Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02001

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02001

 

 

 

Э.Э -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02054 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э ийн хариуцагч МК ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн алданги 22 626 946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр МК ХХК-ийн барьж буй Поларис апартмент /Polaris apartment / хотхоны барилгаас А блокны 1 дүгээр орцны 2 дугаар давхарын 204 тоот 50.79 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 55 869 000 төгрөгөөр худалдан авахаар болж 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр А-18/224 тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар МК ХХК нь орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэж өгөх байсан ч янз бүрийн шалтгаан тоочиж явсаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.5-д зааснаар МК ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх хугацааг 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Би орон сууцны үнэ болох 55 869 000 төгрөгийг гэрээний 2.5, 2.6-д заасан хугацаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт материалуудыг гаргаж өгөхгүй, санаатайгаар саад учруулан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байна.

Хариуцагч талын гэрээнд зааснаар орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл 16 сар 14 хоногоор хэтрүүлсэн тул үүнээс гэрээнд заасан 60 хоногийг хасч тооцоход 405 хоног болж байгаа. 1 хоногийн алданги болох 55 869 төгрөгөөр 405 хоногийг үржүүлж тооцоход 22 626 946 төгрөгийн алданги гарч байна.

Иймд МК ХХК-иас алданги 22 626 946 төгрөг, Баянзүрх дүүргийн 5 хороо, 15 хороолол, 57а байрны 204 тоот 50,79 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг тодорхойлохгүйгээр нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай илтэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орон сууцыг Э.Э т хүлээлгэн өгч акт үйлдсэн. Уг орон сууц хүлээлцсэн актад дурдсан эд хөрөнгийн доголдлоос бусад аливаа хэлбэрээр талууд орон сууц болон гэрээтэй холбогдох маргаангүй гэж Э.Э нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Орон сууц захиалан бариулах гэрээний 5.1, 5.2-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл. Учир нь энэхүү тогтоосон хугацаанд ашиглалтад ороогүй нь цаг агаарын нөхцөл байдал, сантехник, бохир, цахилгаан, дулааны асуудал, шилэн кабель татахад учирсан болон бусад асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн байгууллагууд шийдвэрлэхгүй удаж хугацаа алдсанаар ажил удааширсан нь алданги төлөхгүй байх үндэслэлийг бүрдүүлж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа төсөлдөө Кикэн Ёочи Трэйнинг стандартыг хэрэгжүүлэх чиглэлийг манай байгууллагад өгсөн ба уг стандартыг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулсан. Бид гэрээнд заасан тогтоосон хугацаанд орон сууц ашиглалтад оруулах нь дээрх төрийн байгууллагуудьн шийдвэрээс болж удааширсан. Бид гэрээнд заасан үүргээ биелүүлж барилгын ажлыг тогтвортой явуулж ашиглалтад оруулсан бөгөөд захиалагчид барилгын үйл явцын талаар мэдээллийг цаг тухайд нь мэдээлж, гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн юм.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт дурдсан анзын хэмжээ илтэд их гэж тооцох нөхцөл байдал үүссэн. Бид гэрээний үүргээ ухамсарлан орон сууцны 1 м.кв-ийн үнэд өөрчлөлт оруулаагүй, захиалагч Монгол Улсын барилгын салбарын хөгжил, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 1 м.кв орон сууцны дундаж үнэ 2 000 000 төгрөг байхад 55 869 000 төгрөгөөр 50.79 м.кв орон сууц захиалж, өмчлөлдөө шилжүүлж аваад 22 626 946 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №2019/364 дугаартай барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүлээлгэж өгснөөр МК ХХК холбогдох үүргээ биелүүлж үүрэг дуусгавар болсон юм. Мөн манай компани 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө захиалагчийн нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн нь тус үүргээ биелүүлсэн, хууль ёсны өмчлөгч нь өөрөө үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт зааснаар МК ХХК-иас 6 084 134 /зургаан сая наян дөрвөн мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э т олгож, нэхэмжлэлээс 16 542 811 төгрөгийн болон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 285 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МК ХХК-иас 182 496 /нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт ... барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн байх гэж тусгагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсгийн зохицуулалтыг зөрчиж байгаа бөгөөд хавтаст хэрэгт барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн акт авагдаагүй, уг баримтыг шинжлэн судлаагүй болох нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дах шаардлагыг биелүүлж, 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2204108005 дугаарт бүртгэгдсэн өмчлөхийн эрхийн гэрчилгээг гаргуулсан бөгөөд гэрээний 3.1 дэх заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд алдангийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт анзын хэмжээ илт их байвал шүүх багасгаж өгөхөөр хуульчилсан боловч 0,1 хувиар алдангийг төлөхөөр гэрээний талууд тохирсон нь уг хуулийн үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Тодруулбал, талууд гэрээний холбогдох заалтаар 0,1 хувийг төлөхөөр тохирсон нь хамгийн боломжит бага нэгж бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид 61 хоногийн хугацаанд үүргээ гүйцэтгэх боломж олгосныг шүүх харгалзан үзэх ёстой байсан.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас тогтоосон хугацаанд төлбөр хөлсөө бүрэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд 2018 онд байгуулсан гэрээний 2.2 дах заалтын дагуу тухайн орон сууцны м.кв-ыг 1 100 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн дундаж ханшид нийцэж байна.

Гэтэл хавтаст хэрэгт 2018 оны орон сууцны дундаж үнэ ханшийг тодорхойлсон үйл баримт байхгүй, мөн гэрээнд орон сууцны үндсэн үнээс хөнгөлж, чөлөөлсөн зохицуулалт байхгүй байтал зах зээлийн үнээс бага үнээр захиалагчийг орон сууцтай болгосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн тухайн төслийг хэрэгжүүлэхэд гарсан зардлын талаарх баримтыг МК ХХК гаргаагүй байтал гаргасан зардалд тулгуурлан анзын хэмжээг илтэд их гэж үзэж байгаа нь илт үндэслэлгүй байна. Э.Э нь хариуцагчийг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн улмаас 2018 оны 10 дугаар сараас эхлэн орон сууц хөлсөлж амьдарсан. Шүүх түрээсийн төлбөрийг төлж хохирол барагдуулсан гэх үндэслэлийг зааж 70 хувиар анзын хэмжээг багасгасанд нь гомдолтой байгаа бөгөөд үүргээ гүйцэтгээгүйн улмаас төлөх ёстой мөнгөн төлбөр буюу анз, гэрээгээ зөрчсөний улмаас хохирсон хохирол нь тус тусдаа өөр ойлголт юм.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн тул тус шаардлагад холбогдох нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт Гэрээний 5.5-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тохиролцсон байх бөгөөд МК ХХК нь орон сууц хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тул орон сууцны нийт үнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж нэхэмжлэгч үзсэн нь үндэслэлтэй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээс алданги тооцоход ажлын явц хэдэн хувьтай байсан, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлсоны үндсэн дээр алданги тооцдог байхад орон сууцны нийт үнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж алданги тооцох үнийн дүнг тодорхойлж байгааг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн МК ХХК-аас 6 084 134 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э т олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч МК ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алдангид 22 626 946 төгрөг гаргуулж, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч төрийн байгууллагын шийдвэрээс шалтгаалан орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа удааширсан, захиалагчид мэдэгдэж байсан учир алданги төлөхгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц захиалан бариулах нэртэй гэрээ байгуулагдаж МК ХХК нь Поларис апартмент цогцолбор хорооллын А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 204 тоотод байрлах 50.79 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр, Э.Э орон сууцны үнэд 55 869 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-6-8/

Энэ гэрээний зүйл нь ирээдүйд бий болох орон сууц байх ба уг орон сууцыг шууд ашиглах боломжтойгоор нэхэмжлэгчид шилжүүлэх, хариуцагч нь үнэ төлөх агуулгатай байх тул гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх уг харилцааг мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх боловч гэрээний нэмэгдэл үүрэг нь талуудын маргааны зүйл болсон, анхан шатны шүүх алданги төлөх үүрэгт хамаарах хуулийн заалтыг зөв баримталсан учир шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй, хэргийн шийдэлд нөлөөхгүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч Э.Э гэрээний үнэд 55 869 000 төгрөг төлөх үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн, хариуцагч МК ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн ашиглалтад орон сууцыг хүлээлгэн өгч, гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчсөн үйл баримт тэдгээрийн тайлбар, Төрийн банкны орлогын мэдүүлэг, орон сууц хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаар зохигчдын хэн аль нь маргаангүй, харин орон сууцыг ашиглалтад өгөх хугацаа хэтрүүлсэнд хариуцагч буруутай эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хариуцагч МК ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлохоор шүүхэд бичгийн баримтуудыг гаргаж өгсөн байна. /хх-30-57, 60/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээд хариуцагч тал гэрээний 5.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэгч Э.Э ийн худалдан авахаар тохиролцсон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент цогцолбор хорооллын А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 204 тоотод 2 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийн заасан журамд нийцжээ.

Мөн хариуцагч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээний 5.5-д заасны дагуу алданги шаардах эрх үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасныг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч МК ХХК-аас алданги шаардах эрхтэй хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасанд нийцээгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал худалдан авсан орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтад шилжүүлэн авсан болох нь түүний тайлбараар тогтоогджээ. хх-1/ Зохигчид гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар алданги тооцох талаар тохиролцоогүй байна. Анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв дүгнэн, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 363 хоног хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д нийцжээ.

Түүнчлэн шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрээний шинж байдал, хариуцагч МК ХХК-аас нэхэмжлэгч Э.Э т хохирол барагдуулахаар мөнгө төлж байсан зэрэг нөхцлийг харгалзан, алдангийн хэмжээг 70 хувиар багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан эрх хэмжээг шүүх хэтрүүлсэн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Мөн талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн шинж чанар, агуулгаас харахад худалдагч нь ашиглах боломжтой орон сууцыг худалдан авагчид хүлээлгэх өгөх үүрэг хүлээснээс ажлын үр дүнг бий болгох, нөгөө тал гэрээнд оролцох агуулга тусгагдаагүй тул алдангийн хэмжээг тогтоохдоо барилгын ажлын гүйцэтгэлийн хэмжээ, ажлын явцын хувь хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийг тодорхойлоогүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдол хангагдах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02054 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 665 төгрөг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 297 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД