Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03159

 

      2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03159

                  Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Т-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Э-д холбогдох,

 

22 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Э.Этай харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулан, “Мерседес Бенз Жи 500” маркийн, 83-86 УНС улсын дугаартай автомашиныг, бэлнээр үнийг нь төлбөл 55 000 000 төрөг, урьдчилгаа төлж, үлдсэн төлбөр дээр нь хугацаа тохирон төлнө гэвэл 60 000 000 төгрөгөөр гэж тохиролцон худалдсан ба урьдчилгаа төлөхөөр болж 60 000 000 төгрөгөөр худалдсан. Э.Э нь 60 000 000 төгрөгийн 50 хувь болох 30 000 000 төгрөгийг урьдчилан төлсөн. Үлдэх 30 000 000 төгрөгийг нь 1 жилийн хугацаанд хувааж төлнө гэж амаар тохиролцсон бөгөөд худалдаж авсан автомашинаа барьцаанд тавьж зээл аван урьдчилгаа төлбөрөө төлөх зорилгоор худалдах-худалдан авах гэрээнд “төлбөрөө бүрэн төлсөн” гэж бичүүлж, автомашины өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад ББСБ-ын зээлийн барьцаанд тавьж зээл аван урьдчилгаа 30 000 000 төгрөгийг надад өгсөн. Үүнээс хойш цувуулан 2 900 000 төгрөг, нийт 32 900 000 төгрөг төлсөн. Гэвч тэрээр үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй болж, зээлийн барьцаанд тавьсан автомашин хураагдах асуудал яригдаж эхлэхээр нь автомашиныг хоёулаа нийлж зарахаар болж худалдах зар тавьсан. Зар тавьсны дараа автомашиныг үзэхэд эвдрэл гэмтэл маш их болсон байсан тул засварын газарт өгч засуулаад зарахаар болсон. Автомашины засварын хөлс 5 000 000 төгрөг болсон бөгөөд Э.Э ББСБ-аас авсан зээл, зээлийн хүүг төлөхгүй байсан. Засварын зардал 5 000 000 төгрөгийг би төлж, Э.Эаас авах үлдэгдэл төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон ба 2016 оны 6 дугаар сард намайг хөдөө явсан хойгуур ББСБ-ын өрөнд хураалгаж, уг байгууллага цааш нь худалдсан байсан. Хариуцагч Э.Э нь надад 30 000 000 төгрөг бэлнээр, 2 900 000 төгрөг шилжүүлгээр, автомашины засварын зардал 5 000 000 төгрөг тус тус өгсөн бөгөөд үлдэгдэл 22 100 000 төгрөгийг өгөхгүй өдий хүртэл намайг хохироож байна. Автомашиныг Э.Эын нэр дээр шилжүүлж, зээл авахуулахын тулд үнийг нь төлсөн гэж гэрээндээ тусгасан бөгөөд энэ хэлцэл нь талууд хүсэл зоригоо илэрхийлэн, тохиролцоогоо тусган хийсэн, хүчин төгөлдөр хэлцэл. Хэрэв гэрээндээ тусгасан шиг автомашины үнэ төлөгдсөн юм бол хариуцагч нь энэ гэрээ байгуулснаас хойш төлбөр төлөхгүй байх байсан гэж үзэж байна. Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргах ямар ч үндэслэл байхгүй бөгөөд бидний байгуулсан гэрээ түүний маргаж байгаа шиг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш. Иймд Э.Эаас үлдэгдэл 22 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Т.Ттэй тохиролцон, хэлцэл хийж худалдах- худалдан авах гэрээ байгуулахгүйгээр “Мерседес Бенз Жи 500” маркийн авто машиныг 50 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах аман хэлцэл хийж худалдан авсан. Худалдаж авах ерөнхий нөхцөл нь “тодорхой мөнгөн дүн төлөөд үлдсэн төлбөрийг нь хугацаа заахгүйгээр боломжоороо худалдагч талд төлж барагдуулна” гэсэн аман хэлцэл байгуулсан. Урьдчилгаа мөнгөн дүнг төлөхдөө “Жи Эс Пи” ББСБ-аас тухайн худалдаж авсан авто машиныг барьцаалан, тодорхой мөнгөн дүнг төлнө гэж тохирсон. Т.Т урьдчилгаа авто машины худалдсан дүнгээс 30 000 000 төгрөгийн урьдчилгаа авна гэсэн учир миний худалдаж авсан гэх “Мерседес Бенз Жи 500” маркийн машиныг тухайн ББСБ-д барьцаалж, 30 000 000 төгрөгийг Т.Тд төлөх шаардлага тулгарсан. Харин автомашин барьцаалан 30 000 000 төгрөг авахын тулд заавал худалдах-худалдан авах гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатайг ББСБ-ын ажилтан шаардсан. Мөн авто машины үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгө зээлээр олгохоо мэдэгдсэн. Тиймээс миний бие Т.Ттэй тохиролцож худалдах-худалдан авах үнийн дүнг 60 000 000 төгрөгөөр үйлдэж, худалдах-худалдан авах гэрээг хийсэн. Энэ гэрээ нь анхны худалдах-худалдан авах хэлцлийн дүн 60 000 000 төгрөг биш гэдгийг 2 тал маш сайн ухамсарлаж байсан. Т.Тий нэхэмжлэлд дурдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцэл” гэдгийг гэрээ хийгч талууд тухайн үедээ мэдэж байсан. Гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг нотлох бас нэгэн нотолгоо нь тухайн авто машиныг худалдан авахдаа төлбөрийг худалдагч талд бүрэн төлж барагдуулсан гэсэн заалт гэрээнд тусгагдсанд байдаг. Үүнээс хойш цувуулж Т.Тд 2 900 000 төгрөг төлсөн. Авто машин худалдах, худалдан авах аман хэлцэл хийснээс хойш 5 сарын дараа миний бие Т.Тд “үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй боллоо, хэлцлээ цуцлая” гэж хэлсэн. Гэтэл Т.Т хүлээн зөвшөөрч “энэхүү авто машиныг гуравдагч этгээдэд борлуулаад би чиний үлдэгдэл төлбөрийг буцаан олгоё” гэж хэлж бид тохиролцсон Гэвч Т.Т авто машинаа зарах зарлал тавихдаа тухайн авто машиныг зах зээлийн ханшнаас өндөр буюу 60 000 000 төгрөгийн үнэтэй зарахаар зарлал тавьсан байсан. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Тиймээс худалдан авагч олдохгүй маш их цаг хугацаа алдсан. Миний бие энэ талаар хэлэхэд “би машинаа хэдээр зарахаа өөрөө мэднэ чи дуугүй бай” гэдэг зүйл хэлж байсан. Тухайн үед миний санхүүгийн нөхцөл байдал хүндэрч барьцаанд байгаа авто машины зээлийн хүүг ч төлөх чадваргүй болж эхэлсэн. Тиймээс Т.Тд авто “машины үнээ хямдруулж зарах эс бөгөөс цаашид би энэ хүүг нь төлөх боломжгүй боллоо чи төлж яв” гэхэд зөвшөөрсөн. Цаашид ББСБ-ын хүүний төлбөр cap бүр 840 000 төгрөгийг Т.Т төлөхөөр тохирсон. Гэвч Т.Т тохирсон хэлцлийн дагуу хүүний төлбөр төлөөгүй 4-өөс дээш cap болсон. Төлбөрөө төлөхгүй олон cap явсан учир ББСБ-аас авто машиныг өөрийн гараашид барьцаа болгон тавих шаардлага тавьсан. Мөн энэ хугацаандаа Т.Т нь автомашиныг ББСБ-ын хашаанаас гаргуулан, надтай харилцан тохиролцохгүйгээр авто засварын газар өгч 5 000 000 төгрөгийн засвар хийлгэсэн. ББСБ нь намайг тухайн авто гараашид машинаа тавихыг шаардаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй бол шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тиймээс миний бие арга буюу өөрийн найзын авто машиныг “Жи Эс Пи” ББСБ-д дахин 5 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, автомашины засварын төлбөрийг төлж барагдуулсан. “Жи Эс Пи” ББСБ нь гэрээний дагуу авто машиныг борлуулах шаардлага тулгарч миний бие Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн худалдан борлуулахыг зөвшөөрсөн. Үүний дагуу “Жи Эс Пи” ББСБ нь тухайн авто машиныг борлуулж, Т.Тий төлнө гэсэн хүүний зардал болон зээлийн үндсэн төлбөрийг суутган авсан. Миний бие Т.Тд 30 000 000 төгрөгийг бэлнээр, 2 900 000 төгрөгийг мөн бэлнээр төлсөн. 5 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий засварын зардал тус төлж барагдуулсан. Харин төлбөл зохих дүнг 12 100 000 төгрөг гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд миний бие Т.Тд автомашин худалдан авсан төлбөрөө барагдуулахгүй гэж хэлж байгаагүй. Зөвхөн үлдэгдэл төлбөр дээр 2 талаас тохирч эцэслэх хэрэгтэй байгааг байнга сануулж хэлж, гуйж байсан. Миний Т.Тээс худалдаж авсан гэх “Мередес Бенз Жи 500” маркийн автомашин ББСБ-ын барьцаанд удаан хугацаагаар байсан нь, мөн надтай харилцан тохиролцоогүйгээр авто засварт өгсөн явдал нь намайг санхүүгийн хувьд маш хүнд байдалд оруулж байсан. Тиймээс миний бие Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг үндэслэн үйлдэл гаргасан юм. Тиймээс шүүх миний төлбөл зохих 12 100 000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээний 2-т гэрээний зүйлийг 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “гэрээ байгуулсан өдөр төлбөрийг бэлнээр төлнө” гэж заасан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “төлбөр бүрэн төлөгдсөн. Тооцоо дууссан” гэж заасан байгаа. Ингээд төлбөр бүрэн төлөгдсөн, тооцоо дууссан гэсэн гол нөхцөлтэй гэрээ хийсэн. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт гэрээг талууд зөвшөөрсний үндсэн дээр бусдын дарамт шахалт хүчин зүйлийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн байгуулсан гэдгээ гэрээнд тодорхой дурдсан. Гэрээний гол нөхцөлтэй холбоотой гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтад нэмэлт нөхцөлийг заасан. Нэмэлт нөхцөл дээр төлбөр төлөгдсөн гэсэн утгаар гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангасан баримт байгаа. Энэ баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал иш татах эрхтэй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар талуудын хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус гэж маргах ямар ч үндэслэл байхгүй. Хүчин төгөлдөр гэрээний үүргийн хувьд гэрээний үүрэг дуусчихсан. Хэрвээ энэ гэрээ нь хүчин төгөлдөр бол гэрээгээр мөнгө төлөх ямар ч үүрэг байхгүй. Гэрээний үүрэг дууссан учир худалдагчийн шаардах эрх үүсээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж заасан. Энэ төлбөр төлөгдөөгүй, 22 100 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэдгээ нэхэмжлэгч  ямар баримтаар нотолж байгаа юм. Хавтаст хэрэгт ямар ч баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт хариуцагч татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж заасан. Хариуцагчийн зүгээс нотлох баримтуудыг гаргаагүй. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ямар ч төлбөр тооцооны үүрэг хүлээхгүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Э.Эад 22 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...автомашин худалдсан үлдэгдэл төлбөрт 22 100 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...автомашины үнийг 50 000 000 төгрөгөөр тохирсон ...үлдэгдэл 12 100 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бус” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...гэрээнд төлбөрийг бүрэн төлсөн гэж заасан, гэрээний төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэх эрхгүй” гэж тус тус харилцан адилгүй үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Би 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Э.Этай харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулан, “Мерседес Бенз Жи 500” маркийн, 83-86 УНС улсын дугаартай автомашиныг худалдахаар тохиролцсон” гэх, хариуцагчийн “Миний бие 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Т.Ттэй тохиролцон, хэлцэл хийж худалдах-худалдан авах гэрээ байгуулахгүйгээр “Мерседес Бенз Жи 500” маркийн автомашиныг худалдан авах аман хэлцэл хийж худалдан авсан” гэх тайлбар болон “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” /хх 4 дүгээр талын арын нүүр/-ээр талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Мерседес Бенз Жи 500” маркийн, 83-86 УНС улсын дугаартай автомашиныг худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хариу төлбөр төлөх талаар маргаагүй байх тул тэднийг гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл буюу автомашиныг хариу төлбөртэйгээр шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүх тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ээр нэхэмжлэгч нь “Мерседес Бенз Жи 500” маркийн, 83-86 УНС улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр заасан байх боловч хариуцагч нь хариу төлбөрийн хэмжээг “50 000 000 төгрөг байхаар тохирсон, гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус” гэж маргажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний гол нөхцөлийг үгүйсгээгүй атлаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж хоорондоо зөрчилтэй тайлбар гаргаж байхаас гадна автомашины үнийн талаар маргаж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар гэрээний 2.1 дэх заалт буюу гол нөхцөл болох үнийн дүнг 60 000 000 төгрөгөөр тохиролцсоныг 50 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх, мөн гэрээг бүхэлд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Тухайлбал, уг гэрээг ямар үндэслэлээр үнэн санаанаасаа бус гэж, мөн хэрхэн хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцсон, түүнчлэн ямар тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаагаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан “...үлдэгдэл 12 100 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй” гэх тайлбараас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “гэрээний 2.3-т зааснаар төлбөрийг бүрэн төлсөн, тооцоо дууссан тул төлбөр төлөх үндэслэлгүй” гэх татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 2.3-т хэдийгээр “төлбөрийг бүрэн төлсөн, тооцоо дууссан” гэж заасан байх боловч энэ нь хариуцагчийн тайлбараар үгүйсгэгдэж байх тул уг заалтаар хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд уг үүрэг бодитоор хэрэгжсэн байхыг шаардана. Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотлох баримт болдог. Гэтэл нь хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын автомашины үнийг төлсөн үйл баримтын талаарх тайлбар, татгалзал нь харилцан адилгүй, харин хариуцагч болон нэхэмжлэгч нарын тайлбар нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн хувьд гэрээний зүйлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн нь “Жи Эс Би капитал” /GSB Capital/ ББСБ-ын 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15/315 дугаар албан бичгээр нотлогдож байхаас гадна хариуцагч автомашиныг хүлээн авсан үйл баримтыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ба харин хариуцагчийг хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 22 100 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 22 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Эаас 22 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Тд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 268 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН