Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/00922

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 04 сарын 13 өдөр

  Дугаар 183/ШШ2018/00922

               Улаанбаатар хот

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24 дүгээр байрны 108 тоотод байрлах, 5371554 регистрийн дугаартай, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Фидес тауэр 7 дугаар давхар, 702 тоотод байрлах, 5668875 регистрийн дугаартай, Ф.ДХХК-д холбогдох

 

Нэр дурдсан 26.295.920 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болорзаяа, Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгончимэг нар оролцов.        

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь С.М-тай зам гүүр барих ажлын хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар ярилцаж, ажил хэргийн холбоотой байсан ба улмаар тус компанийн түрээсэлж байсан байранд өөрийн компанийн /зураг төслийн ажил гүйцэтгэдэг/ ширээ сандал, компьютер зэрэг ажил хэргээ явуулах боломжтой техник хэрэгслийг оруулж, нэг өрөөнд нь ажлаа явуулж байсан. Хариуцагч Ф.ДХХК нь С.М-тай нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, тус компани түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс  С.М-ийн эд хөрөнгийг хурааж авсан гэж тайлбарладаг. Ингэж хурааж авахдаа мөн дотор нь байсан манай эзэмшлийн эд хөрөнгө тавилгыг хураан авсан байсан. Хэрэгт авагдсан баримт болон хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар, эд хөрөнгө хураасан тэмдэглэлд С.М-ийг түрээсийн үндсэн төлбөрөө төлсөн, харин алданги төлөөгүй гэж буруутган оффисс дотор байсан хөрөнгүүдийг хурааж саатуулан барьсан гэж бичсэн байдаг. С.М-ийг түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан, удаа дараа шаардуулсан арга буюу хөрөнгийг хураасан гэж тайлбарлаж байгаа боловч нэг л удаа албан бичиг өгсөн, тэр бичигт төлбөрөө төлөх талаар дурдсан болохоос хөрөнгийг хурааж авна гэж огт дурдаагүй байсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талуудад мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, түрээслэгч талыг байлцуулалгүй, хоёр хөндлөнгийн гэрч байлцуулж, эд хөрөнгийг хураасан байдаг. Тэгэхээр тухайн түрээсэлж байсан өрөөнд хэний ямар хөрөнгө байсныг тодруулахгүй хөрөнгийг хурааж авсан гэдэг нь харагдаж байна. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийг уг оффист байсан эд хөрөнгүүдийг өөрийн өмч гэдгийг нотолж чадаагүй, нэхэмжлэх эрхгүй гэж тайлбарлаж байх шиг байна. Нэр бүхий эд хөрөнгүүдийг А ХХК худалдаж авсан, худалдаж авахдаа гэрээ байгуулсан мөнгийг болон НӨАТ-ыг төлсөн, үндсэн хөрөнгийн бүртгэлдээ авсан нь санхүүгийн тайлангаас харагдаж байна. Үүгээр өөрийн өмч хөрөнгө гэдгээ нотолэ байна. Мөн Ф.ДХХК 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С.М-ийн хөрөнгийг хурааж авахдаа эд хөрөнгийг хураасан жагсаалтыг гаргасан ба уг жагсаалт, үзлэг хийх үед байсан хөрөнгийн жагсаалттай таарч байгаа. Иймд манай компанийн эд хөрөнгийг Ф.ДХХК нь хууль бусаар хураан авч өмчлөгчийн эрхийг зөрчиж байх тул 26.255.924 төгрөгний үнэтэй нэр бүхий эд хөрөнгүүдийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болорзаяа, Б.Солонго нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ф.ДХХК нь С.М-д өөрийн өмчлөлийн байрны 1201, 1202 тоотуудыг түрээслэхээр 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сар хүртэл хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй явсаар тус түрээсийн байрнаас гарсан. Түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, үндсэн төлбөрөө төлсөн боловч 6,7,8,9 сарын алдангид 53.551.108 төгрөг төлөх байтал уг мөнгөө өгөөгүй. Иймд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тухайн байранд байсан эд хөрөнгүүдийг хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан акт үйлдэж 45 орчим төрлийн эд зүйлсийг хурааж авсан. Гэтэл эдгээр нэр бүхий эд хөрөнгүүдийг А ХХК нь манай эд хөрөнгө гэж маргаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа яаж нотолдог вэ гэхээр зарлагын паданууд, НӨАТ-ын баримтуудыг гаргаж өгдөг. Паданууд нь орлогын баримт ч биш зарлагын баримтууд байсан. Эдгээр баримт дээр нэр дурдсан байгаа эд хөрөнгүүдийн төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй гэсэн үг. Тус компанийн эд хөрөнгүүд байсан юмаа гэдгийг зарлагын баримтууд, НӨАТ-ын баримтуудаар нотлох боломжгүй. Маш олон Dell компьтер байхад яг А ХХК-ийнх гэдгийг юугаар нотлох юм бэ.  Манай компанийн эд хөрөнгө хураан авсан акт болон тухайн маргаан бүхий эд хөрөнгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт ямар маркийн, ямар өнгөтэй, ямар сир дугаартай эд хөрөнгө байсан нь тодорхой харагддаггүй. Өөрөөр хэлбэл тухайн компанийн эд хөрөнгүүд гэдгийг хөдлөшгүй нотолсон баримтууд хэрэгт байхгүй байна. Жишээ нь Samsung-ын тогны залгуур, ламп кабелын утас гэж хэлээд байгаа зүйл нь ямар өнгө зүстэй, хэдэн метр утас гэх мэт зүйл нь байхгүй. Иймд дээрх нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ф.ДХХК-д холбогдуулан нэр дурдсан 26.295.920 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           

Нэхэмжлэгч А ХХК нь С.М-тай зам гүүр барих ажлын хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар ярилцаж, ажил хэргийн холбоотой байсан, улмаар тус компанийн түрээсэлж байсан байранд өөрийн компанийн /зураг төслийн ажил гүйцэтгэдэг/ ширээ сандал, компьютер зэрэг ажил хэргээ явуулах боломжтой техник хэрэгслийг оруулж, нэг өрөөнд нь ажлаа явуулж байсан гэх ба хариуцагч Ф.ДХХК, С.М-тай байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, төлбөрөө бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр С.М-ийн эд хөрөнгийг хурааж авахдаа манай компанийн эзэмшлийн эд хөрөнгө тавилгыг хураан авсан нь хууль бус тул нэр дурдсан 26.295.920 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

 Харин хариуцагч Ф.ДХХК нь С.М-тай 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, Гэгээнтэн цогцолбор хотхон, Фидес таурын 1201, 1202 тоот оффисийг түрээслүүлсэн, түрээслэгч түрээсийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарыг хүртэл төлөлгүй удаа дараа шаардуулж үндсэн төлбөрөө төлж, алдангийн 53.551.108 төгрөгийг төлөөгүйн улмаас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С.М-ийн түрээсэлж байсан байрнаас тус компанийн эзэмшиж, ашиглаж байсан эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т зааснаар саатуулан барьсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч тал уг оффист байсан эд хөрөнгүүдийг өөрийн өмч гэдгийг нотолж чадаагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

 

         Ф.ДХХК нь С.М-тай 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, Гэгээнтэн цогцолбор хотхон, Фидес таурын 1201, 1202 тоот оффисийг нэг жилийн хугацаатай, нэг м.кв талбайг 52.500 төгрөг буюу нэг сарын 11.715.900 төгрөг байхаар  харилцан тохиролцож  түрээсийн гэрээг бичгээр байгуулж, түрээслүүлж байсан байна.

 

            Хариуцагч нь түрээслэгч С.М түрээсийн төлбөрөө 2014 оны 10 дугаар сараас хойш төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байснаас дахин дахин шаардуулж, үндсэн төлбөрөө төлсөн, улмаар 6,7,8,9 сарын алданги 53.551.108 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан “Эд хөрөнгө хураан авсан тухай акт” үйлдэж, хавсралтад С.М-ийн 65 нэр төрлийн эд хөрөнгийг тоо ширхэгийг заан хураан авчээ.

 

            Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Ф.ДХХК нь түрээслэгч С.М-ийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж, тодорхой хөрөнгө /Фидес таурын 1201, 1202 тоот оффис/-ийг шилжүүлж, тус компани эзэмшиж ашиглаж байсан боловч зохигчдын хооронд гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүйгээс маргаан гарч, улмаар түрээслүүлэгч /хөлслүүлэгч/ нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлага хангуулах зорилгоор тухайн оффист байгаа эд хөрөнгийг саатуулан барьсантай холбогдуулан бусдын өмчлөх эрхэд саад учирсан гэх маргаан үүссэн байна.

 

          Хариуцагч  Ф.ДХХК  түрээслэгч С.М-ийг түрээсийн гэрээний үүргээ /алдангийг/ биелүүлэх төлөх хугацаанд Фидес тауэр барилгын 1201,1202 тоот өрөөнүүдэд байгаа С.М-ийн эд хөрөнгүүдийг хураахдаа дотор нь байсан бусдын эд хөрөнгийг хурааж, өмчлөх эрхэд саад учруулсан гэж үзэхээр байна.

 

         Хариуцагч  Ф.ДХХК Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т... Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасны дагуу түрээсийн байранд байсан эд хөрөнгүүд нь С.М-ийн эд хөрөнгө гэж үзнэ гэж тайлбарлаж байх боловч Фидес тауэр барилгын 1201,1202 тоот өрөөнүүдэд байгаа С.М-ийн эд хөрөнгүүдийг хураахдаа тус компаниас холбогдох хүмүүсийг байлцуулаагүй, яагаад саатуулан барих болон хураах гэж байгаа талаар мэдэгдсэн баримт хэрэгт үгүй байна.

 

          Нэхэмжлэгч А ХХК нь С.М-ийн Фидес тауэр барилгын 1201,1202 тоот түрээсэлж байсан өрөөний нэг хэсэгт нь тавилга техник хэрэгсэлээ байлгаж, зураг төслийн ажлаа хийж байсан, 26 нэр төрлийн хөрөнгө манай хөрөнгө гэж маргаж шаардлагаа гаргаж байгаа ба дээрх эд хөрөнгүүд тус компанийн өмч гэдгийг  А Т З, В, Гранд ворк интернэшнл, Тэнгэр алтай трейд компаниудаас тус тус худалдаж авсан талаарх гэрээ, мөнгө төлсөн баримт болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, зарлагын баримт, тус компанийн санхүүгийн тайлан, Ф.ДХХК нь түрээслэгч С.М-ийн эд хөрөнгийг хурааж авахдаа үйлдсэн “эд хөрөнгө хураасан акт”, үзлэгийн тэмдэглэл зэргээр  нотлогдоно, өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа болно.

 

         Ф.ДХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С.М-ийн хураасан эд хөрөнгүүд дунд болон үзлэг хийсэн тэмдэглэлд А ХХК-ийн өмчлөлийн А Т З ХХК-иас худалдаж авсан 2.900 төгрөгийн үнэтэй нэг ширхэг принтерийн кабель утас, 7.000 төгрөгийн үнэтэй антивирусны СД, 8.180.000 төгрөгийн үнэтэй нэг ширхэг ком хувилагч машин, Делл маркийн хоёр ширхэг 4.174.000 төгрөгийн үнэтэй процессор, 1.060.000 төгрөгийн үнэтэй хоёр ширхэг дэлгэц, 202.000 төгрөгний үнэтэй хоёр ширхэг мемори драм, 84.000 төгрөгийн үнэтэй хувилагчийн дагалдах хэрэгсэл, В ХХК-иас худалдаж авсан нийт 11.120.000 төгрөгийн үнэтэй хоёр ширхэг захирлын ширээ, нэг ширхэг хурлын ширээ, хоёр ширхэг сандал зэрэг эд хөрөнгө, Гранд ворк интернэшнл ХХК-иас худалдаж авсан 41.000 төгрөгийн үнэтэй залгуур кабель зэрэг эд хөрөнгүүд байх ба эдгээр нь А Т З ХХК, В ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах болон зээлээр худалдан авах гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А Т З ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,  А ХХК-ийн зарлагын падаан, төлбөрийн билл, 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Т.А.Т ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, худалдан авалт хийсэн зарлагын баримт, санхүүгийн тайлан зэргээр тогтоогдож байх тул дээрх нэр төрлийн эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

          Харин А Т З ХХК-иас худалдаж авсан 104.000 төгрөгийн үнэтэй нэг ширхэг хувилагчийн хар хор, 735.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хувилагчийн өнгөт хор, 202.000 төгрөгний үнэтэй хоёр ширхэг мемори драм зэрэг хөрөнгө нь эд хөрөнгө хураан авсан актад байхгүй, Т.А.Т ХХК-иас худалдаж авсан 406.920 төгрөгийн бичиг үсгийн хэрэгсэл байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэр дурдсан 26.295.920 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 26.116.820 төгрөг ба нэхэмжилсэн үнийн дүнгээс 179.100 төгрөгийн зөрүүтэй байх тул энэ хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ф.ДХХК-иас 2.900 төгрөгийн үнэтэй 1 ширхэг принтерийн кабель утас, 7.000 төгрөгийн үнэтэй антивирусны СД, 8.180.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ком хувилагч машин,  Делл маркийн 2 ширхэг 4.174.000 төгрөгийн үнэтэй процессор, 1.060.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дэлгэц, 84.000 төгрөгийн үнэтэй хувилагчийн дагалдах хэрэгсэл, 11.120.000 төгрөийн үнэтэй 2 ширхэг захирлын ширээ, 1 ширхэг хурлын ширээ, 2 ширхэг сандал, 41.000 төгрөгийн үнэтэй залгуур, кабель зэрэг эд хөрөнгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 104.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг хувилагчийн хар хор, 735.000 төгрөгийн үнэтэй З ширхэг хувилагчийн өнгөт хор, 202.000 төгрөгний үнэтэй 2 ширхэг мемори драм, 406.920 төгрөгийн бичиг үсгийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгө, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн зөрүүтэй хэсэг 179.100 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 289.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф.ДХХК-иас 281.294 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ДАВААСҮРЭН