12.100.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Т-д олгож, нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “268.450” гэснийг “208.550” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 200 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь гэрээний дагуу мөнгийг бүрэн төлсөн баримт ч байдаггүй. Нэхэмжлэгч тал гэрээний 2.2, 2.3, 3.8 дахь хэсэгт заагдсан нөхцөлүүдийг дээрх байдлаар тайлбарлаж, хариуцагч үүнийг няцааж маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагчийн гаргасан баримт нотолгоогүй тайлбарыг үндэслэн хэтэрхий нэг талд үйлчилсэн шийдвэрийг гаргалаа. Хариуцагчийн давж заалдах гомдолд үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, нотолгоог авч хэлэлцээгүй хэргийн оролцогчдын тэгш эрхийг хангах, шударга ёсны байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 200 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Т-ий “...22.100.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.Э- эс зөвшөөрч, маргажээ.

Зохигч талууд 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр худалдах- худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь Мерседес бенз жи 500 маркийн 83-86 УНС улсын дугаартай автомашиныг 60.000.000 төгрөгөөр худалдах, хариуцагч Э.Э- уг машиныг хүлээн авч, машины үнэд 37.900.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч машины үнийг бүрэн төлөөгүй гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс 12.100.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн бол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрээнд төлбөр бүрэн төлөгдсөн, тооцоо дууссан талаар заасан...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3., 6.6-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.

Түүнчлэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн “...Э.Э- нь худалдан авсан машинаа барьцаанд тавьж зээл авч урьдчилгаа төлбөрийг төлөх зорилгоор гэрээнд төлбөрөө бүрэн төлсөн гэж бичүүлсэн...” гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүйгээс гадна төлбөрөөс 12.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрчээ.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч машины үнийг бүрэн төлөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 12.100.000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, гэвч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүйгээс гадна хоорондоо зөрчилтэй  дүгнэлт хийжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох  баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 200 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.      

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ