Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01445

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01445

 

 

Ананда ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00922 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ананда ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Фидес девелопмент ХХК-д холбогдох

26 295 920 төгрөгийн үнэ бүхий нэр дурьдсан эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Жанчив

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Амарбаясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ананда ложистик ХХК-ийн захирал Д.Шийрэв-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ананда ложистик ХХК нь Савроник Монголиа ХХК-тай зам гүүр барих ажлын хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар ярилцаж, ажил хэргийн холбоотой байсан ба улмаар тус компанийн түрээсэлж байсан байранд өөрийн компанийн ширээ сандал, компьютер зэрэг ажил хэргээ явуулах боломжтой техник хэрэгслийг оруулж, нэг өрөөнд нь ажлаа явуулж байсан. Хариуцагч Фидес девелопмент ХХК нь Савроник Монголиа ХХК-тай нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, тус компани түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс  Савроник Монголиа ХХК-ийн эд хөрөнгийг хурааж авсан. Ингэж хурааж авахдаа мөн дотор нь байсан манай эзэмшлийн эд хөрөнгө тавилгыг хураан авсан байсан. Хэрэгт авагдсан баримт болон хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар, эд хөрөнгө хураасан тэмдэглэлд Савроник Монголиа ХХК-ийг түрээсийн үндсэн төлбөрөө төлсөн, харин алданги төлөөгүй гэж буруутган оффис дотор байсан хөрөнгүүдийг хурааж саатуулан барьсан гэж бичсэн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талуудад мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, түрээслэгч талыг байлцуулалгүй, хоёр хөндлөнгийн гэрч байлцуулж, эд хөрөнгийг хураасан байдаг. Тэгэхээр тухайн түрээсэлж байсан өрөөнд хэний ямар хөрөнгө байсныг тодруулахгүй хөрөнгийг хурааж авсан гэдэг нь харагдаж байна. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийг уг оффист байсан эд хөрөнгүүдийг өөрийн өмч гэдгийг нотолж чадаагүй, нэхэмжлэх эрхгүй гэж тайлбарлаж байна. Нэр бүхий эд хөрөнгүүдийг Ананда ложистик ХХК худалдаж авсан, худалдаж авахдаа гэрээ байгуулсан мөнгийг болон НӨАТ-ыг төлсөн, үндсэн хөрөнгийн бүртгэлдээ авсан нь санхүүгийн тайлангаас харагдаж байна. Дээрх баримтуудаар өөрийн өмч хөрөнгө гэдгийг нотолж байна. Мөн Фидес девелопмент ХХК 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Савроник Монголиа ХХК-ийн хөрөнгийг хурааж авахдаа эд хөрөнгийг хураасан жагсаалтыг гаргасан ба уг жагсаалт, үзлэг хийх үед байсан хөрөнгийн жагсаалттай таарч байгаа. Иймд манай компанийн эд хөрөнгийг Фидес Девелопмент ХХК нь хууль бусаар хураан авч өмчлөгчийн эрхийг зөрчиж байх тул 26 255 924 төгрөгний үнэтэй нэр бүхий эд хөрөнгүүдийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Фидес девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Олонбаяр шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болорзаяа, Б.Солонго нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Фидес Девелопмент ХХК нь Савроник Монголиа ХХК-д өөрийн өмчлөлийн байрны 1201, 1202 тоотуудыг түрээслэхээр 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сар хүртэл хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй явсаар тус түрээсийн байрнаас гарсан. Түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, үндсэн төлбөрөө төлсөн боловч 6,7,8,9 сарын алдангид 53 551 108 төгрөг төлөх байтал уг мөнгөө өгөөгүй. Иймд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тухайн байранд байсан эд хөрөнгүүдийг хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан акт үйлдэж 45 орчим төрлийн эд зүйлсийг хурааж авсан. Гэтэл эдгээр нэр бүхий эд хөрөнгүүдийг Ананда ложистик ХХК нь манай эд хөрөнгө гэж маргаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор зарлагын паданууд, НӨАТ-ын баримтуудыг гаргаж өгсөн боловч падаанууд нь орлогын баримт ч биш зарлагын баримтууд байсан. Эдгээр баримт дээр нэр дурдсан байгаа эд хөрөнгүүдийн төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй гэсэн үг юм. Тус компанийн эд хөрөнгүүд гэдгийг зарлагын баримтууд, НӨАТ-ын баримтуудаар нотлох боломжгүй. Dell компьтер зэргийг Ананда ложистик ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг нотлох боломжгүй. Манай компанийн эд хөрөнгө хураан авсан акт болон тухайн маргаан бүхий эд хөрөнгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт ямар маркийн, ямар өнгөтэй, ямар сирийн дугаартай эд хөрөнгө байсан нь тодорхой тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл тухайн компанийн эд хөрөнгүүд гэдгийг нотлох хөдлөшгүй баримт хэрэгт авагдаагүй. Жишээ нь Samsung-ын тогны залгуур, ламп кабелын утас гэж хэлээд байгаа зүйл нь ямар өнгө зүстэй, хэдэн метр утас гэх мэт зүйл нь байхгүй. Иймд дээрх нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Фидес девелопмент ХХК-иас 2900 төгрөгийн үнэтэй 1 ширхэг принтерийн кабель утас, 7000 төгрөгийн үнэтэй антивирусны СД, 8 180 000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ком хувилагч машин,  Делл маркийн 2 ширхэг 4 174 000 төгрөгийн үнэтэй процессор, 1 060 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дэлгэц, 84.000 төгрөгийн үнэтэй хувилагчийн дагалдах хэрэгсэл, 11 120 000 төгрөийн үнэтэй 2 ширхэг захирлын ширээ, 1 ширхэг хурлын ширээ, 2 ширхэг сандал, 41 000 төгрөгийн үнэтэй залгуур, кабель зэрэг эд хөрөнгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ананда ложистик ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 104 000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг хувилагчийн хар хор, 735 000 төгрөгийн үнэтэй З ширхэг хувилагчийн өнгөт хор, 202 000 төгрөгний үнэтэй 2 ширхэг мемори драм, 406 920 төгрөгийн бичиг үсгийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгө, нэхэмжлэлийн шаардлагын зөрүүтэй хэсэг 179 100 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 289 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Фидес девелопмент ХХК-иас 281 294 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ананда ложистик ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болорзаяа давж заалдах гомдолдоо:

... Талуудын хооронд маргаж байгаа зүйлс нь төрлийн шинжээр тодорхойлогдох оффисын тавилга, бараа, бүтээгдэхүүн байх атал шүүх тухайн эд хөрөнгүүдийг Ананда Ложистик ХХК худалдан авсан гэх падаанууд болоод манай компанийн эд хөрөнгө хураан авсан актад дурдсан жагсаалт, үзлэгийн тэмдэглэлийг хооронд нь дүйцүүлэн тухайн эд хөрөнгүүдийг Ананда Ложистик ХХК-ийн өмчлөлийн гэж үзсэн нь нотлох баримтуудыг хангалттай сайн судлаагүй, нотлох баримтыг үнэлэхдээ бодит үнэнд нийцээгүй дүгнэлт хийсэн. Дээрх баримтуудад дурдсан эд хөрөнгүүд нь оффисын байр болгонд байх боломжтой Dell I-7 процессор, дэлгэц, Canon хувилагч, залгуур, ширээ, сандал, буйдан зэрэг төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгүүд байх бөгөөд тэдгээрийг нарийвчлан тодорхойлсон тодорхойлолт хавтас хэрэгт авагдаагүй. Тухайлбал захирлын өрөөний тавилгуудыг Ананда Ложистик ХХК-ийн өмчлөлийнх мөн гэж нотлоод байгаа Вертул ХХК-тай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд захирлын орөөний албан тасалгааны тавилга, хурлын ширээ, сандал гэж тодорхойлсныг манай компанийн саатуулан барих эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан Савроник Монголиа ХХК-ийн түрээсэлж байсан байрнаас хураан авсан тавилгууд мөн гэж ямар үндэслэлээр үзсэн нь тодорхойгүй, нотлох баримтыг хэт нэг талд, буруу үнэлсэн. Ананда Ложистик ХХК-ийн санхүүгийн тайланд уг хөрөнгүүдийг нэрлэн тусгаагүй байхад тус санхүүгийн тайлангаар нотлогдож байгаа гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй. Манай Фидес Девелопмент ХХК нь оффисын байрны түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 1-ний Фидес Тауэр барилгын 1201 болон 1202 тоот өрөөнүүдэд байсан тавилгуудыг Савроник Монголиа ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ болон Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд заасны дагуу саатуулан барих эрхээ хэрэгжүүлэх хүрээнд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгүүлэхээр хураан авсан. Тухайн эд хөрөнгүүд Ананда Ложистик ХХК-ийнх бол Савроник Монголиа ХХК-д ашиглуулах талаар ямар ч гэрээ хэлцэл байхгүй, талууд эд хөрөнгөө түрээсийн нэг байранд оруулж, хамтран ашиглаж байсан тухай хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байсныг үл харгалзан зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн шийдвэрээ гаргаж, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийг огт хэрэглээгүй нь хуульд нийцэхгүй байна. Гуравдагч этгээдийн хувьд тухайн Савроник Монголиа ХХК-ийн түрээсийн байранд, тус компанийн эзэмшилд байсан эд хөрөнгүүдийг Савроник Монголиа ХХК-ийн эд хөрөнгүүд гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх нэхэмжлэлийг хангахдаа хуулийн буруу зүйл, заалт үндэслэсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 106 дугаар зуйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэргийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байдаг бөгөөд энэхүү зүйлийг баримтлахдаа дараах зүйлсүүдийг анхаараагүйгээр үндэслэл болгосон байдаг. Тухайн хөрөнгүүд нь Ананда Ложистик ХХК-ийн эд хөрөнгүүд мөн эсэх нь нотлогдоогүй. Тухайн хөрөнгүүдийн хураан авсан явдал нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд заасан түрээслүүлэгчийн эд хөрөнгө саатуулан барих эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан манай компанийн эзэмшилд байгаа тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл шүүх манай компанийн эзэмшилд байгаа нь хууль бус гэж үзсэн явдал нь Савроник Монголиа ХХК болон манай компаниудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, цаашлаад Иргэний хуульд заасан манай эрхийг зөрчсөн дүгнэлт болсон гэж үзэж байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэт нэг талын барин аливаа хүсэлтийг шийдвэрлэж байсан. Тухайлбал, Савроник Монголиа ХХК-ийн хамтран нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлтийг Ананда Ложистик ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Савроник Монголиа ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн олгосон итгэмжлэлээр тус компани нэхэмжлэгчээр оролцохтой холбоотой аливаа ажиллагаанд төлөөлөх эрхийг Г.Шийрэв-Очирт олгосон итгэмжлэлийг шүүхэд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн атал шүүгч Савроник Монголиа ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулаагүй, хууль зөрчсөн болно. Мөн цаашлаад шүүх хуралдааны явцад шүүгч хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэргийг хэрхэн яаж шийдвэрлэх ёстой талаар саналыг нь авч байсан зэрэг нь шүүгч хараат бус байж, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүтээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ананда ложистик ХХК, хариуцагч Фидес девелопмент ХХК-д холбогдуулан 26 295 920 төгрөгийн үнэ бүхий нэр дурьдсан эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Фидес девелопмент ХХК нь Савроник Монголиа ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны ордон музейн зүүн талд байрлах Фидес тауэр барилгын 12 давхрын 1201, 1202 тоот түрээсийн байрыг 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 11 715 900 төгрөг байхаар тохиролцсон байна. /хх-ийн 17-32 тал/

Түрээслэгч буюу Фидес девелопмент ХХК нь түрээслүүлэгч Савроник Монголиа ХХК түрээсийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас нь гэрээнд заасан түрээсийн төлбөр болон төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний буюу 6, 7, 8, 9 сарын алдангид нийт 53 551 108 төгрөгийн төлбөрт тооцон Савроник Монголиа ХХК-ийн 65 нэр төрлийн эд хөрөнгийг хураан авсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 8-10 тал/

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч байгууллага түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр Савроник Монголиа ХХК-ийн эд хөрөнгийг хурааж авсан, хурааж авсан эд хөрөнгөд манай компанийн 26 295 920 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүд багтсан гэж тайлбарласан байна.

Хэрэгт Ананда ложистик ХХК-ийн 2015 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайлан, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Вертул ХХК болон Ананда ложистик ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын орлогын ордер, зарлагын баримт, Улаанбаатар хотын банкны мөнгө төлсөн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /хх-ийн 15-16, 59-64 тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат Савроник Монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Шийрэв-Очирыг гэрчээр оролцуулах хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго Савроник Монголиа ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт тус тус гаргасан байх боловч хариуцагч тал гуравдагч этгээдээр оролцох Савроник Монголиа ХХК олдоогүй гэсэн үндэслэлээр дээрх хүсэлтээсээ татгалзсан, харин шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2017/04277 дугаар захирамжаар Г.Шийрэв-Очирыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан байна. /хх-ийн 101-102, 109-110 тал/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын маргаанд гэрчээр Д.Шийрэв-Очирыг асуулгах, гуравдагч этгээдээр Савроник Монголиа ХХК-ийг оролцуулах нь хэргийн үйл баримтыг тодруулахад ач холбогдол бүхий байжээ.

Түүнчлэн шүүх Ананда ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй Фидес девелопмент ХХК-д холбогдох 26 295 920 төгрөгийн үнэ бүхий нэр дурдсан эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийг хэрэглэхдээ Савроник Монголиа ХХК болон хариуцагч Фидес девелопмент ХХК-ийн түрээсийн гэрээний үүрэг дуусгавар болсонтой холбогдуулан эд хөрөнгийг хураан авсан харилцааны талаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Фидес девелопмент ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ