Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 95

 

Баян-Өлгий аймгийн с д-ын О а-ийн

нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Төрийн

аудитын газрын дарга болон тус газрын аудитор

Р.Б-д холбогдох захиргааны

 хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Г.Банзрагч

                                                     Д.Мөнхтуяа

                                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Р.Б-гийн үйлдсэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 дугаартай албан шаардлага болон аймаг дахь төрийн Аудитын газраас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131/БӨА2019/95/СТА-ТШЗ дугаартай Аудитын гэрчилгээ дэх Хязгаарлалттай санал дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах,

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 615 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаар шийдвэрээр: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 14 дүгээр зүйлийн 14.3, 18 дугаар зүйлийн 18.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.2.3, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О а-аас Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газарт болон аудитор Р.Б нарт холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Р.Баярмаагийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 дугаартай албан шаардлага болон аймаг дахь Төрийн аудитын газраас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131/БӨА.2019/95/СТА/ТШЗ дугаартай Аудитын гэрчилгээ дэх Хязгаарлалттай санал дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 615 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн с д-ын о а-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн сум д-ын О а-ийн дарга С.Е хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2019.02.25-ны өдрийн “зөрчил арилгуулах тухай” 01/26 тоот албан шаардлага, 2019.02.25-ны өдрийн 130/БӨА2019/95/СТА-ТШ3 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт” гаргахдаа Аудитын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аудитын дүгнэлт нь үнэн зөв, нотлох баримтат үндэслэсэн байх” гэсэн заалт, 12.2-д заасан аудитоор нь санхүүгийн тайлан, шалгалтын явцад ажиглалт, асуулга, ярилцлага, баталгаажуулалт, тооцоолол, шинжилгээний горимыг гүйцэтгэх замаар нотлох баримт цуглуулж бэхжүүлэх” гэсэн заалтыг зөрчиж тус С д-ын о а-ийн нярав Б.Т-ийн ажилд томилсон тушаал, Хөдөлмөрийн гэрээ, ажил хүлээлцүүлсэн талаархи нотлох баримт зэрэг хууль ёсны бичиг баримтыг авч судлалгүйгээр хэт нэг талыг баримталж “нэхэмжлэлийн шаардлага” болгосон эрхийн актыг гаргасан юм. Энэ нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар батлагдсаар байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж, Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн учир “хяналтын журмаар” гомдол гаргаж байна.

4. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2019.02.25-ны өдрийн “зөрчил арилгуулах тухай” 01/26 дугаартай албан шаардлага, 2019.02.25-ны өдрийн 131/БӨА2019/95/СТА-ТШЗ “Хязгаарлалттай дүгнэлт” гаргахдаа Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “...аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах” гэснийг зөрчиж манай байгууллагаас “мэдээлэл, бичгийн нотлох баримт авах, сонсох үйл ажиллагаа” явуулаагүйгээс болж үндэслэлгүй “дүгнэлт гаргаж”, хууль бус “албан шаардлага” гаргасан байх юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар батлагдсаар байтал Давж заалдах шатны шүүх болон Анхан шатны шүүхээс “хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүйгээс болж Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дугаар зүйлүүдийг шийдвэр гаргахдаа хэрэглээгүй, хэмээн үзэж гомдол гаргаж байна.

5. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаартай “шийдвэр”-ийн “Тогтоох нь” хэсэгт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 18 дугаар зүйлүүдийн холбогдох хэсэг, төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг баримталж шийдвэрлэсэн нь “хууль хэрэглээний алдаа” бүхий шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан “Аудит хийх бүрэн эрх”-ийг тодорхойлсон заалтыг баримталж шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч бидний зүгээс “Төрийн аудит хийх бүрэн эрхэд” холбоотой маргаан гаргаагүй. Бидний нэхэмжлэлийн шаардлага бол “албан шаардлага” болон “хязгаарлалттай дүгнэлт” гаргахдаа Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Гүйцэтгэлийн аудитын тайлан гаргахдаа Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалт, аудит хийх журам, зарчим алдагдсан, Ерөнхий аудиторын 2018 оны А/124 дугаартай тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журам”-ыг мөрдөж ажиллаагүйгээс болж, “буруу дүгнэлт” гаргасан гэх гомдол илэрхийлж байна. Энэ нь хоёр шатны шүүх хуулийг хэрэглээгүй, хэрэглэвэл зохих журмыг хэрэглээгүй болохыг илтгэж байна.

6. Аудитор Р.Б нь аудит хийж байгаа байгууллагад төлөвлөгөөг танилцуулж, холбогдох бичиг баримт, дүгнэлт гаргах үндэслэл болох нотолгооны ач холбогдолтой баримт сэлтийг бүрэн авч, шалгалтыг бүрэн гүйцэт, үнэн зөв хийх талаар санаачлагатай ажиллаагүй байна. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-д заасан заалтыг ноцтой зөрчсөн явдал юм.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “магадлал”-ын “хянавал” хэсэгт “... томилсон няравыг зохих журмаар ажиллуулаагүйгээс 2018 оны санхүүгийн тайланд 10.782.095 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээ, 2018 онд худалдан авсан 34.168.800 төгрөгний бараа материалын санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлээгүй, тайлан гаргаагүй, илүү гарсан 51.029.000 төгрөгний хөрөнгийн тайланг гаргах боломжгүй байдалд хүргэжээ” гэж бодит байдлыг буруугаар тусгаж, давж заалдах шатны шүүх бүхэлдээ “буруу дүгнэлт” гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад шууд нөлөөлсөн байна. Тухайлбал: 2018 онд 51.029.000 төгрөгний бараа материал худалдан авч, бүрэн зарцуулсан нь тайлангаас илэрхий харагдаж байхад шүүхээс “илүү гарсан” мэтээр буруу дүгнэлт гаргасан байна.

8. Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-д заасан “Аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч ажлын 10 хоногийн дотор саналаа өгөхийг хүсэх” гэж заасан байдаг. Гэтэл аудитор Р.Баярмаа нь тайлангийн төсөл зохиож ирүүлээгүй, бидний санал хүсэлтийг огт асууж тусгаагүй зэрэг нь хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнийг хоёр шатны шүүх нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй байна.

9. Аудитор Р.Баярмаа нь 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “Санхүүгийн баталгаажуулалт аудит” хийсэн хугацаандаа байгууллагын даргын хувьд надад ямар нэгэн асуудал тавьж байгаагүй. Дараа нь тайлбар хүргүүлэхэд албан шаардлагын ганцхан өгүүлбэрийг өөрчилсөн байдаг. Эхний албан шаардлагыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бичсэн байсан. Миний бие 3-4 хоногийн дараа тайлбар, нотлох баримтуудын хамт хүргүүлэхэд өмнөх бичсэн албан шаардлагын 1-р хуудсанд бичсэн нэг өгүүлбэрийг өөрчилж 2 дахь хуудсыг хэвээр нь үлдээсэн бөгөөд нотлох баримтыг үзээгүй дүгнэлт гаргасан нь энэхүү нотлогдож байна гэсэн үг. Миний гарын үсэг зурсан 2 дахь хуудсыг солихгүйгээр хэвээр нь үлдээсэн байна. Энэ нь өөрөө ноцтой зөрчил юм. Эхний албан шаардлагад “няравын ажлыг хавсарган гүйцэтгүүлэхээр томилсон тушаал гаргасан боловч няравт томилсон тушаалыг танилцуулаагүй, ажлыг нь хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээнд нь нэмж тусгаагүй” гэж бичсэнийг өөрчилж няравын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарьт тусгасан боловч гэж өөрчилсөн болно. Энэ нь өөрөө Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журмын 16.3-д заасан Аудитын багийн гаргасан аудитын дүн, үнэлэлт, санал дүгнэлт найдвартай, хангалттай, учир холбогдолтой, бодитой нотлох зүйлд үндэслэсэн байна гэсэн заалтыг ноцтой зөрчиж 2 дахь албан шаардлага бичиж байгаагаас шууд нотлогдон харагдаж байна. Үүнээс гадна үйлчлүүлэгчид “зөрчил арилгуулах тухай албан шаардлагаас өөр аудитын санал дүгнэлт, тайланг өгч танилцуулаагүй байгаа нь мөн Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журмын 13.9-д заасан төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудитын тайлагналын үе шат дуусвар болсны дараа аудитын санал, дүгнэлт, тайланг үйлчлүүлэгчид хүргүүлэх, танилцуулах ажлыг зохион байгуулна гэсэн заалтыг мөрдөхгүйгээр санаатайгаар зөрчиж шууд ганцхан зөрчил арилгуулах тухай албан шаардлагаар үйлчлүүлэгч байгууллагыг дарамталж байгаа нь нотлогдож байсныг 2 шатны шүүх нарийвчлан судлан үзэж зөв шийдвэр гаргаагүй байна гэж үзэж байна. Аудитын байгууллагын үндсэн чиг үүрэг нь тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж илэрч буй алдаа дутагдлыг засаж залруулах, санхүүгийн үйл ажиллагааг цаашид зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд голдуу зааж зөвлөх, үйлчлүүлэгчдээ адил тэгш хүрээнд хандаж, алдаа зөрчлийг засах талаар зөвлөгөө өгч ажиллах ёстой болохоос байгууллагуудыг ялимгүй зүйлээс болж дарамтлах ёсгүй. Үүнийг Төрийн аудитын тухай хууль болон Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журмаар зохицуулсан байна. Дээр дурдсан журмын 12.7 дахь заалтад аудитын явцад илэрсэн алдаа зөрчлийг шийдвэрлэх арга замыг оновчтой тогтоох зорилгоор илрүүлсэн алдаа зөрчлийг бүртгэлд тухай бүрд нь бүртгэх биш, аудит хийх хянах албан тушаалтнаас заавар зөвөлгөө авч баримтжуулсны дараа үйлчлүүлэгч байгууллагад танилцуулж, гарч байгаа зөрчлийг зөвшөөрч байгаа эсэх, гарсан зөрчилд хариу тайлбарыг бичгээр авна гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Мөн Төрийн аудитын тухай журмын 12.11 дэх заалтад аудитын шалгалтын явцад илэрсэн алдаа зөрчлийг залруулах боломж байгаа эсэхийг эхэлж шийдвэрлэх бөгөөд залруулаагүй алдаа зөрчлийн шинж байдлаас нь хамааран дараах шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Аудитын явцад илэрсэн аливаа алдаа зөрчлийг байгууллагын удирдлагад танилцуулж, залруулгын талаар мэдээллийг нэгтгэн дүгнэлт өгөх ёстой. Аудитын баг нь аудитын дүнд үндэслэн Аудитын байгууллагын олон улсын стандарт 1700, 1705-д заасны дагуу аудитын санал дүгнэлт гаргах бөгөөд санал дүгнэлтийн хэлбэр аудитын үед илэрсэн алдаа зөрчлийг урьдчилсан байдлаар шийдвэрлэж үйлчлүүлэгчид танилцуулсны дараа алдаа зөрчлийг илрүүлсэн санал дүгнэлтийг эцэслэн боловсруулна. Төрийн аудитын үе шат дуусгавар болсны дараа аудитын санал дүгнэлт, тайланг үйлчлүүлэгчид хүргүүлэх танилцуулах ажлыг зохион байгуулна. Гэтэл аудитын “Хязгаарлалттай” дүгнэлт, тайланг манай байгууллагад огт өгөөгүй, захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрөө төрийн аудитын газраас татаж авсан. Манай байгууллага шүүхэд ирсэн дүгнэлт тайланг хуулбарлан авсан болно.

10. Санхүүгийн аудитын гарын авлагын 2-р бүлгийн Ерөнхий зорилтуудын 3-ын Ш-д санхүүгийн удирдлага, хяналт, тайлагналыг нь сайжруулахад туслахуйц ажил хэрэгч зөвлөгөөг үйлчлүүлэгч байгууллагуудад өгнө гэж заасан байна. Мөн энэ бүлгийн 25-д гэрчлэх аудитын арга хандлага нь зөвхөн санал дүгнэлтээ дэмжих хангалттай зохистой нотлох зүйл олж авах төдийгүй мөн үйлчлүүлэгчдэд ажил хэрэгч зөвөлгөө өгч болох асуудлыг олж тогтоох зориулалттай. Үүний зэрэгцээ эрсдэлийн аудит нь үйлчлүүлэгчдэд анхаарлыг нь татаж болох асуудлаар тодорхой баталгаа буюу ажил сайжруулах зөвлөмжүүд өгөх хэрэгтэй. Энэхүү журмын 8-р бүлгийн Санхүүгийн тайлангийн талаарх тайлангийн 27-д Санхүүгийн тайлан залилан, алдаа буюу бусад зөрчлөөс үүдэлтэй материаллаг буруу илэрхийллээс ангид гэдэгт газрын захирал итгэлтэй болж чадаагүй бол Ерөнхий аудитор санал дүгнэлтээ хязгаарлана. Төсвийн санхүүгийн тайлангийн хувьд төсвийн хуулиар зөвшөөрөгдсөн зардлын хэмжээг хэтрүүлсэн тохиолдол бүрт хязгаарлалттай санал дүгнэлт өгнө гэж тодорхой заасан байдаг. Гэвч тус байгууллага төсвийг огт хэтрүүлж байгаагүй бөгөөд хэмнэлттэй ажилласан болно. Өмнөх 3 жилд аудитын шалгалтаар ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэл авч байсан. Үүнээс гадна улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 41 ойн ангиудаас 2017, 2018 оны ажлаар 2 жил дараалан 2-р байранд шалгарч БОАЖЯамны Сайдын өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдаж Тэргүүний ойн анги болж байлаа. Хоёр шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн аудитын тухай хууль болон Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журмыг нарийвчлан судлахгүй, нотлох баримтад хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй ба хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн тул Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргаж байна.

11. Иймд, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэж Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.28-ны өдрийн 615 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулиудын зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

13. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөх”-өөр, 5 дугаар зүйлийн 5.1-д “төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, ... аудит хийх ...”-ээр, 18 дугаар зүйлийн 18.7-д “санхүүгийн тайланд аудит хийх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батлах”-аар тус тус зааснаас үзвэл, төрийн аудитыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд нарийвчилсан зохицуулалттай Төрийн аудитын тухай хууль, түүнд нийцүүлэн баталсан уг журам хэрэглэгдэнэ.

14. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 1.4-т “энэ журам нь “Төрийн аудитын байгууллагын санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн залруулаагүй алдаа, зөрчлийг арилгах шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдал”, ... бүхий хавсралтаас бүрдэнэ” гэсэн, тус “Хавсралт”-ын 3 дахь хэсгээр “албан шаардлага” бичих үндсэн нөхцөл, зөрчлийн нийтлэг тохиолдлуудыг тодорхойлсон ба энэ тохиолдлын хувьд, нягтлан бодох бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж баталгаажуулаагүй нь Аудиторын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 1/26 дугаар “Албан шаардлага”-ыг бичих үндэслэл болжээ.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, С д-ын о а-ийн нярав нь бараа материалын бүртгэл хөтлөөгүй, тайлант оны бараа материалын 59192.3 мянган төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ, 10782.1 мянган төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээний тайлан,тооцоог гаргаж баталгаажуулаагүй нь уг ажлыг хавсран гүйцэтгэхээр томилогдсон нярав Б.Таттимбек, нягтлан бодогч Р.Гулжаукар нарын тайлбар болон тус байгууллагын санхүүгийн баримт зэргээр тогтоогдсон байна.

16. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: -16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; -16.5.7.байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэж тус тус зааснаас үзвэл, няравын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилогдсон Б.Таттимбекийн ажил үүргээ гүйцэтгээгүйгээс үл шалтгаалж, аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын хариуцлагыг төсвийн шууд захирагч хүлээх тул Аудиторын 2019 оны 2 дугаар сарны 25-ны өдрийн 01/26 дугаар “Албан шаардлага”-ын улмаас нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

17. Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... няраваар томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргийг ... судлалгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, ... Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

18. Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна” гэж заасан, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/156 дугаар тушаалын дагуу Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар нь орон нутгийн захиргааны болон төсвийн 154 байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийж, санал дүгнэлт гаргахаар батлагдсанаас үзвэл, хариуцагч нь аудит хийсний үр дүнд санхүүгийн тайланд дүгнэлт өгөх үүрэгтэй.

19. Аудитын шалгалтаар, нэхэмжлэгч байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ холбогдох хуульд нийцүүлэн бүрдүүлээгүй, тухайлбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.3-т “нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ: 14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх; 14.3.2.журналд бичих; 14.3.3.дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх; 14.3.4.ажил, гүйлгээний мэдээ гаргах; 14.3.5.санхүүгийн тайлан гаргах” гэсэн дарааллаар гүйцэтгэгдээгүй нь нэгэнт тогтоогдсон, иймээс, тус байгууллагын санхүүгийн тайлангууд нь материаллаг байдлаар буруу илэрхийлэгдсэн гэж үзэж, “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт гаргасан нь “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 13.5-д нийцсэн, уг дүгнэлтийг шүүхээс шууд буруутгах боломжгүй талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

20. Түүнчлэн, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “аудит дуусаж, тайлангийн төсөл бэлэн болсны дараа төрийн аудитын байгууллага дараахь арга хэмжээ авна: 19.3.1.аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч ажлын 10 хоногийн дотор саналаа өгөхийг хүсэх” гэж заасан нь төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх ажиллагаанд хамаарах зохицуулалт тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар “... тайлангийн төсөл зохиож ирүүлээгүй, ... санал хүсэлтийг тусгаагүй нь тогтоогдсон, үүнийг хоёр шатны шүүх үнэлээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

21. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх “Албан шаардлага”-ын тэмдэглэх хэсэг “...Б.Таттимбект байгууллагын няравын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон тушаал гаргасан боловч няравт түүнийг томилсон тушаалыг танилцуулаагүй, ажлыг нь хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээнд нэмж тусгаагүй байна ...” гэсэн өгүүлбэртэй байсныг “...Б.Таттимбект няравын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарьт тусгасан ...” гэж зассан, нэхэмжлэгчээс “... бичиг хэрэг, удирдлага зэргээс асууж, лавлаж, холбогдох баримтыг шалгаагүй буруу дүгнэсэн” гэж маргасны дагуу уг өгүүлбэрийн “агуулга”-ыг өөрчилсөн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

22. Эндээс үзвэл, аудитор нь “албан шаардлага”-ын дээрх дүгнэлтийг гаргахдаа Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй...” гэснийг хэрэгжүүлэлгүй, дан ганц Б.Таттимбекийн тайлбарт үндэслэсэн нь буруу хэдий ч шалгалтаар тогтоогдсон “...няравын тайлан гаргаагүй, тооцоо хийгээгүй, анхан шатны баримт хөтлөөгүй” зөрчлийг үгүйсгэхгүй учир нэхэмжлэгчийн гомдлын “... аудитор Р.Баярмаа нь Төрийн аудитын тухай 21.1, 21.2-т заасныг ноцтой зөрчсөн” гэх уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

23. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн с д-ын О а д С.Е-аас хяналтын журмаар “...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 615 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн с д-ын о а-ийн хяналтын журмаар гомдол гаргахад тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ