Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/02079

 

 

 

 

 

 

2020 08 12

181/ШШ2020/02079

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А ХХК -д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нарийн бичгийн даргаар Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК болон Ханбогд сумын засаг дарга нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 1499Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах олборлосон чулууны хувьд эдлэх субъектив эрхийн талаар А ХХК нь маргаан үүсгэж, уг эрхийг хэрэгжүүлэхэд бодитойгоор саад учруулж байгаа нөхцөл байдлын улмаас манай хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж, өмчлөх эрх үүссэн болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага үүсэж байна.

Дээрх шаардлагын үндэслэлийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 00715 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 00658 дугаартай тогтоолоор тус тус дүгнэгдэж, эцэслэн шийдвэрлэгдсэн боловч өмчлөх эрх үүссэн үйл баримтын талаар шаардлага гаргаагүй, шийдвэрлэгдээгүй юм.

Тодруулбал: Э ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай 2014 оны 3 сарын 13-ны өдөр байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээний хугацаа нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоол гарснаар дуусгавар болсон байна гэж үнэлэгдсэн нь дахин нотлох шаардагагүй үйл баримт хэдий ч А ХХК-нь дээрх газраас гарсан чулууг өмчлөх эрх Э ХХК-д үүсээгүй гэж маргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болж байгаа болно.

Маргаад зогсохгүй хөрөнгө мөнгөө шингээж бий болгосон бүтээгдэхүүнийг ачсан, тээвэрлэсэн, бусдад худалдан борлуулсан зэрэг шудрага бус үйлдлүүд гарсан юм.

Э ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ төмөр зам төслийн хүрээнд хийгдэж буй Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга чулуу /баллист/ бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа ЭСТО ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2013 оны 0136/201 дугаар гэрээний дагуу ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын13-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар олгосон зөвшөөрөл, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээний дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Хярын хар нэртэй газарт, зөвшөөрөгдсөн байршилд кемп болон бутлуур байрлуулж, чулуу олборлох, боловсруулах үйл ажиллагааг явуулсан байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймгийн Засаг даргад дээрх төслийн холбогдох ажиллагааг гүйцэтгэх, дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгосны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргаас 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-348 дугаар албан бичгээр Ханбогд сумын Засаг даргад Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаар захирамжийг хэрэгжүүлж, төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болгож чиглэл өгсний дагуу манай компанид дээрх сумын Засаг даргын а/61 дүгээр захирамжаар холбогдох зөвшөөрлийг олгож, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээг Ханбогд сумын Засаг даргатай байгуулснаар үйл ажиллагаа явуулах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, захиран зарцуулах эрх Э ХХК-д үүссэн байдаг.

Дээрх үйл баримттай холбоотойгоор уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй гэх А ХХК-аас ...хууль бусаар эзэмшиж буй 2 га газрыг чөлөөлүүлэх, хайгуулын талбайд хууль бусаар нэвтрэн ашиг хайж, байгаль орчинд хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоохыг даалгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, Э ХХК нь уг газар дээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байх ба газрыг чөлөөлөх үүрэг хүлээсэн.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоолоос хойш талуудад үүсэх эрх үүргийг тодорхойлж шийдсэн ба уг тогтоолоос өмнөх Э ХХК-ийн үйл ажиллагаа эрхийг хэлэлцэж, үндэслэх хэсэгтээ дүгнэсэн боловч тогтоох хэсэгт шийдвэрлэгдээгүй байдаг.

Дээрх чулуу олборлох үйл ажиллагаа буюу чулууг газрын хөрснөөс тэсэлгээ хийж ил гаргаж ирэх, уг чулуугаа боловсруулж, бутлах шигших, зөөвөрлөх замаар бэлтгэж овоолго үүсгэх зэрэг үйл ажиллагааг Э ХХК нь зохих зөвшөөрлийн дагуу хөрөнгө мөнгө зарцуулан үйл ажиллагаа явуулсны эцэст олборлон боловсруулалт хийж бэлджээ.

Тодруулбал, А ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 16 га талбайн нэг хэсэг болох 2 га талбай дотор карьерт болон талбайн гадна байрлах овоолго чулуу, дайрга, мөн буталж шигшсэн чулуу овоолго зэрэг үүнд хамаарна.

Э ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлж, газрыг чөлөөлөх, тухайн газарт олборлолт, боловсруулалтын ажиллагаа явуулаагүй, тоног төхөөрөмж кемпээ татан буулгасан болно.

Гэтэл ийнхүү зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шим болох чулуу болон материалыг авах эрхгүй гэж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх ажлыг зогсоож, хориглож, саад учруулж байгаагийн зэрэгцээгээр чулууг хүчээр тээвэрлэх боломжийг бусдад олгож байна.

Э ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-д Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ гэж заасны дагуу хууль ёсны үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шимээ хүртэх эрх нь тодорхойлогдоно.

Иймээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Э ХХК-д үүссэн болохыг тогтоолгохоор шаардаж байна.

А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн гадна 3 овоолго чулуу байрлаж байгаа бөгөөд гадна талбай хэнийх гэдгийг нь мэдэхгүй боловч А ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон чулуу гэдэг утгаараа хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ 3 овоолго чулууны 2-ыг нь Монгол Төмөр зам ТӨҮГ-аас үнийг төлж, худалдаж авсан бөгөөд уг овоолго чулууг Э ХХК харж хамгаалж байгаа учир нэхэмжлэл гаргасан байдаг. Э ХХК-д өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

Манай компани Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу тус шүүхэд хандаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Э ХХК-д үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн хүрээнд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасны зөрчигдсөн эрхээ хамгаалуулахыг хүссэн.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд дараах байдлаар тодруулж байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малталыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чүлүү болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Э ХХК-д үүссэн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь ийм нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь хийх ёстой юмаа хийгээд /хууль бусаар гүйцэтгэсэн ч/ ажлын хөлс төлбөрөө авчихсан.

Э ХХК нь дээрх хийх ёстой ажлаа хууль бусаар буюу ном ёсоор нь хийгээгүй уул уурхай эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй ТЭЗҮ, Байгаль орчины нарийвчилсан үнэлгээ, тайлан төлөвлөгөө батлуулаагүй, чулуу бутлах тусгай зөвшөөрөл аваагүй зэрэг маш олон төрлөөр хууль зөрчин байж ЭСТО ХХК-д 90.000 орчим куб балластик чулуу буталж өгсөн. ЭСТО ХХК-нь Э ХХК-ийг дээрх бичиг баримт бүрдүүлээгүй гэдгийг нь мэдээгүй.

Э ХХК-нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 тоот журам гарснаар түүний сумын засаг даргатай байгуулсан түр гэрээ нь дуусгавар болсон байхад манай газраас хууль бусаар чулуу олборлосон. Өөрөөр хэлвэл 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Э ХХК нь манай газар дээрх олборлолт, чулуу буталж ангилж шигших ажиллагаагаа зогсоогоогүй юм. Нэмж үргэлжлүүлж буталсаар 90.000 куб балластик чулуугаа гаргаж авсан.

Энэ нь техник эдийн засгийн үндэс, боломж, цаг хугацаа, өөрсдийнх нь Ханбогд сумын байцаагчид мэдүүлэхдээ өгсөн мэдүүлэг зэргээр нь тогтоогдоно. Тэд дор хаяж 2014 оны 10 дугаар cap хүртэл ажилласан. Э ХХК- нь хамгийн сүүлд чулуугаа хэзээ буталж дуусаад ЭСТО ХХК-д хүлээлгэж өгөөд мөнгөө хэзээ авсан нь санхүүгийн баримтнаас харагдана шүү дээ.

Тэд Өмнийн говьд Улаанбаатраас тэр хол газар биднийг хэн хархав дээ гэсэн байдлаар Засгийн газрын 222 тогтоолыг уландаа гишгэж үл биелүүлсэн. Мөн А ХХК нь манаачгүй учир ямар ч хараа хяналтгүй дураараа ажилласан.

Э нь 2014 оны хавар дээрх хууль бус ажилаа хийхдээ хэдий аймаг сумын засаг даргаас дэмжлэг хүнээр яриулж байж авсан боловч лиценз эзэмшигч газрын эзэнтэй бидэнтэй уулзалдаж учир байдлаа ойлголцож зөвшилцөөгүй байж Тэсэлгээ хийж олборлолт явуулаад эхэлчихсэн байсан. Энэ нөхцөл байдлыг нь Улсын дээд шүүх 3 шатны шүүхээс тогтоочихсон байгаа шүү дээ.

Мөн Э ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц, ашиглах боломжтой талбайн байршлын зураглалыг боловсруулж, Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх ном журамтай байхад тийнхүү өгөлгүйгээр тухайн ажлыг хийж гүйцэтгэснийг нь Улсын дээд шүүх болон 3 шатны шүүхээр бас тогтоогдсон байгаа билээ.

Ер нь бол Монголын төмөр замын ерөнхий туслан гүйцэтгэгч ЭСТО ХХК-ийн дааж аван хийж байсан ажлын дундуур гэнэт хүч түрэн тухай үеийн төр засаг барьж байсан хүмүүсээр яриулан байж ЭСТО ХХК-ийн авсан байсан гурван цэгийн нэгийг нь Э нь дээрх байдлаар орж ирэн авсан гэдгийг ЭСТО ХХК-ийн захирал Батжаргал хэлдэг.

Э ХХК нь одоогийн ерөнхийлөгч Баттулгын эхлүүлсэн 2014 оны төмөр замын ажил дуулиан шуугиан болж Төрийн хэдэн сая доллар салхинд хийслээ, ерөнхий гүйцэтгэгч Самсунг корпораци нь дампуураад алга болчихлоо, Баттулга сайд шоронд орох нь, сайдаасаа огцорлоо гэж шуугиж байснаа асуудал яах нь тодорхойгүй болж тухайн овоолго чулуу эзэнгүй болчихлоо гэж андууран Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд дээрх бүх чулууг авахаар бидэнд өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү хэмээн эвлэгхэн үгэн дор 70 хан мянга төгрөг УТХ-нд төлчихөөд 2 жил шахам заргалдаж байна.

Ер нь бол Э компани биш А ХХК-нь өөрийнх нь тусгай зөвшөөрөл бүхий энэ газартаа есөн жил хайгуулын лиценз эзэмшиж байгаагийн татварт 184 сая төгрөг улсад төлсөн, дээрээс нь хайгуулын ажилд олон зуун сая төгрөг зарцуулсан газраас нь хууль бусаар тохиролцолгүйгээр мэдэгдэлгүйгээр, холбогдох уул уурхайн бичиг баримт зөвшөөрөлгүйгээр тэсэлгээ хийн олборлон гаргаж авсан дээрх 90.000 куб чулууны эзэмших өмчлөх эрхийн тухайд Монголын төмөр зам, ЕСТО ХХК, Э ХХК-уудыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэлээ гарах боломжтой асуудал шүү дээ.

Иймд Э ХХК-ийн энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малталыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Э ХХК-д үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч А ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Алтан-Од нэртэй газарт 16,028.97 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг, нэхэмжлэгч Э ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 22-29, 43-56 -р хуудас/

Дээрх гэрээний үндсэн дээр Э ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал /дайрга/ олборлох үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах журмыг 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор баталснаар Э ХХК-ийн Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан дээрх гэрээ дуусгавар болжээ.

Ийнхүү түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ дуусгавар болсон учир Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00715 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2016/00658 тоот тогтоолоор А ХХК-ийн 14995Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Алтан-Од нэртэй газарт байрлах 16,028.97 гектар талбайн 2 га газрыг Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн газарт олборлолт, үйл ажиллагаа явуулахгүй байхыг Э ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 13-19-р хуудас/

Шүүхийн дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар тэдгээр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй болно.

Э ХХК нь Өмнөговь аймгийн Хан богд сумын Засаг даргатай 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ байгуулахаас өмнө А ХХК нь уг газарт 16,028.97 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөлтэй байсан талаар талууд маргадаггүй.

Нэхэмжлэгч нь одоо А ХХК-ийн 14995Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Алтан-Од нэртэй газарт байрлах 16,028.97 гектар талбайн 2 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны үр дүнд бий болсон А ХХК-ийн талбай дотор болон түүний гадна байрлах олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Э ХХК-ийн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулуун овоолгууд А ХХК-ийн талбай дээр байгаа болох нь тогтоогдсон, талууд энэ тухай маргадаггүй болно.

Монголын Төмөр зам ТӨҮГ нь /Эсто ХХК / А ХХК-ийн эзэмшлийн талбайн гадна талд байрладаг гэх дээрх 3 хэсэг овоолго чулууны 2 хэсгийн үнийг Э ХХК-д төлсөн байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Монголын Төмөр зам ТӨҮГ-ыг өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд энэ 2 хэсэг овоолго чулууг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагыг Э ХХК гаргах эрхгүй. /3-р хх-ийн 22-46-р хуудас/

Үлдэх 1 хэсэг овоолго чулуу нь одоо хэний, ямар хуулийн этгээдийн эзэмшил газар дээр байрлаж байгаа нь тодорхойгүй, А ХХК-ийн эзэмшлийн талбайн гадна талд байрлаж байгаа талаар талууд маргаагүй тул уг овоолго чулууг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагад А ХХК хариуцагч болох хууль зүйн боломжгүй болно.

Э ХХК-ийн Өмнөговь аймгийн Хан богд сумын Засаг даргатай 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний хугацаа Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоол гарсанаар дуусгавар болсон байна.

Уг тогтоолоор батлагдсан Авто зам төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах, тусгай жур мын 2.1.2-т зааснаар зарим төсөл хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон газартай давхцаж болох боловч энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөж байхаар заажээ.

Э ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл, уг тогтоол гарснаас хойш уг тайлбайд үйл ажиллагаа явуулж байсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /3-р хх-ийн 2, 3, 9-14, 21-46-р хуудас/

Нэхэмжлэгч Э ХХК карьерын байршил нь хариуцагч А ХХК нарын карьерын байршилтай давхцалтай байгаад хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд А ХХК-ийн эзэмшлийн талбайгаас олборлосон одоо хариуцагчийн эзэмшлийн талбайн гадна талд байрладаг гэх 3 хэсэг овоолго чулууг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа Г.Нямцэцэг нарт шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө буюу 2020 оны 07 сарын 31-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3, 95 дугаар зүйлийн 95.1-д заасаныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Э ХХК-д үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРАГЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО