Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00329

 

Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1369 дүгээр шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Отгонбаяр, Х.Сарантунгалаг нарт холбогдох,

Зээлийн гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 31 375 562.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ч.Отгонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Отгонбаяр, Х.Сарантунгалаг нар Номин худалдааны төвийн хашаанд 9 давхар орон сууцны баруун талд байрлах обьектыг түрээслэн караоке баар эрхлэн ажиллуулж байхдаа 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-22/1 тоот зээлийн гэрээ, БГ-22/2 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум 8-р баг, 17-р хороолол, 6-р байрны 28 тоот, 29 мкв талбайтай 2 өрөө байрыг барьцаалж 40 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй /сарын 2,4 хувь/ авч ашигласан. Зээл авснаас хойш 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээл хүүний төлбөрийг төлснөөс хойш дахин зээлийн төлбөр огт төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 31 375 362.73 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр төлөгдөөгүй байна. Энэ нь зээлийн гэрээний 3.2.5-д “зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөхөөс удаа дараа зайлсхийж байгаа тул зээлийн гэрээний хугацааг цуцалж мөн зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, тэмдэгтийн хураамж, нотариатын зардлыг зээлийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, бусад орлогын эх үүсвэрээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:Дархан-Уул аймаг дахь Номин худалдааны төвийн өмчлөлийн байранд Караоке баар ажилуулахаар Төрийн банкнаас 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 40.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Зээлээ авч баарныхаа засвар, тохижилтын ажлыг болон караокены зориулалттай зурагт хөгжим бусад тоног төхөөрөмжийг зээлийн хөрөнгөөсөө авч баараа ажиллуулсан.Зээл авсан өдрөөс хойш 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүг хэвийн хэмжээнд төлж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд миний эхнэр Х.Сарантунгалаг болон хүүгийн минь бие хүндээр өвдөж, бид нар удаан хугацаанд эмчилгээ хийлгэхээр урт богино хугацаагаар баараа хааж орхиод явж байсан ба эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгө төлж байсан, ажилласан үед нийгмийг хамарсан эдийн засгийн хямралаас шалтгаалан манайхаар үйлчлүүлэгчдийн тоо эрс багассан зэргээс шалтгаалан орлогын хэмжээ багасч бид зээлийн төлбөр болон баарныхаа байрны түрээсийг төлж чадахгүй байдалд хүрсэн.“Номин тав трейд” ХХК-ийн удирдлагууд биднийг түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болмогц Төрийн банкнаас авсан зээлээр худалдаж авсан баарны тоног төхөөрөмжийг байрныхаа хамт хурааж авах зорилгоор манай ажлын байрыг лацдаж түгжсэн учраас бид байраа болон тоног төхөөрөмжөө аргагүйн эрхэнд түрээсийн төлбөрт хураалгасан.Бид энэ зээлийг өөрсдийн боломжоор богино хугацаанд төлж барагдуулах болно. Гэхдээ идэнд тохиолдсон хүндрэл бэрхшээлийг ойлгож зээлийн хүүгийн төлөлтөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1369 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ-22/2 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч хариуцагч Ч.Отгонбаяр, Х.Сарантунгалаг нараас 31 375 362.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Дархан салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2003014968 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол, 6 дугаар байр 28 тоот, 29 мкв талбайтай орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 826 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 314 826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1369 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан Ч.Отгонбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 60 100 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Зээлдэгч нар төрийн банкнаас авсан зээлээ 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээнд заасан хугацаанд хэвийн төлж байсан боловч нийтийг хамарсан санхүүгийн хямрал, мөн эхнэр, хүүхэд нь өвдөж удаан хугацаагаар эмнэлгээр явж эмчлүүлснээс тэдний эрхэлдэг баарны үйл ажиллагаа хэвийн явж чадахгүй байдалд хүрсэн зэргээс шалтгаалан зээлийн төлөлтөө хуваарийн дагуу хийж чадахгүй байдалд хүрсэн. Ч.Отгонбаяр эхнэр Х.Сарантунгалагийн хамт Солонгос улс руу хараар ажиллаж зээлийн төлбөрөө хийхээр явсан учраас надад шүүх хуралд оролцох итгэмжлэх хийж өгсөн. Энэ хүмүүсийн амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд гарсан хүндрэл өвчин зовлон зэргийг харгалзан үзээд зээлийн хүүгийн төлөлт болох 2 815 911.04 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч бидний энэ хүсэлтийг хангаагүй учраас хяналтын шатны шүүxэд энэ гомдлыг гаргаж байна. Хариуцагч нар зээлээ төлж барагдуулах гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй байгааг болон зээлийн төлөлтийг хүваарийн дагуу хийж чадахгүйд хүргэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүүгийн төлөлт 2 815 911.04 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Зохигчдын хооронд банкнаас олгох зээлийн харилцаанаас үүссэн маргааныг шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зөв хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Ч.Отгонбаяр, Х.Сарантунгалаг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч эдийн засгийн болон хувийн амьдралын хүндрэлтэй байдлыг харгалзан зээлийн хүүгээс чөлөөлөхийг хүссэн байна.

Зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-\22\2 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч нар нь Төрийн банкнаас уг гэрээгээр 40 000 000 төгрөгийг жилийн 28,8% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банкнаас олгох зээлийн гэрээний харилцааг үүсгэжээ. Зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар удаа дараа зөрчиж, зээлийн төлбөр гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй учир нэхэмжлэгч Төрийн банк гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т заасан шаардлагад нийцжээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зээлийн үүргийн тооцооллыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх ба шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой туссан зээлийн гэрээний үүргийн талаарх эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зээлийг буцаан төлөх зээлдэгчийн боломж муудсан тохиолдолд зээлдүүлэгч цаг алдалгүй гэрээг хугацаанаас өмнө цуцлах арга хэмжээ авах нь зээлдэгч болон өөрт учрах хохирлыг багасгах арга гэж үзэх үндэслэлтэй юм. Зээлдэгчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг багасгах нэхэмжлэгчийн эрхийг шүүх албадлагын журмаар хэрэгжүүлэх боломжгүй тул хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, гомдлыг хангах үндэслэлгүй болно. 

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1369 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН