Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00556

 

Л гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03032 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2376 дугаар магадлалтай,

Л гийн нэхэмжлэлтэй,

Э д холбогдох

Орон сууцны хөлсний дутуу төлбөр болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 14,372,460 төгрөг, нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн эдийн бус гэм хорын хохирол 14,372,460 төгрөг, нийт 28,744,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие хариуцагч Э ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00755 дугаар шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж түүнийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44-06 дугаар байрны 128 тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Анх хип хоп дуучдын холбооны ерөнхийлөгч дуучин н.Батбаяр “Та байрныхаа түлхүүрийг надад түр өгчих, нэг хүнд байрыг чинь үзүүлье, байр чинь таалагдвал шууд орно, таалагдахгүй бол түлхүүрийг чинь буцаагаад өгчихнө” гэж хэлж 40,000 төгрөг барьцаанд үлдээж түлхүүр авч явсан. Барьцаанд өгсөн 40,000 төгрөг дээрээ нэмж 2015 оны 01 сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас 2,460,000 төгрөг шилжүүлсэн. Э той 2015 оны 01 сарын 22-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээг 2 жилийн хугацаатай, улирал бүр 2,100,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлтэйгөөр байгуулж, түүнд өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороолол, 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 50 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг эд хогшлын хамт хүлээлгэн өгч, мөн гадна төмөр хаалганы 2 цоожны 4 ширхэг түлхүүрийг өгсөн. Ороод удаагүй “гал тогоонд ус алдаад байна, яах вэ” гэж залгахад нь өөрт байсан шинэ холигч 1, уян холбоос авч очиход гэрийн үйлчлэгч, хүүхдүүдийнхээ хамт байсан. Энэ холигч, уян холбоосыг зуслан дээрээ хэрэглэх гэж урдаас 450 юаниар авсан, төгрөгөөр тооцвол 100,000 орчим төгрөг болно. Ус алдсанаас үүссэн хохирлыг яах талаар асуухад тэрээр "...намайг уучлаарай, би хохирлыг чинь төлж өгнө” гэж хэлсэн болохоор нь өөр зүйл ярилгүй явсан. Дараа нь Э  2015 оны 04 сарын 18-ны өдөр утасдаж “байрны гадна хаалганы хоёр цоожийг солиулмаар байна, намайг байхгүй үед манай хүүхдүүд хаалгаа онгойлгож хүчрэхгүй хэцүү байна, би мөнгийг нь төлнө” гэхээр нь цоож худалдан авч солиулж өгсөн. Түүнээс хойш тэрээр 2015 оны 05 сарын 16-нд 450,000 төгрөг, 2015 оны 06 сарын 03-нд засвар үйлчилгээний төлбөр гээд 1,906,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хойш мөнгө төлөөгүй. Гэтэл хариуцагч Э  2015 оны 11 сарын 10-ны өдөр “би байрнаас гарсан, хүлээлгэж өгье гэж ярьсан бөгөөд байрандаа очиход хүн байгаагүй. Түлхүүрийг Easy mart дэлгүүрт үлдээчихье” гэсэн. Маргааш нь дэлгүүрт очиход нэг ширхэг түлхүүр үлдээгээд явсан байсан. Ингээд байрандаа ороход тоггүй, хөргөгч нь өмхийрчихсэн, байранд байсан жижиг овортой эд зүйлсийг аваад явсан, цонхны түгжээг нь эвдэлсэн, цонх онгорхой, тоос шороондоо дарагдчихсан байсан. Банканд очиж уулзахад 2015 оны 7, 8, 9, 10, 11, 12 сарын байрны төлбөр төлөгдөөгүй орхигдсон байсныг төлж, цахилгаанаа залгуулж, засвар хийлгүүлсэн. Хариуцагч Э ын гэрээний үүргээ биелүүлэлгүй зугтааж алга болсон, бусдын эд хөрөнгөд хайр гамгүй хандаж эвдэж гэмтээсэн, зарим эд хогшлыг дураараа авч явсан гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлүүдээ нуун далдлах зорилгоор миний хуулиар хамгаалагдсан нэр төрийг гутаан доромжилж, хүнд ноцтой эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж гүтгэж хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж, дур зоргоороо авирласан байдлаас үүдэлтэйгээр иргэн надад учруулсан гэрээний үүргийн биелэлтийн өр төлбөр, гэм хорын хохирол болон сэтгэл санааны эдийн бус гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Түүнтэй байгуулсан 2015 оны 01 сарын 22-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний 1.5, 4.2 дахь заалтын дагуу 2015 оны 04 сарын 22-ны өдөр төлөх 2,100,000 төгрөгөөс 2015 оны 05 сарын 16-нд 450,000 төгрөг төлж, үлдсэн 1,650,000 төгрөг төлөөгүй, 2015 оны 07 сарын 22-ны өдөр төлөх 2,100,000, мөн 2015 оны 10 сарын 22-ны өдөр төлөх 2,100,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй 2015 оны 11 сарын 10-ны өдөр зугтаасан тул гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр 5,850,000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232.6 дахь хэсэг болон гэрээний 4.2-т заасны дагуу алдангид 2,925,000 төгрөг, нийт 8,775,000 төгрөг болсон. Тус гэрээний 4.1-т Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, утасны төлбөрийг хөлслөгч тал төлнө гэж заасны дагуу 2015 оны 7, 8, 9, 10 саруудын төлөгдөөгүй байрны төлбөрт төлсөн 2015 оны 11 сарын 13-ны өдрийн баримтын 227,010.58 төгрөг, байрны мөнгийг төлөөгүйгээс байрны цахилгаан таслагдсан байсныг залгуулахад төлсөн 6710 төгрөг, мөн 2015 оны 11 сарын төлөгдөөгүй байрны төлбөрт төлсөн 95,834.66 төгрөг, хариуцагч тус орон сууцанд амьдарч байх үед байрны төлбөрийн зарим хэсгийг дараа нь тооцож төлөх нөхцөлтэйгөөр төлөгдсөн 75,109.30 төгрөг, 2015 оны 3 сарын цахилгааны төлбөр 15,666 төгрөг, нийлээд 420,330 төгрөг болсон. Дуучин н.Батбаяр хариуцагч Э ын өмнөөс 2015 оны 01 сарын 22-ны өдөр өөрийн данснаас 2,460,000 төгрөг шилжүүлж төлснөөс 400,000 төгрөгийг нь хариуцагчтай байгуулсан гэрээний барьцаанд өгсөн ба энэхүү барьцааны мөнгөөр нь хамгийн түрүүнд хариуцагчийн бохирдуулсан гал тогоо, том өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, харанхуй өрөө зэрэг 7 өрөө, коридор, 2 балконы өрөө зэрэг нийт 9 өрөө бүхий орон сууцны угааж цэвэрлүүлсний хөлсөнд 300,000 төгрөг, засварын дараах цэвэрлэгээний хөлсөнд 100,000 төгрөг тус тус төлсөн. Мөн хариуцагч Э ын хүсэлтээр хийгдсэн засвар үйлчилгээ, түүний буруутай үйлдлийн улмаас үүссэн эвдрэл гэмтлийн засвар зэргийг тэрээр хүлээн зөвшөөрч, 2015 оны 06 сарын 03-ны өдөр засвар үйлчилгээний төлбөрт 1,906,000 төгрөг өгснийг нь тус орон сууцны цоож, том өрөөний вакум цонхны түгжээ, том өрөө, коридорын обой, тааз, душны засвар, дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан эд хогшлын үнэ зэрэгт зарцуулж хуваарилсан бөгөөд нийт зардал 1,912,720 төгрөг болсноос дээрх 1,906,000 төгрөгийг хасахад үлдэгдэл 6720 төгрөг байна. Шинжээч “Дельтамон” ХХК-ийн 2018 оны 02 сарын 10-ны өдрийн Үнэлгээний тайлангийн дүгнэлтээр тогтоогдсон 3,860,000 төгрөг, хариуцагчийн учруулсан хохирлын зарим хэсгийг арилгасан, түүнийг эрэн сурвалжлуулж шүүх, тахар, цагдаагаар 2 жил гаран явсан болон асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх гэж 1 жил шахам үргэлжилж байгаа зэрэг үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан зардал болох 260,210 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 500,000 төгрөг, шинжээч “Дельтамон” ХХК-ийн дүгнэлтэд хүүхдийн өрөөнд байрлах эйркондейшн ... түүнийг суурилуулах өртөгийг тооцуулан гаргуулах гэж заагдсан ажлыг орхигдуулсан байх тул “БСБ электроникс” ХХК-аас борлуулж буй агааржуулагчийн танилцуулга дээрх эйркондейшний суурилуулалтын үнэ 260,000 төгрөг, 4 метрээс дээш зайнд суурилуулалт хийхэд 1 метр тутамд 30,000 төгрөг, эвдэрсэн эйркондейшний суурилуулалтын ажлын хөлс 120,000 төгрөг, нийт 380,000 төгрөг, мөн хариуцагчаас төлсөн барьцааны мөнгийг түүний бохирдуулсан байрны цэвэрлэгээнд зарцуулсан дээрх жишгийн дагуу унтлагын өрөө, хүүхдийн өрөөний засварын дараах цэвэрлэгээнд 100,000 төгрөг гаргуулна. Хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нийт бодит хохиролд 14,372,460 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч Э  нь миний хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд гүтгэсэн зэргээс иргэн надад тус нэхэмжлэлийн шаардлагын бодит хохирол 14,372,460 төгрөгөөс хэд дахин давсан сэтгэл санааны хүнд хохирлыг учруулж, ноцтой үр дагаврыг үүсгэсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасны дагуу эдийн бус гэм хорын хохиролд 14,372,460 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Э  нь шүүхэд гаргасан тайлбартаа “Бат-Өлзийгийн нэр төрд халдаагүй” гэж байгаа боловч шүүх хуралдаан нээлттэй явагддаг төдийгүй, шүүхээс гарах шийдвэр нь шүүхийн сайтад нээлттэй, олон түмэнд ил тод тавигддаг, мөн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ын зүгээс шүүхэд гүтгэлгийн шинжтэй тайлбар, хуурамчаар үйлдэгдсэн эмчийн магадлагаа, садан төрөл, ойр тойрныхоо хүмүүсээр худал гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр шахсан, тэдний нэрийг барьсан хүсэлтийг удаа дараа гаргасан төдийгүй 2018 оны 07 сарын 27-ны өдөр иргэний эрх зүйн чадамжтай эсэх нь тодорхой бус, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г.Оюунбилэгийг шүүхэд гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр хүчээр оролдсон зэрэг үйлдлүүдийг гаргасан. Иймд хариуцагч Э оос гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр, гэм хорын хохиролд 14,372,460 төгрөг, миний нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн хүчирхийллийг санаатайгаар үйлдсэн зэрэг эдийн бус гэм хорын хохиролд 14,372,460 төгрөг, нийт 28,744,920 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Миний бие Л гийн түрээслүүлж буй орон сууцанд 2015 оны 01 сарын 22-ноос 2015 оны 11 сарын 10 хүртэл амьдарсан. Энэ хугацаанд иргэн Л д төлөх ёстой бүх л төлбөр тооцоог цаг тухайд нь бэлнээр төлж байсан. Би болон миний хүүхдүүд тэр байранд ямар ч эвдрэл гэмтэл хохирол гаргаагүй, надад түрээслэхээсээ өмнө тус байранд хууль бус покерийн газар ажиллуулж байсны улмаас гарсан эвдрэл хохирлууд гэж байсан. Тус байр нь хүүхдүүдийн маань сургуулийн ойр байсан Л  бүх эвдрэл, тус байранд үүссэн гэмтлүүдийг засаж залруулна гэж амласны учир тус байрыг түрээсэлж эхэлсэн. Иргэн Л  байр засах шалтагаар байнга ирж маш олон удаа намайг дарамтад оруулдаг байсан. Түүний хүүхдийг гаргаж өгөөч гэж удаа дараа санал тавьсан. Эдний байранд ороход бүх тавилга нь эвдэрсэн байсан. Зурагт л эвдрээгүй байсан, завсар маш хуучирсан байсан. Би ороод олон өдөр цэвэрлэж байрласан. Өмнө нь хятадуудад түрээсэлж байсан тул гал тогоо нь тоостой байгаа гэж хэлж байсан. Цонх нь яагаад ажиллахаа больсон юм бэ гэхэд чамайг орохоос өмнө манайх хоолны газар ажиллуулж байсан гэж хэлсэн. Бид хоёрын хооронд ямар нэгэн засвар үйлчилгээний талаар яриа гараагүй. Би СӨХ-ын төлбөр, цахилгааны төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг байсан. Би нүүхдээ байрнаас юу ч аваагүй. Би Л тэй харьцахгүй гэсэн үүднээс түлхүүрийг орцны хүнд үлдээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03032 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.7, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Э оос 6,733,879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,011,041 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,700 төгрөг, 83,850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л д шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 157,093 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлөхийг даалгаж, хариуцагч Э оос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 122,692 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2376 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...6,733,879 төгрөг” гэснийг “... 9,000,330 төгрөг” гэж, 2 дахь заалтын “...122,692...” гэснийг “...158,955...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2376 дугаар магадлалаар гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт "... нэхэмжлэгч илүү хэмжээний хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд түүнийгээ нотлох үүрэгтэй байсан. Талууд анх байр, эд хогшлыг хүлээлцэхдээ чанар байдлын талаар нэг бүрчлэн хүлээлцээгүй, хариуцагч шинэ эд зүйл хүлээлгэж өгсөн гэх байдлаа нотлоогүй ...” гэж хариуцагч Э  нь орон сууцыг эзэмшиж, ашиглах явцдаа өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, эвдрэл гэмтлийн засварт тодорхой хэмжээний мөнгө төлсөн болон түүнтэй байгуулсан гэрээний 3.1 дэх “Хөлслөгч хөлслөн авсан орон сууцыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангана. Хөлслөгч орон сууцыг буруу эзэмшиж, ашигласнаас үүссэн засвар, эвдрэл гэмтлийн зардлыг өөрийн хөрөнгөөр засварлана” заалт зэрэг хамаарал бүхий бодит нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр шүүхийн томилогдсон шинжээч “Дельтамон” ХХК-ийн 2018.02.10-ны өдрийн Үнэлгээний тайлангийн дүгнэлтээр тогтоогдсон 3,860,000 төгрөг, “БСБ электроникс” ХХК-аас борлуулж буй агааржуулагчийн танилцуулга дээрх Эйркондейшний суурилуулалтын үнэ 260,000 төгрөг, 4 метрээс дээш зайнд суурилуулалт хийхэд 1 метр тутамд 30,000 төгрөгийг үйлчлүүлэгчээс гаргуулдаг гэсэн баримтыг үндэслэн 8 метрт байрладаг эвдэрсэн эйркондейшний суурилуулалтын ажлын хөлс 120,000 төгрөг, нийлээд 380,000 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 85, 86 дугаар зүйл болон 192 дугаар зүйлийн 192.1, 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Мөн магадлалын Хянавал хэсэгт “Хариуцагчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгч шинжээчийн хөлс болон шатахууны зардал гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч Л  нь шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нь төрөөс үйлчилгээний хөлс тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм” гэж, Үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн “Дельтамон" ХХК-ийн 2018.04.30-ны өдрийн Кассын орлогын 500,000 төгрөг, “Шунхлай трейдинг” ХХК-ийн 2017.12.07-ны өдрийн Борлуулалтын Е-баримтын 75,210 төгрөг, ШТС-ын 2018.06.07-ны өдрийн Хэрэглэгчид очих баримтын 69,000 төгрөг, "Петростар” ХХК-ийн 2018.07.11-ний өдрийн борлуулалтын Е-баримт 116,000 төгрөг болон хариуцагчийг эрэн сурвалжилсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.19-ний өдрийн 101/ШШ2016/00755 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 3-т "... нэхэмжлэгч Л гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй" гэж шийдвэрлэгдсэний 70,200 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтуудыг зөрчсөнд гомдолтой байна. Түүнчлэн магадлалын Хянавал хэсэгт “Мөн нэхэмжлэгч Л гийн ... УТХ-ийг нэхэмжлэлийн шаардлагын нийлбэр дүнгээр тооцохгүйгээр нэмэгдүүлсэн хэмжээ тус бүрээр тооцож илүү мөнгө авсан" гэх гомдлыг хангах боломжгүй. ИХШХШТХ-ийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд УТХ-ийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлдэг тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй" гэж хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн утга агуулгын зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Учир нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь УТХ-ийн хэмжээг тогтоох, ... харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг УТХ гэнэ” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана” гэж, 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна” гэж заасныг үндэслэн 2017.11.03-ны өдөр 12,915,917 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад УТХ-д 221,700 төгрөг, 2017.12.25-ны өдөр өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 29,514,610 төгрөг гаргуулах хүсэлтэд УТХ-д 83,850 төгрөг тус тус тушаасан ба нэхэмжлэгч нь хариуцагчаас 29,514,610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад УТХТХ-д заасны дагуу нийт 305,550 төгрөг тушааж, хуулийг ёсчлон биелүүлсэн байтал, шүүхээс “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцаа”-г зохицуулдаг ИХШХШТХ-ийн зүйл заалтыг баримтлан УТХ-ийг 157,093 төгрөгөөр нэмэгдүүлж тушаахыг шаардаж, төлөхгүй бол хүлээж авахгүй гэсэн дарамт шахалт үзүүлсний улмаас аргагүй байдал дор “УТХ төлөх хугацааг шүүхийн шийдвэр гартал хойшлуулах хүсэлт” гаргасныг БЗДИХАШШ-ийн шүүгчийн 2017.12.25-ны өдрийн 101/Ш32018/00262 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. УТХТХ-ийн зүйл заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор гаргасан УДШ-ийн 2003 он, 2006 он болон 2012.12.24-ний өдрийн зөвлөмжүүдэд нэг нэхэмжлэлд хэдэн шаардлага байсан ч, шаардлагаа хэдэн удаа ихэсгэж нэмэгдүүлсэн ч нийлбэр дүнгээр тооцож УТХ-ийг авч байхыг зөвлөсөн байдаг төдийгүй, УТХТХ-д нэхэмжлэл дэх шаардлага тус бүрийн хэмжээгээр УТХ-ийг хураана гэж заагаагүй, УТХ-ийг нэмэгдүүлж хураах хэмжээг ч тогтоогоогүй, тус хуульд УТХ-ийг нэмэгдүүлж илүү авах тухай зүйл заалт огт байхгүй болно. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/03032 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2376 дугаар магадлал нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж маргааныг шийдвэрлэхэд хамааралтай хөдөлшгүй баримтыг хэрэглээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй нотлох баримтыг эсрэгээр ашиглаж, мөн ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн утга агуулгын зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,070,410 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2376 тоот магадлалын 1 дэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбарт дурдсан Түрээсийн төлбөрт бэлнээр төлсөн 2,100,000 төгрөг болон дансаар төлсөн 2,100,000 түрээсийн төлбөрийг гүйлгээний утга дээр “засвар” хэмээн бичигдсэн гэсэн үндэслэлээр түрээсийн төлөгдсөн мөнгөн дүнгээс хасч тооцоогүй үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн дүгнэхэд хүргэж байна. Иймд энэхүү шийдвэрийн улмаас хариуцагч миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Иргэний хуулийн 292.3-т “Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө.” хэмээсэн бөгөөд энэхүү заалтад дурдсан “Талууд тохиролцсон” гэдэг үйл баримтыг нэхэмжлэгч Л  нь нотлоогүй байхад зөвхөн түүний мэдүүлэгт үндэслэн “Түрээсийн төлбөрт дансаар шилжүүлэн төлсөн 1,950,000 төгрөгийг засвар үйлчилгээний төлбөрт төлсөнд тооцож буй нь хуульд нийцэхгүй байна. Хөлслөгч Э  нь Л гийн тайлбарлан хэлснээр буюу “Дансны дугаараа өгөөч гэхэд Хувь хүний орлогын албан татвар ногдуулбал хэрэг болох байх. Гүйлгээний утга дээр түрээс гэхгүйгээр "засвар" гээд бичээрэй.“ гэсний дагуу түрээсийн төлбөрөө шилжүүлэхдээ засвар хэмээн бичсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр оролцохдоо хариуцагч Э  болон гэрч н.Солонго нар энэ талаар тайлбарлан хэлсэн байдаг. Хөлслүүлэгч Л гийн үгэнд итгэн хууль зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас түрээсийн төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь засвар хэмээн бичсэн нь энэхүү төлбөрийг засвар үйлчилгээнд тооцох үндэслэл болохгүй. Учир нь логикоор бодоход сард 700,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж буй орон сууцанд хөлслөгч нь засвар засан сайжруулалт хийх байсан бол анхлан орохдоо буюу 2015 оны 1 сард хийх байтал, түрээсийн гэрээгээ цуцлахаас 4 сарын өмнө буюу 2015 оны 6 сард 2,000,000 төгрөгөөр засвар үйлчилгээг хийнэ гэдэг нь утгагүй юм. Талуудын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”нд дараах заалтуудыг тусгасан. 1.4 дэх заалтад “Иргэний хуулийн 288.2.3 болон 289.2.3-т заасан тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно”, 1.5 дахь заалтад “Орон сууцыг тавилга, бусад эд хогшлын хамт хөлслүүлж байгаа нөхцөлд “Хүлээлцэх акт” үйлдэн, талууд гарын үсэг зурж гэрээнд хавсаргана.” 2-р бүлэг ‘‘Хөлслүүлэгчийн эрх, үүрэг”-ийн хэсгийн 2.3 дах хэсэгт “Хөлслүүлэгч Иргэний хуулийн 288.2.3-т зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар бол 1 сараас багагүй хугацааны өмнө хөлслөгчид мэдэгдэнэ”, 2.4 дэх заалтад “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлэгч орон сууцны засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийнэ”, 2.5-д “Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан бусад эрх, үүрэг”, 3-р          бүлэг “Хөлслөгчийн эрх, үүрэг бүлгийн 2.4 дэх заалтад “Хөлслөгч нь Иргэний хуулийн 289, 303, 305-р зүйлд заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан байна. 289.5 дахь заалтад “Гэрээ байгуулах үед буюу хожим нь эд хөрөнгийн доголдол илэрсэн бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлсний хэмжээг бууруулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэжээ. Иргэний хуульд заасны дагуу гэрээнд талуудын эрх ашгийг ижил тэгш нөхцөлөөр тусгах ёстой. Энэхүү гэрээнд Хөлслүүлэгч нь гэрээг 1 сарын өмнө мэдэгдэж цуцлах эрхтэй байх талаар тусгасан тул, Хөлслөгч тал нь мөн адил ийм эрхийг хуулийн дагуу эдлэх эрхтэй байх нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэгч талд хохиролд 2,100,000 төгрөг биш 700,000 төлөх нь хуульд нийцнэ. Ийнхүү тооцвол алданги төлбөр, ашиглалтын зардлын мөнгөн дүнд өөрчлөлт орох нь тодорхой байна. Иймд анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийн улмаас Э ын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.

Гэрчийн мэдүүлгүүд болон нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ” гэж заасан. Шүүхээр хянан хэлэлцэгдэж буй асуудлыг тодорхой болгох буюу ямар нэг эрх зүйн үр дагаврыг бий болгох боломжтой мэдээлэл нь гэрчийн мэдүүлгийн агуулга байдаг тул хуульд “маргаантай үйл баримтын талаар ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа” этгээдээс буюу гэрчээс мэдүүлэг авахаар заасан байдаг. Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж, маргаантай байгаа үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болдог. Гэрчийн мэдүүлэгт нотлогдвол зохих үйл баримтыг харсан, үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан байдаг тул гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас нотлох чадвараараа харьцангуй илүү байдаг тул шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудалд анхааралтай хандах ёстой. Хариуцагч Э  нь 2015 оны 7 сард өөрийн хүүхдүүдийн асрагч Э.Солонгын хамт бэлнээр 2,100,000 төгрөгийг Л д гал тогооны өрөөндөө төлсөн байдаг. Гэвч нэхэмжлэгч Л  нь энэхүү мөнгөн дүнг үгүйсгэн гүтгэж, түүнд итгэн бэлнээр төлбөр төлсөн хариуцагч Э  хохирогч болох нь хуульд нийцэхгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4 дэх заалтад “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлэгч орон сууцны засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийнэ.” гэж заасан байна. Шүүгч энэхүү мөнгийг өгч байхад хамт байсан гэрчийг биечлэн шүүх хуралдаанд оролцуулж, гэрчийн мэдүүлэг өгүүлсэн атал гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, нэхэмжлэгч Л гийн мэдүүлгийг чухам ямар үндэслэлээр үнэлж, энэ талаарх нотлох баримт нэхэмжлэгч талд байхгүй байхад түүнд ямар шалтгаанаар итгэж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрч Э.Солонго нь хөлслүүлэгч Л д бэлнээр түрээсийн төлбөр төлсөн талаар болон түүний зан харилцаа, зан араншин, бухимдал үүсгэдэг талаар, орон сууцны эд хөрөнгийн шинж байдлын талаар бүрэн мэдээлэл өгч, бичгээр тайлбар гарган өгсөн боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой атал, зөвхөн нэг талаас нь үнэлсэнд гомдолтой байна. Шүүх хариуцагчаас гарган өгсөн нотлох баримтуудыг бүрэн үнэлж, нотлох баримтыг аль нэг талын байр сууринаас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууринаас бүрэн дүүрэн судалж, нотлох баримтын хамаарал, ач холбогдол зэргээр ялган хэрэгт цугласан бүх нотлох баримтыг үнэлэх ёстой байсан. Шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2376 тоот магадлалын  1 дэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л  нь хариуцагч Э д холбогдуулан орон сууцны хөлсний дутуу төлбөр болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 14,372,460.00 төгрөг, нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн эдийн бус гэм хорын хохирол 14,372,460.00 төгрөг, нийт 28,744,920.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөл зохих түрээсийн төлбөрийг төлсөн, байрны эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудал түүнд хамааралгүй гэж маргажээ.

2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээгээр Л гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 50 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг Э  2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, улиралд 2,100,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 9 сар 19 хоног буюу 3 улирал 18 хоног хөлслөн суусан үйл баримт тогтоогдсон, энэ хугацааны тухайд талууд маргаагүй болно.

Хариуцагч Э  нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцнаас гарснаа нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалан орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэсэн тайлбар гаргасан нь баримтаар тогтоогдоогүй байх тул хөлслөгч нь  2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааны хөлс нийт 6,720,000.00 төгрөг төлөх бөгөөд үүнээс 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчийн төлсөн 2,100,000.00 төгрөгийг хасахад үлдэгдэл 4,620,000.00 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт “... эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж зааснаар хариуцагч Э  нь гэрээ цуцлах тухайгаа нөгөө талдаа 3 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хөлслөгч гэрээг цуцлахдаа хуульд заасан хугацаанд хөлслүүлэгчид мэдэгдээгүйгээс хохирол учирсан гэж дүгнэн хариуцагчаас хохиролд 2,100,000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу биш боловч уг мөнгийг хариуцагчийн орон сууцны хөлс дутуу төлсөн мөнгөний үнийн дүнд буюу үндсэн үүрэгт оруулан тооцож, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т хөлслөгч нь орон сууцны хөлсний төлбөрийг улирал бүрийн эхний сарын 22-ны өдөр төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь хөлс төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул орон сууцны төлөгдөөгүй хөлснөөс тооцож, 2,310,000.00 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

Хариуцагч Э  ... 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хөлслүүлэгчийн буруутай ажиллагаанаас болж гарсан, орон сууцны хөлсөнд 4,600,000 төгрөгийг дансаар, үлдэх мөнгийг бэлнээр өгсөн гэсэн тайлбар гаргаж, энэ үндэслэлээрээ давж заалдах гомдол гаргасан боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар уг байдал нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ... анхан шатны шүүх нэхэмжлэгчээс засвар, үйлчилгээний зардлыг хүлээн зөвшөөрч, түүний шилжүүлсэн 1,906,000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт оруулан тооцсон нь буруу болсон гэж заажээ.

Хэрэгт авагдсан Л гийн депозит дансны хуулгаас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Э оос засвар үйлчилгээний зардалд 1,906,000.00 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний 6-д зааснаар эд хогшлын барьцаанд 400,000.00 төгрөг төлсөн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Э ын засвар, үйлчилгээний зардал, эд хөрөнгийн барьцааны дээрх төлбөрүүдийг орон сууц хөлслөх төлбөрөөс хасч тооцсоныг буруу гэж дүгнэн, хариуцагчийн засвар үйлчилгээний төлбөрт 1,906,000.00 төгрөг, эд хогшлын барьцаанд 400,000.00 төгрөг төлснийг нэхэмжлэгчид учирсан хохиролд суутган тооцсон давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Гэрээний 4.1-д орон сууцны цахилгаан, дулаан цэвэр, бохир ус, утасны төлбөрийг хөлслөгч тал төлнө гэж тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч Төрийн банкны 2015 оны 12 дугаар сарын 7, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөнгө тушаасан баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд тэрээр орон сууц ашиглалтын төлбөрт 420,330.00 төгрөг төлсөн нь нотлогдсон байх тул уг мөнгийг нэхэмжлэгч Э оос гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хариуцагчийн 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн 450,000.00 төгрөгөөс засвар үйлчилгээ, эвдэж муутгасан эд зүйлийн үнэд тооцсон гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч ямар эд зүйл, хэний буруугаас эвдэрч, муудсан, мөнгийг энэ төлбөрт тооцох талаар баримт хэрэгт авагдаагүй.

Орон сууц хөлслөх гэрээний төлөгдөөгүй төлбөрт 4,620,000.00 төгрөг, алданги  2,310,000.00 төгрөг, хохиролд 2,100,000.00 төгрөг, ашиглалтын зардалд 420,330.00 төгрөг, нийт 9,450,330.00 төгрөгийг хариуцагч Э оос гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 450,000.00 төгрөгийг хасч тооцон, нийт төлбөрийг 9,000,330.00 төгрөг гэж тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлалын   үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л гийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эдийн бус гэм хорын хохиролд нэхэмжилсэн 14,372,460.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь зөв болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгтэй холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул зохигчдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2376 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Л гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,100.00 /ерэн зургаан мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч Э оос хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,155.00 /нэг зуун жаран зургаан мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН