Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01443

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01443

 

 

Т.Хатанбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00629 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Хатанбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Их ирээдүй капитал ББСБ ХХК

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоолгох, Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх хөрөнгийн өөрт ноогдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэгмэд

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

М.Насантогтох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч:

А.Батбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Хатанбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн аав Д.Түмэнхүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр Их ирээдүй капитал ББСБ ХХК-д төлбөр төлөх ёстой бөгөөд барьцааны хөрөнгө болох Сүхбаатар 6 дугаар хороо, Их тойруу, 73/1 байрны 2, 3, 4 давхрын орон сууцны зориулалттай 468 м.кв талбайтай Ү-2203021833 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт хураан авч, улмаар төлбөр авагчид шилжүүлэх ажиллагааг явуулна гэж мэдэгдэж байгаагаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гуравдагч этгээд болох Т.Хатанбаатарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хэдийгээр дээрх үл хөдлөх хөрөнгө зөвхөн нэхэмжлэгчийн аавын нэр дээр бүртгэлтэй боловч гэр бүлийн маань хамтран өмчлөх дундын өмч юм. Иймд уг эд хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг зөрчиж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. Мөн хуулийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна гэж заасан байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дундын өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, гэр бүлийн нэг гишүүний өр төлбөрийн төлөө гэр бүлийн бусад гишүүдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж байгаад туйлын гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд шүүхэд гомдол гаргах эрхтэй байна. Иймд миний гомдлыг хүлээн авч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2153 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, зөвхөн аав Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх хөрөнгөний өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоож өгнө үү. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ногдох хэсгээр явуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр Д.Түмэнхүүгээс 369 662 949 төгрөгийг гаргуулж, Их ирээдүй капитал ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Түмэнхүүгийн өмчлөлийн улсын бүртгэлийй Ү-2203021833 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б тоотын 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Д.Түмэнхүүд хадгалалт хамгаалтыг хариуцуулан хөрөнгө хамгаалах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн. Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 151/04 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, дахин төлбөрийг сайн дураар төлөх хугацаатай мэдэгдпийг төлөгчид өгсөн боловч төлөөгүй. Иймд битүүмжлэн, хураасан төлбөр төлөгч Д.Түмэнхүүгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 42б байрны 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 2 500 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон тул харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувь буюу 1 750 000 000 төгрөгөөр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнэ болох 2 500 000 000 төгрөгийн 50 хувь буюу 1 250 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заагдсан төлбөр төлөгч Д.Түмэнхүүгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Их Ирээдүй Капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмч байхаар заасан, мөн хуулийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийи хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авахаар заасан. Дээрх хуулийн зохицуулалт нь захиран зарцуулах хэлцэл хийх үед өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүн байх тохиолдолд үйлчилнэ гэж үзэж байна. Т.Хатанбаатар нь Их Ирээдүй Капитал ББСБ ХХК болон Түмэнхүү нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байх бөгөөд захиран зарцуулах хэлцлийг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Түмэнхүүтэй барьцааны гэрээ байгуулахад уг хөрөнгийг бүхэлд нь барьцаалж зээл олгосон болно. Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж 2 шатны дуудлага худалдаа хийгдэж, дуудлага худалдаагаар борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгох хурал хийгдэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоолгох нэхэмжлэгч Т.Хатанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Хатанбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сонинбаяр давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Т.Хатанбаатар нь М.Сонинбаяр надад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэх итгэмжлэл олгосон. Шүүхийн ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар эхэлсэн боловч шүүх тодорхойгүй шалтгаанаар 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хурал зарлаагүй. Хурлын өдөр ирэхэд хариуцагч талаас 27 хуудас баримт ирүүлсэн, гуравдагч этгээдээр Их ирээдүй капитал ББСБ ХХК оролцох болсон байсан бөгөөд уг материалтай танилцан судлах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлага бий болсон тул өмгөөлөгч авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас өмгөөлөгч олох боломж хязгаарлагдмал байснаас хурал болох өдөр 14 цагийн орчим өмгөөлөгч С.Мөнхцэцэгтэй гэрээ байгуулж, өөрийн өмгөөлөгчтэй хамт оролцох хүсэлт, С.Мөнхцэцэг өмгөөлөгчийн хурал давхацсан тухай хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхэд өгсөн боловч хүлээн авалгүй хурлыг үргэлжлүүлсэн. Үндэслэлээ нотлох баримт хангалтгүй байна гэж үзсэн. Миний бие шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтдээ хурал давхацсан талаар тодорхой бичиж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахтай холбогдон лавлахыг хүссэн боловч шүүх хангаагүй. Гэрээг байгуулан хурал давхацсан байдлаа нотлох баримт болох хурал зарласан захирамжийг шүүхэд өгөх цаг хугацаа хомс байсныг шүүх үл тоомсорлосон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт ... хууль зүйн туслалцаа авах... эрхээ эдлэх хүсэлтээ шүүх хурлын явцад ч шүүхэд хандан удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг минь үл хайхран өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтойгоор зөрчин, өмгөөлөгчийн шүүх хуралдаан оролцох эрхийг хангалгүй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Хатанбаатар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрт оногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Их ирээдүй капитал ББСБ ХХК хариуцагч байгууллагыг дэмжиж оролцсон байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэрээр Д.Түмэнхүүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 372 049 316,67 төгрөг гаргуулан Их ирээдүй капитал ББСБ ХХК-д  олгож, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сүхбаатар дүүгийн 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 12-13 тал/

 

Дээрх  шийдвэрийн дагуу 2016  оны 10 дугаар сарын 5-ны өдөр 181/ГХ2016/00489 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэн,  Д.Түмэнхүүгийн өмчлөлийн Сүхбаатар дүүгийн 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/23 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 151/04 дугаар тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 50, 56, 59 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Түмэнхүү, төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ ХХК нь дээрх обьектыг 2 500 000 000 төгрөгөөр үнэлсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 4/09 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 5/24 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус гаргасан байна. /хх-ийн 9-15, 43, 46/

Сүхбаатар дүүгийн 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Түмэнхүү болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 8 тал/ Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь төлбөр төлөгч Д.Түмэнхүүгийн өмчлөлийн эд зүйл бөгөөд тэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй болно. Төлбөр төлөгчийн дангаар өмчлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгч Т.Хатанбаатарын өмчлөх эрхэд нөлөөлсөн гэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь тогтоогдоогүй хөрөнгийн талаар явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэхэмжлэгч Т.Хатанбаатарын өмчлөх эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэсэн үндэслэл заасан байна. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаж шүүх хуралдааныг хойшлуулжээ. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Мөнхцэцэг ирээгүй нь шүүх хуралдааныг зайлшгүй хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00629 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Хатанбаатарын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ц.ИЧИНХОРЛОО