Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2881

 

             

ШИЙДВЭР                                                       

 

                                           МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХА

Хариуцагч: УУ

1.591.404.594,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Н.Н/шүүхэд төлөөлөх эрх-0888/, гэрч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХА ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Ж.М нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийт 1,5 тэрбум төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай байгууллагын авлагийн хувьд хариуцагч байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн гаргаж өгсөн тооцоолол байна. Энэ тооцоололд үндсэн төлбөр нь манай тооцоололтой нийлж байгаа боловч алдангийг ерөөсөө тооцоогүй. Талуудын хооронд 2013, 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулж байсан бөгөөд 2013 оны гэрээний үндсэн төлбөр нь 818,147,352 төгрөгөөс 0,1%-ийн алданги тооцох байна. Харин 2014 оны гэрээгээр үндсэн төлбөр нь 1,233,378,516.64 төгрөг, 0,05%-ийн алданги тооцохоор байгаа. Гэтэл хариуцагч гэрээнд заасан алдангийг төлөөгүй. Манай анхны гаргаж өгсөн нэхэмжлэлд бүх тооцоолол байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хэд хоногоор хэтрүүлсэн байгааг тооцсон. 2013 оны гэрээгээр нийт алданги нь 409,073,676 төгрөг. 2014 оны гэрээгээр нийт алданги нь 421,698,943 төгрөг болж байгаа. Энэ 2 гэрээний алданги нь нийлээд 830,772,619 төгрөг болсон. Үндсэн төлбөрийн үлдэгдлийг нэмэхэд 1.300.000.000 төгрөг болж байгаа. Гэтэл хариуцагч зөвхөн нэг гэрээний дагуу тооцоолол хийсэн мэтээр ойлгож байна. Цахилгааны үндсэн төлбөр 34,151,300 төгрөгийг зөвшөөрч байгаа боловч алдангийг яагаад зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээгээр алданги тохирсон тул төлөх ёстой. Алдангийг хуульд заасны дагуу 50%-иар нь тооцсон. Цахилгаан үүсгүүрийн засварын төлбөрийг төлөхгүй гэж байгаа боловч анхны тооцоололд энэ төлбөрийг оруулсан нь харагдаж байгаа. Талууд хоорондоо алданги тооцохоор гэрээ байгуулсан. Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас цаашид төлөх өр төлбөр нь 743,421,250.67 төгрөг байна гэсэн тооцоолол ирүүлсэн. Энэ нь цахилгаан үүсгүүрийн засварын 33,216,396 төгрөг болон алдангийн 16,678,689 төгрөг орсон байна. Иймд өмнө нь хүлээн зөвшөөрсөн 743,421,250.67 төгрөгөөс одоо шүүхэд ирэхдээ цахилгаан үүсгүүрийн засварын төлбөрийг хасч 707,000,000 гаруй төгрөг болгосон байна. Үүгээр цахилгаан үүсгүүрийн засварын төлбөрийг төлөх нь харагдаж байгаа бөгөөд цахилгаан үүсгүүрийн засварын мөнгийг анхнаасаа зөвшөөрч байсан. Тендерийн баталгаанд УУ ХХК120,289,725 төгрөг гэж хүлээн зөвшөөрч маргахгүй, нягтлан бодогч нь энэ тооцооллыг хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн. Гэтэл одоо 1,000,000 гаруй төгрөгөөр зөрж байна гэж байгаа нь үндэслэлгүй. Тендерийн баталгаа авахад 2 удаа мөнгө төлдөг. Эхлээд тендэрт оролцохдоо төрийн дансанд байршуулдаг тендерийн баталгаа. Дараа нь тухайн ажлыг гүйцэтгэж чадна гэх гүйцэтгэлийн баталгааны төлбөр байдаг. Энэ төлбөрийг ХА ХХКнь өөрсдөө 100% хувь зээл авах байдлаар гаргасан. Зээлтэй холбоотойгоор хугацаа хэтэрсэн төлбөрийг нэмж нэхэмжилсэн байгаа. Коал Монголиа 2015 чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4,670,200 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. 2013, 2014 оны хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ бөгөөд ашиг олох зорилготой. Үүний дагуу 478.9-т зааснаар үндсэн төлбөрийг УУ ХХКтөлөх ёстой. Эндээс үүдэж гэрээний 5.4, 5.5-д алдангийг тусгаж өгсөн бөгөөд 2013 оны гэрээний хувьд 0,1%-ийн алданги, 2014 оны гэрээний хувьд 0,05%-ийн алданги тооцсон. Иргэний хуулийн 236.1.1-т зааснаар алдангийг бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан учир гэрээний дагуу нийт 1.300.000.000 төгрөгийг хамтын ажиллагааны үндсэн төлбөр, алдангийг төлөх ёстой. Цахилгаан эрчим хүч нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй учир алданги нэхэмжлэх эрхгүй гэж байгаа боловч гэрээ нь цахилгаан эрчим хүч худалдах гэрээ биш цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээ байгаа. Гэрээ нь Иргэний хуулийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ бөгөөд талууд цахилгаан эрчим хүчийг хамтран ашигласан. Хамтран ашиглахдаа гарч байгаа төлбөрийг ХА ХХКтөлнө. Харин ногдох тоолуурын заалтын дагуу УУ ХХКтөлөх ёстой байсан ч төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр, алданги гэж нийт 50,829,983 төгрөг нэхэмжлэх эрхтэй. Цахилгаан үүсгүүрийг түр ашиглуулахаар эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Өмнө нь асуугдаж байсан гэрч нар болон шалгах хуудас, техникийн комиссын актаар энэ нь нотлогддог. ХА ХХКнь хэвийн ажиллаж байгаа цахилгаан үүсгүүрийг хүлээлгэж өгсөн. Харин хүлээж авсан тал цахилгаан үүсгүүрийн эрсдэлийг хариуцна. Иймд хариуцагч УУ ХХК-наас талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу дундын техникийн түрээсийн үндсэн төлбөр, алдангийн хамт 1.382.398.486 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 05 сарын дуустал цахилгаан ашигласны төлбөр 34.151.103 төгрөг, алданги 16.678.683 төгрөг буюу 50.829.786 төгрөг, цахилгаан үүсгүүрийн сэлбэгийн үнэ 33.216.396 төгрөг, Эрдэнэс таван толгой ХК-аас зарласан таван толгойн ордод уулын ажил үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулах тендерийн баталгааны шимтгэл, зардал 120.289.725.15 төгрөг, чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4.670.200 төгрөг нийт 1.591.404.594.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч УУ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Н.Ншүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талууд гэрээ байгуулж хамтран ажилласан, гэрээ дуусгавар болсон. Хоёр тал гэрээг дүгнэж тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийлж 2.205.077.244.36 төгрөг төлөхөөр тохиролцож акт үйлдсэн. Үүнээс хариуцагч 1.500.000.000 төгрөгийг төлсөн. Гэрээг сайн уншвал дундын техникийн түрээсийн асуудал яригдаж байгаа боловч талууд хоорондоо дундын техник түрээсэлсэн зүйл байхгүй байгаа. Талуудын хооронд албан ёсны эд хөрөнгө түрээслэх гэрээ огт байхгүй учир түрээслэгчийн эрх, үүрэг хүлээхгүй. Иргэний хуульд зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Гэрээний дагуу алданги тооцох бол энэ талаар бичгээр гэрээ байгуулдаг. Иймд талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх гэрээ байхгүй. Нэхэмжлэгч дундын техникийн түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа боловч түрээсийн гэрээ байхгүй. Гэвч бид үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. Алданги төлөх асуудал үүсэхгүй бөгөөд гэрээний үүрэг зөрчигдөөгүй. Хоёрт цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээ гэж байгаа. Энэ гэрээ одоо ч гэсэн хүчинтэй явж байна. Бид үндсэн цахилгааны төлбөрийг зөвшөөрнө. Харин эрчим хүч түгээх байгууллага шиг алданги тооцож байгааг нь зөвшөөрөхгүй. Гуравт цахилгаан үүсгүүрийг эвдэж ашиглах боломжгүй болгосон гэж байгаа боловч тус төхөөрөмж яаж эвдэрсэн нь мэдэгдэхгүй байна. Тус төхөөрөмжийн аль хэсгийг хэн эвдсэн нь мэдэгдэхгүй, тодорхойгүй. Манайд хүрч ирээд мотор эвдэрсэн гэж байгаа боловч тэр мотор нь яг мөн эсэх нь мэдэгдэхгүй, бидний зүгээс гэм буруутай болон гэм буруугүй байдлаар хохирол учруулаагүй. Иймд 33.216.396 төгрөг нь үндэслэлгүй. Дөрөвт тооцооны баталгааг явуулсан байдаг бөгөөд 120,289,705 төгрөг гэдэгт манай талаас тооцоо нийлэхийг хүсч байгаа. Учир нь нэхэмжлэгч 1 сая гаруй төгрөг илүү нэхэмжилж байгаа. Худалдаа хөгжлийн банкнаас гаргаж өгсөн банкны баталгаагаар 374,934,607.19 төгрөг төлсөн байсан. Бидний хамтын ажиллагааны гэрээгээр манай хариуцах төлбөрийн хувь нь 25% байгаа. 25%-иар тооцоход 118,573,645.15 төгрөг гарна. Иймд 2.051.625.868.64 төгрөгнөөс 1.500.000.000 төгрөгийг хасаж 551.625.868.64 төгрөг дээр цахилгааны төлбөр 34.151.103 төгрөг, тендерийн баталгааны хүүгийн зардал болон гүйцэтгэлийн баталгааны шимтгэл, түүнтэй холбоотой гарсан зардалд 118.573.641.8 төгрөг, чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4.670.200 төгрөг нийт 709.221.413 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ХА ХХКнь хариуцагч УУ ХХЩ-д холбогдуулан гэрээний үүрэг, хохиролд 1.591.404.594.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            ХА ХХК, УУ ХХК, М ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-аас зарласан тендерт хамтран түншлэл хэлбэрээр оролцон шалгарч ажил үйлчилгээ явуулж байхдаа 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №МУ-05/07/2013 дугаартай Хамтын ажиллагааны  гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №МУТ-05/10/2014 дугаартай Хамтын ажиллагааны гэрээг тус тус байгуулан Эрдэнэс таван толгой ХК-тай байгуулсан Таван толгой ордын Цанхын баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх №ЭТТ-2013/05-36 НТШ-11, Таван толгой ордод уулын ажил үйлчилгээ үзүүлэх №ЭТТ-2014/142 дугаар бүхий гэрээний дагуу уулын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдон үүсэх талуудын харилцаа, удирдлага зохион байгуулалт, түншлэлийн гишүүдийн хамтын болон тус тусдаа хүлээх үүрэг, хариуцлага төлбөр, дундын зардлыг хэрхэн хариуцахыг тодорхойлж гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд гэрээний хувьд талууд маргаангүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “хариуцагч гэрээнд заасан алдангийг төлөөгүй. 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны тооцоог нийлж 2.205.077.244.36 төгрөг төлөхөөр дүнг баталгаажуулсан. Нэхэмжлэгч алдангийн тооцоог хийх албан бичиг хүргүүлж, хариуцагч нь алдангийг хоёр талаасаа уулзалт зохион байгуулан хэлэлцэх хүсэлтийг уламжилж байсан тул алдангийг шаардах эрхтэй”

Хариуцагч нь “2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хоёр тал тооцоо нийлж төлөх дүнг баталгаажуулсан. Үнийн дүнгээс 1.500.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлнө. Харин алданги, сэлбэгний үнийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.

            Зохигч хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болсон, Цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээ үргэлжилж байгаа гэж тайлбарлан нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулах авлагын тооцоог 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргаж ирүүлсэн боловч ХА ХХК, УУ ХХКнь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны төлбөр 2.205.077.244.36 төгрөгний авлагатай гарсныг харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулж, энэ үнийн дүнгээс хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1.000.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500.000.000 төгрөг нийт 1.500.000.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, тооцоо нийлсэн актаар тогтоогдсон, төлсөн үнийн дүнд зохигч маргаагүй  байна.

            Талууд гэрээний үүргийг дүгнэн, авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан, нэхэмжлэгчээс хариуцагч компанид 2016 оны 04 дүгээр сарын 11, 2016 оны 08 дугаар сарын 24, 2016 оны 08 дугаар сарын 25, 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрүүдэд алдангийг нэхэмжлэх болон алданги тооцох талаарх мэдэгдэл хүргүүлж, хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 25, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр алдангийн талаар хоёр талаасаа уулзалт зохион байгуулан хэлэлцэх хүсэлтийг уламжилж байсан боловч зохигч энэ талаар тохиролцоогүй тул дээрх албан бичгийг үндэслэн үүргийг дуусгавар болгосон гэрээний алдангийг тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

            Шүүх хуралдаанд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас хамтын ажиллагааны гэрээний  үлдэгдэл төлбөр, цахилгааны төлбөр, чуулга уулзалтад оролцоход гарсан зардал зэргийг тус тус төлөхийг зөвшөөрсөн болно.

            Харин нэхэмжлэлийн 4 дэх шаардлага буюу тендерийн баталгааны хүүгийн зардал болон гүйцэтгэлийн баталгааны шимтгэл, түүнтэй холбоотой гарсан зардлаас 1.716.083 төгрөгийг хасаж тооцон үлдэгдлийг төлнө гэдэг боловч зохигч тооцоо нийлсэн актаар 120.289.725.15 төгрөг төлөхөөр тохиролцож акт үйлдсэн тул энэ үнийн дүнгээр хариуцагч төлөх нь зүйтэй.

            Мөн хариуцагч нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн өмчийн жонн дэйр маркийн цахилгаан үүсгүүр /генератор/-ыг шалгах хуудсаар хүлээн авч ашиглах явцдаа эд ангийг эвдсэн, эвдрэлийг засварлахад 33.216.396 төгрөгний сэлбэг шаардлагатай болох нь техникийн комиссын акт цахилгаан үүсгүүрийг хүлээлцсэн акт, генераторыг хүлээлгэж өгөхөд хэвийн ажиллагаатай байсан талаар гэрч Ж.Ням-Осорын мэдүүлэг, цахилгаан үүсгүүрийг хариуцагч тал авч ашиглаж байх явцад эвдэрсэн нь үнэн талаар гэрч Т.С ын мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул сэлбэгийн үнийг хариуцагч төлөх үндэслэлтэй.

            Зохигч тооцоо нийлсэн 2.205.077.244.36 төгрөгний үнийн дүнд тоног төхөөрөмжийн түрээс, цахилгааны төлбөр 31.112.806.13 төгрөг, тендерийн баталгааны хүүгийн зардал болон гүйцэтгэлийн баталгааны шимтгэл, түүнтэй холбоотой гарсан зардал 120.289.725.15 төгрөг, чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4.670.200 төгрөг тус тус  орсон гэж тайлбарласан тул, хариуцагчаас цахилгааны үлдэгдэл төлбөр 3.038.296.87 төгрөг, сэлбэгийн үнэ 33.216.396 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй.

            Иймд тооцоо нийлсэн актын үнийн дүн дээр цахилгааны төлбөр, сэлбэгийн үнийг нэмж нийт /2.205.077.244.36+3.038.296.87+33.216.396=2.241.331.937.23/ 2.241.331.937.23 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй бөгөөд үүнээс түүний төлсөн 1.500.000.000 төгрөгийг хасаж /2.241.331.937.23-1.500.000.000=741.331.937.23/ хариуцагч Уул Уурхайн Үндэсний олборлогч ХХК-иас 741.331.937.23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хишиг Арвин Индустриал ХХК-д олгож, үлдэх 850.072.657.24 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ түрээсийн төлбөр, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашигласны хохирол гэж тайлбарласан боловч талууд хамтран ажиллах гэрээгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хамтран ажилласан тул хамтран ажиллах гэрээний үүргийг баримталж хэргийг шийдвэрлэв.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Л.Түвшинбаяр нь хариуцагч тал алдангийг зөвшөөрдөггүй, алдангийн талаар тооцоо нийлээгүй,  цахилгаан үүсгүүрийн сэлбэгийн зардлыг ЭЭС ХХК-д оношлуулсан талаар мэдүүлсэн болно.

            Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.114.973 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.