Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00978

 

 

 

 

 

 

 

 

 2022          10           25                                          001/ХТ2022/00978

 

... ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02054 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2001 дүгээр магадлалтай,                                                                                                                               

... ийн нэхэмжлэлтэй

“... ” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн алданги 22,626,946 төгрөгийг гаргуулах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримуудыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн алдангид 22,626,946 төгрөг гаргуулах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02054 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар “... ” ХХК-иас 6,084,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... т олгож, нэхэмжлэлээс 16,542,811 төгрөгийн болон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримуудыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ... ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,285 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “... ” ХХК-иас 182,496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2001 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02054 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 2001 тоот шийдвэрт ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн дараах байдлаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “Мөн талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн шинж чанар, агуулгаас харахад худалдагч нь ашиглах боломжтой орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс ажлын үр дүнг бий болгох, нөгөө тал гэрээнд оролцох агуулга тусгагдаагүй тул алдангийн хэмжээг тогтоохдоо барилгын ажлын гүйцэтгэлийн хэмжээ, ажлын явцын хувь хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийг тодорхойлоогүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдол хангагдах үндэслэлгүй байна” гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр гүйцэтгэгчийн үндсэн үүргийг “орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх” гэж талууд харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, захиалагчтай Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” биш Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан юм. Орон сууцыг хүлээлгэн өгөөгүй бол барилгын явц хэдэн хувьтай байсныг авч хэлэлцэхгүй байхаар гэрээг дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэснийг харуулж байна. Иймд шүүхийн “... ” ХХК-аас 6,084,134 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ... т олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 181/ШШ2020/002054 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн “нэхэмжлэлээс 16,542,811 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 2001 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн бичгээр гаргасан гомдлоо бүхэлд нь дэмжиж байгаа бөгөөд уг гомдлыг хянасан давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа болно. Магадлалын хянавал хэсэгт “... нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заасанд нийцээгүй байна ... 2019.11.28-ны өдөр ашиглалтад шилжүүлж авсан болох нь түүний тайлбараар тогтоогджээ” гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2018.05.02-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах” А-18/224 тоот гэрээний зүйл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууц болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасантай нийцнэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс ашиглалтад оруулсан хугацааг алдангид тооцож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд өмчлөх эрх, ашиглах эрх нь хууль зүйн хувьд тус тусдаа ойлголт юм. Энэ ч үүднээсээ нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа өмчлөхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгахаар гаргасан бөгөөд уг шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч биелүүлсэн болно. Магадлалын хянавал хэсэгт “гэрээний шинж байдал, хариуцагч “... ” ХХК-аас хохирол барагдуулахаар төлж байсан зэрэг нөхцөлийг харгалзан, алдангийн хэмжээг 70 хувиар багасгасан нь ... эрх хэмжээг шүүх хэтрүүлсэн гэх үндэслэлгүй тул” гэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно" гэж заасан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 405 /нийт 465 хоног/ хоногийн хугацаанд биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 22,626,946 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцэж байгаа болно. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2018.05.02-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах" А-18/224 тоот гэрээний 5.5-д заасан заалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн хэтрүүлсэн хугацааны 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд энэ нь анзын хэмжээ илт их байх гэсэн үндэслэл болохгүй. Нөгөөтээгүүр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагчийн хохирол төлсөн нөхцөл байдлын талаар дурдсан байх бөгөөд хууль зүйн хувьд анз болон хохирол нь тусдаа өөр өөр ойлголт юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн удаан хугацааны туршид байрандаа орж чадахгүй байгаа нөхцөл байдал болон гэрээгээр 61 дэх хоногоос алданги төлөх, 0,1 хувиар алданги тооцох нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр эрх хэмжээгээ хэтрүүлэн хариуцагчийн төлөх ёстой мөнгийг 70 хувиар тооцон олгуулж байгаа нь шүүхээс эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 181/ШШ2020/002054 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн "... нэхэмжлэлээс 16,542,811 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 2001 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг зөрчсөн тул тус шаардлагад холбогдох нэхэмжлэлийг хангаж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алдангид 22,626,946 төгрөг гаргуулж, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төрийн байгууллагын шийдвэрээс шалтгаалан орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа удааширсан, захиалагчид мэдэгдэж байсан учир алданги төлөхгүй гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч “... ” ХХК-аас 6,084,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... т олгож, нэхэмжлэлээс 16,542,811 төгрөгийн болон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримуудыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

8. 2018.05.02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр “... ” ХХК нь “Поларис апартмент” цогцолбор хорооллын А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 204 тоотод байрлах 50.79 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч ...  орон сууцны үнэд 55,869,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

9. Нэхэмжлэгч ...  гэрээний үнэд 55,869,000 төгрөг төлөх үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн, хариуцагч “... ” ХХК нь 2019.11.28-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчийн ашиглалтад хүлээлгэн өгч, гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчсөн үйл баримт тэдгээрийн тайлбар, Төрийн банкны орлогын мэдүүлэг, орон сууц хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд энэ талаар зохигч хэн аль нь маргаагүй, харин орон сууцыг ашиглалтад өгөх хугацаа хэтрүүлсэнд хариуцагч буруутай эсэх нь маргааны зүйл болжээ.

10. Хоёр шатны шүүх хариуцагч тал гэрээний 5.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэгч ... ийн худалдан авахаар тохиролцсон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Поларис апартмент” цогцолбор хорооллын А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 204 тоотод 2 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлсэн байна.

11. Нэхэмжлэгч нь гэрээний 5.5-д заасны дагуу хариуцагчаас алданги шаардах эрх үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

12. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч “... ” ХХК-аас алданги шаардах эрхтэй хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасанд нийцээгүй буюу тэрээр орон сууцыг 2019.11.28-ны өдөр ашиглалтад хүлээн авсан, түүнчлэн гэрээнд орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар алданги тооцох талаар тохиролцоогүй байх тул 2018.11.30-ны өдрөөс 2019.11.28-ны өдрийг хүртэл 363 хоног хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн “...хариуцагч 405 хоног хугацаа хэтрүүлсэн” тухай гомдол үндэслэлгүй байна.

13. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрээний шинж байдал, хариуцагч “... ” ХХК-аас нэхэмжлэгч ... т хохирол барагдуулахаар мөнгө төлж байсан зэрэг нөхцөлийг харгалзан, алдангийн хэмжээг 70 хувиар багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан эрх хэмжээг шүүх хэтрүүлсэн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

14. “...талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн шинж чанар, агуулгаас харахад худалдагч нь ашиглах боломжтой орон сууцыг худалдан авагчид хүлээлгэх өгөх үүрэг хүлээснээс ажлын үр дүнг бий болгох, нөгөө тал гэрээнд оролцох агуулга тусгагдаагүй тул алдангийн хэмжээг тогтоохдоо барилгын ажлын гүйцэтгэлийн хэмжээ, ажлын явцын хувь хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийг тодорхойлоогүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдол хангагдах үндэслэлгүй байна” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул “... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан тухай” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг маргааны үйл баримтад зөв хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02054 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2001 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 112,297 төгрөг, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 240,665 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                     Д.ЦОЛМОН                                                     

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД