Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00672

 

“П” ХХК, Н.Н- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02843 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 136 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “П” ХХК, Н.Н- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “У” ТӨХК-д холбогдох,

Дулааны шугамаас холболт хийсэн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“П” ХХК нь “У” ТӨХК-тай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах 2012/03 тоот гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамыг 85 500 000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Дулаан хангамжийн Unit-385 төвийг “Пума” ХХК болон “П” ХХК хүчин чадлыг өргөтгөж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт эрчим хүчний шинэ боломжийг бий болгосон. Эрчим хүчний газраас 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Пума” ХХК-ийн нэр дээр 41/2012 тоот техникийн нөхцлийг олгож, 2014 онд нэг удаа сунгасан. Хэрэглэгчийн нэр “Пума” ХХК, Хүмүүнлэгийн их сургуулийн өргөтгөлийн барилга гэж байгаа. “Пума” ХХК нь 2012 оны 07 дугаар сараас Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай 20/2 хаягт орших 4667 м.кв талбай бүхий сургалт, үйлчилгээний зориулалттай 17 давхар барилгыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эзэмшил газар дээр барьж, 2016 онд ашиглалтад оруулсан. Уг барилгын зарим хэсгийг Хүмүүнлэгийн ухааны их сургууль, зарим хэсгийг иргэн Н.Н- нар өмчилдөг, ашиглалт үйлчилгээг 2016 оны 09 дүгээр сараас “П” ХХК хариуцан “У” ТӨХК-тай дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. “У” ТӨХК нь 2016 оны 11 дүгээр сард манай өмчлөлийн ТК 415 шугам болон 2-р хэлхээний шугамыг таслан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Эрдмийн өргөө сургуулийг манай шугамаас дур мэдэн дулаанаар хангасан. Хариуцагч нь “Пума” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр, энэ байгууллагыг дулаанаар хангах үүрэгтэй, 2016 оны техникийн нөхцлөөр хангасан гэж тайлбарладаг. Манай 2012, 2014 оны техникийн нөхцлийн нэрийг өөрчлөөд 2016 онд техникийн нөхцөл авсныг хүчингүй болгосон. Хүчингүй техникийн нөхцлөөр холбосон дулаан өгсөн асуудал нь хууль бус юм.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл, Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн барилга 2 нь 1 барилга биш 2 өөр зурагтай барилга, залгаад баригдсан учраас нэг барилга гэж үзээд байдаг. Манай техникийн нөхцөл бол Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийг холбох техникийн нөхцөл биш. Хариуцагч гурвалсан гэрээ гэх нэрийдлээр манай шугамнаас дулааныг нь хангаад байна. Бидний хөрөнгөөр бусдад дулаан дамжуулж байгаа нь хууль зөрчсөн. “У” ТӨХК нь Монгол Улсын Эрдмийн Их сургуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгож байна. 

Иймд “Пума” ХХК-ийн өмчлөлийн ТК 415 шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон “У” ТӨХК-ийн хууль бус үйлдлийг зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй гэж заасны дагуу Эрдмийн Өргөө сургуулийг дулаанаар хангасан. “Пума” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр цогц төхөөрөмжийг худалдан авсан. “Пума” ХХК-ийн барьсан барилга нь 16 давхар байшин бөгөөд тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж байж халаах шаардлагатай болсон. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.10-т зааснаар түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй байна. “Пума” ХХК Эрдмийн их сургууль нь хоорондоо санхүүгийн асуудлаа ярьж тохиролц гэхээр эвлэрдэггүй. Өвлийн улиралд дулааны асуудлыг манайх зохицуулах ёстой тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 8-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд мөрдөх холболтын журмын дагуу холбосон.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол улсын Эрдмийн их сургууль шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь хуучнаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Монгол Улсын Эрдмийн Их сургууль бөгөөд Б блокийн барилгын өмчлөгч юм. Манай сургууль “Пума” ХХК-иар барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээгээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Б блокыг бариулах, 16 давхар барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэж, цахилгаан, цэвэр бохир ус, дулаан хангамжийн ажлыг бүрэн гүйцэтгэхээр тохирсон боловч гэрээний үүргээ зөрчсөнөөс маргаан гарч, гэрээгээ цуцалсан. “Пума” ХХК нь Хүмүүнлэгийн их сургуулийн А, Б блокийн барилгын ажлын гүйцэтгэгч байсан тул 41/2012, 17/2014, техникийн нөхцлийн хэрэглэгчийн нэр нь “Пума” ХХК бичигдсэн. Эдгээр техникийн нөхцлийн дагуу тус сургуулийг дулаанаар хангасан. Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийг дулаанаар хангасан үйл ажиллагаа “П” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй. “Пума” ХХК Чингэлтэй дүүргийн шүүхэд яг энэ асуудалтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэр, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Пума” ХХК дулааны төхөөрөмжөөс Монгол Улсын Эрдмийн Их сургуулийг дулаанаар хангах үүрэгтэй, холболтын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож зөрчихөөс өмнөх үеийн байдалд оруулахыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Нэгэнт хүчин төгөлдөр шийдвэртэй, учраас дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн дулаан холболтын үйл ажиллагааны хувьд хууль зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02843 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан “У” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох дулааны шугамаас холболт хийсэн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрчихөөс өмнөх байдалд сэргээхийг даалгахыг хүссэн “П” ХХК, Н.Н- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 136 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн агуулга, шаардлага түүний үндэслэлийн талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадсангүй.

...Барилгуудыг “А, Б блок гэж нэрлэж” Техникийн нөхцөлд заасан “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга”-д нэгтгэж хамаатуулсан хуурмаг ойлголтоос маргааны эх сурвалж бий болж түүнд хөтлөгдөж шүүх шийдвэрлэсэн. Шүүх талуудын маргааны харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс маргааны агуулгыг нягтлан үзээгүй байна. Энэхүү алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүйн дээр магадлалын үндэслэх хэсэгт “Техникийн нөхцөл олгогдоогүй тохиолдолд барилгыг барих зөвшөөрөл олгогдохгүй юм” гэж тааж дүгнэж алдаа гаргажээ. Гуравдагч этгээдийн “эрдэм tower” барилга анхнаасаа барилга барих эхлэх, үрэлжлүүлэх зөвшөөрөл байхгүй баригдсаныг гүйцэтгэгчийн хувьд мэдэх бөгөөд ийм нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй.

Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн 2002 оны 31 дүгээр тогтоолоор батлагдсан “У” ТӨХК-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 2.1.3-т “Техникийн нөхцөл” гэж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дулаанаар хангах зорилгоор тэдгээрийн байр, байгууламж, тоног төхөөрөмжийг дулааны сүлжээнд шинээр холбох, хэрэглэгчийн дулааны ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор дулаан түгээх шугам, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон техникийн шийдлийг тусгасан, хангагчаас дулаан хэрэглэгч буюу дулаанаар хангагдахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон баримт бичгийг тодорхойлсон байна. Эрчим хүчний яамнаас 2 жилийн хугацаатай 41/2012 техникийн нөхцлийг “Пума” ХХК-д олгосон. Техникийн нөхцлийг хэрэглэгчийн хүсэлтээр 1 жилийн хугацаатай 17/2014 сунгалт техникийн нөхцөл олгож тэр нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Гуравдагч этгээдийн барилга дулааны 21/2016 гэх техникийн нөхцөлтэй байсан юм. “Пума” ХХК-д олгогдсон дээрхи хугацаа нь дууссан техникийн нөхцлийг 21/2016 сунгалт болгож Эрдмийн их сургууль гэж нэр өөрчилж хууль бусаар баримт бичиг хийсэн нь баригдаж улмаар Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар 21/2016 техникийн нөхцлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг бид дараа жил нь олж мэдсэн. Гэтэл хариуцагч байгууллагын ерөнхий инженер уг комиссийн гишүүн Б.Батбаяр ийм шийдвэр гарснаас 4 хоногийн дараа 21/2016 техникийн нөхцлийн дагуу иргэн Н.Н-ийн барилгын дулааны шугамыг тайрч таслан “Эрдэм Tower” барилгыг дулаанд холбохыг даалгасан. Ингээд хариуцагч 30 хоногийн дараа дулааны эрчим хүчээр “түр” хангах гэрээг гуравдагч этгээдтэй байгуулсан. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн дулаан дамжуулах төв болон шугам хоолойноос өөр нэгэн техникийн нөхцөлгүй, зохих зөвшөөрөлгүй, Эрдмийн их сургуулийн “эрдэм tower” 15-н давхар барилгыг дулаанд давхар хангаснаар иргэн, хуулийн этгээд эд хөрөнгөө өмчлөх түүнийг цаашид эзэмших эрх хязгаарлагдаж тухайн хөрөнгийн ашиглалт, зориулалт, эрх зүйн төлөв байдлаараа дундын буюу бусдын эзэмшлийнх болж өөрчлөгдөж байгааг, өмчлөх эрх зөрчигдөхөөс гадна бусдыг үндэслэлгүй хөрөгөжүүлжсэн, түүнчлэн шинээр баригдсан 17 давхар барилга 13 давхараас дээш давхарууд шаардлагатай халуун ус, дулааны эрчим хүчээр хангагдаж чадахгүй нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний үүрэг зөрчигдөж байгааг дүгнээгүй нь анхан болон давж заалдах шатны шүүх талуудын маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Шүүх “...ажил гүйцэтгэгч нь өргөтгөлийн “Б” блокийн барилгын ажил гүйцэтгэхдээ гэрээний 2.3.2-т “...техникийн нөхцлийн дагуу бүх ажлын гүйцэтгэл, чанарыг хангах, 2.3.7-д “...гүйцэтгэгч нь ажил эхлэхээс ажлыг хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд ажлыг бүрэн хариуцах, цахилгаан, ус дулаан болон барилгын ажлыг гүйцэтгэх шатанд гарах зардлыг хариуцах үүрэг хүлээжээ” гэж дүгнээд шийдвэрлэсэн. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд байшинг барьж угсарч босгохтой холбоотой зарцуулах ус, цахилгаан, дулааны зардлыг ажил гүйцэтгэх хугацаанд гүйцэтгэгчид хариуцуулсан гэрээний тохиролцоог тухайн барилгын дэд бүтцийг бүхэлд нь хариуцсан мэтээр шүүх тайлбарлаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэж чадаагүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс Иргэний хуулийн тухайн маргаанд хамааралтай зохицуулалтыг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “П” ХХК нь өөрийн өмчлөлийн дулааны ТК 415 шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон “У” ТӨХК-ийн хууль бус үйлдлийг зогсоож, зөрчлөөс өмнөх байдалд сэргээхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг “У” ТӨХК-д холбогдуулан шүүхэд гаргажээ.

Хариуцагч “У” ТӨХК нь хэрэглэгчийг дулаанаар хангах үүргээ биелүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч ийнхүү холболт хийх зөвшөөрөл олгохдоо “П” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн болохоо хяналтын шатны шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч “П” ХХК нь “У” ТӨХК-тай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах 2012/03 тоот гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамыг 85 500 000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд хариуцагч энэ байдлыг үгүйсгээгүй байна.

Дулаан хангамжийн Unit-385 төвийг “Пума” ХХК болон “П” ХХК хүчин чадлыг өргөтгөж, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт эрчим хүчний шинэ боломжийг бий болгосон ба Эрчим хүчний газар 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Пума” ХХК-ийн нэр дээр 41/2012 тоот техникийн нөхцлийг олгож, 2014 онд нэг удаа сунгасан байна. Энэхүү техникийн нөхцөлд хэрэглэгчээр “Пума” ХХК, Хүмүүнлэгийн их сургуулийн өргөтгөлийн барилга гэж заажээ.

“Пума” ХХК нь 2012 оны 07 дугаар сараас Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай 20/2 хаягт орших 4667 м.кв талбай бүхий сургалт, үйлчилгээний зориулалттай 17 давхар барилгыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эзэмшил газар дээр барьж, 2016 онд ашиглалтад оруулжээ. Уг барилгын зарим хэсгийг Хүмүүнлэгийн ухааны их сургууль, зарим хэсгийг иргэн Н.Н- нар өмчилдөг бөгөөд ашиглалт, үйлчилгээг 2016 оны 09 дүгээр сараас “П” ХХК хариуцан “У” ТӨХК-тай дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.

“У” ТӨХК нь 2016 оны 11 дүгээр сард “П” ХХК-ний өмчлөлийн ТК 415 шугам болон 2-р хэлхээний шугамыг таслан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Эрдмийн их сургуулийг уг шугамаас дулаанаар хангажээ. Ингэхдээ “У” нь “Пума” ХХК-иас зөвшөөрөл аваагүй, 2016 оны техникийн нөхцлийг үндэслэсэн гэж тайлбарлажээ.

Гэтэл “Пума” ХХК-ийн 2012, 2014 оны техникийн нөхцлийн хэрэглэгчийн нэрийг өөрчилж, “Пума” ХХК болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга байсныг “Пума” ХХК болон Эрдмийн их сургууль болгосон 2016 оны 05 дугаар сарын техникийн нөхцлийг Эрчим хүчний яамны “Техникийн нөхцөл олгох” ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сард хүчингүй болгож, хуучин буюу “Пума” ХХК, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга гэсэн хэрэглэгчтэй техникийн нөхцөл хүчинтэй үлдсэн байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл болон Эрдмийн Их сургуулийн барилга нь хоёр тусдаа барилга бөгөөд Эрдмийн их сургууль нь дулаанаар хангагдах техникийн нөхцлийн хэрэглэгч биш байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, маргааны үйл баримтын талаар үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах  эрхтэй.

 Нэхэмжлэгч “П” ХХК нь өөрийн өмчлөлийн дулааны шугамаас зөвшөөрөлгүй холболт хийсэн хариуцагч “У” ТӨХК-ийн үйл ажиллагааны улмаас дулааны хангамж муудсан талаар шүүхэд тайлбарласан байх ба нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.-д заасан эрчим хүчний барилга байгууламжид “Пума” ХХК-ийн худалдан авсан, өөрийн өмчлөлийн барилгын дулааны хэрэгцээг хангах зорилгоор өргөтгөж, хөрөнгө оруулсан дулааны шугам хамаарна. Харин хариуцагч “У” ТӨХК нь тухайн дулаан түгээх шугамын технологийн байдалд хяналт тавих, дулаан дамжуулах үүргийг гэрээний дагуу хүлээж, тарифын дагуу төлбөр авдаг байна. “Пума” ХХК-ийн өмч болох дулааны шугамаар бусад байгууллага дулаанаар хангагдах эсэх зөвшөөрлийг тухайн объектын өмчлөгч өгөх учиртай.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд мөрдөх холболтын журам”-ын 4.5.-д зааснаар шинээр объект холбуулж буй иргэн, хуулийн этгээд нь бусдын өмчлөлийн дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж хүчин чадал, шугам сүлжээг өргөтгөх, нэмэгдүүлэх, холболтын схемийг өөрчлөх тохиолдолд гарах зардлыг бүрэн хариуцах ёстой байна.

Гуравдагч этгээд Эрдмийн Их сургууль нь дулааны холболтын дээрх ажиллагаанд  зардал гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй, шугамын өмчлөгч “Пума” ХХК-иас зөвшөөрөл аваагүй байна.

Гуравдагч этгээд Эрдмийн Их сургууль нь нэхэмжлэгч “П” ХХК-тай зөвшилцөж, дулааны шугамд холбогдох талаар харилцан тохиролцоход энэ хэргийн шийдвэрлэлт саад болохгүй болно.

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК болон гуравдагч этгээд Эрдмийн Их сургууль нь хөрш залгаа газрын эзэмшигчид учир мөн хуулийн 138 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу дулааны шугам байрлуулах, холбоход харилцан хүндэтгэлтэй хамтран ажиллавал зохино.

Дээрх байдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 136 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2., 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг баримтлан “Пума” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны ТК 415 шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон “У” ТӨХК-ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагч “У” ТӨХК-д даалгасугай” гэж, 2 дахь заалтын “улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У” ТӨХК-иас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН