Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 833

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 4 сарын 08 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00833                                 Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Ф” ХХК-д холбогдох,

Нэр бүхий 26,295,920 төгрөгийн үнэтэй эд хөрөнгүүдийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болорзаяа, Т.Амартүвшин, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.        

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгчөөс өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь С ХХК-тай зам гүүр барих ажлын хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар ярилцаж, ажил хэргийн холбоотой байсан ба улмаар тус компанийн түрээсэлж байсан байранд өөрийн компанийн /зураг төслийн ажил гүйцэтгэдэг/ ширээ сандал, компьютер зэрэг ажил хэргээ явуулах боломжтой техник хэрэгслийг оруулж, 1 өрөөнд нь ажлаа явуулж байсан. Хариуцагч нь С ХХК-тай 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, тус компани түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс С ХХК-ийн эд хөрөнгийг хурааж авахдаа дотор нь байсан манай эзэмшлийн эд хөрөнгийг хураан авсан. Эд хөрөнгө хураасан тэмдэглэлд С ХХК-ийг алданги төлөөгүй гэж буруутган оффист байсан хөрөнгүүдийг саатуулан барьсан гэж бичсэн байдаг. С ХХК-ийг түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан, удаа дараа шаардуулсан арга буюу хөрөнгийг хураасан гэж тайлбарлаж байвч 1 л удаа төлбөрөө төлөх талаар дурдсан албан бичиг өгсөн. Гэтэл 2015 оны 10 сарын 20-нд талуудад мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, түрээслэгч талыг байлцуулалгүй, 2 хөндлөнгийн гэрч байлцуулж, эд хөрөнгийг тухайн түрээсэлж байсан өрөөнд хэний ямар хөрөнгө байсныг тодруулахгүй хурааж авсан. Хариуцагч нэхэмжлэгчийг уг оффист байсан эд хөрөнгүүдийг өөрийн өмч гэдгийг нотолж чадаагүй, нэхэмжлэх эрхгүй гэж байна. Нэр бүхий эд хөрөнгүүдийг манайх худалдаж авсан, худалдаж авахдаа гэрээ байгуулсан мөнгийг, НӨАТ-ыг төлсөн, үндсэн хөрөнгийн бүртгэлдээ авсан. Үүгээр өөрийн өмч хөрөнгө гэдгээ нотолж байна. “Ф” ХХК 2015 оны 10 сарын 20-нд С ХХК-ийн хөрөнгийг хурааж авахдаа гаргасан жагсаалт нь үзлэг хийх үед байсан хөрөнгийн жагсаалттай таарч байна. Ай Ти Зон ХХК-иас худалдан авсан 104,000 төгрөгийн үнэтэй нэг ширхэг хувилагчийн хар хор, 735,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хувилагчийн өнгөт хор, 2,900 төгрөгийн үнэтэй 1 ширхэг принтерийн кабель утас 1 ширхэг, 7,000 төгрөгийн үнэтэй антивирусны СД, 8,180,000 төгрөгийн үнэтэй мемори драм, 84,000 төгрөгийн үнэтэй хувилагчийн дагалдах хэрэгсэл, “Вертул” ХХК-иас худалдан авсан 11,120,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг захирлын ширээ, 1 ширхэг хурлын ширээ, 2 ширхэг сандал, “Тэнгэр алтай трейд” ХХК-иас худалдан авсан байсан 406,920 төгрөгийн бичиг үсгийн хэрэгсэл зэрэг манай эд хөрөнгийг хариуцагч хууль бусаар хураан авч өмчлөгчийн эрхийг зөрчиж байх тул 26,255,924 төгрөгний үнэтэй нэр бүхий эд хөрөнгүүдийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх С ХХК-д өөрийн өмчлөлийн байрны 1201, 1202 тоотуудыг түрээслэхээр 2014 оны 11 сарын 01-нд түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 2015 оны 10 сар хүртэл түрээсийн төлбөр, гэрээнд заасан анзыг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж Иргэний хуулийн 301.1-т заасны дагуу түрээсийн гэрээний шаардлагаа хангуулахаар “С” ХХК-ийн түрээсэлж байсан оффист байсан эд хөрөнгүүдийг саатуулан барьж, 2015 оны 10 сарын 20-нд хөндлөнгийн 2 гэрч байлцуулан акт үйлдэж 45 орчим төрлийн эд зүйлсийг хурааж авсан. Гэтэл “Ф” ХХК “А” ХХК-тай гэрээ хэлцэл байгуулаагүй байхад манай оффист “А” ХХК ямар үндэслэлээр дотор нь үйл ажиллагаа явуулж байсан нь сонин байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь өмчлөгч гэж тооцогддог. “С” ХХК-ийн түрээслээд үйл ажиллагаа явуулж байсан оффисын өрөөнд эзэмшиж ашиглаж байсан эд хөрөнгүүд түүний өмч биш өөр бусад этгээдийн өмч гэж манай зүгээс харах боломжгүй. Хэрвээ үүнийг хууль бус гэдгийг тогтоохын тулд “С” ХХК-ийг энэхүү маргаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан. Нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгийг өөрийнх гэдгийг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4, 38.5-т заасныг зөрчсөн. Санхүү байдлын тайлан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.2-т заасан санхүүгийн тайланг нотлох баримт болгон ашиглахыг хориглоно гэдгийг зөрчсөн. Шүүхэд гаргаж өгсөн баримт нь ямар ч тамга тэмдэггүй, орлогын ордер байна. Санхүүгийн баримт тамга тэмдэгтэй байж хүчин төгөлдөр болно. Эд хөрөнгө хүлээн авсан эсэх нь тодорхойгүй 1 талын гарын үсэгтэй нотлох баримт нь шаардлага хангахгүй, эргэлзээтэй өөрсдөө хууль бусаар бүрдүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

А” ХХК нь “Ф” ХХК-д холбогдуулан Эд хөрөнгө хураан авсан тухай актыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эд хөрөнгөө буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр дурдсан 26,295,920 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилжээ.

 

Энэ өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь итгэмжлэлээр олгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрхийн хүрээнд актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаас татгалзаж байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ С ХХК-тай хамтран ажиллаж 1 өрөөнд нь үйл ажиллагаа явуулж байтал хариуцагч нь түрээслэгчийг алданги төлөөгүй үндэслэлээр эд хөрөнгүүдийг саатуулан барьж хураахдаа манай эд хөрөнгийг авсан гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 301.1-т зааснаар “С” ХХК-ийн түрээсэлсэн өрөөнөөс эд хөрөнгүүдийг саатуулан барьсан, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй атал үйл ажиллагаа явуулж эд хөрөнгө байсан нь сонин, эд хөрөнгүүд “С” ХХК-ийнх, нотлох баримт нь ИХШХШтХ-ийн 38.4, 38.5 болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.2-т заасныг зөрчсөн, шаардлага хангахгүй, эргэлзээтэй, хууль бусаар бүрдүүлсэн гэж маргалаа.

 

Ф” ХХК нь “С” ХХК-д Фидес тауэрын 1201, 1202 тоотуудыг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслүүлэхээр гэрээ байгуулан түрээсэлсэн, хариуцагч нь “С” ХХК-ийг гэрээнд заасан анз төлөөгүй үндэслэлээр түрээсийн байранд байсан эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 301.1-т зааснаар гэрээний шаардлагаа хангуулахаар саатуулан барьсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “С” ХХК-тай хамтран ажиллахаар ярилцаж, өөрийн компанийн ширээ сандал, компьютер зэрэг ажил хэргээ явуулах боломжтой эд хөрөнгүүдийг тус компанийн түрээсэлж байсан нэг өрөөнд нь оруулж, нэг өрөөнд нь ажлаа явуулж байсан гэж тайлбарласныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзэв.

 

Учир нь “А” ХХК-ийн гаргуулахаар шаардсан 14,728,000 төгрөгийн эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн Санхүүгийн бүртгэлд тусгагдсан, тухайн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч худалдан авсан, тэдгээр хөрөнгийн зарим нь хураагдсан эд хөрөнгөд нэр, төрлөөрөө байгаа болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, худалдан авсан баримтууд, баримт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм.

 

Тухайн Санхүүгийн тайланд хэдийгээр 14,728,000 төгрөгийн хөрөнгө тусгагдсан байгаа боловч эд хөрөнгө хураасан акт болон үзлэгээр нэхэмжлэгчийн худалдан авсан 1,112,000 төгрөгийн үнэтэй хувилагч машин байгаагүй буюу хариуцагч хураан аваагүй байх тул гаргуулах үндэслэлгүй байна.

 

Бусад эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн хөрөнгө болохыг нотолсон хэрэгт авагдаагүй буюу Санхүүгийн тайланд тусгагдаагүй нөхцөлд зөвхөн дэлгүүрээс худалдан авсан баримтын хүрээнд “А” ХХК-ийн эд хөрөнгө гэж үзэхэд учир дутагдалтай юм.

 

Хэрэгт авагдсан 406,920 төгрөгийн бичиг үсгийн хэрэгсэл нь тухайн компанийн тусгагдах боломжгүй хөрөнгүүд байх бөгөөд өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлс тул “Тэнгэр алтай трейд” ХХК-ийн Голден пен дэлгүүрээс худалдан авсан баримтыг үндэслэн хангах үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 8,180,000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ком хувилагч машин, 4,376,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг процессор, 1,060,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дэлгэц, 406,920 төгрөгийн бичиг үсгийн хэрэгсэл зэрэг нийт 14,022,920 төгрөгийн эд хөрөнгүүдийг “Ф” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, “А” ХХК-д олгож, үлдэх 12,273,000 төгрөгийн эд хөрөнгүүдийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн /70,200+219,230/ нийт 289,430 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 228,064 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

         

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго нь гуравдагч этгээдээр “С” ХХК-ийг оролцуулах хүсэлтээсээ 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тухайн байгууллага олдохгүй байгаа үндэслэлээр татгалзсан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаан ирүүлсний дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалантай шүүгчийн туслах утсаар холбогдож, гуравдагч этгээд оролцуулах хүсэлтээ дэмжиж байгаа эсэхийг асуухад “өмнөх төлөөлөгч татгалзсан, давж заалдах шатны шүүхээс оролцуулах нь зүйтэй гэсэн учраас шүүх өөрөө оролцуулах байх” гэсэн хариу өгсөн байна.

 

Үүнээс хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18/51 дугаар итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн оролцсон Т.Амартүвшингээс дээрх хүсэлтийг дахин гаргаагүй болно.

 

А” ХХК-ийн захирал Д.Шийрэв-Очир нь “С” ХХК-д менежер ажлыг хийж байсан тайлбарыг энэ өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан ба 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын захирал мэдүүлэг өгөх боломжгүй үндэслэлээр түүнийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ, С” ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр орлцуулах хүсэлтээсээ тус тус татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 8,180,000 төгрөгийн үнэтэй /Canon IR ADV C2225/ маркийн 1 ширхэг ком хувилагч машин, 4,376,000 төгрөгийн үнэтэй /Dell Optiplex 9020 MT I7 4770/ маркийн 2 ширхэг процессор, 1,060,000 төгрөгийн үнэтэй /Monitor 23ii Wide HD LED/ маркийн 2 ширхэг дэлгэц, 406,920 төгрөгийн бичиг үсгийн хэрэгсэл зэрэг нийт 14,022,920 төгрөгийн эд хөрөнгүүдийг “Ф” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, “А” ХХК-д олгож, үлдэх 12,273,000 төгрөгийн эд хөрөнгүүдийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдгийн хураамжид төлсөн 289,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228,064 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ