Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 73/1-42 тоотод оршин суух, Харчу овогт Түмэнхүүгийн Х/РД: /-ын нэхэмжлэлтэй, 

 

          Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, НШт холбогдох, 

 

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон Бюлдинг, 404 тоотод байрлах, “И” ХХК/РД: /

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч Т.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний аав Д.Түмэнхүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.3.09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр “Их ирээдүй капитал” ББСБ-д төлбөр төлөх ёстой бөгөөд барьцааны хөрөнгө болох СБД-ийн 6-р хороо, Их тойруу, 73/1 байрны 2, 3, 4 давхрын орон сууцны зориулалттай 468 м.кв талбайтай Ү-2203021833 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт хураан авч, улмаар төлбөр авагчид шилжүүлэх ажиллагааг явуулна гэж мэдэгдэж байгаагаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гуравдагч этгээд болох Т.Х миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Хэдийгээр дээрх үл хөдлөх хөрөнгө зөвхөн миний аавын нэр дээр бүртгэлтэй боловч гэр бүлийн маань хамтран өмчлөх дундын өмч юм. Аав Д.Түмэнхүү нь ээж Г.Болортой 1992 онд гэрлэлтээ батлуулан, 1995 онд Т.Х би, 2005 онд охин дүү минь төрж, гэр бүлээрээ өнөөдрийг хүртэл бид хамтдаа амьдарч байна. Тэгэхээр ганц миний ч биш ээж, дүү, бид 3-ын гэр бүлийн дундын хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг зөрчиж байна.

Иргэний хуулийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. Мөн хуулийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна гэж заасан байна.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидний дундын өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, гэр бүлийн нэг гишүүний өр төлбөрийн төлөө гэр бүлийн бусад гишүүдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж байгаад туйлын гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэснээс үзэхэд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувьд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд шүүхэд гомдол гаргах эрхтэй байна

Иймд миний гомдлыг хүлээн авч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.3.09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, зөвхөн аав Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх хөрөнгөний өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоож өгнө үү.

Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ногдох хэсгээр явуулж өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр Д.Түмэнхүүгээс 369 662 949 төгрөгийг гаргуулж, “И” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Түмэнхүүгийн өмчлөлийн улсын бүртгэлийй Ү-2203021833 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б  тоотын 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар төлбөр төлөгч Д.Түмэнхүүд хадгалалт хамгаалтыг хариуцуулан хөрөнгө хамгаалах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн.

Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 151/04 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, дахин төлбөрийг сайн дураар төлөх хугацаатай мэдэгдпийг төлөгчид өгсөн боловч төлөөгүй.

Иймд битүүмжлэн, хураасан төлбөр төлөгч Д.Түмэнхүүгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 42б байрны 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 2.500.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон тул харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувь буюу 1.750.000.000 төгрөгөөр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнэ болох 2.500.000.000 төгрөгийн 50 хувь буюу 1.250.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заагдсан төлбөр төлөгч Д.Түмэнхүүгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Хын Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг ирүүлж байна.

Нэхэмжлэгч Т.Х нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, зөвхөн аав Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх хөрөнгөний өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмч байхаар заасан, мөн хуулийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийи хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авахаар заасан. Дээрх хуулийн зохицуулалт нь захиран зарцуулах хэлцэл хийх үед өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүн байх тохиолдолд үйлчилнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдах үед захиран зарцуулах эрх Хын аав Түмэнхүүд байсан бөгөөд барьцааны гэрээний агуулга нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах агуулга бүхий болно. Т.Х нь И болон Түмэнхүү нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байх бөгөөд захиран зарцуулах хэлцлийг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Түмэнхүүтэй Барьцааны гэрээ байгуулахад уг хөрөнгийг бүхэлд нь барьцаалж зээл олгосон болно.

Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2016 оны 03 дугаар 09-ний өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж 2 шатны дуудлага худалдаа хийгдэж, дуудлага худалдаагаар борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгох хурал хийгдэхээр байна. Дээрх хугацаанд уг хэргийн талаар маргаан гараагүй бөгөөд одоо шүүхэд энэ тухай маргаж буй нь хугацаа авах гэсэн башир арга юм гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч НШт холбогдуулан гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч НШ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “И” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж байгаа гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 908 дугаар тогтоолоор Д.Түмэнхүүгээс 367 666 666/гурван зуун жаран долоон сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 1 996 283/нэг сая есөн зуун ерэн зургаан мянга хоёр зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан “И” ХХК-д олгохоор, Д.Түмэнхүү нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203021833 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байр, 42б тоотын 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5035 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 489 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 2153 дугаар шийдвэр, 977 дугаар магадлал, 908 дугаар тогтоолын болон 5035 дугаар захирамж, 489 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:”, 34.1.1-т “ .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь 42б тоотын 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр битүүмжлэн, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хураан авч, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай № 4/09 тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай № 5/24 тогтоол гаргасан болох нь 11/23 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх болон 151/04 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбар, № 4/09 болон 5/24 тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.” гэж заасан.

 

Улсын бүртгэлийн Ү-2203021833 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байр, 42б тоотын 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Түмэнхүү болох нь 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000132156 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

42б тоотын 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь ... хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Д.Түмэнхүү нь 42б тоотын 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “И” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрийн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлалын, Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 908 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байна.” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 42б тоотын 2, 3, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцсэн байна.

 

Хариуцагчийн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх ашгийг хөндөөгүй байх ба тухайн үл хөдлөх хөрөнгийн ногдох хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШ гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоолгох нэхэмжлэгч Т.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШ гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх ашгийг хөндөж буйг тогтоох, Д.Түмэнхүү тухайн үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой болохыг тогтоолгох нэхэмжлэгч Т.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ