Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00136

 

 

 

 

 

 

Пума империал ХХК, Н.Нацагдорж нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02843 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Пума империал ХХК, Н.Нацагдорж нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох

Дулааны шугамаас холболт хийсэн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир, түүний өмгөөлөгч З.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пума империал ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах 2012/03 тоот гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit -385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамыг 85 500 000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Дулаан хангамжийн Unit -385 төвийг Пума ХХК болон Пума империал ХХК хүчин чадлыг өргөтгөж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт эрчим хүчний шинэ боломжийг бий болгосон. Эрчим хүчний газраас 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Пума ХХК-ний нэр дээр 41/2012 тоот техникийн нөхцлийг олгож, 2014 онд нэг удаа сунгасан. Хэрэглэгчийн нэр Пума ХХК, Хүмүүнлэгийн их сургуулийн өргөтгөлийн барилга гэж байгаа. Пума ХХК нь 2012 оны 7-р сараас Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай 20/2 хаягт орших 4667 м.кв талбай бүхий сургалт, үйлчилгээний зориулалттай 17 давхар барилгыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эзэмшил газар дээр барьж, 2016 онд ашиглалтад оруулсан. Уг барилгын зарим хэсгийг Хүмүүнлэгийн ухааны их сургууль, зарим хэсгийг иргэн Н.Нацагдорж нар өмчилдөг, ашиглалт үйлчилгээг 2016 оны 09 дүгээр сараас Пума империал ХХК хариуцан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь 2016 оны 11 дүгээр сард манай өмчлөлийн ТК 415 шугам болон 2-р хэлхээний шугамыг таслан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Эрдмийн өргөө сургуулийг манай шугамаас дур мэдэн дулаанаар хангасан. Хариуцагч нь Пума ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр, энэ байгууллагыг дулаанаар хангах үүрэгтэй, 2016 оны техникийн нөхцөлөөр хангасан гэж тайлбарладаг. Манай 2012, 2014 оны техникийн нөхцөлийн нэрийг өөрчлөөд 2016 онд техникийн нөхцөл авсныг хүчингүй болгосон. Хүчингүй техникийн нөхцөлөөр холбосон дулаан өгсөн асуудал нь хууль бус юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл, Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн барилга 2 нь 1 барилга биш 2 өөр зурагтай барилга, залгаад баригдсан учраас нэг барилга гэж үзээд байдаг. Манай техникийн нөхцөл бол Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийг холбох техникийн нөхцөл биш. Хариуцагч гурвалсан гэрээ гэх нэрийдлээр манай шугамнаас дулааныг нь хангаад байна. Бидний хөрөнгөөр бусдад дулаан дамжуулж байгаа нь хууль зөрчсөн. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгож байна. Иймд Пума ХХК-ийн өмчлөлийн ТК 415 шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хууль бус үйлдлийг зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй гэж заасны дагуу Эрдмийн Өргөө сургуулийг дулаанаар хангасан. Пума ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр цогц төхөөрөмжийг худалдан авсан. Пума ХХК-ийн барьсан барилга нь 16 давхар байшин бөгөөд тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж байж халаах шаардлагатай болсон. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.10-т зааснаар түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй байна. Пума ХХК Эрдмийн их сургууль нь хоорондоо санхүүгийн асуудлаа ярьж тохиролц гэхээр эвлэрдэггүй. Өвлийн улиралд дулааны асуудлыг манайх зохицуулах ёстой тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 8-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд мөрдөх холболтын журам-ын дагуу холбосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол улсын Эрдмийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсын Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь хуучнаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Монгол Улсын Эрдмийн Их Сургууль бөгөөд Б блокийн барилгын өмчлөгч юм. Манай сургууль Пума ХХК-иар барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээгээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Б блокыг бариулах, 16 давхар барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэж, цахилгаан, цэвэр бохир ус, дулаан хангамжийн ажлыг бүрэн гүйцэтгэхээр тохирсон боловч гэрээний үүргээ зөрчсөнөөс маргаан гарч, гэрээгээ цуцалсан. Пума ХХК нь Хүмүүнлэгийн их сургуулийн А, Б блокийн барилгын ажлын гүйцэтгэгч байсан тул 41/2012, 17/2014, техникийн нөхцөлийн хэрэглэгчийн нэр нь Пума ХХК бичигдсэн. Эдгээр техникийн нөхцөлийн дагуу тус сургуулийг дулаанаар хангасан. Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийг дулаанаар хангасан үйл ажиллагаа Пума империал ХХК-ийн эрхийг зөрчөөгүй. Пума ХХК Чингэлтэй дүүргийн шүүхэд яг энэ асуудалтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэр, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Пума ХХК дулааны төхөөрөмжөөс Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийг дулаанаар хангах үүрэгтэй, холболтын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйлдэлийг таслан зогсоож зөрчихөөс өмнөх үеийн байдалд оруулахыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Нэгэнт хүчин төгөлдөр шийдвэртэй, учраас дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн дулаан холболтын үйл ажиллагааны хувьд хууль зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид холбогдох дулааны шугамаас холболт хийсэн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрчихөөс өмнөх байдалд сэргээхийг даалгахыг хүссэн Пума империал ХХК, Н.Нацагдорж нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн талууд шүүхийн өмнө тэгш байх, 6 дугаар зүйлийн мэтгэлцэх зарчим дээр тулгуурлах, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа гаргаж мэтгэлцэх, 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт зааснаар Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлэхэд алдаа гаргасан гэж үзэж байна.

Нэг. Барилгын талаар: Шүүх Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилгыг А. Б гэсэн 2 блоктой нэг л барилга гэж үзээд Пума ХХК-ийн нэр дээр олгосон техникийн нөхцөлийг гуравдагч этгээдийн барилгад хамааралтай гэж ойлгон түүнийг шийдвэрийн үндэслэлээ болгосон. Гэтэл Пума ХХК нь Хүмүүнлэгийн Ухааны их сургууль болон Эрдмийн их сургууль аль алинтай Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан, энэ хоёр барилга нь тус тусдаа өөр өөрийн архитектор төлөвлөлтийн даалгавартай, хоёр өөр зургаар баригдсан, орц гарц нь тусдаа хонгил хоолойгоор холбогдоогүй, тусдаа өөрийн холигч насосын узельтэй харилцан хамааралгүй бие даасан 17, 15 давхар барилгууд юм. Пума ХХК нь Б барилга буюу Эрдэм tower-ийн гүйцэтгэгчийн хувьд магадлан экспертиз хийгдээгүй, батлагдаагүй зургаар ажил гүйцэтгэсэн бөгөөд захиалагч Монгол Улсын Эрдмийн Их Сургууль өөрийн барилгадаа цэвэр бохир ус, дулаан цахилгааны техникийн нөхцөл огт аваагүй. Харин А барилгын хувьд Пума ХХК болон иргэн Н.Нацагдорж нь Хүмүүнлэгийн ухааны их сургуультай харилцан хөрөнгө оруулж хамтран ашиглалтад оруулсан энэ зорилгоор ч анхнаасаа дулааны эрчим хүчний инженерийн ажилд 700 гаруй сая төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл: барилгын захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч юм. Энэ утгаараа Техннкийн нөхцөл Пума ХХК-ийн нэр дээр олгогдсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Энэ техникийн нөхцөлийг өргөтгөлийн барилгыг бүхэлд нь дулааны хэрэгцээнд холбохоор олгосноос гадна А, Б блок гэж тус тусад техникийн нөхцөл олгоогүй байна гэж дүгнэсэн. Өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд буюу Эрдмийн их сургуулийн нэр дээр Б барилгад дулааны техникийн нөхцөл байхгүй. Эрдмийн их сургууль нь А барилгын техникийн нөхцөлийг хууль бус аргаар өөрийн нэр дээр 21/2016 сунгалт хэлбэрээр шилжүүлснийг тогтоогдож улмаар техникийн нөхцөл олгогчоос сунгалтыг хүчингүй болгосон. Монгол Улсын Эрдмийн Их Сургууль Пума ХХК-ийн техникийн нөхцөлийг өөрийн барилгад хамаатай мэтээр нэг барилга, нэг техникийн нөхцөл гэх төөрөгдүүлсэн ойлголт, тайлбарыг шүүхэд гаргасныг үндэслэж шийдвэрлэсэн.

Хоёр. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаар: Барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий Пума ХХК, түүний захирал иргэн Н.Нацагдорж нь хөрш залгаа хоёр барилгын нэгд нь (А барилгын хувьд) хөрөнгө оруулагч болон захиалагч, гүйцэтгэгчээр нөгөөд нь (Б барилгын хувьд) гүйцэтгэгч байсан. Пума ХХК-ийг Б барилгын гүйцэтгэгч байснаар нь A барилгын Пума ХХК-д олгосон техникийн нөхцөлийг Б барилгын захиалагч Эрдмийн их сургуулийнх гэж үзэх цаашлаад өөрийн шугамаас хангах үүрэг хүлээсэн байна гэж дүгнэх нь хуулийн үндэслэлгүй.

Гурав.Техникийн нөхцөлийн талаар: Эрчим хүчний яамнаас 2 жилийн хугацаатай 41/2012 техникийн нөхцөлийг Пума ХХК-д олгосон. Техникийн нөхцөлийг эзэмшигчийн хүсэлтээр 1 жилийн хугацаатай 17/2014 сунгалт техникийн нөхцөл олгож 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Пума Империал ХХК-ийн худалдан авсан дулаан дамжуулах төв болон дулааны шугамыг Пума ХХК шинэчилж. өргөтгөж Хүмүүнлэгийн Ухааны их сургууль болон иргэн Н.Нацагдоржийн барилгыг дулаанд холбож 700 гаруй сая төгрөгийн үндсэн хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч худалдан авсан, өөрийн хөрөнгөөр бий болгосон дулаан дамжуулах төв болон дулааны шугамыг техникийн нөхцөлгүй хөрш барилгын этгээдэд тасалж огтлон шилжүүлж нэхэмжлэгч нарын өмчид халдсан хариуцагчийн хууль бус үйлдэл үйл ажиллагааг дэмжсэн. бусдыг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож. нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Пума империал ХХК, Н.Нацагдорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал нь хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан дулааны шугамаас холболт хийсэн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Пума империал ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах 2012/03 тоот гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit -385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамыг 85 500 000 төгрөгөөр худалдан авч, уг тоног төхөөрөмжийг Пума ХХК нь шилжүүлэн угсрах, өргөтгөх ажлыг гүйцэтгүүлэн халаалтын цогц төхөөрөмжийг Пума империал ХХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлсэн. /Х.х-ийн 11-13, 14-19 дүгээр хуудас/ Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Зохигчид нэхэмжлэгчийн өмчлөлийн дулаан хангамжийн төхөөрөмжийн шугамаас өргөтгөлийн барилгын техникийн нөхцөлөөр Хүмүүнлэгийн их сургуулийн их сургуулийн барилын Б блокийг холбох үндэслэлтэй эсэх, өмчлөх эрх зөрчигдсөн эсэхэд маргаж байгаа болно.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн эзэмшил газар дээр уг сургуулийн өргөтгөл болгож сургалт, үйлчилгээний зориулалттай 17 давхар А, Б блок бүхий барилгыг бариулахаар 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь Пума ХХК-тай А блокын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг , 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь Пума ХХК-тай Б блокын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ. /Х.х-ийн 165-174 дэх тал/

Хэргийн 1 дүгээр хавтасны 29-32 дугаар талд авагдсан өргөтгөлийн барилгыг дулааны хэрэгцээнд холбох 41/2012 тоот техникийн нөхцөл, 17/2014 тоот техникийн нөхцөлийн сунгалт баримтаас үзвэл уг техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас олгохдоо хэрэглэгчийн нэрийг Пума ХХК /Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга/ гэж тодорхойлсон. Техникийн нөхцөл олгогдоогүй тохиолдолд барилгыг барих зөвшөөрөл олгогдохгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэн барилгын Б блок нь нийт өргөтгөлийн барилгын нэг хэсэг бөгөөд А, Б блок гэж тус тусад нь техникийн нөхцөл олгогдоогүй, дээрх техникийн нөхцөлийг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилгыг нийтэд нь дулааны хэрэглээнд холбохоор олгосон нь нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.

Хэрэглэгч Пума империал ХХК нь хөрөнгө гарган дулаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийг худалдан авсан, өргөтгөсөн ч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11-т зааснаар өөрийн өмчлөлийн ТК 415 шугам болон 2 дугаар хэлхээнээс нутаг дэвсгэрийн ойролцоо байрлах Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн барилга буюу Б блокын барилгад дулаан дамжуулах үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дулаан дамжуулж түгээсний үйлчилгээний төлбөрийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь Монгол Улсын Эрдмийн их сургуулийн барилгыг Пума империал ХХК-ийн шугамд холбож дулаанаар хангасан нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т заасныг зөрчөөгүй.

Хэргийн 68-101 дүгээр талд авагдсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй боловч эдгээрээс хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримт болох Пума ХХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нарын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр түр хангах гэрээ, Өргөтгөлийн барилгын техникийн нөхцөл зэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болоогүй болно. /Х.х-ийн 32, 53-58 дугаар хуудас/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ