Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01639

 

Т.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00629 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1443 дугаар магадлалтай,

 Т.Хын нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоолгох, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн Д.Т-д ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч А.Батбаатар, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Т- нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр И И К ББСБ ХХК-д төлбөр төлөх ёстой бөгөөд барьцааны хөрөнгө болох Сүхбаатар 6 дугаар хороо, Их тойруу, 73/1 байрны 2, 3, 4 давхрын орон сууцны зориулалттай 468 м.кв талбайтай Ү-2203021833 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг НШШГГ-аас төлбөрт хураан авч, улмаар төлбөр авагчид шилжүүлэх ажиллагааг явуулна гэж мэдэгдэж байгаагаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хэдийгээр дээрх үл хөдлөх хөрөнгө зөвхөн Д.Т-гийн нэр дээр бүртгэлтэй боловч гэр бүлийн маань хамтран өмчлөх дундын өмч юм. Иймд уг эд хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг зөрчиж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. Мөн хуулийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна гэж заасан. Гэтэл НШШГГ-аас дундын өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, гэр бүлийн нэг гишүүний өр төлбөрийн төлөө гэр бүлийн бусад гишүүдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж байгаад туйлын гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд шүүхэд гомдол гаргах эрхтэй байна. Иймд миний гомдлыг хүлээн авч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2153 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, зөвхөн аав Д.Т- тухайн үл хөдлөх хөрөнгөний өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоож өгнө үү. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ногдох хэсгээр явуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр Д.Т-гээс 369.662.949 төгрөгийг гаргуулж, И И К ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Т-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203021833 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б тоотын 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн. Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 151/04 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, дахин төлбөрийг сайн дураар төлөх хугацаатай мэдэгдлийг өгсөн боловч төлөөгүй. Иймд битүүмжлэн, хураасан төлбөр төлөгч Д.Т-гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 2.500.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон тул харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувь буюу 1.750.000.000 төгрөгөөр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнэ болох 2.500.000.000 төгрөгийн 50 хувь буюу 1.250.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заагдсан төлбөр төлөгч Д.Т-гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И И К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтохын шүүхэд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмч байхаар заасан, мөн хуулийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авахаар заасан. Дээрх хуулийн зохицуулалт нь захиран зарцуулах хэлцэл хийх үед өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүн байх тохиолдолд үйлчилнэ гэж үзэж байна. Т.Х нь И И К ББСБ ХХК болон Түмэнхүү нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байх бөгөөд захиран зарцуулах хэлцлийг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Д.Т-тэй барьцааны гэрээ байгуулахад уг хөрөнгийг бүхэлд нь барьцаалж зээл олгосон болно. Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж 2 шатны дуудлага худалдаа хийгдэж, дуудлага худалдаагаар борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгох хурал хийгдэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00629 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ- гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, Д.Т- тухайн үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоолгох нэхэмжлэгч Т.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1443 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00629 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Хын төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгчтэй хуралд оролцох эрх болон өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй. Нэхэмжлэгч Т.Х нь М.Сонинбаяр надад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэн шүүх ажиллагаанд бүрэн төлөөлөх итгэмжлэл олгосон. Шүүхийн ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар эхэлсэн боловч шүүх тодорхойгүй шалтгаанаар 2018 оны 3 дугаар сарын 09-ийг хүртэлх хугацаанд хурал зарлаагүй бөгөөд миний бие 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зарлагдсан шүүх хуралд оролцоход хариуцагчаас 27 хуудас материал шүүхэд өгсөн мөн гуравдагч этгээдээр “И И К” ББСБ оролцох болсон байсан бөгөөд уг материалтай танилцан судлах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлага бий болсон тул миний бие өмгөөлөгч авч төлөөлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах хүсэлтээ гаргасныг шүүх ханган шүүх хурлыг хойшлуулсан. Хурал 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон. Гэвч миний бие эрүүл мэндийн шалтгаанаар өмгөөлөгч олох боломж хязгаарлагдмал байснаас шүүх хурал болох өдөр 14 цагийн үед С.Мөнхцэцэг өмгөөлөгчтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ“ байгуулсан. Гэтэл өмгөөлөгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 15 цагт шүүх хуралтай энэ хурал давхацсан учраас оролцож чадахгүй байгаагаа илэрхийлэн хурал хойшлуулах хүсэлтээ бичиж өгөөд цаг амжихааргүй байгаа тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа шүүх хурлынх нь шүүгчийн туслахтай холбогдон лавлаж баримтжуулахыг шүүгчээс хүсээрэй гэсэн. Өмгөөлөгч Баянгол дүүргийн шүүхэд зарлагдсан хурлаасаа 30 хан минутын өмнө энэхүү гэрээг байгуулан өгсөн хүсэлтдээ хурал давхацсаныг нотлох захирамжийг хавсарган өгөх цаг хугацаа хомс байсныг нь миний бие шүүхэд хэлж одоо хуралдаж байгаа шүүхээс нь шүүхийн журмаар асууж өгөхийг хүсэж Т.Гандиймаа шүүгчийн туслахын 88876154 дугаарын утсыг өгч тайлбарласаар байсан боловч анхан шатны шүүх үл тоож хүсэлтүүдийг хангаагүй. Ийнхүү Үндсэн хуулийн 16.14-т заасан “...хууль зүйн туслалцаа авах...” эрхээ эдлэх хүсэлтээ шүүхэд хандан удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд оролцох эрхийг болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй анхан шатны шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон үндсэн хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг бодитоор хангасан эсэх өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах боломжтой байсан эсэхэд дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч С.Мөнхцэцэг нь давж заалдах шатны шүүх хуралд оролцох боломжгүй шалтгаанаа нотолсон баримт, хуралд оролцох хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд хүргүүлэн мэдэгдсээр байхад шүүх хурлыг хойшлуулах асуудлыг авч хэлэлцэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн өмгөөлөгчийн шүүх хуралд биечлэн оролцох эрхийг хангаагүйтэй адил шийдвэр гаргаж байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн. Ийнхүү бодит нөхцөл байдлыг үл хайхран давж заалдах шатны шүүх хурлыг хуралдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчид Үндсэн хуулийн 16.14-т заасан “... хууль зүйн туслалцаа авах...” эрхээ эдлэх бодит боломжоор нь хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлтээ бичгээр гаргасаар байхад хүсэлтийн үндэслэлийг хэлэлцэн шүүх хуралд өмгөөлөгчийг биечлэн оролцох боломжоор хангаагүй мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 186.3-т заасан үйл баримт байсаар байхад уг заалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Х НШШГГ-т холбогдуулж,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрхийг хөндөж буйг тогтоолгох, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн Д.Т-д ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...барьцааны зүйлээс төлбөр гаргуулах ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн...” гэж маргасан байна.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр И И К ББСБ оролцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр Д.Т- 367.666.666 төгрөгийг И И К ББСБ-д төлөх үүргийг хүлээж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байр, 42б тоотын 2, 3, 4-р давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийг хангуулахаар болсон байна.

Д.Т- төлбөрөө төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцааны үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоон анхны болон хоёрдох дуудлага худалдаа явуулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь нэг хүний буюу Д.Т-гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй бөгөөд уг эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх тогтоож, шийдвэртээ төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн үнээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг НШШГГ-т даалгасан байх тул уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Иймд Т.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй, эрхийг хязгаарласан гэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн “өмгөөлөгч авах, хэргийн баримттай танилцах” хүсэлтээр хойшлогдсон, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгч С.Мөнхцэцэг “шүүх хуралдаан давхацсан” үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх “хүсэлтээ нотолсон баримт ирүүлээгүй” гэж хангахгүй орхисныг буруутгах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны  өдрийн  хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг “өвчтэй” улмаас хойшлуулсан боловч дараагийн хуралд дээрх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг зөрчихгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00629 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1443 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ