Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00105

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00105

 

 

 

Хишиг арвин индустриал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02881 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хишиг арвин индустриал ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-д холбогдох

1 591 404 594 47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, хариууагцчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, Ж.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Хишиг Арвин Индустриал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, Ж.Мягмарсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2013, 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулж байсан бөгөөд 2013 оны гэрээний үндсэн төлбөр нь 818 147 352 төгрөгөөс 0,1%-ийн алданги, 2014 оны гэрээгээр үндсэн төлбөр нь 1 233 378 516 64 төгрөг, 0,05%-ийн алданги тооцохоор байгаа. Манай байгууллага, хариуцагч байгууллагын ерөнхий нягтлан бодогч нарын тооцоололд үндсэн төлбөрийн дүн нийлж байгаа боловч алдангийг ерөөсөө тооцоогүй. Гэтэл хариуцагч гэрээнд заасан алдангийг төлөөгүй. 2013 оны гэрээгээр нийт алданги нь 409 073 676 төгрөг. 2014 оны гэрээгээр нийт алданги нь 421 698 943 төгрөг болж байгаа. Энэ 2 гэрээний алданги нь нийлээд 830 772 619 төгрөг болсон. Үндсэн төлбөрийн үлдэгдлийг нэмэхэд 1 300 000 000 төгрөг болж байгаа. Цахилгааны үндсэн төлбөр 34 151 300 төгрөгийг зөвшөөрч байгаа боловч алдангийг яагаад зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй, гэрээгээр алданги тохирсон тул төлөх ёстой. Алдангийг хуульд заасны дагуу 50%-иар нь тооцсон. Цахилгаан үүсгүүрийн засварын төлбөрийг төлөхгүй гэж байгаа боловч анхны тооцоололд энэ төлбөрийг оруулсан нь харагдаж байгаа. Талууд хоорондоо алданги тооцохоор гэрээ байгуулсан. Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас цаашид төлөх өр төлбөр нь 743 421 250 67 төгрөг байна гэсэн тооцоолол ирүүлсэн. Энэ нь цахилгаан үүсгүүрийн засварын 33 216 396 төгрөг болон алдангийн 16 678 689 төгрөг орсон байна. Иймд өмнө нь хүлээн зөвшөөрсөн 743 421 250 67 төгрөгөөс одоо шүүхэд ирэхдээ цахилгаан үүсгүүрийн засварын төлбөрийг хасч 707 000 000 гаруй төгрөг болгосон байна. Үүгээр цахилгаан үүсгүүрийн засварын төлбөрийг төлөх нь харагдаж байгаа бөгөөд цахилгаан үүсгүүрийн засварын мөнгийг анхнаасаа зөвшөөрч байсан. Тендерийн баталгаанд Уул уурхайн үндэсний олборлогч ХХК 120 289 725 төгрөг гэж хүлээн зөвшөөрч маргахгүй, нягтлан бодогч нь энэ тооцооллыг хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн. Гэтэл одоо 1 000 000 гаруй төгрөгөөр зөрж байна гэж байгаа нь үндэслэлгүй. Тендерийн баталгаа авахад 2 удаа мөнгө төлдөг. Эхлээд тендэрт оролцохдоо төрийн дансанд байршуулдаг тендерийн баталгаа, дараа нь тухайн ажлыг гүйцэтгэж чадна гэх гүйцэтгэлийн баталгааны төлбөр байдаг. Энэ төлбөрийг Хишиг Арвин Индустриал ХХК нь өөрсдөө 100% хувь зээл авах байдлаар гаргасан. Зээлтэй холбоотойгоор хугацаа хэтэрсэн төлбөрийг нэмж нэхэмжилсэн байгаа. Коал Монголиа 2015 чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4 670 200 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. 2013, 2014 оны хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ бөгөөд ашиг олох зорилготой. Үүний дагуу 478.9 дэх хэсэгт зааснаар үндсэн төлбөрийг Уул уурхайн үндэсний олборлогч ХХК төлөх ёстой. Гэрээний 5.4, 5.5 дах хэсэгт алдангийг тусгаж өгсөн бөгөөд 2013 оны гэрээний хувьд 0,1%-ийн, 2014 оны гэрээний хувьд 0,05%-ийн алдангийг Иргэний хуулийн 236.1.1-т зааснаар бичгийн хэлбэрээр гэрээ хийж тохирсон. Цахилгаан эрчим хүч нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй учир алданги нэхэмжлэх эрхгүй гэж байгаа боловч гэрээ нь цахилгаан эрчим хүч худалдах гэрээ биш цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээ байгаа. Талууд цахилгаан эрчим хүчийг хамтран ашиглахдаа гарч байгаа төлбөрийг Хишиг Арвин Индустриал ХХК төлнө. Харин ногдох тоолуурын заалтын дагуу Уул уурхайн үндэсний олборлогч ХХК төлөх ёстой байсан ч төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр, алданги гэж нийт 50 829 983 төгрөг нэхэмжлэх эрхтэй. Цахилгаан үүсгүүрийг шилжүүлэхдээ эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах гэрээ байгуулсан. Өмнө нь асуугдаж байсан гэрч нар болон шалгах хуудас, техникийн комиссын актаар энэ нь нотлогддог. Хишиг Арвин Индустриал ХХК нь хэвийн ажиллаж байгаа цахилгаан үүсгүүрийг хүлээлгэж өгсөн. Харин хүлээж авсан тал цахилгаан үүсгүүрийн эрсдэлийг хариуцна. Иймд хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу дундын техникийн түрээсийн үндсэн төлбөр, алдангийн хамт 1 382 398 486 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 05 сарын дуустал цахилгаан ашигласны төлбөр 34 151 103 төгрөг, алданги 16 678 683 төгрөг буюу 50 829 786 төгрөг, цахилгаан үүсгүүрийн сэлбэгийн үнэ 33 216 396 төгрөг, Эрдэнэставан толгой ХК-аас зарласан таван толгойн ордод уулын ажил үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулах тендерийн баталгааны шимтгэл, зардал 120 289 725 15 төгрөг, чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4 670 200 төгрөг, нийт 1 591 404 594 47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн өмгөөлөгч Н.Наранбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны тайлбартаа: Талууд гэрээ байгуулж хамтран ажилласан, гэрээ дуусгавар болсон. Хоёр тал гэрээг дүгнэж тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийлж 2 205 077 244 36 төгрөг төлөхөөр тохиролцож акт үйлдсэн. Үүнээс хариуцагч 1 500 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээг сайн уншвал дундын техникийн түрээсийн асуудал яригдаж байгаа боловч талууд хоорондоо дундын техник түрээсэлсэн зүйл байхгүй байгаа. Талуудын хооронд албан ёсны эд хөрөнгө түрээслэх гэрээ огт байхгүй учир түрээслэгчийн эрх, үүрэг хүлээхгүй. Иргэний хуульд зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Гэрээний дагуу алданги тооцох бол энэ талаар бичгээр гэрээ байгуулдаг. Нэхэмжлэгч дундын техникийн түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа боловч түрээсийн гэрээ байхгүй. Гэвч бид үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. Алданги төлөх асуудал үүсэхгүй бөгөөд гэрээний үүрэг зөрчигдөөгүй. Цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээ гэж байгаа. Энэ гэрээ одоо ч гэсэн хүчинтэй явж байна. Бид үндсэн цахилгааны төлбөрийг зөвшөөрнө. Харин эрчим хүч түгээх байгууллага шиг алданги тооцож байгааг нь зөвшөөрөхгүй. Цахилгаан үүсгүүрийг эвдэж ашиглах боломжгүй болгосон гэж байгаа боловч тус төхөөрөмж яаж эвдэрсэн нь мэдэгдэхгүй байна. Тус төхөөрөмжийн аль хэсгийг хэн эвдсэн нь мэдэгдэхгүй, тодорхойгүй. Манайд хүрч ирээд мотор эвдэрсэн гэж байгаа боловч тэр мотор нь яг мөн эсэх нь мэдэгдэхгүй, бидний зүгээс гэм буруутай болон гэм буруугүй байдлаар хохирол учруулаагүй. Иймд 33 216 396 төгрөг нь үндэслэлгүй. Тооцооны баталгааг явуулсан байдаг бөгөөд 120 289 705 төгрөг гэдэгт манай талаас тооцоо нийлэхийг хүсч байгаа. Учир нь нэхэмжлэгч 1 сая гаруй төгрөг илүү нэхэмжилж байгаа. Худалдаа хөгжлийн банкнаас гаргаж өгсөн банкны баталгаагаар 374 934 607 19 төгрөг төлсөн байсан. Бидний хамтын ажиллагааны гэрээгээр манай хариуцах төлбөрийн хувь нь 25% байгаа. 25%-иар тооцоход 118 573 645 15 төгрөг гарна. Иймд 2 051 625 868 64 төгрөгөөс 1 500 000 000 төгрөгийг хасаж 551 625 868 64 төгрөг дээр цахилгааны төлбөр 34 151 103 төгрөг, тендерийн баталгааны хүүгийн зардал болон гүйцэтгэлийн баталгааны шимтгэл, түүнтэй холбоотой гарсан зардалд 118 573 641 8 төгрөг, чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4 670 200 төгрөг нийт 709 221 413 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Уул Уурхайн Үндэсний олборлогч ХХК-иас 741 331 937 23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хишиг Арвин Индустриал ХХК-д олгож, үлдэх 850 072 657 24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дараах хэсгийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Мөн хариуцагч нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн өмч Жонн дэйр маркийн \цахилгаан үүсгүүр /генераторыг шалгах хуудсаар хүлээн авч ашиглах явцдаа эд ангийг эвдсэн, эвдрэлийг засварлахад 33 216 396 төгрөгийн сэлбэг шаардлагатай болох нь техникийн комиссын акт цахилгаан үүсгүүрийг хүлээлцсэн акт, генераторыг хүлээлгэж өгөхөд хэвийн ажиллагаатай байсан талаар гэрч У.Ням-Осорын мэдүүлэг, цахилгаан үүсгүүрийг хариуцагч талд авч ашиглаж байх явцад эвдэрсэн нь үнэн талаар гэрч Т.Сонинбаярын мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул сэлбэгийн үнийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримттай нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт болсонд гомдолтой байна. Хэдийгээр цахилгаан үүсгүүрийн эвдрэл нь тус компани цахилгаан үүсгүүрийг авч ашиглах үед үүссэн нь үнэн боловч тухай цахилгаан үүсгүүр нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж эвдэрсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, түүнчлэн цахилгаан үүсгүүрийг засварлахад гарах сэлбэгийн үнэ гэх 33 216 396 төгрөг нь тус компанийн буруутай үйлдлийн улмаас тухайн цахилгаан үүсгүүрт гарсан эвдрэлийг засахад шаардлагатай сэлбэгийн үнэ болох нь тогтоогдохгүй, шалтгаант холбоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас сэлбэгийн үнэ 33 216 396 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас сэлбэгийн үнэ 33 216 396 төгрөгийг манай компаниас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд давж заалдах гомдолдоо: Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... 2 205 077 244 төгрөгөөр тооцоо нийлсэн байна... төлсөн 1 500 000 000 хасаж, үлдэх 741 331 937 төгрөгийг Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-аас гаргуулж, үлдэх 850 072 657 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ гэсэн дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Үндсэн төлбөрийн дүнг тогтоосон атлаа түүнээс бодогдох алдангийг шүүгч ямар үндэслэлээр хасч байгаа нь тодорхойгүй байна. Учир нь гэрч Л.Түвшинбаяр нарын гэрчийн мэдүүлгээр ... Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нь алдангийн асуудал дээр тохирохгүй байсан тул зөвхөн үндсэн төлбөрийн дүн дээр л тооцоо нийлсэн ... гэх болон хавтаст хэрэгт авагдсан Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас Хишиг арвин индустриал ХХК-д (тооцоо нийлсэн актаас хойш) хүргүүлсэн албан бичигт ... алдангийн тооцоон дээр ярилцая ... гэх тайлбаруудаас талууд алдангийн хэмжээг тохиролцоогүй боловч алданги тогтоосон хэлцэл байгаа, алданги авах, алданги төлнө гэдэг ойлголт нэгтэй байсныг гэрчилнэ. Нөгөө талаас талуудын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ-ний 5.4 дэх хэсэгт Талуудын хооронд үүссэн аливаа төлбөр тооцооны тухайд талуудын эрх бүхий ажилтнаас баталгаажуулсан акт дээр үндэслэн тооцоог хийнэ. Хэрэв заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.05 хувийн алданги тооцож төлнө гэж тодорхой заасан байхыг шүүгч мөн анзаарсангүй. Дээрх зохицуулалтаас 2 өөр алдангийн ойлголт гарч ирж байгааг анзаарч болно. Үүнд: Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК-ийн cap бүр техник ашигласны болон бусад зардлыг хугацаанд нь төлөөгүйн алданги, Гэрээний хугацаа дуусгавар болоход талууд тооцоо нийлж, үлдэгдэл үндсэн төлбөрийг баталгаажуулсны дараа уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангийг нийтэд нь зохицуулсан зохицуулалт болохыг харж болохоор байна. Шүүтч талуудын хооронд тооцоо нийлснээр алданги шаардах эрхгүй гэж үзэж байгаа бол шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхой заах хэрэгтэй. Талуудыг төлөөлж тооцоо нийлсэн нягтлан бодогч нар нь алдангийн хэмжээ дээр маргаантай байсан тул зөвхөн үндсэн төлбөр дээр л нийлсэн тухайгаа тайлбарладаг. Мөн алданги шаардах эрхээсээ татгалзсан, алданги авахгүй байхаар тохирсон зүйл талуудын хооронд байдаггүй. Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нь 2013, 2014 онд өгөх ёстой төлбөрөө өгөөгүйн улмаас "Хишиг арвин индустриал" ХХК-д учирсан хохирлыг гэрээнд заасан аргаар тооцож болно. Нэхэмжлэгчид учирсан алдагдлыг хэрхэн барагдуулж зөрчигдсөн эрх, алдсан боломжийг нь сэргээгээгүй. Шүүх гэрээгээр тохирсон алдангийг хэрэглээгүй. Нөгөө талаас талууд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж 2 205 077 244 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон байдаг. Хариуцагч нь тохиролцсон хугацаанаасаа 226 хоног хэтрүүлж байж 1 000 000 000, 235 хоног хэтрүүлж байж 500 000 000 төгрөгийг, 432 хоног (нэхэмжлэл гаргасан өдөр) хэтэрсэн ч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Энэ цаг хугацаа нэхэмжлэгчид учирч буй алдагдал, хохирол юм. Үүнийг шүүх үнэлээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийн хэмжээ хэт өндөр байвал түүнийг багасгаж болохоос хасч тооцох зохицуулалт байхгүй байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Хишиг арвин индустриал ХХК нь хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 1 591 404 594 47 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, гэрээний алданги болон цахилгааны үүсгэврийн засварын зардал зэргийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Хишиг арвин индустриал ХХК болон Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нь Эрдэнэставан толгой ХК-аас зарласан тендерийн дагуу таван толгойн ордод ажил үйлчилгээ үзүүлэх, уулын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдон үүсэх талуудын харилцаа, хамтын ажиллагааны удирдлага зохион байгуулалт, түншлэлийн гишүүдийн хамтдаа болон тус тусдаа хүлээх үүрэг, хариуцлага, төлбөр, дундын зардлыг хэрхэн хариуцах зэргийг тодорхойлох зорилгоор 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр МУ-05/07/2013 дугаар, 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр МУТ-05/10/2014 дугаар Хамтын ажиллагааны гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээнүүдийг тус тус байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. /Х.х-ийн 38-48, 49-60, 61-63 дугаар хуудас/

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тухай шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч нэхэмжлэлээс хамтын ажиллагааны гэрээний төлбөр,тендерийн баталгааны хүүгийн зардал болон гүйцэтгэлийн баталгааны шимтгэл, түүнтэй холбоотой гарсан зардал, чуулга уулзалтад оролцоход гарсан зардал зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зохигчид гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүсэх алданги, цахилгаан үүсгэврийн сэлбэг, засварын зардлыг төлөх үндэслэлтэй эсэхэд марган мэтгэлцсэн.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх 2013 оны хамтын ажиллагааны гэрээний 5.4, 5.5 дах хэсэгт ... талуудын эрх бүхий ажилтнуудаас баталгаажуулсан акт дээр үндэслэн нэхэмжлэх үйлдэх бөгөөд хүлээн авсан тал нэхэмжилсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор төлбөрийг барагдуулна. Хэрэв заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1%-иар тооцсон алданги, төлнө гэж, 2014 оны гэрээний 5.4 дэх хэсэгт ...талуудын эрх бүхий ажилтнуудаас баталгаажуулсан акт дээр үндэслэн нэхэмжлэх үйлдэх бөгөөд хүлээн авсан тал нэхэмжилсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор төлбөрийг барагдуулна. Хэрэв барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,05%-иар алданги төлнө гэж, 2014 оны цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээний 3.8 дах хэсэгт Гэрээнд заасан хугацаанд цахилгаан ашигласны төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги ногдуулна. гэж тус тус заажээ. /Х.х-ийн 41, 52, 62 дугаар хуудас/

Зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийн талаар мөн хуулийн 232 дугаар зүйлийн 323.3 дах хэсэгт заасан журмын дагуу бичгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь гэрээгээр алданги төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангитай холбоотой давж заалдах гомдлыг доорх байдлаар хангах үндэслэлтэй болно.

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дээрх гэрээнүүдэд заагдсан төлбөрийн талаар 2 205 077 244 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй тухай акт үйлдэж, /хх17/ нэхэмжлэгч төлбөр төлөх талаар мэдэгдсэн албан бичгийг хариуцагч байгууллагад 2016 оны 04 дүгээр сарын 11, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсэн нь хэрэгт авагдсан байна. /хх16, 18, 19/ Эдгээр албан бичгийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул хариуцагчийн гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг эдгээр төлбөрийг нэхэмжилсэн албан бичигт үндэслэн тодорхойлох боломжтой. Хариуцагч энэхүү өр төлбөрөөс хугацаа хэтрүүлэн нийт 1 500 000 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанаас хэтрүүлж төлснийг тооцоо нийлсэн актад заасан үнийн дүнгээс хасч тооцоход 750 770 244 төгрөгийн үндсэн төлбөрийн үүргийг хариуцагч төлөөгүй байна. Иймд гэрээнд заасан хувь хэмжээгээр алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул 352 538 622 төгрөгөөр хязгаарлан алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиар тооцох талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан нь хуримтлуулсан алданги тооцох агуулгагүй юм. Нэхэмжлэгч хариуцагчийн хугацаа хэтрүүлэн төлсөн төлбөрийн зарим хэсгийг үндсэн төлбөрт бус алдангид тооцож авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Цахилгаан үүсгэврийн сэлбэг, засварын зардал 33 216 396 төгрөгийн эд материалын хохирлыг хариуцагч учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй нотлогдсон гэж үзэхгүй. Хэргийн баримтаас үзвэл техник хэрэгслийг шалгах хуудсыг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эвдрэл гэмтэлтэй холбоотой техникийн комиссын акт гарсны дараа нөхөж үйлдсэн болох нь гэрч Т.Сонинбаярын ... Тухайн үед нь хийгээгүй, дараа нь хотоос ийм бичиг хэрэгтэй байна гэсэн учир би гарын үсэг зурсан байгаа, ... Би өөрөө байгаагүй учир мэдэхгүй байна. гэх мэдүүлгээр тогтоогдсоноос гадна уг шалгах хуудаст хянах самбар ажиллахгүй байгаа талаар заасан. /хх-65, 66, 201/ Иймд анх техник хүлээлцэхэд бус, харин сүүлд үйлдсэн шалгах хуудас, хариуцагчийг байлцуулалгүй зөвхөн нэг талын үйлдсэн актыг үндэслэн хариуцагчийг бүрэн бүтэн техник хэрэгсэл хүлээж авч, хариуцагч байгууллагын ажилтны буруугаас цахилгаан үүсгэвэр эвдэрсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол шаардах Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан эрх үүсээгүй тул 33 216 396 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02881 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.4 гэж нэмж, 741 331 937 23 гэснийг 1 057 615 866 гэж, 850 072 657 24 гэснийг 533 788 728 гэж, 2 дах заалтын 3 864 610 гэснийг 5 446 029 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 408 314 төгрөг, хариуцагчийн 325 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ