Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00003

 

Э П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00229 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар магадлалтай,

Э П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

А ХХК-д холбогдох

А ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр гэх газарт ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг талбайн дотор байрлах олборлон боловсруулсан чулуу болон гадна хэсэгт байрлах боловсруулахад бэлэн болгосон 3 хэсэг овоолго чулууг өмчлөх эрх “Э П” ХХК-д үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Т.Г, өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Э П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ төмөр зам төслийн хүрээнд хийгдэж буй Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга чулуу /баллист/ бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа ЭСТО ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2013 оны 0136/201 дугаар гэрээний дагуу ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар олгосон зөвшөөрөл, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээний дагуу А ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Хярын хар нэртэй газарт, зөвшөөрөгдсөн байршилд кемп болон бутлуур байрлуулж, чулуу олборлох, боловсруулах үйл ажиллагааг явуулсан. Чулуу олборлох үйл ажиллагаа буюу чулууг газрын хөрснөөс тэсэлгээ хийж ил гаргаж ирэх, уг чулуугаа боловсруулж, бутлах шигших, зөөвөрлөх замаар бэлтгэж овоолго үүсгэх зэрэг үйл ажиллагааг Э П ХХК нь зохих зөвшөөрлийн дагуу хөрөнгө мөнгө зарцуулан үйл ажиллагаа явуулсны эцэст олборлон боловсруулалт хийж бэлдсэн. Дээрх гэрээ, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, захиран зарцуулах эрх Э П ХХК-д үүссэн. Гэтэл А ХХК нь гэрээний хугацаанд олборлосон чулууг өмчлөх эрх Э П ХХК-д үүсээгүй гэж маргаж, саад учруулж байна. Э П ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн түр гэрээний хугацаа нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоол гарснаар дуусгавар болсонтой холбоотойгоор уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй гэх А ХХК-аас ...хууль бусаар эзэмшиж буй 2 га газрыг чөлөөлүүлэх, хайгуулын талбайд хууль бусаар нэвтрэн ашиг хайж, байгаль орчинд хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоохыг даалгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, Э П ХХК нь уг газар дээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ба газрыг чөлөөлөх үүрэг хүлээсэн. Шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоолоос хойш талуудад үүсэх эрх үүргийг тодорхойлж шийдсэн ба уг тогтоолоос өмнөх Э П ХХК-ийн үйл ажиллагаа эрхийг хэлэлцэж, үндэслэх хэсэгтээ дүгнэсэн боловч тогтоох хэсэгт А ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 16 га талбайн нэг хэсэг болох 2 га талбай дотор карьерт болон талбайн гадна байрлах овоолго чулуу, хайрга, мөн буталж шигшсэн чулуу овоолго зэрэг нь шийдвэрлэгдээгүй. Э П ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлж, газрыг чөлөөлөх, тухайн газарт олборлолт, боловсруулалтын ажиллагаа явуулаагүй, тоног төхөөрөмж кемпээ татан буулгасан. Гэтэл А ХХК нь зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шим болох чулуу болон материалыг авах эрхгүй гэж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх ажлыг зогсоож, хориглож, саад учруулж байгаагийн зэрэгцээгээр чулууг хүчээр тээвэрлэх боломжийг бусдад олгож байна. Э П ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шимээ хүртэх эрхтэй. Иймээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан түр гэрээний дагуу олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг өмчлөх эрх Э П ХХК-д үүссэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Э П ХХК-тай эвлэрч байгаа тул маргахгүй. Нэхэмжлэгч талын өртөг шингээсэн хэсэг чулуунд маргахгүй гэсэн тайлбарыг бичгээр өгсөн, түүнийгээ дэмжинэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, овоолго чулууг борлуулсан үнийн дүнгээс Э П ХХК 70 хувь, А ХХК 30 хувийн ашиг авахаар харилцан тохиролцсон, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулсан тул маргаангүй гэж ойлгож болно. Иймд шүүхээс ямар ч шийдвэр гарсан бид хүлээн зөвшөөрнө гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00229 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул А ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Алтан-Од нэртэй газарт 16 028.97 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг талбайн гадна байрлах 3 хэсэг овоолго чулууг өмчлөх эрх Э П ХХК-д үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор байрлах, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ-ний дагуу олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг өмчлөх эрх Э П ХХК-д үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг А ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00229 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ “...гуравдагч этгээд С.Бгийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэх байр суурьтай оролцсон ...гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөхгүй гэж үзсэн нь үндэслэл муутай ...гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх эсэх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагчийн зөвшөөрөл, талуудын эвлэрлийг батлах эсэхийг шийдвэрлэх ёстой ...гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай” гэх дүгнэлтүүдийг хийсэн байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэлээ. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хүлээн авч, хувьцаа эзэмшигч С.Бгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ болон холбогдох нотлох баримтаа гарган ажиллагаанд оролцож, ИХШХШТХ-иар олгогдсон эрхээ эдлэх боломжийг түүнд бүрэн олгосон. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн тайлбар нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжтой байтал гуравдагч этгээдийн оролцоог хангаагүй гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэгт гуравдагч этгээд С.Бгийн хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэрхэн болсон, хувьцаа эзэмшигч мөн эсэхтэй холбогдох тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00022 дугаар шийдвэр хэрэгт авагдсан. Магадлалын үндэслэлд ...шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн амаар гаргасан “шаардлагын талаар маргахгүй” гэх тайлбарт үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэх нөхцөл байдлын талаар дүгнэсэн гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс А ХХК-д холбогдуулан маргаантай асуудлаар шаардлага гарган хандсан бөгөөд хариуцагчийн зүгээс үгүйсгэсэн, татгалзсан бичгийн тайлбар, нотлох баримт гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч маргаж байна гэж үзэх боломжгүй юм. Хэрэгт компанийг төлөөлөх эрх бүхий захирал бичгийн тайлбар гаргасан, түүний итгэмжлэл төлөөлөгч тайлбараа дэмжин шүүх хуралдаанд тайлбар гарган оролцсон байхад дээрх дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг үгүйсгэсэн дүгнэлт боллоо. Зөвхөн гуравдагч этгээдийн зүгээс уг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, маргаж байгаа талбай дээр байгаа чулууг олборлож, боловсруулсан, өөрийн өмч болох талаар хариуцагч гуравдагчийн зүгээс нэг ч баримт гаргаж, мэтгэлцэж маргаагүй болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарсангүй. Түүнчлэн дээрх дурдсан нөхцөл байдалтай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу анхан шатны шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэснээр гуравдагч этгээд С.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, эрх зөрчигдөх нөхцөл байдал байхгүй болох нь баримтаар нотлогдсон. Магадлалд зааснаар хэргийг зайлшгүй дахин хэлэлцэх шаардлага бүхий нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т зааснаас үзэхэд гуравдагч этгээд С.Бгийн уг иргэний хэрэгт зөвшөөрөхгүй гэх байр сууриа илэрхийлж, маргахдаа “...А ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаагүй, хурлын шийдвэр гараагүй” гэсэн өөр нөхцөл нь компанийн дотоод асуудал бөгөөд С.Бгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг нь А ХХК нь өөрөө зөрчсөн эсэх асуудлыг шүүхээс уг иргэний хэрэгтэй хамт шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг заажээ. Мөн давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “...хариуцагч А ХХК-ийн төлөөлөгчийн бичгээр гаргасан... гэсэн тайлбараар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй... шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт болон шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “зохигчид эвлэрч байгаа” гэж тайлбарласан талаар тусгагджээ” гэсэн нь мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Тухайлбал эвлэрэл гэдэг бол 2 талын хүсэл зоригийн үндсэн дээр биелэлээ олдог зүйл бөгөөд аль нэг талаас буулт хийж, түүнийг нь нөгөө тал нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр эвлэрлийн асуудал яригддаг. Гэтэл энэ тохиолдолд анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдаан эхлэхэд зохигчдод эвлэрэх санал байгаа эсэхийг шүүхийн хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө талуудаас тодруулж асуусан боловч тодорхой саналыг аль ч тал нь гаргаагүйн зэрэгцээ хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд эвлэрэх талаар бус маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа байр суурийг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан. Мөн эвлэрч байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс амаар шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авсан гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй бөгөөд шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэх боломжтой нөхцөл байдал байхгүй байсан болох нь хэрэгт авагдсан авагдсан “Дайрга худалдах, худалдан авах” гэрээгээр тогтоогдсон бөгөөд хэрэв эвлэрэх бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хувааж өмчлөх асуудал яригдахаас худалдан авах гэрээ байгуулагдахгүй байсан. Энэхүү баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэх бус хариуцагчийн зүгээс маргаж байгаа чулууг манай компанид өмчлөх эрх үүссэнийг хүлээн зөвшөөрснийг илтгэж байгаа үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн “...талуудын маргааны зүйл болж буй чулууг нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ”-ний хугацаанд эсхүл гэрээний хугацаа дууссанаас хойш хууль бусаар олборлосон эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч компани нь хариуцагчийн эзэмшлийн талбайд дээр дурдсан гэрээний буюу зөвшөөрлийн хугацаа дууссан байхад хууль бус үйл ажиллагаа явуулж чулуу олборлож байсан үйл баримтаар тогтоогдсон” гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь нотлох баримтыг тэр дундаа өмнө гаргасан шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан, үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00715 дугаар шийдвэр болон Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 00658 дугаар тогтоолоор “...газрыг чөлөөлж, үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасугай" гэж шийдвэрлэснээс биш гэрээний хугацаа дууссанаас хойш үйл ажиллагаа явуулсан эсэх, мөн хэн нэгний өмчлөлийн асуудлыг огт шийдвэрлээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компанийн зүгээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан гэрээний хугацаанаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй болохыг баримтуудын огнооноос харах бүрэн боломжтойн зэрэгцээ нөгөө талаар хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс энэхүү гэрээнээс өмнө болон түүнээс хойш одоог хүртэл ямар нэгэн олборлох, боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулаагүй болохыг мөн харж болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдагдсан бас нэг асуудал нь “...хэргийн 8-12 дугаар талд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт авагдсан ба шүүх түүнийг шийдвэрийн үндэслэл болгосон. Гэтэл уг баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй байгаа нь хууль зөрчжээ” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. Тодруулбал хэргийн 8-12 дугаар талд авагдсан баримт нь Монголын Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаартай “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай журам” баталсан тогтоол бөгөөд энэхүү тогтоол нь нийтэд илэрхий дахин нотлох шаардлагагүй баримт юм. Мөн дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр болон Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор уг баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, үнэлэгдсэн баримт болохыг давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхын зэрэгцээ анхан шатны шүүхээс дээрх шүүхийн шийдвэрүүдэд дурдагдсан байгааг давтаж дүгнэсэн болохоос уг иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх гол үндэслэл болгоогүй болохыг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харж болохоор байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоол байгаа учраас хариуцагчийн зөвшөөрлийг баталсан асуудал огт биш, хариуцагч маргаагүйгээр хүлээн зөвшөөрч байгаа учраас ингэж шийдвэрлэлээ гэж шийдвэрлэсэн байгааг буруу тайлбарласан, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана гэж тус тус зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэж, нийтэд илэрхий, дахин нотлох шаардлагагүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг нотлоогүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зөрчиж байна. Иймд эдгээр үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 229 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э П ХХК, А ХХК-д холбогдуулан тус компанийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр гэх газарт ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөлтэй  талбай дотор олборлон боловсруулсан чулуу болон уг талбайн гадна хэсэгт байгаа боловсруулахад бэлэн болгосон 3 хэсэг овоолго чулууг өмчлөх эрхтэй  болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх “...талбайн гадна байрлах 3 хэсэг овоолго чулууг өмчлөх эрх Э П ХХК-д үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...гэрээний дагуу олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг өмчлөх эрх Э П ХХК-д үүссэнийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг А ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тухай магадлалд заасан үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.

Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ш нэхэмжлэлд “...Э П ХХК-ийн өртөг шингэсэн үйл ажиллагаа явагдсан хэсэг газарт хамаарах чулууны хувьд манай компанийн зүгээс ямар нэгэн маргах зүйлгүй” гэсэн хариу тайлбарыг 2018.09.05-ны өдөр  гаргасан /1-хх-84-р тал /, тус компанийн хувьцаа эзэмшигч гэх С.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцон  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “зохигчид эвлэрч байгаа” гэж тайлбарласан нь нэхэмжлэлийн талаарх хариуцагчийн байр суурь тодорхой бус гэж үзэх ба анхан шатны  шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн маргааны зүйл болж буй олборлосон чулууг нэхэмжлэгч Э П ХХК  нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ”-ний хугацаанд эсхүл гэрээний хугацаа дууссанаас хойш олборлосон эсэхийг шүүх тодруулаагүй байна.

Дээр дурдсанаар магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ