Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02843

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02843

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  П И ХХК,

 

Нэхэмжлэгч:  Н. Н нарыг төлөөлж Б.Баяржаргалын гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УБДС ТӨХК-д холбогдох дулааны шугамаас холболт хийсэн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эрдмийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Сүхбаатар /үнэмлэх 0675/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                   

Нэхэмжлэгч нарыг төлөөлж Б.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П И ХХК нь УБДСТӨХК-тай 2012 оны 5-р сарын 08-ны өдөр ”Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах” 2012/03 тоот гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit -385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамыг 85,5 сая төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Дулаан хангамжийн Unit -385 төвийг П ХХК болон П И ХХК хүчин чадлыг өргөтгөж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт эрчим хүчний шинэ боломжийг бий болгосон. Улмаар шинээр барих барилгын дулаанаар хангах техникийн нөхцөл олгох хүсэлт гаргаж Эрчим хүчний газраас 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ПХХК-ний нэр дээр 41/2012 тоот техникийн нөхцлийг олгосон.  Хэрэглэгчийн нэр ПХХК, Хүмүүнлэгийн их сургуулийн өргөтгөлийн барилга гэж байгаа. Техникийн нөхцөлийн 2014 онд нэг удаа сунгасан бөгөөд техникийн нөхцлийн 6.1-д 4-р магистралын 100 мм-ийн голчтой Тк-415 салаа шугамыг 159 мм голчтой болгож өргөтгөсөн. Энэ шугам нь Өргөө 2 кино театраас Пимпериал зочид буудал хүртэл 530 метрийн урттай 159 мм-ийн голчтой болгож өргөтгөж татсан гэсэн үг. Шугамын өргөтгөл, татах ажлыг П ХХК нь Нишин илч ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 13/0328 тоот “Халаалтын цогц төхөөрөмж угсрах” гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн, 340 000 000 төгрөгийн зардал гаргасан. П ХХК нь 2012 оны 7-р сараас Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай 20/2 хаягт орших 4667 м.кв талбай бүхий сургалт, үйлчилгээний зориулалттай 17 давхар барилгыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эзэмшил газар дээр барьж эхэлсэн бөгөөд 2016 онд ашиглалтад оруулсан. Уг барилгын зарим хэсгийг Хүмүүнлэгийн ухааны их сургууль, зарим хэсгийг иргэн Н.Ннар өмчилдөг. Тухайн барилгын ашиглалт үйлчилгээг 2016 оны 9-р сараас П И ХХК хариуцан УБДС ТӨХК-тай “дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”  байгуулсан, дулаан хангамжийн төв болон шугамын өргөтгөлийн ажлыг Н.Ннь ПХХК-ний хөрөнгөөр гүйцэтгэсэн боловч үндсэн хөрөнгийг 2016 оны 10-р сарын 1-нээс П И ХХК-ний үндсэн хөрөнгөд шилжүүлсэн. Бид шугамаа өргөтгөж дулаанаа авсан, 2014 техникийн нөхцөлийг сунгах шаардлага байгаагүй. Гэтэл УБДС ТӨХК нь 2016 оны 11-р сард манай өмчлөлийн ТК 415 шугам болон 2-р хэлхээний шугамыг таслан 2016 оны 12-р сарын 28-наас Эрдмийн өргөө сургуулийг манай шугамаас дур мэдэн дулаанаар хангасан. Хариуцагч нь П ХХК й зөвшөөрөлгүйгээр, энэ байгууллагыг дулаанаар хангах үүрэгтэй, 2016 техникийн нөхцөлөөр хангасан гэж тайлбарладаг. Манай 2012, 2014 оны техникийн нөхцөлийн нэрийг өөрчлөөд 2016 онд техникийн нөхцөл авсан байдаг. Энэ талаар бид Эрчим хүчний яаманд гомдол гаргасан. Бид техникийн нөхцөлийн хугацаанд ажлаа хийгээд дууссан, сунгах шаардлага байгаагүй. Эрчим хүчний яам техник комиссын хурлаараа хэлэлцээд 2016 техникийн нөхцлийг хүчингүй болгосон. Хүчингүй техникийн нөхцлөөр холбосон дулаан өгсөн асуудал нь хууль бус юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл, Эрдмийн их сургуулийн барилга 2 нь ерөнхийдөө нэг барилга гэсэн ойлголтыг төрүүлдэг. Энэ нь 1 барилга биш 2 өөр зурагтай барилга, залгаад баригдсан учраас нэг барилга гэж үзээд  байдаг. Манай техникийн нөхцөл бол Эрдмийн сургуулийг холбох техникийн нөхцөл биш. Техникийн бичиг баримтгүй. Гурвалсан гэрээ гэх нэрийдлээр манай шугамнаас дулааныг нь хангаад байна. Бидний хөрөнгөөр бусдад дулаан дамжуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал болж байна. УБДС ХК нь Эрдмийн сургуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгож байна.  Иймд ПХХК-ийн өмчлөлийн ТК 415 шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон УБДСТӨХК-ний хууль бус үйлдлийг зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13 дахь хэсэгт “Дулаан дамжуулах сүлжээ” гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг хэлнэ” гэж заасан байна. Бид Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй заасны дагуу Эрдмийн Өргөө сургуулийг дулаанаар хангасан. П ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр цогц төхөөрөмжийг худалдан авсан. П ХХК й барьсан барилга нь 16 давхар байшин бөгөөд тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж байж халаах шаардлагатай болсон. Хэрэглэгч цогц төхөөрөмжийн үнийг зээл, зээлийн хүүгийн хамт төлсөн хэрэглэгчид шилжүүлэх шийдвэрийн дагуу бүх Улаанбаатар хотод байгаа том объектуудад халаалтын цогц төхөөрөмжийг П ХХК д шилжүүлсэн. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.10-т зааснаар түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй байна. П ХХК нь хөрөнгө гаргаж тоног төхөөрөмжийг авсан байхад Эрдмийн өргөө сургуулийг холбосон гэж маргадаг. Хоорондоо санхүүгийн асуудлаа ярьж тохиролц гэхээр эвлэрэхгүй гэдэг. Өвлийн улиралд дулааны асуудлыг манайх зохицуулах ёстой байдаг тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 8-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд мөрдөх холболтын журам”-ын дагуу холбосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол улсын Эрдмийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсын Эрдмийн их сургууль нь хуучнаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургууль бөгөөд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутагт баригдсан “Б” блокийн барилгын өмчлөгч юм. Манай сургууль П ХХК ар барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр 2012 оны 5 сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, санхүүжилтийг хийсэн бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Б” блокыг бариулсан. П ХХК  16 давхар барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэж, цахилгаан, цэвэр бохир ус, дулаан хангамжийн ажлыг бүрэн гүйцэтгэхээр тохирсон боловч гэрээний үүргээ зөрчсөнөөс маргаан гарч, гэрээгээ цуцалсан. П ХХК  нь барилгын ажил гүйцэтгэхдээ Эрчим хүчний яамнаас дулааны шугамын холболтын 41/2012, 17/2014, 21/2016 тоот техникийн нөхцөлийг авсан байдаг. П ХХК нь Хүмүүнлэгийн их сургуулийн “А”, “Б” блокийн барилгын ажлын гүйцэтгэгч байсан тул техникийн нөхцөлийн хэрэглэгчийн нэр нь П ХХК бичигдсэн байна. Эдгээр техникийн нөхцөлийн дагуу тус сургуулийг дулаанаар хангасан. Эрдмийн их сургуулийг дулаанаар хангасан үйл ажиллагаа Пимпериал компанийн эрхийг зөрчөөгүй. П ХХК  Чингэлтэй дүүргийн шүүхэд  яг энэ факттай хоблогдуулан нэхэмжлэл гаргасан. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэрээр П ХХК  дулааны төхөөрөмжнөөс Эрдмийн сургуулийг дулаанаар хангах үүрэгтэй гэж дүгнэхийн зэрэгцээ холболтын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйлдэлийг таслан зогсоож зөрчихөөс өмнөх үеийн байдалд оруулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Уг магадлалаар энэ дүгнэлтийг хэвээр үлдээсэн. Хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг  нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн учраас дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн дулаан холболтын үйл ажиллгааны хувьд хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П И ХХК, Н.Ннарыг төлөөлж Б.Баяржаргал нь УБДСТӨХК-д холбогдох дулааны шугамаас холболт хийсэн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

УБДСТӨХК нь П И ХХК-тай 2012 оны 5-р сарын 08-ны өдөр ”Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах” тухай 2012/03 тоот гэрээ байгуулж,  “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit -385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамыг 85 514 920 төгрөгөөр худалдан авч, тоног төхөөрөмжийг актаар /хх 14-19/ хүлээлцжээ.

 

Пконстракшн ХХК /тэмдэг ПХХК/ нь 2013 оны 3-р сарын 28-ны өдөр Нишин илч ХХК-тай “Халаалтын цогц төхөөрөмж угсрах” гэрээ байгуулж, дээрх төхөөрөмжийг шилжүүлэн угсрах, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгүүлсэн /хх 20-28/, 2016 оны 10-р сард 685 747 210 төгрөгийн үнэ бүхий халаалтын цогц төхөөрөмжийг ПХХК-иас П И ХХК нь үндсэн хөрөнгийн орлогын падаанаар худалдан авсан /хх 11-13/, Н.Ннь улсын бүртгэлийн Ү-2203035255 дугаартай Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу /14200/ Сүхбаатарын талбай гудамж, 20/2 дугаартай барилгын зоорь, 10-17 давхар бүхэлдээ, 1-9 дүгээр давхрын зарим хэсэг тоот хаягт байршилтай 4667 м.кв талбайтай, сургалтын зориулалттай, мөн боловсрол үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн /хх 10/ байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

 

Монгол улсын Эрдмийн их сургууль /хуучнаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургууль/ нь 2012 оны 10-р сарын 10-ны өдөр ПХХК-тай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн “Б” блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь ПХХК-тай 2012 оны 10-р сарын 12-ны өдөр “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн “А” блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг /хх 165-174/ тус тус байгуулжээ.

 

Ажил гүйцэтгэгч нь өргөтгөлийн “Б” блокийн барилгын ажил гүйцэтгэхдээ гэрээний 2.3.2-т “...техникийн нөхцөлийн дагуу бүх ажлын гүйцэтгэл, чанарыг хангах”, 2.3.2-т “...гүйцэтгэгч нь ажил эхлэхээс  ажлыг хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд ажлыг бүрэн хариуцах, цахилгаан, ус дулаан, болон барилгын ажлыг гүйцэтгэх шатанд гарах бүх зардлыг хариуцах” үүрэг хүлээжээ.

 

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга нь “А”, “Б” гэсэн 2 блоктой, “Б” блок нь өргөтгөлийн нэг хэсэг гэж үзэхээс гадна өргөтгөлийн барилгыг дулааны хэрэглээнд холбох 41/2012 тоот Техникийн нөхцөлийг хэрэглэгч ПХХК-ний нэр дээр 2012 онд олгож, холболтыг 4-р магистраль, ТК-415-ын салаа шугамыг тооцон өргөтгөх, 415-ын 2-р хэлхээнээс холбох, техникийн нөхцөлийг  17/2014 тоотоор сунгасан /хх 29-32/ байна.

 

Энэ техникийн нөхцөлийг өргөтгөлийн барилгыг бүхэлд нь дулааны хэрэглээнд холбохоор олгосноос гадна “А”, “Б” блок гэж тус тусад нь техникийн нөхцөл олгоогүй байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.11 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах үүрэгтэй байх ба хэрэглэгч П ХХК нь өөрийн  4-р магистраль ТК 415 салаа шугамын 2-р хэлхээнээс  Эрдмийн их сургуулийн барилга буюу “Б” блокийн барилгат дулаан дамжуулах үүрэгтэй, 41/2012, 17/2014 тоот техникийн нөхцөлд энэ шугамаас дулаанд холбохоор олгогдсон, эдгээр техникийн нөхцөлийн талаар нэхэмжлэгч маргаагүй болно.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь Эрчим хүчний яамны 2016 оны 12-р сарын 01-ний өдрийн 3/3100 тоот ПХХК-д өгсөн албан бичиг /хх 51/, Хэрэглэгчдийг төвлөрсөн дулааны сүлжээнд холбох “Техникийн нөхцөл олгох” ажлын хэсгийн 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл /зөвхөн 1, 5 дахь хуудас, хх / зэрэг баримтаар “Эрдмийн сургууль” нэртэй олгогдсон 21/2016 тоот техникийн нөхцөлийн сунгалтыг /хх 33-35/ хүчингүй болсон гэж маргадаг боловч 41/2012, 17/2014 тоот техникийн нөхцөлөөр хэрэглэгчийн шугамд холбож дулааны эрчим хүчээр хангасныг буруу гэж үзэх үндэслэлгүй.

 

Эрчим хүчний тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.9 дэх хэсэгт зааснаар хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй бөгөөд УБДСТӨХК нь Монгол улсын Эрдмийн их сургуулийг ПХХК-ний /одоо П И ХХК шилжүүлж авсан/ шугамд холбож дулаанаар хангасан нь хууль зөрчөөгүй  гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Н.Н-ийн эрх зөрчигдсөн нь тогтоогдоогүй байна.

 

Монгол улсын Эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй ПХХК-д холбогдох, Эрдмийн их сургуульд холбогдох ПХХК-ний шугамаас дулааны.. холболт хийсэн хууль бус үйл ажиллагааг зогсоож, өмнөх байдалд нь сэргээхийг даалгахыг хүссэн ПХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 12-ны өдрийн 182/2017/ШШ781 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 07-р сарын 05-ны өдрийн 1543 тоот магадлал /хх 127-145, 183-202/  хүчин төгөлдөр байна.

 

УБДСТӨХК, П И ХХК-ний хооронд байгуулсан дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ /хх 36-46/, 179-182 дахь талд авагдсан төлбөрийн баримтын талаар талууд маргаагүй, хэргийн 47-50, 52, 73-78, 88-99, 216-218, 230-250, 2-р хавтаст хэргийн 1-13 дахь талд авагдсан албан бичиг, хүсэлт тодорхойлолт, хариу албан бичгүүд нь эрх бүхий байгууллагат гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн, тэдгээрийг шийдвэрлэсэн тухай баримтууд байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан УБДСТӨХК-д холбогдох дулааны шугамаас холболт хийсэн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрчихөөс өмнөх байдалд сэргээхийг даалгахыг хүссэн П И ХХК, Н.Ннарыг төлөөлж гаргасан Б.Баяржаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Р.АЛТАНТУЯА