Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02376

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02376

 

 

Л.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03032 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Минжинсорд холбогдох

 

Орон сууцны хөлсний дутуу төлбөр болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 14 372 460 төгрөг, нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн эдийн бус гэм хорын хохирол 14 372 460 төгрөг нийт 28 744 920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Бат-Өлзий

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Л.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч Э.Минжинсорыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00755 дугаар шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж түүнийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44-06 дугаар байрны 128 тоотод оршин суудаг" болохыг тогтоосон болно. Анх хип хоп дуучдын холбооны ерөнхийлөгч н.Баабар гэж өөрийгөө танилцуулсан дуучин н.Батбаяр Та байрныхаа түлхүүрийг надад түр өгчих, нэг хүнд байрыг чинь үзүүлье, байр чинь таалагдвал шууд орно, таалагдахгүй бол түлхүүрийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлэн 40 000 төгрөг барьцаанд үлдээж түлхүүр авч явсан. Барьцаанд өгсөн 40 000 төгрөг дээрээ нэмж 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 5125034817 тоот данснаас 2 460 000 төгрөг шилжүүлсэн. Э.Минжинсортой 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г 2 жилийн хугацаатай, улирал бүр 2 100 000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлтэйгээр байгуулж, түүнд өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороолол, 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 50 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг эд хогшлын хамт хүлээлгэн өгч, мөн гадна төмөр хаалганы 2 цоожны 4 ширхэг түлхүүрийг өгсөн. Ороод удаагүй Гал тогоонд ус алдаад байна, яах вэ гэж залгахад нь өөрт байсан шинэ холигч 1, уян холбоос 2-ийг авч очиход гэрийн үйлчлэгч, хүүхдүүдийнхээ хамт байсан. Энэ холигч, уян холбоосыг зуслан дээрээ хэрэглэх гэж урдаас 450 юаниар авсан зүйлс, төгрөгөөр тооцвол 100 000 орчим төгрөг болно. Ус алдсанаас үүссэн хохирлыг яах талаар асуухад тэрээр "...намайг уучлаарай, би хохирлыг чинь төлж өгнө гэж хэлсэн болохоор нь өөр зүйл ярилгүй явсан. Дараа нь Э.Минжинсор 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр утасдаж байрны гадна хаалганы хоёр цоожийг солиулмаар байна, намайг байхгүй үед манай хүүхдүүд хаалгаа онгойлгож хүчрэхгүй хэцүү байна би мөнгийг нь төлнө гэхээр нь 100 айлын дэлгүүрээс цоож худалдан авч, цоож солиулахаар очсон. Би дараа нь над руу залгахаар нь шаардлага тавихад тэрээр уучлалт гуйж, цоожны мөнгийг удахгүй төлнө гэсэн. Түүнээс хойш тэрээр 2015 оны 5 дугаар сарын 16-нд 450 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 3-нд засвар үйлчилгээний төлбөр гээд 1 906 000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хойш мөнгө төлөөгүй. Гэтэл хариуцагч Э.Минжинсор 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би байрнаас гарсан, хүлээлгэж өгье гэж ярьсан бөгөөд байрандаа очиход хүн байгаагүй. Түлхүүрийг Easy mart дэлгүүрт үлдээчихье гэсэн. Маргааш нь дэлгүүрт очиход үйлчлэгч нь нэг ширхэг түлхүүрээ үлдээгээд явсан байсан. Ингээд байрандаа ороход тоггүй, хөргөгч нь өмхийрчихсэн, байранд байсан жижиг овортой эд зүйлсийг аваад явсан, цонхны түгжээг нь эвдэлсэн, цонх онгорхой, тоос шороондоо дарагдчихсан байсан. Банкинд очиж уулзахад 2015 оны 7, 8, 9, 10, 11, 12 сарын байрны төлбөр төлөгдөөгүй орхигдсон байсныг төлж, цахилгаанаа залгуулж, засвар хийлгүүлсэн. Хариуцагч Э.Минжинсорын гэрээний үүргээ биелүүлэлгүй зугатааж алга болсон, бусдын эд хөрөнгөнд хайр гамгүй хандаж эвдэж гэмтээсэн, зарим эд хогшлыг дураараа авч явсан гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлүүдээ нуун далдлах, хаацайлах, үгүйсгэх зорилгоор миний хуулиар хамгаалагдсан нэр төрийг гутаан доромжилж, хүнд ноцтой эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж гүтгэж хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан түүний өөрийгөө хэт дөвийлгөсөн ёс суртахуунгүй, ухамсаргүй, увайгүй этгээдийн дур зоргоороо авирласан байдлаас үүдэлтэйгээр иргэн надад учруулсан гэрээний үүргийн биелэлтийн өр төлбөр, гэм хорын хохирол болон сэтгэл санааны эдийн бус гэм хорын хохирлыг нэхэмжилж байна.

Түүнтэй байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-ний 1.5 болон 4.2-т заалтын дагуу 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төлөх 2 100 000 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 16-нд 450 000 төгрөг төлж, үлдсэн 1 650 000 төгрөг төлөөгүй, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төлөх 2 100 000, мөн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлөх 2 100 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зугтаасан тул гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр 5 850 000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232.6 дахь хэсэг болон гэрээний 4.2-т заасны дагуу алдангид 2 925 000 төгрөг, нийт 8 775 000 төгрөг болсон. Тус гэрээний 4.1-т Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, утасны төлбөрийг хөлслөгч тал төлнө гэж заасны дагуу 2015 оны 7, 8, 9, 10 саруудын төлөгдөөгүй байрны төлбөрт төлсөн Төрийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн баримтын 227 010.58 төгрөг, байрны мөнгийг төлөөгүйгээс байрны цахилгаан таслагдсан байсныг залгуулахад төлсөн 6 710 төгрөг, мөн 2015 оны 11 дүгээр сарын төлөгдөөгүй байрны төлбөрт төлсөн 95 834.66 төгрөг, хариуцагч тус орон сууцанд амьдарч байх үед байрны төлбөрийн зарим хэсгийг дараа нь тооцож төлөх нөхцөлтэйгээр төлөгдсөн 75 109.30 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын цахилгааны төлбөр 15 666 төгрөг, нийлээд 420 330 төгрөг болсон. Дуучин н.Батбаяр хариуцагч Э.Минжинсорын өмнөөс 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн данснаас 2 460 000 төгрөг шилжүүлж төлснөөс 400 000 төгрөгийг нь хариуцагчтай байгуулсан гэрээний барьцаанд өгсөн ба энэхүү барьцааны мөнгөөр нь хамгийн түрүүнд хариуцагчийн бохирдуулсан гал тогоо, том өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, ариун цэврийн ОО-ын өрөө, угаалгын өрөө, харанхуй өрөө зэрэг 7 өрөө, коридор, 2 балконы өрөө зэрэг нийт 9 өрөө бүхий орон сууцны угааж цэвэрлүүлсэний хөлсөнд 300 000 төгрөг, засварын дараах цэвэрлэгээний хөлсөнд 100 000 төгрөг тус тус төлсөн. Мөн хариуцагч Э.Минжинсорын хүсэлтээр хийгдсэн засвар үйлчилгээ, түүний буруутай үйлдлийн улмаас үүссэн эвдрэл гэмтлийн засвар зэргийг тэрээр хүлээн зөвшөөрч, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр засвар үйлчилгээний төлбөрт 1 906 000 төгрөг өгснийг нь тус орон сууцны цоож, том өрөөний вакуум цонхны түгжээ, том өрөө, коридорын обой, тааз, душны засвар, дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан эд хогшлын үнэ зэрэгт зарцуулж хуваарилсан бөгөөд нийт зардал 1 912 720 төгрөг болсноос дээрх 1 906 000 төгрөгийг хасахад үлдэгдэл 6 720 төгрөг байна. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч Дельтамон ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Үнэлгээний тайлан-ийн дүгнэлтээр тогтоогдсон 3 860 000 төгрөг болсон. Хариуцагчийн зүгээс учруулсан хохирлын зарим хэсгийг арилгасан, түүнийг эрэн сурвалжлуулж шүүх, тахар, цагдаагаар 2 жил гаран явсан болон асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх гэж 1 жил шахам үргэлжилж байгаа зэрэг үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан зардал болох 260 210 төгрөг болсон. Үнэлгээний ажпын хөлсөнд төлсөн 500 000 төгрөг төлсөн. Шинжээч Дельтамон ХХК-ийн дүгнэлтэд хүүхдийн өрөөнд байрлах эйркондейшн ... түүнийг суурилуупах өртөг ... -ийг тооцуулан гаргуулах гэж заагдсан ажлыг орхигдуулсан байх тул БСБ электроникс ХХК-аас борлуулж буй агааржуулагчийн танилцуулга дээрх эйркондейшний суурилуулалтын үнэ 260 000 төгрөг, 4 метрээс дээш зайнд суурилуулалт хийхэд 1 метр тутамд 30 000 төгрөг, эвдэрсэн эйркондейшны суурилуулалтын ажлын хөлс 120 000 төгрөг, нийт 380 000 төгрөг болсон. Мөн хариуцагчаас төлсөн барьцааны мөнгийг түүний бохирдуулсан байрны цэвэрлэгээнд зарцуулсан дээрх жишгийн дагуу унтлагын өрөө, хүүхдийн өрөөний засварын дараах цэвэрлэгээнд 100 000 төгрөг гаргуулна. Хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг гаргуулж, нийт бодит хохиролд 14 372 460 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч Э.Минжинсор нь миний хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд гүтгэсэн зэргээс иргэн надад тус нэхэмжпэлийн шаардлагын бодит хохирол 14 372 460 төгрөгөөс хэд дахин давсан сэтгэл санааны хүнд хохирлыг учруулж, ноцтой үр дагаврыг үүсгэсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасны дагуу эдийн бус гэм хорын хохиролд 14 372 460 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Э.Минжинсор нь шүүхэд гаргасан тайлбартаа Иргэн Бат-Өлзийгийн нэр төрд халдаагүй гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдаан нээлттэй явагддаг төдийгүй, шүүхээс гарах шийдвэр нь шүүхийн сайтад нээлттэй, олон түмэнд ил тод тавигддаг, мөн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Минжинсорын зүгээс шүүхэд гүтгэлгийн шинжтэй тайлбар, хуурамчаар үйлдэгдсэн эмчийн магадлагаа, садан төрөл, ойр тойрныхоо хүмүүсээр худал гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр шахсан, тэдний нэрийг барьсан хүсэлтийг удаа дараа гаргасан төдийгүй 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний эрх зүйн чадамжтай эсэх нь тодорхой бус, хөгжпийн бэрхшээлтэй иргэн Г.Оюунбилэгийг шүүхэд гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр хүчээр оролдсон зэрэг үйлдлүүдийг гаргасан. Иймд хариуцагч Э.Минжинсороос гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр, гэм хорын хохиролд 14 372 460 төгрөг, миний нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн хүчирхийллийг санаатайгаар үйлдсэн зэрэг эдийн бус гэм хорын хохиролд 14 372 460 төгрөг, нийт 28 744 920 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Минжинсор шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.Бат-Өлзийгийн түрээслүүлж буй орон сууцанд 2015 оны 1 сарын 22-ноос 2015 оны 11 сарын 10 хүртэл амьдарсан. Энэ хугацаанд иргэн Л.Бат-Өлзийд төлөх ёстой бүх л төлбөр тооцоог цаг тухайд нь бэлнээр төлж байсан. Би болон миний хүүхдүүд тэр байранд ямар ч эвдрэл гэмтэл хохирол гаргаагүй, надад түрээслэхээсээ өмнө тус байранд хууль бус покерийн газар ажиллуулж байсны улмаас гарсан эвдрэл хохирлууд гэж байсан. Тус байр нь хүүхдүүдийн маань сургуулийн ойр байсан Л.Бат-Өлзий бүх эвдрэл, тус байранд үүссэн гэмтлүүдийг засаж залруулна гэж амласны учир тус байрыг түрээсэлж эхэлсэн. Иргэн Л.Бат-Өлзий байр засах шалтгаар байнга ирж маш олон удаа намайг дарамтанд оруулдаг байсан. Түүний хүүхдийг гаргаж өгөөч гэж удаа дараа санал тавьсан. Эдний байранд ороход бүх тавилга нь эвдэрсэн байсан. Зурагт л эвдрээгүй байсан, завсар маш хуучирсан байсан. Би ороод маш олон өдөр цэвэрлэж байрласан. Өмнө нь Хятадуудад түрээсэлж байсан тул гал тогоо нь тоостой байгаа гэж хэлж байсан. Цонх нь яагаад ажиллахаа больсон юм бэ гэхэд чамайг орохоос өмнө манайх хоолны газар ажиллуулж байсан гэж хэлсэн. Бид хоёрын хооронд ямар нэгэн засвар үйлчилгээний талаар яриа гараагүй. Би СӨХ-ын төлбөр, цахилгааны төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг байсан. Би нүүхдээ байрнаас юу ч аваагүй. Би Л.Бат-Өлзийтэй харьцахгүй гэсэн үүднээс түлхүүрийг орцны хүнд үлдээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.7, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Минжинсороос 6 733 879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бат-Өлзийд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 011 041 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 700 төгрөг, 83 850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Бат-Өлзийд шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 157 093 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлөхийг даалгаж, хариуцагч Э.Минжинсороос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 122 692 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бат-Өлзийд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Бат-Өлзий давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч нь байранд ороод удаагүй гал тогооны өрөөний угаагуурын холигчийг хугалж, ус алдсанаас гал тогооны тавилгын тавцан, хаалт болон гал тогооны өрөөний шал зэргийг муутгасан, хариуцагчийн хүсэлтээр шинэ холигч сольж өгсөн, 2 ширхэг цоожийг солиулсан, 2015 оны 5 дугаар 16-ны өдөр 450 000 төгрөг бэлнээр өгөх үедээ обойн дээр хүүхдүүд юм сараачсан гэж ам алдсан, том өрөөнд байсан Чех улсын "Мадонна" үйлдвэрийн гоёлын болор люстрийг хагалсан байсан зэргийг хариуцагч хүлээн зөвшөөрч, тэрээр өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг төлөхөөр амаар тохиролцсоны дагуу 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 1 906 000 төгрөгийг засвар үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн. Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр утсаар ярьж, байрнаас гарсан, байр хүлээлгэж өгөх талаар хэлсэн бөгөөд гэрийн үйлчлэгчээр дамжуулан байрны нэг ширхэг түлхүүрийг ойролцоох дэлгүүрт орхисон байсан нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгнө гэж заасныг зөрчсөн. 2015 оны 7- 12 дугаар сарын байрны төлбөр төлөгдөөгүй байсан тул цахилгаанаа залгуулж, засвар хийсэн. Шүүх нь талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээнд тусгагдаагүй, гэрээнд байхгүй "хоногийн төлбөр" гэгчийг бий болгож, уг гэрээний 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны 2 100 000 төгрөгийг хууль бусаар багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх нь талуудын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр эд хогшлын барьцаанд тавьсан 400 000 төгрөг болон талуудын 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 450 000 төгрөг бэлнээр өгч, авах үедээ хийсэн тохиролцооны дагуу хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн засвар үйлчилгээ, түүний эвдэж муутгасан зүйлсийн үнэ зэрэгт 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр шилжүүлсэн 1 906 000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний төлбөрт хууль бусаар тооцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.5-т заасныг зөрчсөн. Мөн шүүх хариуцагч шүүх хуралдаан дээр "...байрны ашиглалтын зардалд 250 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны орон сууц төлбөрт 200 000 төгрөг тус тус төлсөн гэж тайлбарласантай тааруулахын тулд "...1 906 000 төгрөг"-ийг "1 900 000 төгрөг" болгон нийт 2 100 000 төгрөгийг төлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2-т зааснаар хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх талаар гэрээнд заагаагүй байх тул хөлслөгч нь өөрөө болон өөрийн гэр бүлийн гишүүдийнхээ мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.2 дахь хэсэгт заасны дагуу ашигласан тус орон сууцны байшингийн явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын эзэмшлийн талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг хариуцан төлөх үүрэг үүснэ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээчийн төлбөр 500 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, шатахууны төлбөр 260 210 төгрөг, эйркондейшн суурилуулалтын ажлын хөлс 380 000 төгрөг, цэвэрлэгээний хөлс 100 000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ёс төдий, хайнга, хэлбэрдсэн шинжтэй явуулсныг үнэнийг тогтоохоос ухарсан үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Шүүх нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32018/01843 дугаар захирамжаар томилогдсон шинжээч "Дельтамон" ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайлангийн дүгнэлт ямар дутагдалтай байгаа талаар шийдвэртээ дурдаагүй, шинжээчийн дүгнэлт дутуу, эргэлзээ бүхий гарсан бол дахин, эсвэл нэмэлт шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг хангаагүй. Мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, шатахууны зардал 260 210 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн талд илт орж, хариуцагчийн зүгээс шүүхэд өөрийн гараар бичиж гаргасан 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн өргөдөл, тайлбараар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндийг санаатайгаар гутаан доромжилж, үндэслэлгүйгээр хүнд ноцтой эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн хүчирхийллийг үйлдсэн нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, хариуцагчийн хууль бус үйлдлийг өмгөөлсөн шинжтэйгээр "...хариуцагчийн буруутай үйлдлээс учирсан эдийн бус гэм хорын хохиролд үлдэгдэл 1 772 460 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаагүй нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсгийг зөрчсөн. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 12 915 917 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 221 700 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ 83 850 төгрөг тус тус тушаасан бөгөөд нийт 29 514 610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 305 550 төгрөг төлсөн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтыг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг 157 093 төгрөг нэмэгдүүлж төлөхийг шаардсаны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гартал хойшлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32018/00262 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүхийн шийдвэрийнхээ тодорхойлох нь хэсэгт илт худал зүйл бичсэн байна. Миний бие шүүх хуралдаан дээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хариүцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй өр төлбөр болон гэм хорын хохиролд 14 372 460 төгрөг гаргуулах, хариуцагчаас гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 12 600 000 төгрөг, хариуцагчийн буруутай үйлдлээс учирсан эдийн бус гэм хорын хохиролд 1 772 460 төгрөг, нийт 28 744 920 төгрөгийг гаргуулах гэж тодорхой тайлбарласан шүүхийн шийдвэрт 12 600 000 төгрөг гаргуулах хэсгийг орхигдуулсан байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоогүй төдийгүй, шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт шинжээчийн дүгнэлтээр юу ч тогтоогдоогүй мэт ойлголт төрүүлэхээр илэрхий худал бичсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 22 011 041 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Минжинсор давж заалдах гомдолдоо:

... Миний бие нэхэмлэгч Д.Бат-өлзийтэй 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулаж тухайн байранд 2015 оны 1 дүгээр сарын 22-ноос 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тухайн байрнаас хөлслүүлэгчийн зүй бус үйлдэлээс болж орхиж гарсан. Миний бие тухайн байрны түрээсийн төлбөрт 4 600 000 төгрөгийг дансаар үлдсэн мөнгийг нь бэлнээр төлж барагдуулсан гэтэл шүүх бодит үйл баримтыг үнэлэхдээ нэг талыг баримтлан тус шийдвэрийг гаргахдаа иргэний хуулийн 302-дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.7, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Бат-Өлзий нь хариуцагч Э.Минжинсорд холбогдуулан орон сууцны хөлсний дутуу төлбөр болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 14 372 460 төгрөг, нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн эдийн бус гэм хорын хохирол 14 372 460 төгрөг, нийт 28 744 920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Зохигчид 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л.Бат-Өлзийгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 50 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хариуцагч Э.Минжинсор 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаагаар улиралд 2 100 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцжээ. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн баримт үйлдэж, гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хуульд зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч хөлсөө бүрэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бат-Өлзий нь хариуцагч Э.Минжинсороос орон сууцны дутуу төлсөн хөлсийг төлөхийг шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Э.Минжинсор нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 9 сар 19 хоног буюу 3 улирал 18 хоног хөлслөн суусан үйл баримт тогтоогдсон, дээрх хугацааны асуудлаар талууд маргаагүй болно. Хариуцагч Э.Минжинсор нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцнаас гарч явсан байх бөгөөд уг байдлаа нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалан орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч Э.Минжинсор 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 3 улирал 18 хоногийн хөлсөнд нийт 6 720 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байх ба 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчийн орон сууцны хөлсөнд төлсөн 2 100 000 төгрөгийг хасч тооцож үлдэгдэл төлбөрт 4 620 000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно... гэж заасан бөгөөд хөлслөгч буюу хариуцагч Э.Минжинсор нь гэрээ цуцлах гэж байгаа талаар нөгөө талдаа 3 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Анхан шатны шүүх хөлслөгч гэрээг цуцлахдаа хуульд заасан хугацаанд хөлслөгчид мэдэгдээгүйгээс хохирол учирсан гэж дүгнэн хариуцагчаас хохиролд 2 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу биш боловч уг мөнгийг хариуцагчийн орон сууцны хөлс дутуу төлсөн мөнгөний үнийн дүнд буюу үндсэн үүрэгт оруулан тооцож, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Гэрээний 4.2-т Хөлслөгч нь орон сууцны хөлсний төлбөрийг улирал бүрийн эхний сарын 22-ны өдөр төлөх ба төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан байх бөгөөд хариуцагч Э.Минжинсор орон сууцны хөлс төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул орон сууцны төлөгдөөгүй хөлснөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцоход 2 310 000 төгрөг нийт 6 930 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Э.Минжинсороос орон сууцны хөлс, алданги, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9 030 000 төгрөгийг /орон сууцны хөлс 4 620 000+ алданги 2 310 000+ хохирол 2 100 000/ гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагч Э.Минжинсор ... 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хөлслүүлэгчийн буруутай ажиллагаанаас болж гарсан, орон сууцны хөлсөнд 4 600 000 төгрөгийг дансаар үлдэх мөнгийг бэлнээр өгсөн гэсэн тайлбар гаргаж, энэ үндэслэлээрээ давж заалдах гомдол гаргасан байгаа боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар уг байдал нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ... анхан шатны шүүх нэхэмжлэгчээс засвар, үйлчилгээний зардлыг хүлээн зөвшөөрч, түүний шилжүүлсэн 1 906 000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт оруулан тооцсон нь буруу болсон гэж заажээ. Хэрэгт Л.Бат-Өлзийгийн Хаан бакны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн депозит дансны хуулга авагдсан байх бөгөөд уг хуулгаас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Э.Минжинсороос засвар үйлчилгээний зардалд 1 906 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /1хх-ийн 35 тал/ Мөн гэрээний 6-д эд хогшлын барьцаанд 400 000 төгрөг төлөв гэж тохиролцсон байх бөгөөд уг асуудлаар хэн аль маргаагүй болно.

Анхан шатны шүүх хариуцагч Э.Минжинсороос засвар, үйлчилгээний зардалд төлсөн 1 906 000 төгрөг, эд хөрөнгийн барьцааны 400 000 төгрөгийг орон сууц хөлслөх төлбөрөөс хасч тооцсон нь буруу болжээ. Хариуцагч Э.Минжинсор эд хөрөнгөд хохирол учруулаагүй гэсэн тайлбарыг гарган маргаж байгаа боловч түүний засвар үйлчилгээний төлбөрт 1 906 000 төгрөг, эд хогшлын барьцаанд 400 000 төгрөг төлсөн мөнгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд суутган тооцох нь зүйтэй. Харин нэхэмжлэгч илүү хэмжээний хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд түүнийгээ нотлох үүрэгтэй байсан. Талууд анх байр, эд хогшлыг хүлээлцэхдээ чанар байдлын талаар нэг бүрчлэн хүлээлцээгүй, хариуцагч шинэ эд зүйл хүлээлгэж өгсөн гэх байдлаа нотлоогүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэрээнд заагдсан үнийн дүн, талуудын төлж байсан төлбөрийн хэмжээнд үндэслэн үнэлэлт, дүгнэлт өгч хариуцагчаас засварын зардалд шилжүүлсэн 1 906 000 төгрөг болон эд хогшлын барьцаанд тавьсан 400 000 төгрөгийг зохигчид хохиролд тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн анхан шатны шүүх гэрээгээр тохиролцсон хариуцагчийн төлөх ашиглалтын зардлаас сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг хасч тооцсоныг зөвтгөх нь зүйтэй. Гэрээний 4.1-д Орон сууцны цахилгаан, дулаан цэвэр, бохир ус, утасны төлбөрийг хөлслөгч тал төлнө гэж тохирсон байх бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэг хүлээдэг бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний ашиглалтын зардал төлөх заалтад сууц өмчлөгчдийн холбооны зардал орохгүй гэж үзэх боломжгүй юм. Хэрэгт Төрийн банкны 2015 оны 12 дугаар сарын 7, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөнгө тушаасан баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд хариуцагч Л.Бат-Өлзийгийн орон сууц ашиглалтын төлбөрт 420 330 төгрөг төлсөн болох нотлогдсон байх тул уг мөнгийг нэхэмжлэгч Э.Минжинсороос гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч хариуцагчтай хийсэн тохиролцооны дагуу түүний 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн 450 000 төгрөгөөс засвар үйлчилгээ, эвдэж муутгасан эд зүйлийн үнэд тооцсон гэж тайлбарласан байх боловч нэхэмжлэгчтэй хэрхэн тохиролцсон, ямар эд зүйл хэний буруутай ажиллагаанаас гэмтэж, муудсан талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна. Иймд хариуцагч Э.Минжинсороос орон сууцны төлөгдөөгүй төлбөрт 4 620 000 төгрөг, алдангид 2 310 000 төгрөг, хохиролд 2 100 000 төгрөг, ашиглалтын зардалд 420 330 төгрөг, нийт 9 450 330 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 450 000 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас гаргуулах нийт төлбөрийг 9 000 330 төгрөг байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгч шинжээчийн хөлс болон шатахууны зардал гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч Л.Бат-Өлзий нь шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг нь төрөөс авсан үйлчилгээний хөлс тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Бат-Өлзийгийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эдийн бус гэм хорын хохиролд нэхэмжилсэн 14 372 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Мөн нэхэмжлэгч Л.Бат-Өлзийгийн ...улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын нийлбэр дүнгээр тооцохгүйгээр нэмэгдүүлсэн хэмжээ тус бүрээр тооцож илүү мөнгө авсан гэх гомдлыг хангах боломжгүй. Нэхэмжлэгч анх 12 915 917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 16 598 693 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 29 514 640 төгрөг гаргуулахаар шаарджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлдэг тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дахь заалтын ...6 733 879 төгрөг гэснийг ... 9 000 330 төгрөг гэж,

2 дахь заалтын ...122 692... гэснийг ...158 955... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бат-Өлзийгийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 124 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                           Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               #OTHER_JUDGE_LARGE#