Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2020/02148

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02148

 

 

 

Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/02079 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А- ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Э- ХХК-д үүссэн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Э- ХХК болон Ханбогд сумын засаг даргатай 2014 оны 3 сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, чулуу бэлдэж олборлосон. Ханбогд сумын Засаг даргатай гэрээ байгуулснаар чулуу олборлох үйл ажиллагаа явуулах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, захиран зарцуулах эрх Э- ХХК-д үүссэн. Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сум нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт А- ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 1499Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах олборлосон чулууны хувьд эдлэх субъектив эрхийн талаар А- ХХК нь маргаан үүсгэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 00715 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 00658 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн боловч өмнө чулууны өмчлөх эрх үүссэн үйл баримтын талаар шаардлага гаргаагүй, шийдвэрлэгдээгүй орхигдсон. А- ХХК-аас ...хууль бусаар эзэмшиж буй 2 га газрыг чөлөөлүүлэх, хайгуулын талбайд хууль бусаар нэвтрэн ашиг хайж, байгаль орчинд хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоохыг даалгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, Э- ХХК нь уг газар дээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байх ба газрыг чөлөөлөх үүрэг хүлээсэн.

А- ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн гадна 3 овоолго чулуу байрлаж байгаа бөгөөд гадна талбай хэнийх гэдгийг нь мэдэхгүй боловч А- ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон чулуу гэдэг утгаараа хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ 3 овоолго чулууны хоёрыг нь Монгол Төмөр зам ТӨҮГ-аас үнийг төлж, худалдаж авсан бөгөөд уг овоолго чулууг Э- ХХК харж хамгаалж байгаа учир нэхэмжлэл гаргасан байдаг. Э- ХХК-д өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А- ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малталыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Э- ХХК-д үүссэн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь хийх ёстой юмаа хийгээд /хууль бусаар гүйцэтгэсэн/ ажлын хөлс төлбөрөө авсан. Э- ХХК нь уул уурхай эрхлэх зөвшөөрөлгүй, ТЭЗҮ, Байгаль орчины нарийвчилсан үнэлгээ, тайлан төлөвлөгөө батлуулаагүй, чулуу бутлах тусгай зөвшөөрөл аваагүй зэрэг маш олон төрлөөр хууль зөрчиж Эсто ХХК-д 90.000 орчим куб балластик чулуу буталж өгсөн. Эсто ХХК-нь Э- ХХК-ийг дээрх бичиг баримт бүрдүүлээгүй гэдгийг мэдээгүй.

Э- ХХК-нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 тоот журам гарснаар сумын засаг даргатай байгуулсан түр гэрээ дуусгавар болсон байхад манай газраас хууль бусаар чулуу олборлосон. Өөрөөр хэлвэл 2014 оны 7 сарын 09-ний өдөр Э- ХХК нь манай газар дээрх олборлолт, чулуу буталж ангилж шигших ажиллагаагаа зогсоогоогүй юм. Нэмж үргэлжлүүлэн буталсаар 90.000 куб балластик чулуу гаргаж авсан. Нэхэмжлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц, ашиглах боломжтой талбайн байршлын зураглалыг боловсруулж, Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх ном журамтай байхад тийнхүү өгөлгүйгээр тухайн ажлыг хийж гүйцэтгэснийг нь Улсын дээд шүүх болон 3 шатны шүүхээр тогтоогдсон.

А- ХХК-нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий энэ газарт есөн жил хайгуулын лиценз эзэмшиж байгаагийн татварт 184 000 000 төгрөг улсад төлсөн, дээрээс нь хайгуулын ажилд олон зуун сая төгрөг зарцуулсан газраас нь хууль бусаар, холбогдох уул уурхайн бичиг баримт зөвшөөрөлгүйгээр тэсэлгээ хийн олборлон гаргаж авсан дээрх 90.000 кубчулууны эзэмших өмчлөх эрхийн тухайд Монголын төмөр зам, Есто ХХК, Э- ХХК-уудыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэлээ гарах боломжтой байсан. Иймд Э- ХХК-ийн энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А- ХХК-д холбогдох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А- ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Э- ХХК-д үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Э- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Э- ХХК-д үүссэн болохыг тогтоолгох гэж тодорхойлж, уг шаардлагаар хэргийг хэлэлцүүлсэн. Гэтэл шүүх өөр шаардлагад дүгнэлт хийснээр шаардлагыг буруу ойлгож, 222 дугаар тогтоолоос хойшхи үйл баримтад дүгнэлт хийж хэргийг буруу шийдвэрлэсэн. Хариуцагч газрын хувьд хайгуул хийх эрхтэй гэхээс үйл ажиллагааны эрх, зөвшөөрөл, санхүүгийн баримт, ажил хийсэн нөхцөлийн талаар ямар тайлбар, нотлох баримт байхгүй, УДШ-ийн 2016.06.03-ны өдрийн 00658 дугаар тогтоолоор Э- ХХК-ийг хууль бус гэж дүгнэсэн учир Э- ХХК-ий газрын гүнээс гадаргуу дээр гаргасан чулууг авах эрхтэй гэж тайлбар гаргадаг. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ УДШ-ийн 2018.07.06-ны 03/2966 тайлбар хариу бичгийг хавсаргаж, түүнд 2016.06.03-ны өдрийн 00658 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хэрэгт эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хийгдсэн үйл ажиллагааны үр шим болох чулуу болон материал авах ажиллагааны талаар маргаагүй бөгөөд шүүх шийдвэрлээгүй, энэ талаар тогтоолд тусгагдаагүй гэсэн баримтаар энэхүү нэхэмжпэлийн шаардлага шүүхээр шийдвэрлэгдээгүй болохыг дүгнэсэн. Нэхэмжлэгчид эрх олгосон дараах эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрүүд болон гэрээ зэрэг хууль ёсны бөгөөд хуулийн хүчин төгөлдөр байдаг. Хариуцагч тал үгүйсгэж маргадаггүй. Шүүх нэхэмжлэгчийг А- ХХК-д холбогдуулан болон өмчлөх эрхийн талаар шаардлага гаргах эрхгүй гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн байх ба үндэслэлээ 3 овоолго чулууны хувьд л тайлбарлаж, 2 нь Төмөр зам ХК-ийнх, 1 нь А- ХХК-ийн газар дээр байхгүй байна гэснээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэлийн үндэслэлд "зөвхөн 3 овоолго чулууны эрхийн тухай бус эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлөөр эрх олгосон учир их хэмжээний хөрөнгөө зарцуулан үйл ажиллагаа явуулсны үр шим болох өрөмдлөгө тэсэлгээний үр дүнд газрын гүнээс гадаргуу дээр гарч ирсэн чулууны эрхийн тухай тайлбарлаж, үндэслэл болох нотлох баримтаар нотолсон. Монголын Төмөр зам" ТӨХК-д худалдаж шилжүүлсэн чулууны хувьд манай эрхтэй учраас шүүх Монголын Төмөр зам ТӨХК-д шилжүүлсэн чулууг хууль ёсны гэж дүгнэдэг бөгөөд хариуцагч тал маргадаггүй зөвшөөрдөг. Э- ХХК-иас гэрээнийхээ дагуу орон нутагт төлбөрөө төлсөн баримттай, А- ХХК-иас зөвшөөрөлгүй, гэрээгүй, төлбөр төлөөгүй нь хэрэгт тодорхой байгаа болно. Нэхэмжлэлийн үндэслэлд болон хариуцачийн тайлбарт дурьдагдаж буй чулуу нь Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн 222 дугаар тогтоол гарахаас өмнө 500 гаруй сая төгрөгийн төлбөр төлөгдөж хийгдсэн өрөмдлөгө, 2014.06.05-ны өдрийн тэсэлгээний ажлын үр дүн юм. 2014.06.05-ны өдрөөс хойш нэхэмжлэгч болон хэн нь ч өрөмдлөгө, тэсэлгээ хийгээгүй болох нь маргаангүй байгаа.

А- ХХК нь Х тусгай зөвшөөрөлтэй байсан ч хайгуулын үйл ажиллагааны хууль ёсны үр дүн байхгүй бөгөөд хуулийн дагуу хугацаагаа сунгуулаагүй үндэслэлээр 2016 онд дуусгавар болсон учир А- ХХ-ийн манай газар, манай чулуу гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, ямар ч үндэслэл баримтгүй юм. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлгүй тохиолдолд төрийн өмч болох чулууг хэн ч хөндөх, эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн хуульд заасан журмаар үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Эрдэнэт-постока ХХК нь хариуцагч А- ХХК-нд холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А- ХХК-ийн ашигт малталын хайгуулын Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөг, тэсэлгээ хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-4, 76/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ханбогд сумын засаг даргатай байгуулсан гэрээ, зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байтал хариуцагч шүүхэд хандсанаар газрыг чөлөөлсөн. Газрыг чөлөөлөхөөс өмнө, зөвшөөрөлтэй байх үедээ олборлосон болон олборлоход бэлэн болгосон чулуунуудын хувьд өмчлөх эрхийн асуудал шийдвэрлэгдээгүй нээлттэй үлдсэн. Нэхэмжлэгч нь хөрөнгө зарцуулан газрын гүнээс тэсэлгээ өрөмдлөгөө хийсний дагуу чулууг газар дээр гаргаж ирээд өртөг шингээсэн тул өмчлөх эрхтэй болох юм. Үйл ажиллагаа явуулах эрхтэй байх хугацаандаа тэсэлгээ хийгээд гаргаж авсан чулуугаа одоо авч чадахгүй байна гэж тодорхойлжээ. /хх 81/

 

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно. Хэрэв нэхэмжлэгч нь эдийн баялаг болох эд юмсын өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа бол уг эд хөрөнгө нь тодорхой хэмжээтэй, үнэтэй байх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох юм. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т хэсэгт зааснаар эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж төлөх юм.

Хэрэгт нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй байх бөгөөд энэ нь улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхээс гадна нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хэргийн үйл баримтыг тодорхойлж тогтооход ач холбогдолтой үйл баримт тодорхой бус байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасан өөрт эрх, түүнээс үүссэн үр шим эсхүл тодорхой мөнгөөр үнэлэгдэх боломжтой эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй шалтгаан,үндэслэл, эд хөрөнгийн хэмжээ зэрэг асуудлаар талууд мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Тухайлбал, хариуцагчийн хөрш залгаа газар дээр 3 овоолго чулуу байсан гэх бөгөөд уг 3 овоолго чулуунаас хоёр овоолгыг нэхэмжлэгч өөрөө Төмөр замын байгууллагад худалдсан, үлдэх нэг овоолго чулууны байршиж буй газар хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд аль үндэслэлээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох, нэхэмжлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын ямар арга хэмжээг шаардаж байгаа, эрх нь хэрхэн, ямар хэлбэрээр зөрчигдсөн, Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөг тэсэлгээ хийж боловсруулахад бэлэн болгосон чулууны хэмжээ тодорхойгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл тодорхойгүй байна.

 

Хариуцагчийн эзэмшил газар дээр байгаа нэхэмжлэгчийн маргаж буй чулууны хэмжээ, мөн бусдын эзэмшлийн газар дээр байгаа чулууг хариуцагчаас шаардах болсон үндэслэл зэргийг тодруулснаар хэргийг үйл баримтын талаар болон эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох юм.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцаа, нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэснээс хууль буруу хэрэглэх нөхцөл байдал үүссэн. Талуудын хоорондын маргааны зүйл гэж нэхэмжлэгч талын нэрлэж байгаа зүйл нь тусгай журам гарахаас өмнө уг талбайг ашиглаж гаргасан чулуунуудын өмчлөх, эзэмших эрхтэй холбоотойгоор үүссэн үү, эсхүл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчээр тогтоолгох гэж байна уу, эзэмшилтэй холбоогүй бусад эрхийн зөрчлийг арилгуулахаар шаардаж байгаа нөхцөл байдлуудын аль нь болохыг тодруулаагүй. Өмчлөлийн зүйл тодорхой эд болон эдийн бус хөрөнгө байдаг.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх, дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/02079 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД