Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2020/02054

 

 

      

 

 

              2020      08          10

            181/ШШ2020/02054

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,   хороо,   хороолол,  байр,  тоот хаягт оршин суух Э.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  хороо,  гудамж 31,  давхарт байрлах ММ ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн алданги 22 626 946 төгрөгийг гаргуулах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримуудыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мм ххк-ны барьж буй      хотхоны барилгаас А блокны   дүгээр орцны   дугаар давхарын  тоот 50.79 м.кв талбайтай 2 өрөө бүхий орон сууцыг нийт 55.869.000 /тавин таван сая найман зуун жаран есөн мянган/ төгрөгөөр худалдан авахаар болж 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр А-18/224 тоот “Орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар мм ххк нь миний захиалсан орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд /2018 оны 09 дүгээр сард/ багтаан хүлээлгэж өгөх байсан ч янз бүрийн шалтгаан тоочиж явсаар 2019 оны 11 дүгээр сарын 28-нд буюу орон сууц хүлээлгэн өгөх хугацааг 16 сараар хэтрүүлэн орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.5-д зааснаар мм ххк нь орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх хугацааг 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Э.э би гэрээний дагуу орон сууцны үнэ болох 55.869.000 төгрөгийг гэрээний 2.5, 2.6-д заасан хугацаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч тал хугацаа хэтрүүлэн орон сууцыг маань бидэнд хүлээлгэн өгсөн ч өнөөдрийг хүртэл емчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт материалуудыг гаргаж өгөхгүй, санаатайгаар саад учруулан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүйгээр намайг хохироож байх тул арга буюу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Хариуцагч талын гэрээнд зааснаар надад орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл 16 сар 14 хоногоор хэтрүүлсэн тул үүнээс гэрээнд заасан 60 хоногийг хасч тооцоход 405 хоног болж байгаа. 1 хоногийн алданги болох 55 869 төгрөгөөр 405 хоногийг үржүүлж тооцоход 22 626 946 төгрөгийн алданги гарч байна.

Иймд мм ххк-иас алданги 22 626 946 төгрөг, Баянзүрх дүүргийн   хороо,  хороолол,  байрны   тоот 50,79 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримуудыг э.э надад гаргаж өгөхийг мм ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч мм ххк шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.этэй байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 5.5 дахь хэсэгт “Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтанд орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1%-р алданги захиалагч талд төлнө” гэж заасан. Нэхэмжлэгч барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг тодорхойлохгүйгээр нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай илтэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Бид 2019.12.26-ны өдөр Орон сууцыг Э.эт хүлээлгэн өгч акт үйлдсэн. Уг орон сууц хүлээлцсэн актад дурьдсан эд хөрөнгийн доголдлоос бусад аливаа хэлбэрээр талууд орон сууц болон гэрээтэй холбогдох маргаангүй болно гэж Э.э нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл орон сууцаа хүлээж авсаны дараа буюу 2020.02.18-ны өдөр алдангид 22.626.946 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн бүрэн үндэслэлгүй байна.

Орон сууц захиалан бариулах гэрээний тавдугаар зүйлийн 5.1-д захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд Захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь: Импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан, байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл, Төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавараар барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа, Төрийн бодлого шийдвэр зэрэг болно. Мөн тус гэрээний 5.2-д зааснаар дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж заасан байх тул гэрээнд заасан алдангийг манай компани төлөх үндэслэл бүрдээгүй юм. Учир нь энэхүү тогтоосон хугацаанд ашиглалтанд ороогүй нь энэхүү хариу тайлбарын 2.2-с 2.8-д дурдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Төрийн байгууллагууд шийдвэрлэхгүй удаж хугацаа алдсаар бидний ажил удааширсан нь алданги төлөхгүй байх үндэслэлийг бүрдүүлж байна. Үүнд:

2.2 Цаг агаарын нөхцөл байдал.

2.3 Сантехник, бохирын асуудал.

2.4 Цахилгаан, дулааны асуудал.

2.6. Шилэн кабель татахад учирсан асуудал.

2.8. Бусад асуудал.

Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа төсөлдөө “К  Ё Т” стандартыг хэрэгжүүлэх чиглэлийг манай байгууллагад өгсөн ба уг стандартыг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулсан. Бид гэрээнд заасан тогтоосон хугацаанд орон сууц ашиглалтанд оруулах нь дээрх төрийн байгууллагуудьш шийдвэрээс болж удааширсан.

Бид гэрээнд заасан үүргээ биелүүлж барилгын ажлыг тогтвортой явуулж ашиглалтанд оруулсан бөгөөд захиалагчид барилгын үйл явцын талаар мэдээллийг цаг тухайд нь мэдээлж, гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн юм.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт дурдсан анзын хэмжээ илтэд их гэж тооцох нөхцөл байдал үүссэн. Үүнд: Бид гэрээний үүргээ ухамсарлан орон сууцны 1 м.кв-н үнэд өөрчлөлт оруулаагүй, Захиалагч Монгол Улсын барилгын салбарын хөгжил, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 1 м.кв орон сууцны дундаж үнэ 2’000’000 төгрөг байхад 55,869,000 төгрөгөөр 50,79 м.кв орон сууц захиалж, өмчлөлдөө шилжүүлж аваад 22,626.946 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна.

Иргэн Э.этэй байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 3.1 дэхь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууц болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” хэмээн заасан энэ үүргээ ч биелүүлсэн байгаа юм.

2019 оны 09-р сарын 19-ны өдөр №2019/364 дугаартай “Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг хүлээлгэж өгснөөр мм ххк холбогдох үүргээ биелүүлж үүрэг дуусгавар болсон юм. Мөн манай компани 2019 оны 10-р сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлд “Үл хөдлөх эд хөрөнгө захиалагчийн нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн нь тус үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Ордерийн баримт бичгүүдийг манай байгууллагаас гаргаж өгөхдөө Захиалагч нараас ордер гаргуулах тухай хүсэлтийг бичүүлэн авдаг энэ нь ордер авсан иргэдийн архив үүсгэх цаашлаад ямар өргөдөл, гомдол бичүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх нь манай компанийн эрх хэмжээний асуудал юм.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр ...худалдан авагч нь худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан нь өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээж авах эрх нь өөрт нь байгаа гэдгийг тодорхойлж байна. Дээрх нөхцөл байдлыг харахад “Хууль ёсны өмчлөгч нь өөрөө үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.э нь хариуцагч мм ххк-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн алданги 22 626 946 төгрөгийг гаргуулах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримуудыг гаргаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Э.э нь мм ххк-тай 2018 оны 05 сарын 02-ны өдөр А-18/224 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, “   ” цогцолбор хорооллын   блок   орц,   давхарын 50,79 м.кв талбайтай 2 өрөө бүхий     тоот орон сууцыг 55 869 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, мм ххк нь орон сууцыг барьж, захиалагч талд 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр, захиалагч Э.э нь төлбөрийг гэрээ байгуулахад 10 000 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийн 35 850 000 төгрөгийг 2018 оны 05 сарын 20-ны өдөр, 8 019 000 төгрөгийг 2018 оны 10 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-06-08х/

Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.э нь хариуцагч мм ххк-ийг орон сууцыг захиалагчид 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн тул гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй, мөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт материалуудыг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч мм ххк эс зөвшөөрч, өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай баримт материалуудыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн бөгөөд захиалагчийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, гэрээний үүргүүд дуусгавар болсон тул захиалагч алданги шаардах эрхгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацааг хэтрүүлсэн тул алданги төлөх үүрэггүй, гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тодорхойлоогүй, анзын хэмжээ илтэд их гэж тооцох нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр маргаж байна.

 

2018 оны 05 сарын 02-ны өдрийн А-18/224 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний  5.5-д “Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1%-р алданги захиалагч талд төлнө” гэж, мөн гэрээний 3.2-д “Төсөл хэрэгжүүлэгч орон сууцыг 2018 оны 3-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгнө” гэж тус тус заажээ.

Ийнхүү талууд алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч мм ххк нь 2019.12.26-ны өдөр “Орон сууц хүлээлцсэн акт” үйлдсэн /хх-29х/ байх боловч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцыг захиалагч Э.эт хүлээлгэж өгсөн болох нь нэхэмжлэгч Э.эийн тайлбараар тогтоогдож байна. /хх-1х/

 

Нэхэмжлэгч Э.э нь алдангийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрийг хүртэл тооцох ёстой гэж, хариуцагч мм ххк нь барилгыг барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн өдрийг хүртэл тооцох ёстой гэж маргаж байна.

Гэрээний 5.2-д гэрээний 3.2-д заасан хугацаагаар тодорхойлохоор зохицуулсан тул гэрээний 3.2-ыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу тайлбарлавал “орон сууцыг ...батлагдсан зургийн дагуу барьж” гэдэг нь барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн байх агуулгыг илэрхийлэх бөгөөд “захиалагч талд хүлээлгэн өгнө” гэдэг нь орон сууцыг бодитойгоор захиалагчид хүлээлгэж өгсөн байх агуулгыг илэрхийлж байна. Иймд алдангийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцох үндэслэлтэй байна.

 

“Орон сууц хүлээлцсэн акт”-д “...эд хөрөнгийн доголдлоос бусад аливаа хэлбэрээр талууд орон сууц болон гэрээтэй холбогдох маргаангүй болно” гэжээ.

Энэ нь гэрээний тодорхой нэг үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах баримт тул гэрээний бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг болон гэрээгээр тохиролцсон алданги шаардах эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэл болохгүй.

 

 Гэрээний 5.1-д “Захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд Захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь:

  • Импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан,
  • Байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл,
  • Төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавараар барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа,
  • Төрийн бодлого шийдвэр зэрэг болно” гэжээ.

 

Хариуцагч мм ххк нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-аар барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшлогдох болсон талаар урьдчилан Захиалагч Э.эт мэдэгдсэн талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагч мм ххк нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх хугацаа хэтрэхэд цаг агаарын нөхцөл байдал, сантехник, бохир, цахилгаан, дулаан, шилэн кабел татахтай холбоотой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн байгууллагуудад хандахад төрийн байгууллагууд асуудлыг шийдвэрлэхгүй удаасан нөхцөл байдлууд нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын 2018, 2019 оны өдөртөө 5 градусаас хүйтэн өдрүүд, Шөнөдөө 0 градусаас хүйтэн өдрүүдийг тодорхойлсон баримт /хх-31х/ нь цаг уурын ердийн нөхцөл байдлыг тодорхойлсон баримт байна. Иймээс “Байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий” нөхцөл байдал болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

мм ххк-иас төрийн байгууллагад хүргүүлж байсан албан бичиг /хх-33,38-44, 47, 50-52, 56х/, болон төрийн байгууллагаас ирүүлсэн хариу албан бичиг /хх-45х/-ийг шинжлэн судлахад барилгын ажилд зайлшгүй шаардлагатай техникийн нөхцлийн зөвшөөрөл авах, хугацаа сунгуулах асуудлуудаар төрийн байгууллагад хандаж байсан байх бөгөөд эдгээрийг барилгын ажил гүйцэтгэгчийн зүгээс зайлшгүй хийх үүрэгтэй бөгөөд төрийн байгууллагын зүгээс цаг хугацаанд нь шийдвэрлэж өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр баримтаар “Төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас барилгын ажил удааширсан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагч мм ххк-ийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан.

Гэрээний 3.2-д зааснаар мм ххк нь орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд батлагдсан зургийн дагуу барьж, Э.эт хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ зөрчиж орон сууцыг захиалагч Э.эт 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэж өгсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар 2018 оны 3 дугаар улирал 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусах бөгөөд гэрээний 5.5-д заасны дагуу 60 хоногийг нэмж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн алдангийг тооцохоор байна.

Гэрээний 5.5-д “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн”-гээс алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд мм ххк нь орон сууц хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тул орон сууцны нийт үнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж нэхэмжлэгч үзсэн нь үндэслэлтэй байна.

Алдангийг тооцоолбол, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 363 хоног, орон сууцны үнэ 55 869 000 төгрөгийн 0,1% нь 55 869 төгрөг, 55 869 төгрөгийг 363 хоногт үржүүлэхэд 20 280 447 төгрөг болж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан.

Ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн гүйцэтгэсэн үүрэг болох орон сууцны үнэ, гүйцэтгэгчийн ажлыг гүйцэтгэхэд гаргасан зардал зэрэгтэй алдангийн хэмжээг харьцуулахад “илт их” гэж үзэхээр байна. мм ххк нь зах зээлийн үнээс бага үнээр захиалагчийг орон сууцтай болгох төслийг хэрэгжүүлсэн, орон сууц хүлээлгэж өгөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас захиалагчид учирсан хохирлыг барагдуулах зорилгоор түрээсийн төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн /хх-100-130х/ зэргийг харгалзан шүүх алдангийг 70%-иар багасгах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Алданги 20 280 447 төгрөгийг 70%-иар багасгаж тооцоход /20 280 447 х 70% = 14 196 313 төгрөг, 20 280 447 – 14 196 313 төгрөг = 6 084 134 төгрөг/ 6 084 134 төгрөг байна.

 

Дээрхи үндэслэлээр мм ххк-иас алданги 6 084 134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.эт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримуудыг гаргаж өгөхийг даалгах шаардлагын тухайд,

Гэрээний 3.22-д “Орон сууц эзэмших эрхийн бичиг авсан тохиолдолд уг байрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, гэрчилгээ авах, үүнтэй холбогдон гарах зардлыг Захиалагч тал хариуцна” гэж, 3.23-д “улсын бүртгэлийн газарт захиалагчдын нэрс хүргэгдсэний дараа захиалагчийн нэр шилжүүлэх болсон тохиолдолд гарах зардал, асуудлыг захиалагч өөрөө хариуцна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Э.э нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад хариуцагчаас ямар, ямар баримт бичиг гаргуулах шаардлагатай байгаа болохоо тодорхойлоогүй бөгөөд хариуцагч мм ххк-иас улсын бүртгэлийн газарт захиалагчдын нэрсийн жагсаалтыг 2019.10.14-ны өдөр хүргүүлсэн байх бөгөөд захиалагч Э.эийн нэр орсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.эийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-99х/ гарсан, нэхэмжлэгч авсан байх тул нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар мм ххк-иас 6 084 134 /зургаан сая наян дөрвөн мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.эт олгож, нэхэмжлэлээс 16 542 811 төгрөгийн болон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримуудыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.эийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 285 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч мм ххк-иас 182 496 /нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.эт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н. ОЮУНТУЯА