Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00712

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02881 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“У” ХХК-д холбогдох,

1.591.404.594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Мягмарсүрэн, Б.Даваажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ш.Гулжан, Л.Болормаа, Н.Наранбаяр, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2013, 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, алданги тооцохоор тохиролцсон. 2013 оны гэрээний үндсэн төлбөр нь 818,147,352 төгрөгөөс 0,1%-ийн алданги тооцох байна. Харин 2014 оны гэрээгээр үндсэн төлбөр нь 1,233,378,516.64 төгрөг, 0,05%-ийн алданги тооцохоор байгаа. Гэтэл хариуцагч гэрээнд заасан алдангийг төлөөгүй. 2013 оны гэрээгээр нийт алданги нь 409,073,676 төгрөг, 2014 оны гэрээгээр нийт алданги нь 421,698,943 төгрөг болж байгаа. Энэ 2 гэрээний алданги нийлээд 830,772,619 төгрөг болсон. Үндсэн төлбөрийн үлдэгдлийг нэмэхэд 1.300.000.000 төгрөг болж байгаа. Алдангийг хуульд заасны дагуу 50 хувиар тооцсон. Цахилгаан үүсгүүрийн засварын төлбөрийг төлөхгүй гэж байгаа боловч анхны тооцоололд энэ төлбөрийг оруулсан нь харагдаж байна. У ХХК-иас цаашид төлөх өр төлбөр 743,421,250.67 төгрөг байна гэсэн тооцоолол ирүүлсэн. Энэ нь цахилгаан үүсгүүрийн засварын 33,216,396 төгрөг болон алдангийн 16,678,689 төгрөг орсон байна. Иймд өмнө хүлээн зөвшөөрсөн 743,421,250.67 төгрөгөөс одоо шүүхэд ирэхдээ цахилгаан үүсгүүрийн засварын төлбөрийг хасч 707,000,000 гаруй төгрөг болгосон. Тендерийн баталгаанд У ХХК 120,289,725 төгрөг гэж хүлээн зөвшөөрч маргахгүй, нягтлан бодогч нь энэ тооцооллыг хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн. Гэтэл одоо 1,000,000 гаруй төгрөгөөр зөрж байна гэж байгаа нь үндэслэлгүй. Тендерийн баталгаа авахад 2 удаа мөнгө төлдөг. Эхлээд тендэрт оролцохдоо төрийн дансанд байршуулдаг тендерийн баталгаа. Дараа нь тухайн ажлыг гүйцэтгэж чадна гэх гүйцэтгэлийн баталгааны төлбөр байдаг. Энэ төлбөрийг Х ХХК нь өөрсдөө 100% хувь зээл авах байдлаар гаргасан.

Зээлтэй холбоотойгоор хугацаа хэтэрсэн төлбөрийг нэмж нэхэмжилсэн. Коал Монголиа 2015 чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4,670,200 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 236.1.1-т зааснаар алдангийг бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан учир гэрээний дагуу нийт 1.300.000.000 төгрөгийг хамтын ажиллагааны үндсэн төлбөр, алдангийг төлөх ёстой. Цахилгааныг хамтран ашиглахдаа гарч байгаа төлбөрийг Х ХХК төлнө. Харин ногдох тоолуурын заалтын дагуу У ХХК төлөх ёстой байсан ч төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр, алданги гэж нийт 50,829,983 төгрөг нэхэмжлэх эрхтэй.

Иймд хариуцагч У ХХК-наас талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу дундын техникийн түрээсийн үндсэн төлбөр, алдангийн хамт 1.382.398.486 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 05 сарын дуустал цахилгаан ашигласны төлбөр 34.151.103 төгрөгийн алданги болох 16.678.683 төгрөг буюу 50.829.786 төгрөг, цахилгаан үүсгүүрийн сэлбэгийн үнэ 33.216.396 төгрөг, Эрдэнэс таван толгой ХК-аас зарласан таван толгойн ордод уулын ажил үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулах тендерийн баталгааны шимтгэл, зардал 120.289.725.15 төгрөг, чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4.670.200 төгрөг нийт 1.591.404.594.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд гэрээ байгуулж хамтран ажилласан, гэрээ дуусгавар болсон. Хоёр тал гэрээг дүгнэж тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийлж 2.205.077.244.36 төгрөг төлөхөөр тохиролцож акт үйлдсэн. Үүнээс хариуцагч 1.500.000.000 төгрөгийг төлсөн. Гэрээг сайн уншвал дундын техникийн түрээсийн асуудал яригдаж байгаа боловч талууд хоорондоо дундын техник түрээсэлсэн зүйл байхгүй. Талуудын хооронд албан ёсны эд хөрөнгө түрээслэх гэрээ огт байхгүй учир түрээслэгчийн эрх, үүрэг хүлээхгүй. Иргэний хуульд зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Гэрээний дагуу алданги тооцох бол энэ талаар бичгээр гэрээ байгуулдаг. Иймд талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх гэрээ байхгүй. Гэвч бид үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. Мөн цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээ гэж байгаа. Энэ гэрээ одоо ч гэсэн хүчинтэй явж байна. Бид үндсэн цахилгааны төлбөрийг зөвшөөрнө. Харин эрчим хүч түгээх байгууллага шиг алданги тооцож байгааг нь зөвшөөрөхгүй. Цахилгаан үүсгүүрийг эвдэж ашиглах боломжгүй болгосон гэж байгаа боловч тус төхөөрөмж яаж эвдэрсэн нь мэдэгдэхгүй байна. Манайд хүрч ирээд мотор эвдэрсэн гэж байгаа боловч тэр мотор нь яг мөн эсэх нь мэдэгдэхгүй, бидний зүгээс гэм буруутай болон гэм буруугүй байдлаар хохирол учруулаагүй. Иймд 33.216.396 төгрөг нь үндэслэлгүй. Тооцооны баталгааг явуулсан байдаг бөгөөд 120,289,705 төгрөг гэдэгт манай талаас тооцоо нийлэхийг хүсч байгаа. Учир нь нэхэмжлэгч 1 сая гаруй төгрөг илүү нэхэмжилж байгаа. Худалдаа хөгжлийн банкнаас гаргаж өгсөн банкны баталгаагаар 374,934,607.19 төгрөг төлсөн байсан. Бидний хамтын ажиллагааны гэрээгээр манай хариуцах төлбөрийг 25%-иар тооцоход 118,573,645.15 төгрөг гарна.

Иймд 2.051.625.868.64 төгрөгөөс 1.500.000.000 төгрөгийг хасаж 551.625.868.64 төгрөг дээр цахилгааны төлбөр 34.151.103 төгрөг, тендерийн баталгааны хүүгийн зардал болон гүйцэтгэлийн баталгааны шимтгэл, түүнтэй холбоотой гарсан зардалд 118.573.641.8 төгрөг, чуулга уулзалтад оролцоход гарсан зардал 4.670.200 төгрөг нийт 709.221.413 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02881 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч У ХХК-иас 741.331.937.23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 850.072.657.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.114.973 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас 3.864.610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02881 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.4 гэж нэмж, 741.331.937,23 гэснийг 1.057.615.866 гэж, 850.072.657,24 гэснийг 533.788.728 гэж, 2 дах заалтын 3.864.610 гэснийг 5.446.029 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.408.314 төгрөг, хариуцагчийн 325.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Наранбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 105 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

“У” ХХК нь “Х” ХХК-тай 2016 оны 12 сарын 31-ний өдөр тооцоо нийлж, 2,205,077,244.36 төгрөгийн авлагатай гарсныг харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд энэ үнийн дүнгээс хариуцагч 2016 оны 11 сарын 16-ны өдөр 1.000,000,000 төгрөг, 2016 оны 11 сарын 25-ны өдөр 500,000,000 төгрөг нийт 1,500,000,000 төгрөгийг төлсөн байдаг.

Ингээд “У” ХХК-иас төлөх үлдэгдэл төлбөрөөс “Хамтран ажиллах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 551,625,868.64 төгрөг, Цахилгааны төлбөр 31,112,806.13 төгрөг, Тендерийн баталгаа 120,289,725 төгрөг, Коул монголиа арга хэмжээний зардал 4,670,200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Эдгээр төлбөрөөс нэхэмжлэгч Тендерийн баталгаа 120,289.725 төгрөгөөс алданги нэхэмжлээгүй, Коул монголиа арга хэмжээний зардал 4.670,200 төгрөгөөс алданги нэхэмжлээгүй болно. Түүнчлэн талууд хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхдээ “2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлөх төлбөр”-ийн үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулсан байхад давж заалдах шатны шүүх 352,538,622 төгрөгийн алдангийг ямар хугацааны алданги гэж үзэж хангаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр тооцоо нийлсэн баримт /Хэргийн хавтасны 137 дугаар хуудас хүснэгтийн доод талын мөр/, “Хишиг арвин индустраил” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17/01/063 тоот албан бичиг /Хэргийн хавтасны 133, 134-р хуудас/-ээр “У” ХХК-д ирүүлсэн “Авлагын тулган баталгаажуулалт”-ын албан бичгээр тус тус нотлогдож байгаа болно. талуудын хооронд тооцоо нийлсэн акт үйлдсэнээр өмнөх гэрээнүүд дуусгавар болсон гэж үзнэ. Иймээс талуудын хооронд хэрэгжиж дуусгавар болсон “Хамтын ажиллагааны гэрээ”-ний заалтыг үндэслэн хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй юм. Талууд тооцоо нийлсэн актаар алданги тооцохгүйгээр тохиролцсон болно.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 105 дугаар магадлалаас “...алдангид 352,538,622 /гурван зуун тавин хоёр сая таван зуун гучин найман мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг “У” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах”-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалд цахилгаан үүсгүүрийн сэлбэг, засварын зардал 33.216.396 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Jonh deere маркийн цахилгаан үүсгүүр (генератор)-ийг “Х” ХХК-иас “У” ХХК-д ашиглуулах, ашиглах харилцаа нь компаниудын эрх бүхий удирдлагуудын зөвшөөрлөөр ямар нэгэн үнэ төлбөргүй байхаар тохиролцсон нь талуудын дунд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ” байгуулагдсан болохыг харуулж байгаа юм. Мөн тухайн цахилгаан үүсгүүр (генератор)-ийг анх бүрэн ажиллагаатайгаар хүлээн авч ашиглахдаа хавтаст хэргийн 65 дугаар хуудаст буй “Шалгах хуудас”-ын дагуу хэвийн ажиллагаатай байсныг хүлээж авсан ба эгүүлэн хүлээж авах үед эвдэрсэн буюу “турбины гол зуурсан” оноштойгоор хавтаст хэргийн 66-67 хуудас дахь “Техникийн комиссын акт”-аар нэхэмжлэгч тал нь хүлээн авсан ба хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд тухайн генератор нь эвдэрсэн болох нь гэрч Ж.Ням-Осор, Т.Сонинбаярын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын генераторын засварын сэлбэг, засварын 33.216.396 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хангаж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.                                                           

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “У” ХХК-с гэрээний төлбөр, засварын зардал, алдангид нийт 1.591.404.594 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

“Х” ХХК болон “У” ХХК-иуд нь “Эрдэнэставан толгой” ХК-аас зарласан уулын ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад хамтран оролцож, улмаар уулын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдон үүсэх харилцаа, хамтын ажиллагааны удирдлага зохион байгуулалт, түншлэлийн гишүүдийн хамтдаа болон тус тусдаа хүлээх үүрэг, хариуцлага, төлбөр, дундын зардлыг хэрхэн хариуцах талаар харилцан тохиролцож, Хамтын ажиллагааны гэрээг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болон  2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус байгуулжээ.

Түүнчлэн талууд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээ байгуулж, “У” ХХК-ийн ажилд зориулан оффис болон засварын хэсэгт цахилгааны хэрэглээний эрчим хүч хэрэглэх, холбогдох зардлыг төлөх асуудлаар харилцан тохиролцжээ/ хэргийн 38-48, 49-60, 61-63 дугаар хуудас/

Талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах, 243 дугаар зүйлийн 243.1-т цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн эсэх, цахилгаан үүсгэврийн засварын зардлыг төлөх эсэх талаар маргажээ.  

Зохигч талууд  дээрх гэрээнүүдийн үүргийг дүгнэн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, акт үйлдсэн, хариуцагч 2.205.077.244 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүнээс 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 1.000.000.000 төгрөг, мөн сарын 25-ний өдөр 500.000.000 төгрөг нийт 1.500.000.000 төгрөг төлжээ.

Дээрх актаар тогтоосон төлбөрийн дүнд нэхэмжлэлд дурдсан тоног төхөөрөмжийн түрээс, цахилгааны төлбөр, тендерийн баталгааны хүү, гүйцэтгэлийн баталгааны шимтгэл, түүнтэй холбогдох бусад зардал, мөн чуулга уулзалтад оролцоход гарсан зардал багтсан талаар нэхэмжлэгч тайлбар гаргасан ба хариуцагч актаар тогтоосон төлбөрөөс 709.221.413 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алданги, цахилгааны үүсгэврийн засварын зардлыг бүхэлд нь, тендерийн баталгааны хүүгийн  болон гүйцэтгэлийн баталгааны шимтгэл, түүнтэй холбоотой гарсан зардлын заримыг эс зөвшөөрч, төлөхөөс татгалзжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны хамтын ажиллагааны гэрээний 5.4, 5.5 дах хэсэгт “... талуудын эрх бүхий ажилтнуудаас баталгаажуулсан акт дээр үндэслэн нэхэмжлэх үйлдэх бөгөөд хүлээн авсан тал нэхэмжилсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор төлбөрийг барагдуулна. Хэрэв заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1хувиар тооцсон алданги төлнө”, 2014 оны гэрээний 5.4 дэх хэсэгт “...эрх бүхий ажилтнуудаас баталгаажуулсан акт дээр үндэслэн нэхэмжлэх үйлдэх бөгөөд хүлээн авсан тал нэхэмжилсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор төлбөрийг барагдуулна. Хэрэв барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,05 хувиар алданги төлнө” гэж, Цахилгаан эрчим хүч хамтран ашиглах гэрээний 3.8-т “гэрээнд заасан хугацаанд цахилгаан ашигласны төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж тус тус заасан, нэхэмжлэгч уг заалтыг үндэслэн  алданги нэхэмжилжээ.  

Нэхэмжлэгч тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш гэрээнд заасан дээрх журмын дагуу төлбөр төлөхийг мэдэгдэж, энэ тухай албан бичгийг 2016 оны 04 дүгээр сарын 11, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрүүдэд хүргүүлсэн, хариуцагч уг баримтыг хүлээн авснаа үгүйсгээгүй  байна /хэргийн 16, 18, 19 дүгээр тал/.

Дээр дурдсанаас үзвэл, хариуцагч тооцоо нийлсэн актаар тогтоосон төлбөрийг хугацаанд нь төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон,  талууд алданги тооцохоор гэрээгээр тохиролцсон тул  нэхэмжлэгч  алданги шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангахдаа нэхэмжлэлийн зарим шаардлагад алданги тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэлд дурдсан тендерийн баталгааны шимтгэл, зардал 120.289.725  төгрөг, чуулга уулзалтад оролцсоны зардал 4.670.200 төгрөг нийт 124.959.925 төгрөг байх ба энэхүү төлбөрт алданги тооцохоор талууд харилцан тохиролцоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Тооцоо нийлсэн актад заасан төлбөрөөс хариуцагч 705.077.244 төгрөгийг төлөөгүй, үүний 580.117.319 төгрөг нь хамтын ажиллагааны болон цахилгааны эрчим хүч ашиглах гэрээний төлбөр тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу 290.058.659 төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан шаардлагад нийцнэ.

Хариуцагчийн буруугаас цахилгаан үүсгэвэр эвдэрч гэмтсэн гэх байдал хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй тул засварын зардалд 33.216.396 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс 995.135.903 /705.077.244+290.058.659/ төгрөгийн шаардлагыг хангахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...232.4” гэсний дараа “...243 дугаар зүйлийн 243.1” гэснийг нэмж, “1 057 615 866” гэснийг “...995.135.903” гэж, “...533 788 728” гэснийг “...596.268.691” гэж, “5 446 029” гэснийг “..5.133.630” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 1.920.650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 324.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.       

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                Г.ЦАГААНЦООЖ