Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02373

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02373

 

 

 

Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2018/02201 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Бадамцэцэгт холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт төлөгдсөн 3 079 010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Лхагвасүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баасансүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын кондуктор ажилтай Б.Бадамцэцэг нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 6 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй авч даатгалын шимтгэлд 65 000 төгрөг төлсөн. Б.Бадамцэцэг нь зээл авснаас хойш графикийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын №1921 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Бадамцэцэг 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтын хугацаа хэтэрч зөрчил үүсч зээлийн үлдэгдэл 2 907 237.31 төгрөгийг зээлийн хүү 171 773.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 262.07 төгрөг нийт 3 084 273.32 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Улаанбаатар хотын банк нь Практикал даатгал ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр Улаанбаатар хотын банкнаас 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 6-ё/974 дугаартай албан тоот явуулсны дагуу Практикал даатгал ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б.Бадамцэцэгийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрт 3 079 010 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2600072130 дансанд хийсэн болно. Иймд Б.Бадамцэцэгээс цалингийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөр болох 3 079 010 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Бадамцэцэг шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Даатгалын тохиолдол бий болоод даатгалын гэрээний 4 дүгээр хэсэгт зааснаар даатгалын зүйлд даатгалын компанид хураамж төлсөн дэд даатгуулагч болон хамтран зээлдэгч тус бүрийн эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл гэж тооцоолсон байдаг. Үүний дагуу дэд даатгуулагчийг нас барсантай холбогдуулан Б.Бадамцэцэг даатгалын байгууллагад хандсан. Гэтэл та зээлдэгч биш учраас тухайн асуудлыг өөрөө хариуцаж шийдвэрлэнэ гэж хэлээд хүлээж аваагүй. Б.Бадамцэцэг нь мөн даатгалын тохиолдол болох Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40.1.1, 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ талаарх баримтыг Практикал даатгал ХХК-д гаргаж өгсөн. Гэтэл энэ асуудлыг хүлээн авах боломжгүй, зээлээ төл гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. Даатгалын гэрээний хугацаа нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Даатгалын гэрээний 3.2.1-т зааснаар гэрээгээр тогтоосон хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд гэрээ дуусгавар болохыг тус тус зохицуулсан. Мөн нийтлэг үндэслэл буюу гэрээний 1.2-т зааснаар даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ болон даатгалын баталгаа нь хамтдаа хүчинтэйд тооцогдоно гэсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа даатгалын баталгаа авагддаггүй, энэ гэрээ даатгагчид үлддэггүй гэж байна. Гэрээ нь тухайн хүний эрх ашгийг хамгаалж байгаа хирнээ нууцаар хийгдэж, тухайн этгээддээ мэдэгдэлгүй хийх боломжгүй. Гэрээний хоёр тал харилцан даатгалын асуудал болон нөхцөлтэй танилцаад үүнийгээ хүлээн зөвшөөрөөд явах асуудал байдаг. Даатгалын баталгаа байхгүй байхад энэ гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус гэрээний улмаас шаардах эрх үүсэхгүй. Мөн гэрээний хугацаа дууссан байхад даатгалын тохиолдол эрсдлийг Улаанбаатар хотын банкинд өөрсдөө төлөх үндэслэл байгаагүй. Гэтэл Улаанбаатар хотын банкинд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 31-нд гэрээний хугацаа дууссанаас хойш 10 сарын дараа шилжсэн байдаг. Тиймээс өөрсдөө хүчин төгөлдөр бус гэрээний улмаас хийсэн гарсан үр дагаврыг өөрсдөө хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бадамцэцэгээс 3 079 010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгтзаасныг баримтлан нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бадамцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 64 241 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдолдоо:

... Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 3.1-т "Энэхүү гэрээ
2014 оны 7
дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг
дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ" гэсний дагуу гэрээний хугацаа дуусгавар
болсон
байх боловч дэд даатгуулагч тус бүрийн хувьд даатгалын баталгаанд
бичигдсэн хугацаагаар даатгал үйлчлэхээр гэрээний 2.2, 3.1-т зохицуулж,
гэрээний 1.2-т "Даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ болон даатгалын баталгаа нь хамтдаа хүчинтэйд тооцогдоно" гэж заасан. 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй байхад шүүх хариуцагч Б.Бадамцэцэг үүргийг гүйцэтгэх ёстой гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Б.Бадамцэцэг нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрсэн тул Улаанбаатар хотын банк нь Практикал даатгал" ХХК -тай байгуулсан уг хамтран ажиллах гэрээг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 6-ё/974 дугаартай албан тоот явуулсны дагуу 3 дугаар сарын 21-ний өдрийн 30/1601066 тоот тушаалаар нөхөн төлбөрийг төлсөн нь гэрээнд заасан хугацаа дууссан байхад төлөх үндэслэлгүй байна. Хамтран ажиллах гэрээний дагуу 3 079 010 төгрөг төлсөн гэх боловч энэхүү гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад буюу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлсөн тул гэрээний дагуу шаардах эрх даатгагчид шилжсэн гэж үзэхгүй юм. Гэрээнд зааснаар даатгалын зүйл нь дэд даатгуулагч болон хамтран зээлдэгч тус бүрийн эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл бөгөөд
гэрээний 7.4-т зааснаар хандсан дэд даатгуулагчид 5.1-т заасан
даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгагч нь даатгуулагчид 7.1-т заасны дагуу төлбөрийг хугацаа хэтрүүлэхгүйгээр төлөх ба даатгуулагч нөхөн төлбөр авахад шаардагдах баримтуудыг хавсралтад заасны дагуу бүрдүүлэхээр байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд "Банк өөрт учирч болох эрсдлийг даатгуулдаг, даатгалын зүйл нь банкинд учирч болох эрсдэл байдаг. Даатгалын тохиолдол бий болох нөхцлүүд нь Б.Бадамцэцэгийн үед хүчин төгөлдөр байсан гэрээгээр дэд даатгуулагч гэж нэрлэдэг боловч даатгалын харилцаанд оролцдоггүй. Гэрээний 2.6-д даатгалын хураамж гэж "дэд даатгүүлагчаас зээлийн эрсдэлээ даатгүүлсны төлөө даатгуулагчаар дамжуулан даатгагчид төлөх төлбөрийг" гэж тодорхойлсон ба эрсдэлийн даатгалын шимтгэлд Б.Бадамцэцэг 65 000 төгрөг төлсөн болохыг нэхэмжлэлд дурдсан байдаг. Дээрх дурдсанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнд заасан заалтыг илт үндэслэлгүй тайлбарлаж байгаа нь уг гэрээ болон бусад нотлох баримт, нотолгооны хэрэгслээр үгүйсгэгдэж шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь хариуцагч Б.Бадамцэцэгт холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 3 079 010 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ...Практикал даатгал ХХК-ийн Улаанбаатар хотын банктай байгуулсан цалингийн эрсдэлийн даатгалын гэрээний хугацаа дууссан, даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэл заасан байна.

Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК болон Улаанбаатар хотын банктай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулж, уг гэрээндээ 2015 оны 5 дугаар сарын 11, 8 дугаар сарын 18, 2017 оны 1 дүгээр сарын 2, 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 99-105 тал/

Талууд гэрээний зорилгыг дэд даатгуулагч зээл болон 3 сарын хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалын тохиолдол үүсэхэд гэрээнд заасан төлбөр төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ. /хх-ийн 32, 34 тал/

Дээрх цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5.1.5-д ажил олгогчийн дэд даатгуулагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40, 41 дүгээр зүйлүүдийн дагуу цуцлагдсан дэд даатгуулагчийн зээлтэй холбогдон үүсэх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлах, ажилтаны болон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах, контрактын гэрээ цуцлах эрсдэлийг даатгалын нөхцөлд хамруулах-аар заасан байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжихээр заажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Пратикал даатгал ХХК болон Улаанбаатар хотын банк хооронд байгуулсан гэрээнд зээлийн эрсдэлд хамаарч байгаа субьектуудыг дэд даатгуулагч гэсэн утгаар тодорхойлж төлбөр төлөх үүргийг төлснөөр банкны зээлдэгчийн хувьд зээлдүүлэгчээс шаардах эрх шилжсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь Улаанбаатар хотын банкид Б.Бадамцэцэгийн зээлийн үлдэгдлийн нөхөн төлбөрийн хүрээнд олгосон гэх үйл баримт тогтоогджээ. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бадамцэцэгээс зээлдэгч Улаанбаатар хотын банк нь шаардах эрхийг хэрэгжүүлэн зээлийг шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа боловч өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Талууд даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг бус, нөхөн төлбөрийг төлснөөр үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд шаардлага гаргаж буй маргаанд хамаарах заалтаас гадна Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг тогтоох хэсэгт анхан шатны шүүх баримталсан нь учир дутагдалтай байх боловч энэ нь уг шүүхийн шийдвэрийг шууд хууль бус гэж үзэх, өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт шаардлагагүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2018/02201 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 64 215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО